Компани

“Оюутолгой” анхаарлын төвд эргэн ирэв


“Оюу Толгой” компанийн хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс” компани ойрын хоёр өдөр “Оюутолгой” төсөлтэй холбоотой хоёр ч мэдэгдлийг танилцуулаад байна. 
Монгол Улсын Засгийн газраас “Оюу Толгой” ХХК-ийн 2016-2018 оны үйл ажиллагаанд аудит хийж, 228 сая орчим ам.долларын татварын акт тавьсныг өчигдөр “Туркойз Хилл Ресурс” компани мэдээллээ. Компанийн зүгээс  “Оюу Толгой” ХХК шаардлагатай бүх татвар, хураамж, төлбөрийг төлсөн гэсэн байр суурийг илэрхийлсэн. Мөн Монгол Улсын Засгийн газрын харьяа байгууллага болох Татварын ерөнхий газраас тавьсан акттай холбоотой асуудлыг “Оюу Толгой” компани судалж, Монгол Улсын хууль тогтоомжид заасан хугацааны дагуу хариу хүргүүлэхийг мэдэгдсэн байна. Түүнчлэн  2016-2018 оны үйл ажиллагаанд тавьсан 228 сая орчим ам.долларын татварын актын дийлэнх нь хэсэг нь 2013-2015 онд хамаарах 155 сая ам.долларын татварын актын үндэслэлтэй ижил байгааг онцолсон байна. Үүнээс өмнө 2015 онд 155 сая ам.доллар, 2013 онд 150 сая ам.долларын татварын актыг Татварын ерөнхий газраас “Оюу Толгой” компанид тавьж байсан билээ. Өнгөрсөн онд “Туркойз Хилл Ресурс” болон Засгийн газар татварын маргаанаа шийдвэрлүүлэхээр Лондоны Арбитрын шүүхэд хандсан бөгөөд Арбитрын үйл ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Үүнээс гадна энэ сарын 18-нд Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсэг “Рио Тинто” группийн шинэ гүйцэтгэх удирдлага Якоб Стаусхолм болон бусад төлөөлөлтэй цахим уулзалт хийсэн.  Уулзалтын үеэр “Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, төслийн үр ашиг буурсанд сэтгэл зовниж буйгаа Засгийн газрын Ажлын хэсгийн дарга Л.Оюун-Эрдэнэ илэрхийлсэн. Мөн төслөөс Монгол Улсад ногдох үр ашгийг эрс нэмэгдүүлэх, холбогдох гэрээнүүдийг засаж сайжруулах, шаардлагатай бол Дубайн гэрээ буюу “Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах зайлшгүй шаардлагатай байгааг тэрбээр мэдэгдсэн билээ. 

Татварын актаас гадна “Туркойз Хилл Ресурс” компани “Оюу толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх хувилбарыг энэ долоо хоногийн эхэнд танилцуулсан. “Рио Тинто” групп “Оюу толгой”-н гүний уурхайн төсөлд нийт 6.75 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоог гаргаад байсан юм. Мөн 2022 оны аравдугаар сард гүний уурхайн анхны олборлолтыг эхлүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн билээ. 

Тэгвэл Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз Хилл Ресурс” компани “Оюу толгой”-н гүний уурхайг санхүүжүүлэх нарийвчилсан тооцоо судалгаа хийжээ. Уг судалгаагаар “Оюу толгой”-н алтыг худалдах урт хугацаатай гэрээ байгуулж, алтны урьдчилсан худалдаа хийх болон дунд хугацаатай үнэт цаас гаргах нь санхүүжилт татах боломжит хувилбар гэж дүгнэсэн байна. 2015 онд “Оюутолгой” төслийн гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөний дагуу 4.4 тэрбум ам.долларыг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас босгоод байсан. Нэмж шаардлагатай болсон санхүүжилтийн талаар “Рио Тинто” группийн саналыг “Туркойз Хилл Ресурс” компаниас дэмжихгүй байгаагаа өнгөрсөн намар илэрхийлж байсан бөгөөд өөрсдийн хувилбарыг гаргаж байгаа нь энэ юм. 

Алт худалдах гэрээг “Оюу толгой”-н ил уурхай болох Оюут талбайгаас олборлож буй баяжмал дахь алтны хувь хэмжээнд тулгуурлан тооцохоор болсон бол үнэт цаасыг багаар бодоход 10 жилийн хугацаатай гаргах боломжтой аж. “Туркойз Хилл” энэхүү нарийвчилсан төлөвлөгөөгөө “Оюу Толгой” компанийн хувьцаа эзэмшигчид болох “Эрдэнэс Оюу Толгой” ХХК болон Рио Тинто группт хүргүүлэх аж. 

 

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/11-12

Уул уурхайн салбар эдийн засгийг “чирэв”

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine