Зах зээл - Future of Mining

Технологи ажлын байрны 77 хувийг шинэчилнэ

Ирээдүйд уурхайчид цэвэрхэн хувцастай, цагаан захтнууд л байх болно гэвэл та итгэж байна уу? Ирээдүй ч гэж, ердөө тав хүрэхгүй жилийн дотор тэд өрөм ажиллуулж, самсомал жолоодох хэрэггүй болно. Яагаад гэвэл өрөм, машин хүний оролцоогүйгээр ажилладаг болсон. Харин оронд нь тэд ихэнх цагаа сурагчийн ширээний ард өнгөрөөх вий.

Шинэ технологиуд танилцуулагдахын хэрээр эрдэс баялгийн салбарын өртгийн сүлжээний бүх шатанд ажлын арга туршлага хувьсан өөрчлөгдөж байгааг бид харж байна. Автомат удирдлагатай машин, олборлолт, зайнаас удирддаг өрөмдлөг зэрэг технологийн инновацийн нөлөөгөөр олборлолт, боловсруулалт, тээвэрлэлт гээд үе шат бүрт шаардлагатай байсан ажлын байруудын хэрэгцээ буурч байна. Цаашид ихэнх ажил мэргэжилд дата болон дижитал техонологи хэрэглэгдэх нь улам бүр тодорхой болсоор байна.

Үүнтэй холбоотойгоор ирэх таван жилийн дотор Австралийн уул уурхайн нийт ажлын байрны 77 хувь нь шинэчлэгдэх юм уу, гүйцэтгэх чиг үүрэг нь өөрчлөгдөхөөр байна. Австралийн Эрдэс баялгийн зөвлөлийн захиалгаар “Ernst & Young”-ийн гүйцэтгэсэн “Хөдөлмөрийн ирээдүй: Уурхайчдын ур чадварын өөрчлөлт” (The Future of Work: the Changing Skills Landscape for Miners) судалгаа ийм дүгнэлтэд хүрчээ.

Технологийн дэвшил уул уурхайн олборлолтын бүтээмжийг 25 хувь өсгөнө

Энэхүү судалгаагаар уул уурхайн компаниуд төдийгүй салбарын өртгийн сүлжээнд технологийн үзүүлж буй нөлөөг тооцож гаргасан байна. Технологийн дэвшил бүтээмжийг 23 хувиар нэмэгдүүлэх бөгөөд үүний өртөг нь 24.8 тэрбум ам.доллараар хэмжигдэх аж. Технологийн дэвшил, дижитал шилжилтийг эрчимжүүлснээр бүтээмжийг өртгийн сүлжээний үе шатуудад 9-23 хувиар нэмэгдүүлэх бол уул уурхайн олборлолтын хувьд 25 хувь хүрэхээр байна. Гэхдээ энэ өсөлтийг бий болгохын тулд зарим төрлийн ажил үүргийг шинэчлэн зохион байгуулж ажиллах хүчээ чадавхжуулахад хөрөнгө оруулах зайлшгүй шаардлагатай.

Гэхдээ хүний оролцоог багасгасан ухаалаг технологиуд салбарын ажлын байрыг огцом бууруулна гэж үзэх нь учир дутагдалтай. Аж үйлдвэрийн өмнөх хувьсгалуудаар бүтээмж өндөртэй технологид хөрөнгө оруулах хандлага буюу капиталжих үзэгдэл нь илүү нарийн ур чадвар шаардсан, илүү өндөр үнэлэмжтэй ажил мэргэжлийн эрэлтийг өдөөж байсан. Энэ удаад ч ижил нөлөөлөл үзүүлэх аж. Жишээлбэл, жолоочгүй ачааны машин нь хүнд даацын автомашины жолооч нарын ажлын байрыг булаана гэхээсээ шинэ түвшний ур чадвартай буюу өгөгдөл боловсруулах, тоон бичиг хэрэг хөтлөх, техникийн төлөвлөлт хийх гэх мэт чадвартай ажилчдад илүү их боломж бий болгоно.

Иймд ажилтнуудаа дахин сургах, нэмэлт ур чадвар эзэмшүүлэх, мэргэжлийн зэргийг нь дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Ирээдүйн ажил нь, ажилчдын чадавхийг өөрчлөх болохоор уламжлалт туршлага тийм ч их хэрэг болохгүй. Уул уурхайн салбарын хувьд технологийн дэвшлийн бий болгож байгаа боломжийг бүрэн ашиглаж, ирэх 10 жилийн бүтээмжийн өсөлтийг хүртэхийн тулд капиталд хөрөнгө оруулахаас гадна ажиллах хүчний чадавхдаа 5-13 тэрбум австрали доллар “тарих” шаардлагатай ажээ. Түүнээс гадна ажилгүйдлээс зайлсхийхийн тулд Австралийн боловсрол, сургалтын тогтолцоог илүү ахисан түвшний гэрчилгээ олгож, өндөр түвшний мэдлэг боловсрол эзэмшүүлдэг болгож цаг үеийн шаардлагад нийцүүлэх хэрэгтэйг тайланд онцолсон байна.

Дүн шинжилгээгээр гол төлөв үүрэг даалгавар нь ямагт тодорхой, тогтмол цагийн хуваарьт оруулж болох ажил үүргийг технологи орлох магадлал хамгийн өндөр. Үүний үр дагаварт тэдгээр мэргэжлийн ирээдүйн эрэлт буурдаг бол үлдэж буйнх нь болон ирээдүйн ажил мэргэжлийн бүтцийг тодорхойлох шинэ мэргэжлүүдийн эрэлт өссөөр байдаг. Судалгааны зарим сонирхолтой үр дүнгээс танилцуулахад ажил мэргэжлийн нийт төрөл зүйлийн 42 хувь нь технологи, инноваци нэвтрүүлэх замаар үр бүтээмж нь “сайжирч” байгаа бол 35 хувь нь техник технологийн хэрэглээ нэмэгдсэнээр хүний гүйцэтгэх үүрэг өөрчлөгдөж, 23 хувь нь бүрэн автоматжихаар байна.

Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан технологийн гол нөлөөлөл нь бүтээмжийг дээшлүүлж, ажлын арга барилыг шинэчлэх бөгөөд автоматжуулалтын нөлөөгөөр эрэлт буурч магадгүй мэргэжлүүд багахан хувийг эзэлж байна. Одоогийн ашиглагдаж байгаа ур чадваруудыг бүлэглэн хувааж ирээдүйд эрэлт нь хэрхэн өөрчлөгдөхийг судлахад харин ч бүх төрлийн ур чадварын эрэлт өсөхөөр байгаа юм. Гэхдээ техниктэй харилцах ур чадварын (technical skills type) хэрэгцээ буюу эрэлтийн өсөлт нь бусдаасаа удаан байхыг судалгаа харуулж байна. Тухайлбал, тээврийн хэрэгсэл ашигладаг, олборлолтын төхөөрөмж ажиллуулдаг ажилчдын тоо ирээдүйд бараг л өсөхгүй.

Дижитал шилжилт нь ажлын байрны тоог тийм ч их өөрчлөхгүй боловч алсын зайн удирдлага, олборлолтын нэгдсэн төв гэх мэт ажлын хэв маягийн өөрчлөлт нь аюулгүй ажлын байрны тоог нэмэгдүүлж баталгаатай ажлын байрны хангамжийг сайжруулах, үр ашгийг өсгөх, олон талбарт зэрэг ажиллах боломжийг бий болгож байгаа. Ажлын шинэ орчин нөхцөлд биеэр үйлдэх энгийн ажил эрхлэлтийн (routine manual employment) нийт ажил эрхлэлтэд эзлэх хувь 30 хувиас буурч 20 хувь хүрэхгүй болохоор байна.

Энэхүү технологийн хурдацтай хувьсал нь байгууллагуудыг өрсөлдөөний давуу талаа хадгалахын тулд илүү далайцтай алхам, инноваци хийхийг шаардана. Бид ирээдүйд тодорхойгоосоо илүүтэй тодорхойгүй орчинд ажиллах нь гарцаагүй. Учир нь технологийн шинэчлэл улам эрчимжсэнээр нөлөөлөл нь улам хурдасч, гэнэтийн зүйлсэд өртөх гэх мэт таамаглах аргагүй хэцүү нөхцөл байдал бий болно гэдэгт харин итгэлтэй байж болно. Тиймээс томоохон компаниуд үргэлж сэрэмжтэй, байнгын идэвхтэй, өөрчлөлтөд нээлттэй байснаар бизнесээ урагшлуулна.

Ирээдүйг ойлгохын тулд, юу энэ өөрчлөлтийг чиглүүлж, ирээдүйн ажил мэргэжлийн орчинг тодорхойлохыг анхаарах нь чухал юм. Хиймэл оюун ухаан, робот автоматжуулалт, blockchain болон chatbots зэрэг хөгжиж буй технологиуд нь ажлын орчинг улам хурдацтай өөрчилж байна. Эдгээр технологи нь үнэ цэн багатай, биеэр үйлддэг (manual), энгийн (routine) ажлуудын хэв маягийг хүний хийж чадахаас илүү үр ашигтай болгон өөрчлөн зохион байгуулж, ажилчдыг илүү өндөр үнэлэмжтэй ажил хийх боломж олгох аж.

Өнгөрсөн хугацаанд ажил гэдэг бол тогтсон цагийн хуваарьтай зүйл гэж ойлгодог байсан бол бид одоо хэзээ ч, хаанаас ч хийж болдог ажлын орчин руу шилжиж байна. Тэгээд ч энэ чиг хандлага нь практикт туршигдаад үр дүнтэй нь нотлогдчихсон. Ажлын тухай уламжлалт ойлголт нь ажлын төлөвлөлтийг чухалчилдаг, мэдлэг, орц, хяналтад анхаарлаа төвлөрүүлдэг байсан бол шинэ хандлагаар шинийг туршдаг, дасан зохицох чадварт суралцаж, үр дүн болон итгэлцэл бий болгодог соёл тогтож байна.

Байгууллага удирдаж буй хүмүүсийн хувьд ирээдүй гэгдэж буй эдгээр өөрчлөлт нь маргааш тулгарах асуудал биш харин ч хэдийнэ эхэлчилсэн, өнөөгийн бодит дүр зураг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүмүүс, ажил, байгууллага хоорондын харилцаанд дижитал үе эрчимтэй нэвтрэн орж ирж байгаа тул байгууллагууд маргаашийн сорилтуудаас бага хохирол амсъя гэвэл одооноос арга хэмжээ авах хэрэгтэйг EY анхааруулж байна.

Дүн шинжилгээгээр дараахь ур чадварууд ирээдүйд салбарын мэргэжлүүдэд илүү ач холбогдолтой байх бөгөөд технологижилтын нөлөөнд үл автана хэмээн тодорхойлж байна.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine