Эдийн засаг

Богд банк IPO гаргахаа зарлалаа

Монголын хөрөнгийн биржээр дамжуулан Богд банк шинээр хувьцаа гарган олон нийтээс хөрөнгө оруулалт татах шийдвэр гаргажээ. Нийт хөрөнгийн 20 хүртэлх хувийг нээлттэй болгож, компанийнхаа хэлбэрийг хувьцаат болгон өөрчлөх аж. Ингэснээр Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталснаас хойших олон нийтийн өмчлөл бүхий анхны банк болох юм. Богд банкны хамгийн том хувьцаа эзэмшигч нь "Бодь капитал" компани бөгөөд 91.32 хувийг эзэмшиж байна.

Богд банк 2015 онд 44.2 тэрбум төгрөгийн активтай байсан бөгөөд 2019 оны тайлангийн үзүүлэлтээр нийт актив нь 248.8 тэрбум төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл, 2015-2019 оны хооронд актив нь тав дахин өссөн байна.

Татан төвлөрүүлсэн эх үүсвэр нь 2015 онд 26.3 тэрбум төгрөг байсан бол 2019 оны эцэст 194 тэрбум төгрөг буюу долоо дахин нэмэгджээ. Богд банкны татварын дараах ашиг нь 2019 оны байдлаар 2.9 тэрбум төгрөгт хүрсэн байна.  2020 оны тайлан нь олон нийтэд хараахан ил болоогүй байгаа аж. 

Богд Банк нь 2014 онд байгуулагдсан бөгөөд Монголбанкнаас хадгаламж, зээл, гадаад болон дотоод төлбөр тооцооны үйлчилгээ, гадаад валют худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах зэрэг арилжааны банкны иж бүрэн үйл ажиллагаа явуулах эрх бүхий арилжааны банк юм.

Тус банкны гүйцэтгэх захирал  Г. Саруул “Манай Банк олон нийтэд хувьцаагаа нээлттэй санал болгосноор олон жил хүлээгдэж, яригдсан арилжааны банкны өмчлөгчөөр Монголын ард түмэн болох үйл явцын салхийг хагалах гэж байгаад баяртай байна. Бид илүү нээлттэй, ил тод хувьцаат компанийн хэлбэрт шилжсэнээр компанийн засаглал төгөлдөршиж, Банкны үйл ажиллагаанд илүү их итгэл олон түмний зүгээс хүлээлгэж, орчин үеийн шилдэг банк болон хөгжихөд чухал ач холбогдолтой алхам болно гэж харж байгаа юм” гэж онцоллоо.

Тус Банкны хувьцааг хөрөнгийн зах зээлд олон нийтэд танилцуулан арилжаалах үндсэн андеррайтераар "Ард Санхүүгийн Нэгдэл"-ийн охин компани болох Ард Секюритиз ҮЦК ажиллахаар болжээ.

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine