Түүхий эд

Хятадыг чиглэсэн Индонезийн нүүрсний экспорт жил хагасын дээд цэгт хүрлээ

Индонез улс зөвхөн арванхоёрдугаар сард нийт 36.7 сая тонн нүүрс гадаад зах зээлд экспортолжээ. Энэ нь жилийн дүнгээр 1.5, өмнөх арваннэгдүгээр сарынхаас 18.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Үүний 15.7 сая тонныг БНХАУ руу экспортолсон нь 2019 оны зургадугаар сараас хойш буюу жил хагасын дээд цэгт хүрсэн байна.

Хятадын нүүрсний зах зээлийн гол нийлүүлэгчдийн нэг Австралийн хоригийн нөлөө илт мэдрэгдэж эхэлсэн өнгөрсөн арванхоёрдугаар сард Индонез улсаас Хятадыг чиглэсэн нүүрсний экспорт жилийн дүнгээр 56 хувь, 2020 оны арваннэгдүгээр сарынхтай харьцуулахад 53 хувиар тус тус өссөн байна.

Хятадыг чиглэсэн нүүрсний экспорт ийнхүү өссөн бол Энэтхэгийнх эсрэгээрээ буурчээ. Хэдийгээр сарын дүнгээр 3.9 хувиар өссөн ч 2019 оны арванхоёрдугаар сарынхтай харьцуулахад 25 хувиар доошилж, 7.7 сая тонн болсон байна.

Үүнээс гадна Малайз дахь нүүрсний нийлүүлэлт нь өнгөрсөн сард жилийн дүнгээр 25 хувиар дээшилж 1.9 сая тоннд хүрчээ. Харин Япон болон БНСУ-ын зах зээлд уналт ажиглагджээ. 

Индонезийн нүүрсний экспорт 2020 онд нийт 368 сая тонн болсон нь төлөвлөж байснаас 27 сая тонноор дутсан үр дүн аж. Түүнчлэн тус улсын нүүрсний нийт олборлолт 558 сая тоннд хүрчээ.

Эрчим хүчний нүүрсний үнэ өсөж буйгаас Индонезийн түүхий эдийн ханш дээшлээд байгаа. Тухайлбал, Индонезийн 4200 ккал илчлэгтэй нүүрсний ханш нэгдүгээр сарын эхний долоо хоногт тонн тутамдаа 45.6 ам.долларт хүрсэн нь 2018 оны долдугаар сараас хойших хамгийн өндөр өсөлт. Энэ нь 2020 оны есдүгээр сарын 4-нд 22.6 ам.долларт хүрсэнтэй харьцуулахад 101 хувиар өссөн байна.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine