Ярилцлага - Дисковер Монголиа 2019

Б.Мөнхдөл: Хайгуулын салбарыг дахин нээх цаг нь болсон

Дисковер Монголиа-2019” уул уурхайн чуулга уулзалт 17 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ жил тус чуулга уулзалт форматаа бага зэрэг өөрчилж, албан тушаалтнуудтай уулзалт, хэлэлцүүлгийг урьдчилан зохион байгуулж буй аж. Тус чуулганы Зохион байгуулах хорооны дарга Б.Мөнхдөлтэй ярилцлаа.
 

-УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ид хэлэлцэж байгаа үеэр “Дисковер Монголиа - 2019” чуулга уулзалт зохион байгуулагдаж байна. Уул уурхайн салбартай холбоотой асуудлууд дээр салбарынхан ямар байр суурьтай байгаа бол?

-Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд уул уурхайн салбартай холбоотой бодлого, шийдвэр, мэдээллүүдийг сонсох боломжийг жил бүр “Дисковер Монголиа” чуулга уулзалт олгодог. Ганцхан уул уурхайн салбарын гэлтгүй түүнээс хамааралтай барилга, дэд бүтэц, худалдааны бизнес эрхлэгчдэд хамааралтай байдгаараа онцлог юм. Энэ жилийн хувьд сонгуулийн өмнөх жил, Үндсэн хуулийн өөрчлөлт яригдаж байгаа цаг үед болж байгаа гэдгээрээ өвөрмөц болж байна. Тэр хэрээр маш сонирхолтой, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд бодлогын түвшинд өөрчлөлт гарах эсэх, эдийн засгийн нөхцөл байдал ямар байх талаар сүүлийн үеийн хэрэгцээтэй мэдээллийг форумаараа өгч чадна гэж бодож байна.

 Байгалийн баялгийг ард түмний өмч гэж тодорхойлох нь учир дутагдалтай.

Үндсэн хуулийн хэлэлцүүлэг өргөн хүрээг хамарч, Монгол Улс ямар зарчмаар явах юм, баялгийн хуваарилалт, төсвийн хуваарилалт, засаглалын хэлбэр гээд бүхий л салбартай холбогдох чухал асуудлыг хэлэлцэж байгаа. Хуулийн салбарынхан шүүхийн хараат бус байдлыг хамгаалсан ярилцлага, акц хийж байгаа нь зөв гэж харж байна. Уул уурхайн салбарынхан ч байгалийн баялагтай холбоотой асуудалд байр сууриа илэрхийлж байна.

Байгалийн баялагтай холбоотойгоор Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд хоёр асуудал яригдаж байх шиг байна. Эхнийх нь байгалийн баялаг ард түмний өмч үү, төрийн өмч үү гэдэг асуудал. Байгалийн баялгийг ард түмний өмч гэж тодорхойлох нь учир дутагдалтай. Төр гэдэг бол ард түмнээс олгосон эрхийн дагуу нийтийн өмчийг захиран зарцуулах эрх эдэлж, бас хариуцлага хүлээдэг. Төрд ийм чиг үүрэг нь байсаар байтал ард түмэнд өмчлүүлнэ гэдэг нь тун ойлгомжгүй. Эсвэл лицензүүдээ хүн бүрт хуваагаад өгөхийг хэлэх юм уу.

Удаах нь Ерөнхийлөгчийн оруулж ирсэн уул уурхайн компаниудын ашгийн 51 хувийг төрд авах асуудал. Энэ бол байх боломжгүй зүйл. Ийм нөхцөлтэйгээр Монголд гадаадын бүү хэл дотоодын хөрөнгө оруулагчид ч уул уурхайн бизнес эрхлэхгүй. Магадгүй төрд ойрхон, мэдээлэлтэй хүмүүс нь уул уурхайн лиценз авах боломж нээгдэх байх. Нөгөө талаас бүх уул уурхайн лиценз төрд шилжих дүр зураг харагдаад байна. Хэрвээ ингэвэл Монголын уул уурхайн салбар дахин өндийхгүйгээр унах эрсдэлтэй. Ийм орчинд дахин бүтээн байгуулалт хийгдэхгүй, байгаа хэдэн төслүүд нь бүгд зогсох, нэг бол төр булааж авах хэлбэр рүү шилжих болов уу. Үүнийг хүмүүс бүгд мэдэхийн дээдээр мэдэж байгаа болохоор үнэхээр Үндсэн хуульд оруулах гэж биш, улс төрийн оноо авах зорилгоор ийм мэдэгдлүүдийг хийж байгаа байх.

-Манайд стратегийн орд гэж ойлголт байдаг. Хэрэв төр хүсвэл стратегийн ордоор бүртгээд хүсэхгүй бол бас хасах ч боломжтой. Энэ маягаар томоохон ордыг төрийн ямар нэг оролцоотойгоор ашиглаж байгаа шүү дээ?

-Стратегийн орд гэдэг ойлголтыг уул уурхайн салбарынхан бүгд буруу гэж үздэг. Нэг талаасаа төр өөрөө уул уурхайн салбарт баримтлах бодлогоо мэдэхгүй, нөгөө талаас иргэд уул уурхайн салбарын талаар ойлголт дутуу байсан цаг үед энэ ойлголт, нэр томьёо гарч ирсэн. Төр байгалийн баялагтаа эзэн байх нь зөв. Угаас эзэн нь мөн бөгөөд өмчөө тусгай зөвшөөрөл олгож, хувийн хэвшилд ашиглуулдаг. Ингэж ашиглуулсаныхаа төлөө олборлож гаргаад борлуулсан орлогынх нь тодорхой хувийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гээд авдаг. Төрд төлбөр төлж ашиглах тусгай зөвшөөрөл эзмшсэнээр энэ нь хувийн өмч болдог. Дэлхий даяараа ингэж ойлгодог, ингэж явдаг.

Гэхдээ төр уул уурхайн компанитай байж болохгүй гэсэн үг биш. Зарим амжилттай жишээнүүд бий. Гол нь бид тэр уул уурхайн компаниудаа улс төрөөс хараат бус байлгаж, эсвэл олсон мөнгийг нь баялгийн сандаа хуримтлуулж, зүй зохистой удирдаж чадаж байвал төр уул уурхайн компанитай байж болно. Аль алийг нь хийж чадахгүй байгаа болохоор стратегийн орд гэдэг ойлголтыг гаргаж ирэх үеийн хүлээлт огт биелэхгүй байна. Тэгэхээр үүнийг дахин харж үзэх шаардлагатай.

-Одоогийн хууль эрх зүйн орчин хөрөнгө оруулагчдын хувьд ямар гэж хардаг бол? Одоо орчинг өөрчлөх хэрэгтэй юу? Ингэж асуух болсон шалтгаан нь уул уурхайн салбарын бодлого, хуулийн орчинг өөрчлөөд хэдэн жил болж байгаа ч салбарт дорвитой ахиц харагдахгүй байх шиг санагддаг юм?

-Одоо байгаа эрх зүйн орчинд хөрөнгө оруулалт, бизнесийг гол гацааж байгаа зүйл бол Засгийн газар биш орон нутгийн засаг захиргаа. Монгол бол засаглалын босоо тогтолцоотой, Засгийн газрын шийдвэрийг доод түвшний нэгжүүд нь дагаж мөрддөг улс. Гэхдээ энэ нь орон нутгийн саналыг сонсож болохгүй гэж байгаа юм биш. Зөвхөн сум, багийн Засаг дарга, эсвэл байцаагч гээд нэг л хүнээс болоод тухайн төсөл гацдаг байдал ажиглагддаг. Одоогийн эрх зүйн орчин үр өгөөжөө өгөхгүй байна гэвэл бас буруу ойлголт. Уул уурхайн салбараас маш хол амьдардаг малчин хүн ч гэсэн уул уурхайн өгөөжөөс хүртэж байгаа. Түүнээс мах, ноолуурыг нь авч байгаа хүний мөнгө нь уул уурхайгаас олсон орлого байдаг ч юм уу, уул уурхайгаас авсан татварын мөнгөөр төр халамж олгож, зам, барилга барьж байгаа. Тэгэхээр уул уурхайгүйгээр амьдарч болно гэж бодох нь муйхарлаж буй хэрэг.

Одоо ажиллаж байгаа уул уурхайнууд дунджаар 20-30 жил ажиллах байх. Том нэг хоёрыг нь эс тооцвол шүү дээ. Тэгвэл хаагдсаных нь дараагаар яах вэ. Дараагийн ордууд нь хараахан олдоогүй байхад шинээр хайгуулын лиценз олгохоо бараг зогсоочихсон. Сонгон шалгаруулалтын журмаар цөөн тоогоор олгож байгааг эс тооцвол шүү дээ. Оюутолгой 50 жил үргэлжилнэ гэхэд 50 жилийн дараа яах вэ гэдгийг одоо шийдэх ёстой. Зогсонгуут нь нэг шинэ уурхай олоод эхлүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа юм уу, эсвэл 50 жилийн дараа би амьд байхгүй юм чинь хамаагүй гэж хандаад, өнөө маргаашийнхаа улс төрийг хийгээд байгаа юм уу бүү мэд. Улсын хөгжлийг 50-100 жилээр харж төлөвлөхгүй бол нэг мэдэхэд бид баахан хаагдсан уурхай, эзэнгүй хот сууринтай, олсон мөнгөндөө үрэлгэн хандаж, эдийн засгийн хувьд хөгжиж бэхэжсэн зүйлгүй улс болж үлдэх вий дээ.

Хураа, цуцал гэдэг үг биш, энэ байгууллагуудыг шүүхэд өг, шалга гэдэг үгийг ашигладаг болмоор байна

Уул уурхайн бизнес нь өөрөө маш том эрсдэл учраас дараагийн Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт хараахан илрээгүй байгаа нөхцөлд хайгуулын лицензүүдээ бодлоготойгоор шинээр олгож л байх хэрэгтэй. 2010-2011 онд дэлхийн хайгуулын компаниудын хөрөнгө оруулах хамгийн дуртай газар нь Монгол байсан. Монголд хайгуул хийвэл дараагийн Оюутолгой олдож магадгүй юм байна, энэ улсад хайгуул бараг хийгдээгүй газар юм байна гэж харж хөрөнгө оруулагчид, хайгуулын компаниуд орж ирж байсан. Тухайн үеийн гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнх нь хайгуулын салбарт хийгдэж байлаа. Тэгэхээр энэ салбарыг дахиж нээх хэрэгтэй. Тэгж байж гадаадын хөрөнгө оруулагчдыг татах боломж нээгдэнэ. Тэгэхгүй бол гадаад ертөнцөд Оюутолгой, Тавантолгой гэж ярьсаар олон жил боллоо. Үүнээс гадна амжилттай явж байгаа хайгуулын компаниуд цөөн ч гэсэн байна. Хэрвээ үнэхээр уул уурхайн салбар Монголын эдийн засгийн гол тулгуур гэсэн шийдвэрт хүрсэн юм бол хайгуулын лицензийг олгох л хэрэгтэй. Оюутолгой шиг орд олохын төлөө эрсдэл гаргах компаниуд дэлхий дээр олон бий. Тэд Монголд биш юм аа гэхэд өөр улс оронд хөрөнгө оруулаад, хайгуул хийж л байгаа. Тэднийг Монголд авчрахын тулд хайгуулын салбарыг дахиж тэлэх шаардлагатай байна.

-Монголд эрсдэл үүрээд орж ирэх компани одоо байх болов уу?

-Нэг үеийг бодоход Монгол Улс нэлээд эрсдэлтэй оронд тооцогддог болчихсон. Амжилттай хэрэгжиж байгаа цөөхөн төслөө улс төрийн оролцоотойгоор гацаадаг тал ажиглагдаад байгаа учраас гадныхан эмээж буй тал бий байх. Гэхдээ төр шууд оролцоод гацааж, зогсоогоод байгаадаа биш улс төрчид, эрх мэдэлтнүүд мэдэгдэл хийхдээ хариуцлагагүй хандаж байгаа нь олон нийтэд болон гадаад орчинд буруу ойлголт төрүүлээд байх шиг байна.

-Энэ мэдэгдлүүдийг яаж залруулах вэ. Хэн ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Зөвхөн Засгийн газрын тэргүүн нь мэдэгдэл хийгээд уурхайг хаагаад тусгай зөвшөөрлийг цуцалчихдаг зүйл хаана ч хууль зүйн үндэслэлгүй. Хэрвээ үнэхээр хууль бус үйл ажиллагаа явуулсан бол шүүх шийдэх ёстой. Төр бол зөвхөн төрийн бодлогыг гүйцэтгэх байгууллага болохоос биш зөв, бурууг тогтоодог байгууллага биш. Нэг хүн дангаараа шийдээд лицензийг цуцалчихдаг гэдэг мессежийг өгөхөө болимоор байна. Гаргаж буй мэдэгдэлдээ хураа, цуцал гэдэг үг биш, энэ байгууллагуудыг шүүхэд өг, шалга гэдэг үгийг ашигладаг болмоор байна. Лицензийг хураахдаа урьдчилаад энэ компани ийм хууль зөрчсөн, хариуцлагагүй үйл ажиллагаа явуулсан гэдэг мэдээллийг нийтэд өгдөг байх хэрэгтэй.

-Шүүхийн шийдвэрийг давж захирамж, тогтоол гаргадаг тал харагдаад байгаа?

-Үнэхээр Засгийн газар маань хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг хаамаар байгаа юм бол шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой байгууллагууд нь байна, тэр байгууллагуудад шийдвэрийг биелүүлэх талаас нь шахалт хийж болно шүү дээ. Олон шат дамжлага алгасаж хийгээд байгаа нь төрийн эрх мэдлийн хуваарилалтыг үл тоомсорлоод байгаа юм шиг ойлголт төрж байна. Нэг талаасаа иргэд шийдвэрийг шуурхай, зоригтой хийж байна гэж харж байгаа боловч цаашдаа маш хортой үр дагаварт хөтөлнө. Улс төрийн аль нэг хүчин эрх мэдэлд хүрчихээд хүссэнээрээ шийдвэр гаргаад явдаг жишиг тогтож магадгүй. Төрийн засаглалууд бие биеэ хянаж ажиллах ёстой болохоос биш аль нэг нь үлдсэн хоёроо үл тоомсорлоод байвал бид ардчилсан бус, өөр дэглэмтэй улсад амьдарч байна гэсэн үг. Ялангуяа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ярьж байгаа энэ үед бид засаглалын асуудлаа зөв зааглаж ойлгох хэрэгтэй.

Мэдэгдэл бүрийг зөвхөн Монголын иргэд бус, гадаадын иргэд, хөрөнгө оруулагчид сонсож байгаа гэдгийг ойлгож, бодолцож байвал сайнсан.

Хууль зөрчдөг, хариуцлагагүй үйл ажиллагаа явуулдаг компаниуд бий. Цөөн хэдэн компани бүхэл салбарын нэр хүндийг унагаад байгаа учраас хариуцлагатай, хууль зөрчдөг компаниудыг олон нийтэд зарлаж зөв жишгийг олон нийтэд сурталчлах хэрэгтэй. Хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг ялгаж, онцолж мэдэгдэл хийх хэрэгтэй. Тэгэлгүйгээр уул уурхайн салбар тэр чигтээ байгалийг сүйтгэдэг, зохисгүй үйл ажиллагаа явуулдаг гэдэг ойлголтыг төрүүлээд байгаагаа болих хэрэгтэй байна. Мэдэгдэл бүрийг зөвхөн Монголын иргэд бус, гадаадын иргэд, хөрөнгө оруулагчид сонсож байгаа гэдгийг ойлгож, бодолцож байвал сайнсан.

Хэрвээ үнэхээр хамгаалалтад авах шаардлагатай газрууд байвал хуулийн дагуу нөхөн олговор олгоно гэдгийг дурдахгүй байна л даа. Сүүлийн жишээгээр зөвхөн хэдэн лицензийг цуцалчихлаа л гэдэг мэдээлэл яваад байна. Нөгөө талд төр ч гэсэн хуулийн хариуцлага үүрэх ёстой. Мэдээж хэрэг хэрвээ хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан нь шүүхээр тогтоогдсон бол нөхөн олговор олгогдохгүй. Хэрэв Засгийн газар дангаараа шийдсэн асуудал бол нөхөн олговрын асуудал ч бас хамт яригдах ёстой.

-Цөөхөн гэдэгт нь итгэлтэй байна уу. Сайн компаниуд олон юм бол яагаад уул уурхайн талаар эерэг хандлага гарахгүй байна?

-Цөөхөн гэж би оновчгүй хэлсэн байж магадгүй. Гол санаа нь уул уурхайн үйл ажиллагаа нь бүхэлдээ буруу гэсэн ойлголт олон нийтэд байх шиг байна. Үүнийг нь ч бататгах гэсэн шиг улс төрчид мэдэгдэл хийдэг. Үүнийг сайн зааглаж ойлгох хэрэгтэй.

Би түрүүнд хэлсэн “Дисковер Монголиа” хуралд оролцдог байгууллагууд бүгд хариуцлагатай уул уурхайн компаниуд байдаг. Хууль бус үйл ажиллагаа явуулдаг компаниуд тэгж хуралд оролцож, илтгэл тавьж өөрсдийгөө ил гаргах зориггүй. Хариуцлагатай учраас түүнийгээ олон нийтэд бахархалтайгаар зарлаж, энэ хуралд оролцдог.

Гол нь бид Монголын эдийн засгийн гол хүч бол уул уурхай гэдэгт нэгдсэн байр суурьтай болоё. Нэгэнт тийм хойно, хариуцлагатай уул уурхайн компаниудаа дэмжье, хариуцлагагүй уул уурхайн компаниудыг засаж залруулъя. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор ийм ойлголтыг олон нийтэд өгөх хэрэгцээ шаардлага нь үүссэн торгон мөч ирчихээд байх шиг байна. Ийм л үед манай хурал бас зохион байгуулагдах гэж байна. Үүнийг л хурал дээрээ бид ярилцаж олон нийтэд, улс төрчдөд бодит, зөв ойлголтыг сайтар өгөхийг зорьж байна.

-Өнөөдөр ямар төсөлд хөрөнгө оруулбал ашигтай байна вэ. Том төслүүд бол аль нэг шатандаа гацчихаад шийдвэрт хүрч чадахгүй байна. Харин жижиг, дунд ч юм уу алтны төслүүдийг төрөөс тусгайлан бодлогоор дэмжиж байна шүү дээ?

-Алтны салбарыг уул уурхайгаас салгаж аваад мөнгөний бодлогын нэг хэрэгсэл болгож тусад нь бодлого хэрэгжүүлээд байна. Алттай холбоотой тусгай хөтөлбөрүүд бол Монголын уул уурхайн салбарын ирээдүйн хөгжил гэхээсээ илүү гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой байна. Богино хугацаанд энэ нь үр дүнгээ өгч, алт тушаалт, ГВАН сүүлийн гурван жил дараалан өсөж байгаа. Монголын эдийн засаг сэргэхэд ч чухал нөлөө үзүүлсэн. Гэхдээ алсдаа эерэг ач холбогдолтой гэж харахгүй байна.

Том төслүүд гацаад байгаа шалтгаан нь дандаа л улс төрийн тогтворгүй байдал, хуулиа, бодлогоо байнга өөрчилдөгтэй л холбоотой. Том төсөл нь өөрөө гурав, дөрөвхөн жилийн дотор бүтчихдэг зүйл биш учраас олон арван жилийн хайгуул, судалгаа, төлөвлөгөө гаргаж байж нэг уурхай болдог. Оюутолгойг харахад ч бараг 20 жил хайгуул хийж байж л анхны олборлолтоо хийсэн. Тиймээс хэзээ, хэний Засгийн газар байхаас үл хамаараад бодлого нь тодорхой болсон нөхцөлд л том төслүүд амжилттай хэрэгжинэ. Монгол Улсын эдийн засаг, нийгэм, дэд бүтцийн хөгжилд том хувь нэмэр оруулах болно.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine