Үйл явдал

Цианид натри алдсан “Баян-Айраг Эксплорэйшн”-ийн үйл ажиллагааг 2 сар зогсоолоо

Баяжуулах үйлдвэрт нь шугам задарснаас цианид натри алдсан “Баян-Айраг Эксплорэйшн” компанийн үйл ажиллагааг хоёр сарын хугацаатай зогсоолоо.

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт алтны үндсэн ордод олборлолт явуулдаг тус компанийн баяжуулах үйлдвэрт арванхоёрдугаар сарын 11-нд цианид натри агуулсан уусмал асгарчээ. Уг осолтой холбогдуулан УОК-ийн даргын тушаалаар Шуурхай бүлэг байгуулагдаж, газар дээр нь ажиллан, уусмал алдсан шалтгаан нөхцөлийг тогтоох, хүн ам, мал амьтан, байгаль орчинд учруулсан сөрөг нөлөөллийг бууруулах зэрэг арга хэмжээг авсан байна.

Мөн БОАЖЯ-ны холбогдох албаныхан өнөөдөр хуралдаж, “Баян-Айраг Эксплорэйшн” компанийн баяжуулах үйлдвэрт натрийн цианид ашиглахыг тодорхойгүй хугацаагаар цуцаллаа.  

Нутгийн иргэдээс тус компанийн үйл ажиллагаанаас үүдэн малын дотор эрхтэнд толбо, нөсөө үүссэн гэх гомдлыг гаргаад буй. Иймд нөлөөллийн бүсэд нутагладаг иргэдийн малаас дээж авч шинжлэх,  ан амьтан, шувуудын зүй бус хорогдол байгаа эсэхэд үнэлгээ хийхийг аймгийн холбогдох байгууллагуудад даалгалаа.

 Шалгалтын явцад “Баян-Айраг Эксплорэйшн” компанид хэд хэдэн зөрчил илэрсэн. Иймд Улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь хоёр сарын хугацаанд зогсоож, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах үүрэг өглөө. Энэ хугацаанд зөрчлийг засахгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээг авах аж.

Тус компани нь Монголын алтны топ олборлогч компаниудын нэг юм. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine