Зах зээл

Супер цикл хаалга тогшиж байна. Бид бэлэн үү?

Эргээд харахад, 2011 оноос хойш манай улсын эдийн засгийн өсөлт саарч, төсвийн орлого хумигдаж, хөрөнгө оруулалт буурч, харин эсрэгээрээ ам.долларын ханш чангарсаар төв банкны зарласан албан ханшаар 2849 төгрөгтэй тэнцлээ. Манай улсын гадаад өрийн хэмжээ өнгөрсөн хугацаанд огцом нэмэгдэж, өр төлбөрийн эргэн төлөлт эдийн засагт томоохон дарамт, чиргүүл болж байна. 

Уул уурхайн супер цикл 2010-2011 оны үед тохиож, “Оюу толгой” төсөл хөдөлж, таваарын ханш сэргэж, өмнөд хөршийн аж үйлдвэрийн эрэлт хэрэгцээ үлэмж тэлж байх үед Монголын эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөж, олон улсын анхаарлын төвд орж байлаа. Харин энэ бүхэн түүх болон үлдэж, өсөлтийн тухай бус уналтын талаар бид 10 жил шахам тасралтгүй ярьсаар өдий хүрэв. 

Тэгвэл “Уул уурхайн супер циклд бид бэлэн үү” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр цахим орчинд боллоо. Уул уурхай манай нийгэм, эдийн засгийн гол тулгуур багана болсныг энд дэлгэрүүлж нурших нь илүүц биз.

Нийгмийн бүхий л хэсгийн орлого уул уурхайгаас шууд болон шууд бусаар хамаарч байна. Багш, эмч, цагдаа, төрийн албан хаагчийн цалин, тэтгэмж эмээ, өвөөгийн тэтгэвэр, хүүхдийн мөнгө олборлох салбараас орж ирж байгаа. Үүнийг бидний зарим нь мэддэггүй.

Уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатарын хэлснээр эрдэс баялгийн салбарт супер цикл эргэн ирж байна. 
Алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр гээд экспортыг өнгөлөх, эдийн засагт өсөлт авчрах уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дээшээ өгсөх чиг заажээ. Түүний дотор зэсийн ханш хамгийн өндөр өсөлт үзүүлж буй. Нүүрс, төмрийн хүдэр, алтны ханш ч ойрын жилүүдэд байгаагүйгээр сэргэж эхэлсэн байна. Одоогийн үнийн өөрчлөлт сэтгэл ханах хэмжээний эсвэл богино хугацаанд үргэлжлэх төдий өсөлт биш аж. Уруудсан 10 орчим жил өсөлтөөр солигдож байна.

Дэлхийн аж үйлдвэрийн эрэлт, хэрэгцээг тодорхойлох Хятадын эдийн засаг сэргэж, цар тахлын дараах бизнесийн орчинд эерэг уур амьсгал давамгайлж эхэллээ. Олон улсын нөлөө бүхий банк санхүүгийн байгууллага уул уурхайн супер цикл тохиож байгааг тодотгож, үүнд улс орнуудыг бэлэн эсэхийг асууж байна. 

Цар тахал эхэлсэн 2020 онд уул уурхайн компаниудын хувьцааны ханш далуу мэт нурж байсан бол одоо өсөлтийн буухиа эхэлж, таваарын ханш таатай мэдээ дуулгах болсныг хэлэлцүүлгийн оролцогчид баталлаа. Цахилгаан машины үйлдвэрлэл нэмэгдэхээр байна. Тухайлбал, “Тесла” компани үүний гол тоглогч байх нь.

Цахилгаан автомашин Хятадын таваарын эрэлтийг дэмжихээр байна. Тухайлбал, цахилгаан автомашины үйлдвэрлэл дэлхийн нийт цэвэршүүлсэн зэсийн 1.5 хувийг хэрэглэж байгаа бол энэ хэмжээ хоёр дахин өсөхөөр байгааг CRU группийн шинжээчид танилцуулжээ. Зэс тэргүүтэй бусад таваарын ханш өсөхөд тус компанийн мэдээлэл чухал үүрэг гүйцэтгэх болов.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас уул уурхайн түүхий эдийн үнэ хөрөнгийн биржүүдэд өсөлттэй гарч, дэлхийн эдийн засагт нааштай өөрчлөлт гарч эхэлснийг илтгэсэн. Тэгвэл өмнөд хөрш дэд бүтцийн төслүүдэд өндөр дүнтэй хөрөнгө оруулалт хийхээр болж, энэ нь уул уурхайн супер цикл улам ойртоход нөлөөлж байгааг шинжээчид хэлж байна. Бид дотроо ухаалаг, төсвийн сахилга баттай байж чадвал уул уурхай сайн мэдээ эдийн засагт дуулгах цаг хэдийн ойртжээ. 

Хятадын эдийн засгийн идэвхжил уул уурхайн супер цикл эргэн ирж байгааг зарлаж байна. Тавааруудын ханш ёроолоос оргил өөд мацаж эхэлсэн. Дараагийн “Оюутолгой”-г олж илрүүлэх, хайгуулын салбарт хөрөнгө оруулалт татах, уул уурхайн салбарын хууль эрх зүй, татварын орчныг сайжруулах, улам боловсронгуй болгох, нэгдсэн зөвшилцөлд хүрэх, явцуу эрх ашгаа хойш тавих гээд бидэнд хийх ёстой зүйл их байна. Төсвийн орлогыг бүрдүүлэх таваарын ханш өсөх сургаар төсвийн сахилга бат, үр ашигтай хөрөнгө оруулалтыг энд ярихгүй байж болохгүй. 

Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт үндсэндээ зогссон. “Оюутолгой” төсөл л гадаадын хөрөнгө оруулалтыг бүрдүүлж байна. Тэгвэл зэсийн ханш 10 мянган ам.доллар руу тэмүүлж эхэллээ. Энэ нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд Монгол Улс дахин орох боломж гэсэн үг. Өсөлтийн жилүүд хаалга тогшиж байна. Томоохон хөрөнгө оруулалтын сангууд ч энэхүү “уур амьсгал”-ыг мэдэрч эхэлжээ. Тэд зах зээлийн өсөлт, боломжийг дор бүрнээ зурагласаар. 

Өмнөх эрдсийн салбарын алтан үеийг бид үгүйсгэж, үр дүн муутайхан үдсэн. Харин энэ удаагийнх хүний нөөц болон техник технологийн хувьд урагш ахисан, бэхэжсэн цаг үед тохиож байгаа нь онцлог. “Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Өнгөрсөн супер циклийн үед “Оюутолгой” ордыг олсон нь маш том ололт байлаа. Засгийн газар болон "Рио Тинто"-гийн гэрээний маргаан зэрэг нь сайжруулж болох асуудал. Талууд шийдээд явах биз. Гол нь “Оюутолгой”-н хөрөнгө оруулалт хийгдээд дуусвал бид яах вэ. 2023 он гэхэд далд уурхайн бүтээн байгуулалт дуусвал үнэндээ энэ салбарт өөр орж ирэх хөрөнгө оруулалт харагдахгүй байна. Тэгэхээр дараагийн төслүүдийг бэлдэх учиртай. Хайгуулын төслүүдээ идэвхжүүлэх, энэ салбарт хөрөнгө оруулалт татах шаардлагатай” гэв. 

Уул уурхайн алтан үе тэр болгон тохиогоод байдаггүй. Хэдий супер цикл ирж байгаа ч зах зээлийн өрсөлдөөн 10 жилийн өмнөх үетэй харьцуулахад улам ширүүсжээ. Хууль эрх зүйн орчныг сайжруулах, Ашигт малтмалын тухай хуульд ирэх намрын чуулганаар нэмэлт  өөрчлөлт оруулах талаар яригдаж байгаа. Хайгуулын тусгай зөвшөөрөл тойрсон асуудал өнөөдрийг хүртэл салбарынхан дунд маргаан дагуулж буй. Угтаа хайгуул хийж байж шинэ орд нээж, мега төсөл хэрэгжих үүд хаалга нээгддэг. Харамсалтай нь геологи хайгуулын салбар орхигдсоор. 

Эдийн засагч Л.Наранбаатар “Хайгуулын салбарт улсаас анхаарах хэрэгтэй. Тодруулбал, суурь судалгаанд буюу эрэл зураглалын ажилд хөрөнгө мөнгө зарцуулах, энэ онд 20 гаруй тэрбум төгрөг төлөвлөсөн нь хангалтгүй. Багадаа л 100 тэрбум төгрөг  зарцуулах хэрэгтэй. Ингэж чадвал хайгуулд жилд 2-3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт татаж чадна. Зэсийн салбарт мөн анхаарах хэрэгтэй” хэмээн өөрийн дүгнэлтээ хуваалцсан юм.

Уул уурхайн салбарт төдийгүй улс орны хөгжилд сөргөөр нөлөөлж буй асуудал дэд бүтэц болоод байна. Өмнөх уул уурхайн супер циклийн үед мөн л өргөн, нарийн цариг ярьсаар боломжийг алдаж байлаа. Эдийн засгийн хувьд нүүрсийг авто тээврээр Гашуунсухайт боомт хүргэхэд тонн тутамд 40 гаруй ам.долларын зардал гардаг бол төмөр замаар тээвэрлэхэд 8 орчим ам.доллар болж буурахаар байгаа юм. 

Хэлэлцүүлэгт оролцсон УИХ-ын гишүүн Х.Ганхуяг түүхий эдээ тээвэрлэх дэд бүтэц нь бэлэн байсан бол ахиу ашиг олох боломж байсныг тэмдэглээд, төмөр замаа яаралтай барьж дуусгах хэрэгтэй байна гэв. Түүний хувьд уул уурхайн судлаачид, хайгуул, олборлолтын салбарынхны тулгамдсан асуудлыг сонсох байр сууринаас оролцож байгаагаа хэлэлцүүлгийн эхэнд хэлсэн юм. Тэрбээр уул уурхайн супер цикл эргэн ирж байгаатай санал нэг байлаа.

Энэ жилийн хувьд дэлхий дахиныг нөмөрсөн цар тахлын аюул холдож, эдийн засагт өсөлт бий болно гэсэн хүлээлт давамгайлж байна. Манай улсын  хувьд энэхүү боломжийг уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр хүртэх, улмаар эдийн засгаа сэргээх гарц харагдаж байгаа юм. Олон улсын банк санхүү, судалгаа шинжилгээний байгууллагууд таваарын ханшийн төлөвийг ихээхэн өөдрөг төсөөлж, шинэ таамаг дэвшүүлж буйг дурдсан.

Хэлэлцүүлэгт уригдсан Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Б.Дөлгөөн “Бид болгоомжтой хандах хэрэгтэй. Нөхцөл байдал эерэг байгаа боловч хэтэрхий өөдрөг төсөөлөл, хүлээлтэд автаж болохгүй. Супер цикл тохиосон ч нухацтай байвал илүү хожно. Муу нөхцөл байдалд ч бэлэн байх ёстой” гэж санууллаа. Уул уурхайн алтан үе алдаж болохгүй боломж гэдгийг бид улсаараа ойлгох нь хамгаас чухал байна. 

 



Сэтгэгдэлүүд
  • Уурхайчин
  • [202.21.108.4]
  • 2021-02-18 22:13

Хэн ч хөрөнгө оруулалт хийхгүй болов уу

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine