Зах зээл

Цар тахлын улмаас БОНБҮ хийдэг аж ахуйн нэгжүүдийн орлого 46 хувиар буурчээ

Монгол улсын байгаль орчны нөлөөллийн үнэлгээний салбарт цар тахлаас шалтгаалан үүсэж буй хүндрэл, бэрхшээл, нөлөөллийг тодруулах зорилгоор “КОВИД-19 ба Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” сэдэвт судалгааг хийжээ. Уг судалгааг "Грийнтрендс" ХХК-ийн Бизнес хөгжил хариуцсан захирал Б.Баяржаргал (BSc), "Эх Монголын Байгаль" ХХК-ийн Захирал С.Түмэннаст (MSc), Монгол Улсын Их Сургуулийн ахлах багш Ш.Анармаа (Ph.D), "Өлзий Энвайронментал" ХХК-ийн Захирал Д.Өлзийбаяр (BSc) нар хийсэн бөгөөд байгаль орчны үнэлгээ хийх эрх бүхий 101 аж ахуйн нэгжийн 83 нь судалгаанд хамрагдсан аж.

Олон улсад салбарын есөн хувь нь гэрээт ажлуудаа цуцалсан, долоон хувь нь үйл ажиллагаагаа бүр мөсөн татан буулгасан, 19 хувь нь ажлын захиалга багассан, 10 хувь нь санхүүгийн хүндрэлд орсон болох нь зарим судалгаагаар тодорхой болоод байгаа аж. Харин судалгаанд хамрагдагсдын 94 хувь нь цар тахлаас шалтгаалж үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл учирсан, 6 хувь нь аливаа нөлөөлөл гараагүй гэж хариулжээ.

Тодруулбал, 90 хувийнх нь мөнгөн орлого буурч, 65 хувь нь ажлын байраа цомхотгоход хүрчээ. Орлогын хувьд 2020 онд өмнөх оны мөн үеэс дунджаар 46 хувь буурсан бол ажлын байрны тоо дунджаар 17 хувиар буурсан болох нь судалгаанаас харагдаж байна. Түүнчлэн, зарим аж ахуйн нэгжийн орлого, болон ажлын байр 95 хүртэлх хувиар буурсан хэмээн хариулжээ. 

2020 онд өмнөх оны үеэс ажлын байрны тоо дунджаар 20 хувь буурч, нийт аж ахуйн нэгжийн 66 хувь нь хүний нөөц, тоног төхөөрөмж, программ хангамжаа сайжруулж чадаагүй үр дүн гарчээ. 2019, 2020 онд компаниудын хийж гүйцэтгэсэн ажлуудыг салбар тус бүрээр харьцуулбал, уул уурхай болон үйлчилгээний салбаруудад 1-2 хувийн бууралт гарсан бол эсрэгээрээ дэд бүтэц, үйлдвэр, хөдөө аж ахуйн салбаруудад хийж гүйцэтгэсэн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тоо нэмэгдсэн байна. 

Аж ахуйн нэгжүүд эдгээр сөрөг нөлөөллүүдийн шалтгааныг цар тахлын үеийн хөл хорио, түүнтэй уялдсан иргэдийн оролцоог хангах хурал, зах зээл хумигдсан, төрийн байгууллагын удирдлага, зохион байгуулалт, шийдвэр гаргалт гэж гэж үзэж байна. 


Шалтгаан                                                                                                                               Оноо

КОВИД-19 цар тахлын үеийн дэглэм, хөл хорио                                                                          2.70
Иргэдийн оролцоог хангах хурал                                                                                                      2.65
Захиалгын тоо буурсан буюу зах зээл хумигдсан                                                                        2.25
Асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалт     2.23
БОНБҮнэлгээтэй холбоотой төрийн байгууллагын шийдвэр гаргалт                                     2.12
Бусад төрийн байгууллагын шийдвэр                                                                                               2.10
Санхүүгийн хүндрэл                                                                                                                               2.07
Хээрийн судалгаа гүйцэтгэх нөхцөл, боломж                                                                                1.99
Төрийн цахим үйлчилгээний технологийн асуудал                                                                       1.94
Төсөл хэрэгжүүлэгч /захиалагч/-тай холбоотой асуудал                                                            1.90
Мэргэжилтнүүдийн цахим орчинд ажиллах чадавх                                                                     1.66
Лабораторийн үйлчилгээний хүртээмж                                                                                           1.64
БОНБҮ боловсруулахад гарсан хүндрэл                                                                                           1.51
Ажиллах хүчний хомсдол                                                                                                                     1.49 


“2020 онд өмнөх онтой харьцуулахад батлагдсан БОННҮ тайлан ойролцоогоор 37 хувиар буурсан байгаа нь дээрх шалтгаануудтай холбоотой гэж үзэж болохуйц байна. Энэ нь дамаа орлого буурахад нөлөөлсөн бөгөөд санхүүгийн хүндрэл нь зарим аж ахуйн нэгжүүд ажилтнаа цомхотгох, оффисоо татан буулгахад нөлөөлсөн байж болзошгүй.” гэсэн дүгнэлтэд судлаачид хүрчээ.

"Судалгаанаас гарч буй гол үр дүн нь КОВИД-19 цар тахлын үед БОНБҮ-тэй холбоотой төрийн байгууллагуудын удирдлага, зохион байгуулалтын уялдаа холбоо сул, шийдвэр гаргалт удааширснаар энэ чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд доголдол үүсэж орлого эрс буурах, ажлын байраа цомхотгоход хүрч гэж гарсан. Цаашид эдийн засгийн нөхцөл байдал сайжрахгүй тохиолдолд энэ салбарт ажиллаж буй олон зуун мэргэжилтнүүд орлогогүй, ажлын байргүй болох эрсдэлтэй нөхцөл байдал бий болсон. Үүнээс гадна аливаа төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээс өмнө БОНБҮ-г хийлгэж, БОАЖЯ-аар заавал батлуулсан байх хуультай. Ингэснээр тухайн төсөл хэрэгжих нөхцөл бүрдэнэ. 2020 онд уул уурхай, аж үйлдвэрийн салбарт хэрэгжих төслүүдийн хөрөнгө оруулалт буурснаар тус салбарт хийгдэж байгаа Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тоо багассан байна. Ингэснээр шинээр төлөвлөгдөж байсан төслүүд царцах, удаашрах нөхцөл үүссэн гэж хэлж болно" хэмээн судлаач Б.Баяржаргал онцоллоо. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine