Компани - Оюу Толгой

ОТ: $228 саяын татварыг Арбитрын ажиллагаанд нэмж оруулна

Монгол Улсын Засгийн газрын “Оюу Толгой” ХХК-ийн 2016-2018 оны үйл ажиллагаанд тавьсан 228 сая орчим ам.доллар буюу 649 тэрбум төгрөгийн татварын актын дийлэнх хэсэг нь 2013-2015 онд хамаарах татварын маргааны үндэслэлтэй ижил байгаа тул энэ асуудлыг өдгөө үргэлжилж буй Лондоны Арбитрын шүүхийн ажиллагаанд нэмж оруулахаар бэлтгэж буйгаа “Оюу Толгой” компаниас мэдээллээ.

Татварын Ерөнхий газар үүнээс өмнө буюу 2013 онд 150 сая ам.доллар, 2015 онд 155 сая ам.долларын татварын актыг "Оюу Толгой" ХХК-д тавьсан. Үүнээс үүдэн “Оюу Толгой” компани болон Монгол Улсын Засгийн газрын хооронд маргаан үүсэж, өдгөө Лондоны Арбитрын шүүхэд үргэлжилж байгаа билээ. 

Түүнчлэн “Оюу Толгой” компанийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал өсөж буйд Монгол Улсын Засгийн газар санаа зовинож буйгаа илэрхийлсэн. Энэ төслөөс Монгол Улсад ногдох үр ашгийг эрс нэмэгдүүлэх, холбогдох гэрээнүүдийг засаж сайжруулах, шаардлагатай бол Дубайн гэрээ буюу “Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг эргэн харна гэдгээ  Монгол Улсын Засгийн газраас мэдэгдсэн болохыг “Туркойз Хилл Ресурс” компани албан ёсны мэдээлэлдээ дурдсан байна. 

“Туркойз Хилл Ресурс” компанийн энэхүү мэдээллийн дараа компанийн хувьцааны ханш Торонтогийн хөрөнгийн биржид 18.6, Нью-Йоркт 19.2 хувиар тус тус буурсан юм. 

Үүнээс гадна “Оюу Толгой” ХХК мягмар гарагт гаргасан албан ёсны мэдээлэлдээ тус компани 2020 онд ойролцоогоор 290 сая ам.долларын татвар, ашигт малтмалын нөөц  ашигласны төлбөр бусад төлбөр хураамж төлсөн болохоо дурджээ.  
Мөн тус компани Монгол Улсын Засгийн газрын КОВИД-19  цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжих үүднээс ашигт малтмалын нөөц  ашигласны зарим төлбөрийг хуулийн хугацаанаас өмнө шилжүүлсэн байна. 

2016-2018 оны хооронд “Оюу толгой”  ХХК  797 сая ам.долларыг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад төлбөр  хураамжид шилжүүлсэн. Мөн хугацаанд “Оюу толгой” ХХК нь 600 сая гаруй ам.долларын  алдагдалтай ажилласан гэж тус компани мэдээллээ. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2021/04

Экспорт хөл хоригдлоо

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine