Бодлого

Уул уурхайн компаниудын хандив ба Орон нутгийн гэрээ

Монголын иргэд, аж ахуйн нэгжийн ус, дулаан, цахилгааны нийт 650 тэрбум төгрөгийн төлбөрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ даахаар болсон. Мөн шахмал түлшний үнийг 75 хувиар хямдруулж, зөрүүг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцаж байна. Үүнд Монголын ард түмэн баяртай байгаагаа илэрхийлж байна. Баярлалаа, уул уурхай! 

Харин үүнээс өмнө уул уурхайн компаниудын хандив, тусламжийг бид үнэлж байсан уу гэдэг асуулт зайлшгүй гарна. Хангалттай хандив өгдөггүй байсан юм уу?. Эсвэл бүр хандив, дэмжлэг өгдгийг нь ч мэддэггүй байсан уу?

2010 оноос 2019 он хүртэлх сүүлийн 10 жилд уул уурхайн компаниуд Монгол Улсад нийт 10 их наяд гаруй төгрөгийн  татвар, хураамж төлжээ. Ойролцоогоор 5 тэрбум ам.доллар гэсэн үг. Үүнээс гадна сүүлийн есөн жилд хандив, тусламжаар 377 тэрбум төгрөгийг төрийн байгууллагууд болон орон нутагт өгсөн байна. Уул уурхайн компаниудын өгсөн энэ мөнгөөр ойролцоогоор 500 мегаваттын хүчин чадалтай 5 цахилгаан станц барих боломжтой юм. Ядаж нэгийг нь барьсан бол сүүлийн өдрүүдэд иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа эрчим хүчний хэрэглээний огцом өсөлтөөс улбаатай цахилгааны хязгаарлалт, тог тасрах нөхцөлд орохгүй байсан гэсэн үг.

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын 2018 оны тайланд дурдсанаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 99 компани нийт 24.1 тэрбум төгрөгийг хандив, дэмжлэг хэлбэрээр олгожээ. Энэ нь төрийн байгууллагууд болон 19 аймаг, 63 суманд олгосон нийт мөнгөн дүн юм. Мэдээж уул уурхайн олборлох үйлдвэрлэлтэй сумд компаниудаас хандив авсан байна.

Гэхдээ энд анхаарах ёстой нэг асуудал байгаа нийт хандивын 66 хувийг нь “Хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу шилжүүлсэн мөнгөн дүн эзэлж байна. Үлдсэн 34 хувь нь төрийн байгууллагууд, 0.001 хувь нь иргэн, ТББ-д өгсөн хандив байна. "Хамтын ажиллагааны гэрээ" гэж юу вэ?

Уул уурхайн компаниудаас төрийн байгууллагуудыг чиглэсэн 8.1 тэрбум төгрөгийн мөнгөн болон мөнгөн бус хандив, дэмжлэгийг зориулалтаар нь ангилж үзвэл боловсролын салбарт 1.7 тэрбум, баяр наадамд 1.6 тэрбум төгрөгийг хандивласан нь хамгийн өндөр дүн бол байгаль орчинд 36 сая, дэд бүтцэц 167 сая төгрөгийн хандив хамгийн багад тооцогдож байна. Харин 1.3 тэрбум төгрөгийн хандивын зориулалт тодорхойгүй байна. Нөгөө л баяр наадмын мөнгөө уул уурхайн компаниудаас "нэхэж" авсаар л байгаа юм байна, сумдын "ноёд" маань. Юутай ч наадмаа зохион байгуулахдаа авсан гээд учирласан нь яамай. Цаана нь зориулалт тодорхойгүй 1.3 тэрбум төгрөгийг юунд зарцуулагдсан бол гэдэг сонирхолтой.

 

Нийт хандивын ⅔ нь “Хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу олгогджээ. Уул уурхайн компаниуд орон нутгийн удирдлагатай “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулан хамтран ажиллах нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа юм. www.iltodgeree.mn цахим сайтад нээлттэй байршуулсан уул уурхайн компаниудын орон нутагтай байгуулсан хамтын ажиллагааны 167 гэрээ байна. 2018 онд 60 гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байжээ. Үүнээс 32 компанийн байгуулсан гэрээнд зарим тодорхой ажил, шилжүүлгийн үнийн дүнг тусгасан байна.

“Хамтын ажиллагааны гэрээ”-ний хүрээнд нийт 15.9 тэрбум төгрөгийн хандивыг аймаг, сумд компаниудаас авсан байна. Үүний 12 тэрбум төгрөг нь зөвхөн "Оюутолгой" компанийн “Говийн оюу” хөгжлийн сангийн хөрөнгө юм. Үлдсэн 3.9 тэрбум төгрөг нь гэрээний бус хандив байна. 

Түүнчлэн ОҮИТБС-ын 2018 оны тайланд дурдсанаар  орон нутгийн “Хамтын ажиллагааны гэрээ”-ний хүрээнд компаниудаас 15.9 тэрбум төгрөг шилжүүлсний 14.2 тэрбум буюу 90 хувь нь орон нутгийн эзэмшлийн сангуудад төвлөрсөн байгаа нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл аймаг, сум, баг хүртэл тусгай сан байгуулж, уул уурхайн компаниудаас хандив төвлөрүүлж байна гэсэн үг юм. Одоогоор “Говийн оюу” хөгжлийг дэмжих сангаас бусад орон нутгийн эзэмшлийн сангийн орлого зарлагыг нарийн тодорхой тайлагнасан мэдээлэл нийтэд ил тод болоогүй байна. 
Бидэнд ил байгаа өгөгдлөөс шүүснээр 2018 оны байдлаар орон нутгийн 8 сан үйл ажиллагаа явуулж байгаагаас дөрөв нь аймгийн хэмжээнд, гурав нь сумын хэмжээнд, нэг нь багийн хэмжээнд ажиллаж байна. 

Эндээс орон нутагт яагаад хөгжлийн сангууд байгуулагдах болов, тэдэнд энэ мөнгө ямар хэрэгтэй вэ гэсэн асуулт урган гарна. 2018 онд нийт 63 сум уул уурхайн 99 компаниас их бага хэмжээгээр хандив авсан байна. Өмнөговь аймгийн Даланзадгад сум хамгийн их хандив буюу 883 сая төгрөгийн хандив авчээ. Гэтэл топ 5-д багтсан Баянхонгор аймгийн Баян-Овоо сум 187.7 сая төгрөгийн хандив авсан байна. Өөрөөр хэлбэл, үлдсэн 270 гаруй суманд үүнээс бага, эсвэл бүр хандив ногдохгүй байна.

Уул уурхайн компаниудын хандивын хэмжээ нь тухайн сумынхаа төсөвт багагүй нэмэртэй ч тэдний улсын хэмжээнд төлсөн нийт мөнгөн дүнтэй харьцуулахад өчүүхэн бага юм. Уул уурхайн компаниуд нь Монгол Улсад ойролцоогоор 3 их наяд орчим төгрөгийн татвар хураамж, хандив дэмжлэг, ногдол ашиг хэлбэрээр 2018 онд оруулсан боловч үүний 93 хувь нь шууд улсын төсвийг чиглэжээ. Харин үлдсэн долоон хувь нь орон нутагт ногдож байна. Орон нутагт төвлөрч буй нийт татварын орлого, хандив дэмжлэг, ногдол ашиг нь 200 гаруйхан тэрбум төгрөг байгаа нь уул уурхайн олборлолтос болж орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд дэндүү чамлалттай байгаа юм. Түүнчлэн уул уурхайн компаниудын олгосон нийт хандив нь уул уурхайн салбарын Монгол Улсад оруулсан нийт орлогын 0.8 хувьтай тэнцэж байна. 

Аймаг, орон нутгийн сан байгуулах нь уул уурхайн салбараас орон нутагтаа орж ирж буй мөнгийг нэмэгдүүлэх боломж гэж харж байгаа бололтой. Өмнөговь аймагт анх хэрэгжүүлж, амжилттай яваа туршлага ч бий. Гэвч сангуудын хөрөнгийн зарцуулалт олон нийтийн хараа, хяналтын гадна байснаараа авлига, албан тушаалын гэмт хэргийн эрсдэлийг дагуулдаг. Нөгөө талдаа уул уурхайн компаниуд багийн сангаас эхлээд улсын санд хүртэл хандив, татвар өгөх нь тэдний бухимдлыг төрүүлж байгааг орхигдуулж болохгүй юм. Иймд уул уурхайн орлогын менежментийг улсын хэмжээнд олон нийтэд хүртээмжтэй, ил тод байдлаар дахин зохион байгуулснаар эрсдэлээс зайлсхийж болох юм.  

 ОҮИТБС-ыг Монголд 13 жил амжилттай хэрэгжүүлсэн, мөн уул уурхайн салбарын гэрээнүүдийг ил тод, нээлттэй болгох “Ил тод гэрээ” санаачилга амжилттай хэрэгжиж буйн үр дүнд Монголын уул уурхайн салбар урьд өмнө байгаагүй их мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоод байгаа. Энэхүү мэдээллийг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тайлангууд болон iltodgeree.mn цахим платформоос бэлтгэлээ.

 

 

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine