Бодлого - Татвар

Ашгийн төлөө улайрсан алтныхны роялтийг нэмэв

Алтны роялтийг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан юу байв?


  • Алт олборлолтыг нэмэгдүүлж, ГВАН-ийг хангах шаардлагатай болсон
  • Компаниуд санхүүгийн чадамжаа нэмэгдүүлэхэд чухал болсон

УИХ-ын ээлжит бус чуулганаар алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг /АМНАТ/ таван хувь болгон нэмэгдүүлэх хуулийг баталлаа. 2014 оноос хэрэгжиж эхэлсэн Монголбанканд тушаасан алтны АМНАТ-ийг 2.5 хувь болгож, өсөн нэмэгдэх АМНАТ-ийг тэглэсэн хуулийн хугацаа оны эхээр дууссан. Засгийн газар уг хуулийг дахин таван жилээр сунгах хуулийн төсөл өргөн барьсан ч УИХ татварын хэмжээг нэмэгдүүлэн таван хувь болгов. Asia Mining Magazine өмнө нь алтны АМНАТ-ийг таван хувь болгон нэмэгдүүлэх магадлал өндөр талаар мэдээлж байсан билээ.

Алтны роялтийг 2.5 хувиар хэвээр үргэлжлүүлээгүй, таван хувь болгож өсгөхөд ямар хүчин зүйлс нөлөөлөв гэдэг нь чухал юм. Үүнд хариулахын тулд 2013 онд роялтийг 2.5 хувь болгон бууруулах, өсөн нэмэгдэх роялтийг тэглэх үндсэн шалтгаан юу байв, тухайн үед тавьж байсан зорилтдоо хүрсэн эсэхийг дүгнэх шаардлагатай юм.

Таван жилийн өмнө Алт үйлдвэрлэгчдийн холбоо болон Монголбанк үндсэн хоёр шалтгаанаар алтны салбарыг дэмжих, роялтийг бууруулах зайлшгүй шаардлагатайг уламжилж, улмаар, УИХ дээрх хуулийг баталсан байдаг. Гадаад валютын албан нөөцийн бууралтыг саармагжуулахад дотоодын алтны олборлолтыг нэмэгдүүлж, Монголбанк төгрөгөөр худалдаж авах нь нэн чухал байв. Нөгөө талаас алтны компаниуд санхүүгийн чадамжаа нэмэгдүүлэх, шинээр нөөц нээн илрүүлж, олборлолтод бэлтгэхийн тулд татварын дэмжлэг үзүүлэхийг хүсэж байсан. Тэгвэл дээрх хүчин зүйлс өнгөрсөн таван жилд хэрхэн биелснийг дараах графикуудаас маш тодорхой харж болно.

3 тэрбум ам.долларын ГВАН бүрдүүлэв


  • Төв банк 88 тонн алт авч, Чингис бондоос 2 дахин их валютаар ГВАН нэмэгдэв

Алтны роялтийг 2.5 хувь болгон бууруулсны хамгийн сайн үр дүн нь гадаад валютын албан нөөцөд үзүүлсэн нөлөө юм. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Монголбанк 88 тонн алт худалдан авсан байна. Энэ нь татварын хэмжээ буурахаас өмнөх 11 жилийн нийлбэр дүнгээс их байгаагаас гадна өмнөх таван жилийн нийлбэрээс 4.2 дахин их хэмжээ. Ойролцоогоор гурван тэрбум гаруй ам.доллар гэсэн үг. Өөрөөр хэлбэл Монголбанк валютын нөөцдөө Чингис бондын мөнгөнөөс хоёр дахин их валютыг алтаар оруулжээ.

2014-2016 он бол Монгол Улсын валютын нөөц огцом буурч, төгрөгийн ханш бараг 40 хувиар суларсан хүндхэн жилүүд байсан. Нүүрсний ханш огцом унаж, хямрал руу унаж байсан эдийн засгийг Төв банк төгрөг нийлүүлэх замаар уналтыг зөөлрүүлэх бодлого баримталсан байдаг. Тухайн үеийн Төв банкны удирдлагуудын хэрэгжүүлсэн бодлогыг өнөөгийн Төв банкны удирлагууд эрс шүүмжилдэг. Чингис бондын мөнгийг оруулаад бараг 4.1 тэрбум ам.доллар байсан ГВАН 2016 оны сонгуулийн дараа хасах утгатай болсон хэмээн өнөөгийн Төв банкны удирдлага мэдэгдэж байв. Зах зээлд маш их хэмжээний төгрөг нийлүүлсэн нь хамгийн том алдаа байсан хэмээн үзэх эдийн засагч олон.

Хэрэв алтны салбарт татварын тодорхой бодлого хэрэгжүүлж, алт олборлолтыг нэмэгдүүлээгүй байсан бол төгрөгийн ханш илүү өндөр хувиар сулрах байсан нь гарцаагүй. Зэс, нүүрсний үнэ өндөр байсан сүүлийн хоёр жилд алтны салбар Төв банкны валютын нөөцийг бараг 800 сая ам.доллараар зузааруулж чадсан байна. Ингээд үзэхээр алтны роялтийг 2.5 хувь болгож бууруулсан нь Монголбанкны бодлого буюу валютын нөөц бүрдүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэснийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм.

Шинээр тогтоосон алтны нөөц хоёр дахин буурав


  • Алтны компаниудад $170 орчим саяын татварын хөнгөлөлт үзүүлсэн
  • Татвар буурсан 5 жилд шинээр батлагдсан алтны нөөц буурав

Алтны роялтийг бууруулснаар гарах дараагийн сайн үр дүн нь алтны компаниуд, тэр дундаа үндэсний жижиг компаниудад санхүүгийн том дэмжлэг болно хэмээн Уул уурхайн яам, Алт үйлдвэрлэгчдийн холбоо үзэж байсан. “Ихэнх нь аж ахуйн анхан шатны капиталаа бий болгох гэсэн зорилгын төлөө явж байгаа. Энэ хугацаанд алтны компаниуд боломж бололцоогоороо хуримтлалаа нэмэгдүүлж, хэмнэсэн мөнгөөрөө хайгуул хийн, алтны нөөцөө нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг улам өсгөх зорилго бий” хэмээн Алт үйлдвэрлэгчдийн холбооны УЗ-ийн дарга Т.Ганболд татвар бууруулсны дараа ярьж байжээ.

Алтны зах зээлийн үнэ өнгөрсөн таван жилд 1100-1300 ам.долларын хооронд хэлбэлзсэн. Хэрэв татварын хөнгөлөлт үзүүлээгүй байсан бол компаниуд таван хувийн суурь роялти дээр нэмэх нь үнийн өсөлтөөс хамаарсан 2-4 хувийн нэмэлт роялти буюу нийт 7-9 хувийн роялти төлөхөөр байв. Нийт 88 тонн алт Монголбанканд тушааснаар тооцож үзвэл ойролцоогоор 240 орчим сая ам.долларыг зөвхөн роялтид төлөх байсан гэсэн үг. Харин роялтийг 2.5 хувь болгон бууруулснаар ойролцоогоор 75 орчим сая ам.долларын роялти төлсөн байх нь. /Ерөнхий тооцоог AMM хийв/.

Алтны роялти 2.5% болсон таван жилд нийт 203.6 тонн алтны нөөц шинээр тогтоогдсоноос 179.1 тонн нь үндсэн ордынх, 24.5 тонн нь шороон ордынх байна

Эндээс харахад алтны компаниудад Засгийн газар 170 орчим сая ам.долларын татварын хөнгөлөлт үзүүлсэн гэсэн үг. Ийм хэмжээний мөнгөн урсгалаар компаниудын санхүүгийн байдлыг дэмжсэн ч гэж хэлж болно. Харин компаниуд Засгийн газраас авсан уг санхүүгийн дэмжлэгээ үйл ажиллагаандаа бүрэн зориулж чадсан уу гэдэгт хариулахад бэрх юм. Алтны компаниудын өр зээл, капитал хөрөнгө хэрхэн нэмэгдсэн талаарх тодорхой мэдээлэл байдаггүй. Харин хамгийн боломжтой мэдээлэл бол компаниуд хайгуулдаа хөрөнгө зарцуулж, илүү их нөөц шинээр тогтоосон эсэх юм.

Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллээр алтны роялти буурсан таван жилд нийт 203.6 тонн алтны нөөц шинээр Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэгдсэн байна. Дотор нь ангилж харвал 24.5 тонн нь шороон ордынх, 179.1 тонн нь үндсэн ордын нөөц гэжээ. Энэхүү үзүүлэлт нь роялти өндөр хэвээр байсан жилүүдээс бага байгаа юм. 2009-2013 онд 462.6 тонн алтны нөөц шинээр бүртгэгдсэн бөгөөд үүний 29.6 тонн нь шороон ордын нөөц байна. 433 тонн үндсэн ордын нөөц дунд Оюутолгой ордын нэмэлт нөөц голлох жинг дарж байгаа юм.

Монголын алтны компаниудын түгээмэл олборлолт явуулдаг шороон ордын шинээр тогтоогдсон нөөцийн хувьд татвар буурсан таван жилийн нөөц татвар буурахаас өмнөх таван жилийнхээс бага байгааг статистик харуулж байна. Татвар буурахаас өмнөх таван жилийг харвал жилд дунджаар 5.9 тонн шороон ордын нөөц шинээр бүртгэгдэж байсан бол татвар буурсны дараах жилүүдэд жилд дунджаар 4.9 тонн нөөц шинээр нээн илрүүлж байжээ.

Энэ үзүүлэлт нь олборлогч компаниудын хайгуулын ажил хэр үр дүнтэй байгааг харуулж байгаа юм. Мэдээж Монгол Улсад алтны шороон орд буюу газрын гадаргатай ойр нөөцийн дийлэнхийг илрүүлж, ашиглаад дууссан гэсэн тайлбарыг геологичид өгдөг.

Алт олборлолт мэргэжлийн биш мөнгөнийх болж хувирав


  • Мэргэжлийн бус жижиг компаниуд асуудал ихээр үүсгэв
  • Томоохон үндсэн ордуудаас татвараа авах боломжтой

Алтны роялтийг бууруулсан нь идэвхтэй ажилладаг мэргэжлийн компаниудад боломж олгосон ч нөгөө талаар зөвхөн ашгийн хойноос хөөцөлдсөн сонирхогчдын армийг бий болгох нь тэр. Татвар буурснаар олборлох компаниудын тоо гурав дахин өссөн хэмээн Алт үйлдвэрлэгчдийн холбооны УЗ-ийн дарга Т.Ганболд хэлж байв. Энэ нь алтны салбарт мэргэжлийн хөрөнгө оруулагчид, мэргэжлийн компаниуд шинээр ажиллаж эхэлсэн гэсэн үг бас хараахан биш юм. Барилга, аялал жуулчлал гээд эдийн засгийн бусад салбарын өсөлт зогссон үед алтны салбарын татварын таатай орчныг ашиглах гэсэн жижиг компаниудын сонирхлыг өдөөж өгсөн хэрэг. Үүнээс гадна алт олборлогчдын татварын ачаалал буурч, зардал багатай болсноор агуулга сул, нөөц багатай жижиг ордуудыг ашиглах явдал түгээмэл болсныг салбарынхан онцолдог.

ОҮИТБС-ын 2017 оны тайланд нийт 5.2 тонн алт олборлосон 45 компани олборлолт, борлуулалтын мэдээллээ ирүүлснээс харахад 100 кг-аас дээш алт олборлож, 10 тэрбум төгрөгөөс дээш борлуулалт хийсэн ердөө 12 компани байгаа юм. Нийт 500 гаруй алтны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниудаас цөөн хэдэн компани л 100 кг-аас дээш алт олборлож байна гэдэг нь ихэнх компани маш бага хэмжээний алт олборлодгийг харуулж байгаа юм.

Алтны салбарт өөр салбарын компаниуд мөнгөн урсгалын тогтвортой байдлаа хангахын тулд ихээр орж ирсэн нь байгаль орчин, аюулгүй байдлаас эхлээд олон асуудал босох шалтгаан болсон гэхэд болно. Нэг хэсэг Орхон голын бохирдлын талаар ихээхэн шуугиад өнгөрсөн. Шалтгаан нь мэргэжлийн бус компаниудын хариуцлагагүй олборлолтоос үүдэлтэй нь тодорхой болсон. Хамгийн сүүлд гэхэд Заамарт гарсан ослыг хэлж болох юм. Уулын ашиглалтын инженерүүдийн хэлж буйгаар олборлолтын технологийн горим зөрчиж, хөрс хуулалтыг бага байлгаж, зардлаа хасах гэсэн оролдлого дөрвөн ч хүний амийг авч одлоо.

Энэ мэтчилэн хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны асуудлыг үл хайхран зөвхөн ашгийн төлөө явсан хэсэг бүлэг компани, иргэдийн үйл ажиллагаа алтны салбарыг бүхэлд нь муухай харагдуулах болсон. Тэд алт олборлож, эвдэж сүйтгэсэн талбайгаа нөхөн сэргээхийн оронд Энэтхэгт очиж, Далай ламд мөргөж, лус савдаг аргадуулж яваа нь гашуун ч гэлээ үнэн.

Хэдий мэргэжлийн, олон жилийн түүхтэй, томоохон компаниуд нь нөхөн сэргээлтээ зохих ёсоор хийх нь нэмэгдэж байгаа ч салбарын нэр хүндийг өсгөхөд тийм ч хангалттай биш байна.

УИХ алтны роялтийг таван хувь болгон нэмэгдүүлэхээр болсон нь дээрх шалтгаануудтай зайлшгүй холбоотой юм. Алтны роялтийг бууруулснаар гарсан ашиг болоод асуудлыг жигнэж үзээд гаргасан шийдвэр гэдэгтэй маргах аргагүй. Нөгөө талаасаа ирэх жилүүдэд алтны ихээхэн нөөцтэй хэд хэдэн үндсэн орд ашиглалтад орохоор хүлээгдэж байгаа үед роялтийг бууруулах нь их хэмжээний гадаад өр төлөх улсын хувьд тийм ч зөв шийдэл биш байсан биз ээ. Түүнчлэн үнийн өсөлтөөс хамаарсан нэмэлт роялти байхгүйгээр зөвхөн таван хувийн роялти авах нь өнгөрсөн хугацаанд гарсан гажуудлыг засахад нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Нөгөө талаас алт олборлогч мэргэжлийн компаниуддаа ч сонирхогчдоосоо ялгарах боломж болж мэдэх юм. Тиймээс таван хувийн роялтийг талууд тэр бүр шүүмжлэлгүй хүлээн авч байна.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine