Үйл явдал - Геологи

Хайгуулчид иргэдтэй эвлэрэхийг хүсэж байна

Иргэд, уурхайчдын тэмцэл хэн хэндээ халтай ч, сумын удирдлагуудад ашигтай. Сүүлийн хоёр жилд уул уурхайн салбарын идэвх сэргэсэн ч дээр дооргүй газар авсан популизм, зорилготой, зорилгогүйгээр тараасан худал мэдээллээс үүдэлтэйгээр уул уурхай, олборлолт, геологи хайгуулынхныг эсэргүүцэх иргэдийн эсэргүүцэл улам хүчээ аваад байна. Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгүүр болсон уул уурхайн салбар, түүний нүүр царай, түүчээ болсон геологи хайгуулын салбарын өмнө тулгамдаж буй хамгийн том бэрхшээл нь орон нутгийн удирдлага болон иргэд хэмээн геологичид дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байна.

Монгол Улсад геологийн салбар үүсэж хөгжөөд 80 жил, уул уурхайг ашиглаад 100 гаруй жилийн нүүр үзэж байхад олон нийт хайгуул болон олборлолтын ажлыг ялгаж салгахгүй байсаар. Геологи нь бизнесээс илүүтэй шинжлэх ухааны ач холбогдолтой, судалгааны ажил. Ямар бүтэц, тогтоцтой, хэдэн тэрбум жилийн настай газар шороон дээр аж төрж байгаагаа мэдэх нь монгол төрд ч, малчинд ч чухал юм. Энэ үл ойлголцол лавшрах нь газрын доорх баялгаа танин мэдэх асар хариуцлагатай ажил зогсохоос эхлээд мэргэжлийн геологичдыг ажлын байргүй болох эрсдэл рүү түлхэж байна. Геологи, хайгуулын ажил хийгдээгүй хором мөч бүрт улсын баялгийн сан хөмрөг дундарч байгаа гэхэд болно. Энгийн баримтаар үүнийг нотлоход амархан. Тухайлбал, Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэгдсэн төмрийн хүдрийн хэмжээ сүүлийн хоёр жилд ойролцоогоор 45 сая тонн байв. 2010-2015 оны хооронд энэ тоо 100-400 сая тонноор хэмжигдэж байсан юм. Мөн Оюутолгой, Эрдэнэт гэсэн аварга том хоёр үйлдвэр хагас сая тонн зэс жилд олборлон экспортолж, алт олборлолт жил бүр огцом өсөж байхад тэрхүү олборлон борлуулсан нөөцийг шинээр тогтоож байгаа нь тийм ч хангалттай биш байгаа юм.

“Монголын геологи, хайгуул - 2019” хурлын үеэр энэ асуудал урьдын адил хурцаар хөндөгдлөө. Нутгийн иргэд, идэвхтнүүдтэй зөрчилд ороход хандах газар байхгүй, энэ харилцааг зохицуулдаг, зуучлах газар байхгүй байна гэдгийг ч аж ахуйн нэгжүүд хэлж байлаа. Бүх хууль, журам, дүрмийн дагуу зөвшөөрлүүдээ бүрдүүлээд хайгуул хийж байгаа ч малчид, иргэд ажлыг нь бусниулах үед компаниудыг өмгөөлөх, хамгаалах зүйл алга. Мэргэжлийн хяналтын алба, Байгаль орчны газар, Засаг даргын Тамгын газарт гомдол мэдүүлээд ч нэмэргүй. Томилсон мэргэжилтэн нь очиж нөхцөл байдалтай танилцаад “Энд зөрчил алга. Та нар хүмүүстэйгээ л учраа ол. Эвтэйхэн харилц” гэсэн арга ядсан зөвлөгөөг зөвшөөрөл өгсөн төрийн алба нь өгдөг байна. Иймээс асуудал шүүхийн танхимд шийдэгдэж, хэн нэг хүн, хуулийн этгээд буруутан болохоос өөр гарцгүй байдал руу түлхэж байгаа юм. Гэвч энэ нь тэр бүр хүсэх үр дагавар биш. Хөрөнгө мөнгө зарлагадахаас эхлээд хамгийн үнэт зүйл цаг хугацаа ихээр алдагддаг хэмээн геологичид, компаниуд учирлаж байна.

Тусгай зөвшөөрөл авахад орон нутгийн удирдлагаас зөвшөөрөл авдаг тогтолцоо нь магадгүй хэрээс нь хэтэрсэн эрх мэдлийг орон нутагт өгсөн байж мэдэх юм

Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд орон нутгийн удирдлагаас нь дэмжлэг авч байж лиценз олгох хуулийн зохицуулалт хийсэн ч зөрчлийг шийдвэрлэхээс илүү улам хурцатгаж байгаа аж. Аливаа тусгай зөвшөөрөл авахад орон нутгийн удирдлагаас зөвшөөрөл авдаг тогтолцоо нь магадгүй хэрээс нь хэтэрсэн эрх мэдлийг орон нутагт өгсөн байж мэдэх юм. Уурхайчид, иргэдийн зөрчил нь авлигачдыг өөгшүүлж, орон нутгийн бусармаг удирдлагуудыг амтшуулахаас хэтрэхгүй байгаа талаар геологичид ярилаа. “Аймгийн захиргаа компаниудтай байгуулдаг Тогтвортой байдлын гэрээнээс болж компаниуд хайгуул хийж чадахаа больсон. Үүгээр далимдуулж авлига нэхдэг, лицензийг цуцална гэж сүрдүүлдэг. Үүнийг зогсоомоор байна” хэмээн ахмад геологич н.Чинбат ярив.

Нөхцөл байдал бүр хяналтаас гарч орон нутаг нь олборлох бизнес эрхэлдэг болсон жишээ ч дурдагдлаа. Завхан (ашигт малтмалын нийт 64 тусгай зөвшөрөл тус аймгийн нутагт олгогдсоноос 55 нь хайгуулын тусгай зөвшөөрөл) аймгийн Ургамал сумын нутагт нөөц нь батлагдсан ордын лицензит талбайгаас 1-2 блок талбайг яаралтайгаар орон нутгийн компанид өг гэж сумын удирдлагууд шаардаж аваад ашиглаж байгаа тохиолдол ч бий гэв. Гэвч энэ асуудлыг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн “Энэ талаар бидэнд мэдэх зүйл алга” хэмээн хариулсан юм.

Хуралд оролцохоор ирсэн хот, хөдөөгийн олон зочноос Баян-Өлгий (нийт 64 тусгай зөвшөрөлтэйгөөс 38 нь хайгуулын тусгай зөвшөөрөл) аймгийн Засаг даргын Тамгын газрын Байгаль орчин, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтан н.Ариунцэцэгийн асуулт ихээхэн ач холбогдолтой байлаа. Тэрбээр “Манай аймагт лицензтэй 70 гаруй компани байгаа боловч хайгуул хийж байгаа нь ердөө 10 гаруй компани байна” гэв. Хайгуулын тусгай зөвшөөрөл авсан компаниуд хайгуулаа хийхгүй байгаа гэдгийг эндээс тодорхой харж болно. Гэхдээ үүнд тодорхой шалтгаанууд ч бий. Тухайлбал хайгуулын ажлын зардлын доод хэмжээ гэх хуулийн ойлголт бий. Энэ нь тухайн жилд тодорхой хэмжээнд зардал гарган хайгуулын ажил хийсэн байхыг компаниудаас шаарддаг. Харин орон нутгийн малчид, иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулснаар техник, тоног төхөөрөмж, эд хөрөнгийн хохирол их амсах болсон тул компаниуд “цаасан судалгаа”, агаараас тандах судалгааг илүүд үзэж ажлаа аажуу эхлэх хандлага руу орсон тухайгаа учирлав.

Энэ бүх асуудлууд нь төрийн аппарат нь буруу ажиллаж байгаагаас үүдэлтэй байж ч мэдэх юм. Салбарын бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх үүрэг бүхий УУХҮЯ-ны төлөөлөл орон нутгийн засаг захиргаанд байдаггүй. Хариуцах эзэн холбогдогч байхгүйгээс Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын байгаль орчин аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн н.Ариунцэцэгт уул уурхайн асуудлыг давхар хариуцуулжээ. Түүнийг эл сэдвийг хөндөн тавихад танхим даяараа алга ташин дэмжив. Байгаль орчин, аялал жуулчлалын яам өөрийн төлөөлөгчөө орон нутагт ажиллуулдаг туршлага байдгийг ч дурдав. Гэвч УУХҮЯ-ны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөр “Орон нутагт төлөөллөө ажиллуулна гэж шууд хэлэх боломжгүй. Яагаад гэвэл аймаг, орон нутагт энэ чиглэлийг хариуцсан Мэргэжлийн хяналтын байцаагч нь ажиллаж байгаа.” хэмээж байсан юм.

Мөн геологичид хамгийн санаа зовоож буй асуудлаар маш тодорхой хариулт хүсэж байсан ч талаар боллоо. Орон нутагт бий болоод удаж байгаа буруу ойлголт Засгийн газрын түвшинд хүрч газар авснаар 2014 онд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох өргөдлийн журам хүчингүй болсон. Гэтэл одоогоор мөрдөгдөж буй Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу олгогдохоор товлосон талбай нь дуусах шат руугаа орж байгаа бөгөөд ойролцоогоор 3-4 жилийн хугацаа үлдээд буй аж. Тэгвэл энэ хугацааны дараа геологичид хаана ажиллах вэ? гэдэг асуулт сэтгэл зовоож байна. Чуулга уулзалтыг нээж УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хэлсэн үгэндээ өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг сэргээх байр суурьтай байгаа гэж мэдэгдсэн. Геологичдын хувьд энэ хамгийн их сонирхож, анхаарч байсан сэдэв. Хайгуул хийх талбайг зарлана гэдэг компаниуд, геологичдын ажлын байрыг хадгална гэсэн үг. Хуралд оролцогчдын хамгийн их сонирхсон уг асуултад Б.Мөнхтөр дарга “Манай яамны зүгээс хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох байр суурьтай байгаа боловч шийдвэр гаргах түвшинд хүлээгдэж байна” гэв.

Энэ хэлэлцүүлгийн үеэр сонссон нэг нааштай мэдээ нь төрөөс уул уурхайн салбарын талаар бодитой, зөв ойлголтыг орон нутгийн иргэдэд олгох ажлыг хийхээр болжээ. “АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсээс соён гэгээрлийн ажлыг системтэйгээр хийхээр санхүүжилт, төлөвлөгөөг шийдсэн” гэж тус хэлтсийн дарга Б.Сүнжидмаа хэлэв. Тэрбээр үргэлжлүүлэн “Хамгийн их зөрчил гарч байгаа газарт очиж салбарын онцлогийг ойлгуулах ажил хийнэ” гэсэн юм.

Гэхдээ иргэнээсээ, эрх зүйдээ хүртэл нэвт шингэсэн энэ төөрөгдөл зөрчил үүссэн цөөн хэдэн газарт очиж сургалт хийснээр шийдэгдэхгүй нь Засгийн газар, геологичид болон орон нутгийн захиргаа нарын хооронд өрнөсөн харилцан ярианаас илэрхий харагдана. Салбарын бодлогыг зангидаж буйн хувьд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам орон нутагт хүрч үйлчлэх, бодлогын түвшний зохицуулалт хийх шаардлагатай байна. Нөгөө талаар Засгийн газар, УИХ салбарын яамнаас гаргаж буй мэргэжлийн санал зөвлөмжийг хариуцлагатайгаар хэлэлцэн, шийдвэрлэх нь зүйтэй. Тухайлбал, хайгуулын тусгай зөвшөөрөл авахад орон нутггийн засаг захиргаанаас зөвшөөрөл авах нь тийм ч ач холбогдолтой юу гэдэг асуулт зайлшгүй гарна. Уул уурхайн салбарыг орон нутагт эсэргүүцэж байсан учир орон нутгийн иргэд, удирдлагаас санал зөвшөөрөл авч тусгай зөвшөөрөл олгодог болсон. Гэвч орон нутгийн засаг захиргааны удирдлага энэхүү эрх мэдлээ урвуулан ашиглах хандлага нэмэгдэж байгаа нь нэгэнт тодорхой болсон. Тиймээс Өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бол хуулийн энэхүү хийдлийг арилгах гарц эрэлхийлэх шаардлагатай болж байна. Геологичид, хайгуулчдынхаа эрх ашгийг хамгаалж, геологи хайгуулын салбараа дэмжихэд хүчин чармайлт гаргахгүй бол улсын эдийн засгийг чирч яваа салбарын том асуудлууд улам бүр бугшиж, урт хугацаандаа тогтвортой, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилт талаар болж ч магадгүй юм.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine