Эдийн засаг

Нүүрсний экспорт 7.4 сая тонноор тасалджээ

Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр Монгол Улс өнгөрсөн оны гадаад худалдааны нийт эргэлт 12.9 сая ам.доллар хүрчээ. Энэ нь 2019 онтой харьцуулбал 6.4 хувиар буурсан дүн аж. Үүнээс 7.6 тэрбум ам.доллар нь экспорт бүрдүүлж байна. Нийт экспорт өмнөх оноос 0.6 хувиар буурсан байна. Нийт экспортын орлогын 93.3 хувийг уул уурхай, олборлох салбарын бүтээгдэхүүн бүрдүүлжээ. 

Экспортын орлогын дийлэнх хувийг бүрдүүлсэн голлох бүтээгдэхүүнийг онцолбол, 2020 онд 8,202 мянган тонн төмрийн хүдэр экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс гурван хувиар буюу 246 мянган тонноор буурсан дүн юм. Харин үнийн дүнгээр авч үзвэл төмрийн хүдрийн экспортын орлого өмнөх оны үеэс 11 орчим хувиар буюу 63.3 сая ам.доллараар өсөж 639.7 сая ам.доллар хүрсэн байна. 

Мөн 1395 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь 2019 онтой харьцуулбал 8.6 мянган тонноор буюу 0.6 хувиар буурсан дүн бөгөөд уг таваарын экспортын орлого 1.0 хувиар буюу 17.9 сая ам.доллараар буурч 1.78 тэрбум ам.доллар болсон байна. 

Түүнчлэн чулуун нүүрсний экспорт 28.6 сая тоннд хүрсэн нь өмнөх онтой харьцуулбал 7.9 сая тонноор буюу 21.6 хувиар буурсан дүн юм. Харин экспортын орлого нь үүнээс ч өндөр хувиар буурчээ. Чулуун нүүрсний экспорт үнийн дүнгээр өмнөх онтой харьцуулбал 31 хувиар буюу бараг нэг тэрбум ам.доллараар буурч 2.1 тэрбум ам.доллар хүрчээ. Монгол Улс 2020 онд 36 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байсан юм. 

Газрын тосны экспорт 2020 онд 4.1 тэрбум баррель болж өмнөх оноос 2.5 тэрбум баррелиар буурсан байна. Мөн дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлээс шалтгаалан газрын тосны орлогын бууралт 59 хувьд хүрч 150.8 сая ам.доллар болжээ. 

Өнгөрсөн онд Монгол Улс нийт 30.5 тонн алт экспортолсон нь 2019 оноос 21.4 тонноор буюу 3.4 дахин өссөн байна. Тоо хэмжээ болон үнийн өсөлтөөс улбаалан алтны экспортын орлого 2020 онд 4.3 дахин өсөж 1.8 тэрбум ам.долларт хүрчээ. Монгол Улс 2019 онд алтны экспортоос 418.4 сая ам.долларын орлого олж байсан аж. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine