Зах зээл - Худалдаа

Хятадын нүүрсний хязгаарлалт Австралийн сонгуулиас хамаарна

Бээжингийн зүгээс тавдугаар сард болох Австралийн холбооны улсын сонгуулийн дараа Канберра дахь Засгийн газрын бодлогыг хянаж үзсэний үндсэн дээр дээрх улсаас авах нүүрсний хязгаарлалтыг хэвээр байлгах эсэхийг шийднэ гэж тус төлөвлөгөөний талаарх мэдээлэл бүхий хүмүүс ярьж байна.

Хятадын хилийн ерөнхий газраас нэгдүгээр сард Австралийн нүүрсний импортыг хянаж эхлэх тухай дотоодын албан хаагчдад мэдэгдсэн бөгөөд ингэхдээ ямар нэгэн шалтгаан эсвэл тодорхой зааварчилгаа өгөөгүй юм. Үр дүнд нь зарим боомтоор орох нүүрсний шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа саатаж, хэд хэдэн газарт нэмэлт шалгалт, туршилт хийгдэх болсон. Энэхүү үйл явдлыг Австрали улсын зүгээс Хятадын үүрэн холбооны томоохон компани Хуавэй Технологийг хориглосонтой холбоотой гэх таамаглалыг ийнхүү лавшруулсан юм.

Хятад улс дээрх хязгаарлалтыг тавдугаар сарын 18-нд явагдах сонгуулийн дараа хэвээр хадгалах эсэхийг шинээр сонгогдох Засгийн газрын бодлогоос хамаарч шийдвэрлэнэ гэж олон нийтэд мэдэгдэл гаргах эрхгүй нэрээ нууцлахыг хүссэн хүмүүс ярьсан байна. Хятад нүүрс худалдаж авахад Индонези ба Австрали улсууд импортын дийлэнхийг эзэлдэг.

Цаг хугацаа нь ч ийнхүү таарсан явдал нь Бээжингийн гаргасан үйлдлийг улс төрийн зорилготой гэх хардлагыг цаашид гүнзгийрүүлсэн. Австрали улс Хуавэй компанийн 5G технологийг нэвтрүүлэх гэрээнд оролцохыг хориглож, Хятадад чиглэсэн гадны оролцоог хориглох шинэ хуулиуд гаргасны дараа Хятадтай явуулах харилцаа нь дордсон учир энэхүү худалдааны хамгийн том түнштэйгээ харилцаагаа сэргээх арга зам хайж байсан юм.

Гэвч Австралийн Засгийн газрын Бээжинтэй явуулах дипломат харилцаа, мөн Хуавэйд авсан арга хэмжээ зэрэг нь төдийлөн өөрчлөгдөх эсэх нь тодорхойгүй байна. Учир нь Ерөнхий сайд Скотт Моррисоны Либерал-Үндэсний эвсэлийн Засгийн газар нь сөрөг хүчний Хөдөлмөрийн намтай өрсөлдөх уг сонгуульд татвар болон цаг уурын өөрчлөлтийн асуудлыг дээгүүрт тавьж байгаа бөгөөд гадаад бодлогын асуудал төдийлөн жин эзлэхгүй.

Хятадтай “харилцах нь”

Гэхдээ энэ нь Хятадтай ам зөрсөн асуудлыг огт хайхраагүй гэсэн үг биш. Моррисоны Засгийн газар өнгөрөгч сард Австрали-Хятадын харилцааны Үндэсний сан байгуулах тухай зарласан бөгөөд үүгээр хувийн хэвшил, салбарын лобби бүлгэмүүд, төрийн бус болон соёлын байгууллагуудыг оролцуулан “Хятадтай харилцах харилцааг үндэсний хэмжээнд эрс идэвхжүүлэх” зорилготой ажээ.

Хятадын Гаалийн ерөнхий газрын төлөөлөгчийн газар руу утсаар ярихад, мөн Австралийн Засгийн газарт цахим шуудангаар тодруулга авах хүсэлт гаргахад аль аль нь хариу өгөөгүй юм.

Гаалиар Австралийн нүүрсийг нэвтрүүлэхэд 40 хүртэлх хоног удааширсан нь ердийн үед 20 хүртэлх хоног үргэлжилдэг байснаас хамаагүй удаан юм. Квийнсландад байршилтай уул уурхайн New Hope корпораци өнгөрсөн сард тээвэрлэлт нь Хятадаас буцсан тухай ярьсан бол Хятадын Нүүрсний тээвэр, түгээлтийн холбооноос дээрх хойшлолт нь дор хаяж тавдугаар сар хүртэл үргэлжлэх төлөвтэй байна гэжээ.

Импортын хяналт

Бээжингийн зүгээс уг хилийн арга хэмжээнд ямар нэгэн хэвийн бус зүйл байхгүй хэмээн няцаасаар байгаа. Гадаад харилцааны сайдын хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан өнгөрсөн сард хэлэхдээ Хятад улс дотоодын компаниудынхаа эрх ашиг болон байгаль орчныг хамгаалах зорилгоор нүүрсний импортын хяналт, шалгалтыг чангатгасан хэмээн тайлбарлаж байв. Тэрээр гадны нүүрсэнд хийх хяналт, дүн шинжилгээг нэмсэний дараа хэд хэдэн асуудал илрүүлсэн гэсэн боловч импортоор авч буй бүх орны ханган нийлүүлэлтэд уг шалгалт, туршилтыг хийж буй эсэхийг тодруулахаас татгалзсан юм.

Австралийн нүүрсэнд ийнхүү нарийн анхаарах болсон нь өнгөрсөн жилээс түлшний нийт импортоо бууруулах Бээжингийн ерөнхий төлөвлөгөөтэй мөн уялдаж байна. Дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгч, хэрэглэгч болох Хятад улс гурав дахь жилдээ үйлдвэрлэлээ нэмэх төлөвтэй байгаа тул ингэснээр импортыг орлох магадлал өндөр байгаа юм. Тус улс асар том нүүрсний салбараа удирдан явуулах явцад импортын бодлогодоо өөрчлөлт оруулах замаар дотоодын үйлдвэрлэгч нараа дэмжих эсвэл үнийг барих алхамуудыг хийсээр ирсэн.

Хятад нь түүхий эдийн хэрэгцээгээ ихэвчлэн импортод тулгуурлан хангадаг хэдий ч (гэхдээ нүүрсний хувьд бол үгүй) дэлхийн хамгийн том түүхий эд худалдан авагчийн байр сууриа геополитикийн хөшүүрэг болгон ашиглахад ийнхүү бэлэн гэдгээ харуулж байна.

Австралийн нүүрснээс гадна Хятад улс канола тосны хамгийн том ханган нийлүүлэгч Канад улсаас уг бүтээгдэхүүний тээвэрлэлтийг чанарын хяналтын асуудал байгаа гэсэн шалтгаанаар зогсоосон билээ. Энэ нь мөн л Хуавэйтэй холбоотой гэх таамаг бий бөгөөд энэ удаад тус компанийн Санхүү хариуцсан захирлыг АНУ-ын шахалтаар Ванкувэр хотод өнгөрсөн арванхоёрдугаар сард баривчилсан явдал байв.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine