Бодлого - Стратегийн орд

Дубайн гэрээг цуцлах үндэслэл юу вэ?

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх, “Дубайн гэрээ”-г цуцлах нь зүйтэй хэмээн УИХ-ын Ажлын хэсэг дүгнэлтээ гуравдугаар сард гаргав. Оюутолгойн гэрээнүүдэд засаж, сайжруулах зүйл цөөнгүй бий ч “Дубайн гэрээ”-г цуцлахгүй хэмээн шийдэмгий мэдэгдсэн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарыг эс тооцвол Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ямар нэг байр суурь илэрхийлсэнгүй, чимээ аниргүй байна.

“Дубайн гэрээ”-г цуцлах нь зүйтэй гэж үзсэн УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ хэлэлцэх эсэх нь тодорхойгүй, хэлэлцлээ гэхэд тийм ч хурдан шийдэхгүй болов уу. Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва дүгнэлтээ ҮАБЗ-ийн гишүүдэд хүргүүлсэн, ҮАБЗ-өөс ямар нэг чиглэл өгч байж хэрхэхээ шийдэх нь зөв байх хэмээн мэдэгдсэн. Товхондоо бол Ажлын хэсэг бөмбөгийг өөрөөсөө холдуулж, ҮАБЗ руу “шидчихсэн” гэсэн үг. ҮАБЗ-өөс чиглэл ирэхгүй бол УИХ дур мэдэн хэлэлцэхээс аль болох зайлсхийх нь магадлал өндөр. Харин ҮАБЗ ямар чиг өгөх бол гэдэг том асуултын тэмдэг юм.

Ажлын хэсгийн дүгнэлтэд юу туссан бэ?

“Д.Тэрбишдагвын репорт” гэгдэн хагас жил орчим амнаас ам дамжин яригдсан Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлтийг уншиж танилцсан хүн харьцангуй цөөн. Ажлын хэсэг УИХ-ын 12 гишүүн, төр, засгийн холбогдох байгууллагын ажилтнууд, улс төрийн намууд, 10 гаруй төрийн бус байгууллага, эвсэл хөдөлгөөн болон салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид багтан ажилласан бөгөөд зөвхөн Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд бус Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (Дубайн гэрээ) зэрэг үндсэн баримт бичгүүдийг бүхэлд нь хамруулж хяналт шалгалт хийсэн байдаг.

Дүгнэлтийг ҮАБЗ-ийн гишүүдэд хүргүүлсэн болохоор тодорхой шийдвэр гартал ил болохгүй хэмээн Ажлын хэсгийн гишүүд учирлаж байна. Уг дүгнэлтэд чухам юу бичигдсэн болоод Дубайн гэрээг цуцлах дээрээ тулав гэдэг олны анхаарлыг татаж байна. Дубайн гэрээг цуцлах ямар үндэслэл байгаа талаар тодорхой мэдээллэлтэй байхын тулд уг гэрээг ямар зорилгоор, ямар асуудлуудыг шийдвэрлэх гэж байгуулсныг нь дурдах нь зүйтэй юм. Хэдий Ажлын хэсгийн дүгнэлт нууц байгаа ч өмнөх жилүүдийн шалгалтын дүн, тэдгээрийг шийдвэрлэсэн байдлаас нь уг дүгнэлтэд юу багтсан бэ гэдгийг бага ч болов тандаж болно.

Албаны зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Ажлын хэсгийн дүгнэлт нь 250 орчим хуудас бөгөөд тэр хэрээр маш өргөн хүрээг хамарсан мэдээлэл, санал дүгнэлт багтжээ. Хот байгуулалтаас эхлээд усны асуудал, ажилчдын цалин хөлсний ялгаатай байдал, татварын маргаан, хил гаалийн хяналт, санхүүжилтийн хүү гээд багтаагүй зүйл байхгүй дээ гэж “ёжлох” нэгэн ч байна. Угаас УИХ, Засгийн газрын бараг бүх харьяа агентлагууд, чиг үүргийн яамдын төлөөллийг оролцуулсан таван дэд Ажлын хэсэг ажилласан болохоор бүгд л өөрсдийн үнэлэлт дүгнэлтээ өгцгөөсөн аж. Гэхдээ уг дүгнэлтийн гол хэсэг болох Хөрөнгө оруулалтын гэрээний санхүү, хөрөнгө оруулалтын биелэлт, Дубайн гэрээний нөхцөл байдлын талаарх дүгнэлтийг Сангийн яамнаас өгсөн сурагтай.

Дүгнэлтийн хамгийн гол хэсэг нь Дубайн гэрээтэй холбоотой юм. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний нэг хэсэг буюу Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй гэжээ. Ингэснээр уг Төлөвлөгөөг УИХ-аар хэлэлцэх учиртай байсныг Засгийн газар хууль зөрчин байгуулсан гэж үзэх үндэслэлтэй хэмээн уг гэрээг эсэргүүцэж байсан улс төрчид үздэг.

Дубайн гэрээний хуудуутай заалтууд

Дубайн гэрээний хэд хэдэн заалт нь УИХ-ын гишүүдэд “таалагдахгүй” байгаа. Энэ талаар хойно тодорхой дурдах болно. Түүнээс өмнө Дубайн гэрээг яагаад байгуулах ёстой болсон бэ гэдэг асуултад хариулж, өнгөрсөн нөхцөл байдлыг эргэн санах нь зөв юм.

2013 оны гуравдугаар сард Монгол Улсын Шадар сайд, Уул уурхайн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалтыг шалгах Ажлын хэсгийг байгуулсан байдаг. “Рио Тинто”-гоос далд уурхайн санхүүжилтийг яаралтай шийдвэрлэх талаар байнга асуудал тавьж байсан бөгөөд харин Засгийн газар анхны хөрөнгө оруулалтын үр дүнг шалгасны дараа болъё гэсэн байр суурьтай байсан юм. Уг Ажлын хэсгийн дүгнэлт нь Оюу толгой төслийн анхны хөрөнгө оруулалт 2010 онд батлагдсан ТЭЗҮ-д тусгагдсанаасаа 1.4 тэрбум ам.доллараар хэтэрсэн хэмээн гарч, улмаар “Рио Тинто”-г Хөрөнгө оруулалтын гэрээгээ зөрчсөн гэж үзэх үндэслэл болсон юм.

Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд ХОГ-нд тусгагдаагүй зарим зүйл орсон байдаг

Уг шалгалтаас хамааран Засгийн газар, “Рио Тинто”-гийн хооронд маргаан дэгдэж, улмаар Далд уурхайн бүтээн байгуулалтыг 2013 оны наймдугаар сард зогсоож байв. Зардлын хэтрэлт нь хувь нийлүүлэгчдийн хувьд, ялангуяа Монголын талын хувьд ногдол ашиг хүртэх хугацаа хойшлох, зардлын санхүүжилтийн өртөг нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавартай байсан тул уг асуудлыг шийдвэрлэхээс өөр сонголтгүй байсан нь ойлгомжтой юм. Үүнээс гадна “Рио Тинто”-г ХОГ-гээ зөрчсөн гэж буруушааж, зарим талаар гэрээнд ашигтай өөрчлөлт оруулах хэлэлцээр хийх ганц боломж нь зардлын хэтрэлт байв. Дубайн гэрээ бол энэхүү маргааныг эцэслэж шийдвэрлэх, далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх зорилгоор байгуулагдсан баримт бичиг юм.

2012 онд зардлын хэтрэлт 1.4 тэрбум ам.доллараар өсөж, 6.1 тэрбум ам.доллар болсон хэмээн Монголын талаас асуудал тавьсан байдаг. Тухайн үедээ зардлын хэтрэлт яагаад гарсан бэ гэдэг талаар тодорхой мэдээллүүд гараагүй. Хожим Ажлын хэсгийн дүгнэлтийн зарим танилцуулгатай танилцаж байхад хоёр зүйл маш тодорхой болж байв. Юуны түрүүнд 2010 оны ТЭЗҮ бол их ерөнхий ТЭЗҮ байсан. Р.Фрийдландын үед “Айвенхоу Майнз”-ын хийсэн ТЭЗҮ юм. “Рио Тинто” “Айвенхоу Майнз”-ын дөнгөж 10 гаруй хувийг эзэмшиж байсан, бүхэлд нь худалдаж аваагүй үед Фрийдланд Оюутолгойг зардал багатай, ашиг өндөртэй хэмээн дэлхийд сурталчлах гайхамшигтай үндэслэл нь уг ТЭЗҮ-ийн тоонууд байв. “Рио Тинто” 50 хувийг эзэмшсэнээр ТЭЗҮ-г шинэчилсэн байдаг.

Хоёрдугаарт, Оюутолгойн бүтээн байгуулалт маш богино хугацаанд боссон. 2010 оны гуравдугаар сард гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш гурван жил ч хүрэхгүй хугацаанд ил уурхайн олборлолт эхэлж, баяжуулах үйлдвэр ашиглалтад орж байв. Энэ нь нэг талаас манай Засгийн газар хурдан ажиллахыг шамдуулж байсантай ч холбоотой юм. Богино хугацаанд төслийг эхлүүлэхийн тулд маш их мөнгө зарсан байдаг. Анхны хөрөнгө оруулалт 1.4 тэрбум ам.доллараар хэтэрсний тал хувь нь нэгж үнэ, хэмжээний өөрчлөлтөөс хамаарсан гэдгийг шалгалтаар тогтоосон. Энэ нь цаг хожиж, ажлыг түргэвчлэхтэй шууд холбоотой юм.

Мөн НӨАТ-ын зардал 243 сая ам.доллар байсан нь зардлын хэтрэлтийн 17 хувийг эзэлж байв. 2010 оны ТЭЗҮ-д уг НӨАТ-ыг “Оюу толгой” ХХК-д буцаан олгох хуулийн зохицуулалттай байсан. Гэхдээ тэр хуулийн заалтыг өөрчилснөөр “Оюу толгой” ХХК-ийн төлсөн НӨАТ-ыг буцаан олгохгүй, шууд Засгийн газрын орлого болгосон юм.

Энэ мэтчилэн анхны хөрөнгө оруулалтын зардлын өсөлт нь хүлээн зөвшөөрөхүйц учир шалтгаантай байна гэж үзсэн болохоор “Рио Тинто”-той тохиролцож, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг байгуулсан байдаг. Дубайн гэрээг байгуулах үндсэн шалтгаан нь гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх замаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх, зээлийн хүүг бууруулах гэх мэт хэд хэдэн ач холбогдолтой байсан.

Анхны ТЭЗҮ-д туссанаар Монголын Засгийн газрын хүртэх нийт өгөөж нь 53 хувьтай гэж байв. Энэ нь гэрээнд бичигдээгүй байсныг Дубайн гэрээнд оруулж өгсөн байдаг

Гэхдээ Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд ХОГ-нд тусгагдаагүй зарим зүйл орсон байдаг. Үүнийг ХОГ-ний тодорхойгүй зүйлсийг тодорхой болгосон хэмээн тайлбарладаг. Жишээ нь Оюутолгой төслөөс хувь нийлүүлэгчдийн хүртэх өгөөжийн харьцаа. Анхны ТЭЗҮ-д туссанаар бол өгөөжийн харьцаа 53:47 хувь буюу Монголын Засгийн газрын хүртэх нийт өгөөж нь 53 хувьтай байна гэж байв. Энэ нь гэрээнд ямар нэг байдлаар бичигдээгүй байсныг Дубайн гэрээнд зааж өгсөн байдаг. Хэрэв ТЭЗҮ-ээр явахгүй бол уг өгөөжийн харьцаа ч өөрчлөгдөж магадгүй юм. Тиймээс Дубайн гэрээнд уг өгөөжийг маш тодорхой зааж өгсөн. Хэрэв энэ харьцаа хожим нэг өдөр алдагдвал Монголын тал маргаан үүсгэх эрхтэй болсон гэсэн үг.

Үүнээс гадна Дубайн гэрээнд хоёр ч ноцтой заалт байдаг нь 4.4 болон 5.6 дахь заалт юм. Төлөвлөгөөний 4.4-т “Монгол Улсын Сангийн яам нь энэхүү Төлөвлөгөөг байгуулснаараа ажлын тав хоногийн дотор “Оюу толгой” ХХК-ийн мэдүүлсэн 2010-2014 оны санхүүгийн тайлангуудыг хүлээж авч баталгаажуулна” хэмээсэн байдаг. Энэхүү заалт нь цаашид Монголын тал ямар нэг асуудал босгох гарцыг бүрэн хаасан хэмээн шүүмжилдэг.

Харин төлөвлөгөөний 5.6-д “Зээлдүүлэгчдийн зүгээс тавих шаардлагуудыг хангахад хэрэгцээтэй бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж дэмжиж ажиллана. Үүнд барьцаалах эрхийг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд бүрэн баталгаажуулах ажил багтана. Зээлийн санхүүжилт авахад шаардагдах энэхүү барьцаанд “Оюу толгой” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд, эрхүүд, үл хөдлөх хөрөнгө хамаарна” гэсэн заалт байдаг. Энэхүү заалт стратегийн ордын, тэр дундаа Засгийн газрын хувь эзэмшдэг ордын тусгай зөвшөөрлийг барьцаанд тавьж, зээл босгох эрхийг УИХ-аас асуулгүй шууд шийдвэрлэсэн хэмээн буруутгадаг. Дээрх хоёр заалт нь Дубайн гэрээг хууль зөрчин байгуулсан гэсэн шүүмжлэлийн бай болгосон юм. Харин үүнийг бизнесийн зарчмаар нь харвал ямар ч төсөл банкнаас зээл авах болбол барьцаа тавих зайлшгүй шаардлагатай болдог. Дэлхийн хаана ч барьцаагүйгээр зээл авдаг зүйл байхгүй. Хэдий “Оюу толгой” ХХК өөрийн лицензүүдээ барьцаалж байгаа ч “Рио Тинто” батлан даалт гаргаж байгаа болохоор 15 банк бага хүүтэй зээл олгосон байдаг.

Дубайн гэрээг цуцлах үндэслэл нь Ч.Сайханбилэг

Дубайн гэрээг цуцлах боломж байгаа юу? Цуцлах бол ямар сөрөг үр дагавар гарах вэ гэдэгт албаны ямар ч эх сурвалж тодорхой тайлбар өгөхгүй байгаа юм. Үүнтэй адил ХОГ-ний ямар заалтыг засаж, сайжруулах ёстой вэ гэдэгт ч бодитой тайлбар алга. Өнгөрсөн хугацаанд Гэрээг байнга шүүмжилж ирсэн ч яг тодорхой тооцоо үндэслэлтэй ярьсан хүн даанч гараагүй. Ялангуяа манай улс төрчдөөс. Цаашид ч гарахгүй нь лавтай биз. Энэ УИХ гэрээг өөрчлөөгүй бол дараагийн УИХ дахиад л өөрчилнө гэж ярина. Өөрчлөгдөхгүй л бол Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ улс төрчдийн мөнхийн сэдэв болох нь ойлгомжтой юм.

Нөгөө талд “Рио Тинто” хэр хүлээцтэй хандах бол гэдэг чухал. Өнөөдөртөө “Рио Тинто”-д асуудал харьцангуй бага байна. Нүүрсний салбараас гарчихсан. Гол бизнес төмрийн хүдэр нь маш сайн байгаа. Хөнгөн цагаанаас эхлээд батарейн түүхий эд ч хангалттай бий. Олон жилийн турш Индонезийн Засгийн газартай учраа ололцож чадаагүй болохоор Грасбергийн хувьцаагаа зараад гарчихсан. Оюутолгойг зараад гарахад асуудалгүй байгаа л гэсэн үг. Оюутолгойг зарсан мөнгөөрөө өөр нэг газар ОТ-гоос дутахгүй төсөл худалдаад авчихаж ч болно.

2009 оны аравдугаар сарын 6-н

2009 оны аравдугаар сарын 6-н

2015 оны тавдугаар сарын 18-н

Тэд байж болох хамгийн боломжтой хэмжээнд гэрээгээ байгуулчихсан, хөрөнгө мөнгөө оруулчихсан. Гэрээг цуцаллаа гээд ганц тэд хохирохгүй, төслийн санхүүжилтэд оролцсон 15 банк, тэдний ард байгаа 10 орчим улсын эрх ашиг босож ирнэ. Нэг ёсондоо тэд эрсдэлээ хуваачихсан болохоор айж бэмбэгнэх шалтгаан байхгүй. Гэрээгээ цуцалж болно, Оюу толгойг зогсоогоод Арбитрт уулзъя гэж таарна.

2013 онд бол нөхцөл байдал арай өөр байсан. Гэхдээ л тухайн үед тэд гүний уурхайн бүтээн байгуулалтыг зогсоож, Засгийн газрыг “дарамталж” байсан удаатай. Санаж байгаа бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг захиа бичиж, нэлээд юм болж байж дахин хэлэлцээрийн ширээний ард сууж байсан билээ. Тухайн үед “Рио Тинто”-д нэг сул тал байсан нь Оюу толгой төсөлд хоёр тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг “Туркойз Хилл”-ээр дамжуулан хувь нийлүүлэгчдийн зээл хэлбэрээр оруулчихаад байсан юм. Товчхондоо бол өөр дээрээ эрсдэлээ үүрч, санхүүжилтийг гаргасан гэсэн үг. Монголын Засгийн газар удаа дараа “новширч” байсан болохоор тэд эрсдэлээ “Оюу толгой” ХХК дээр үүрүүлж, зээл босгосон байдаг.

Монголын УИХ, Засгийн газар Дубайн гэрээг цуцлахын тулд маш том шалтгаан хэрэгтэй. Хууль зөрчиж байгуулсан болохоор цуцаллаа гэвэл хууль зөрчиж байгуулсан албан тушаалтнуудыг буруутган, яллах шаардлагатай болно. Дотоодын буруутнаа олж, яллаагүй бол гадаадын хөрөнгө оруулагчийг буруутгах нь популизмын хийрхэл болж хувирна.

Нөгөө талд Монголын эдийн засаг Дубайн гэрээг цуцалсны дараах сөрөг нөлөөг дааж чадах уу гэдэг чухал. Төв банк нь сиймхий л гарвал ам.доллар цуглуулж, гадаад өрөө дарна гэж байгаа үед Монголд орж ирдэг валютын хамгийн том урсгалыг хаах нь хэр оновчтой гэдгээс эхлээд түмэн асуулт ургах болно.

“Рио Тинто”, Оюу толгойн үр өгөөжийг улам бүр нэмэгдүүлэх гарцыг эрэлхийлэх нь харин хамгийн чухал юм. Хувь эзэмшсэнээр илүү их ашиг олдоггүй юм байна гэдгийг ойлгосон бол өөр арга хэлбэрээр монголчуудын хүртэх орлого, ашгийг нэмэгдүүлэхийг зорих нь илүү бодитой хийгээд ухаалаг алхам болно. Хамгийн тод жишээ бол зэс хайлуулах үйлдвэр, цахилгаан станц юм. Улс төрчид маань уул уурхайн томоохон төслүүдэд бараа материал шахах нь ямар ашигтай гэдгийг хувьдаа бол сайн ойлгоцгоосон. Тавантолгойн нүүрсний тээвэрт хэдэн машин явуулахаас эхлээд ганц төрлийн хадаас нийлүүлэхэд ч ашигтай тусна. Хувьдаа ойлгож, хэрэгжүүлдэг энэ тактикаа л улсынх болгож хувиргах хэрэгтэй юм. Улсаараа Оюу толгойд зарж болох бүх л юмыг зарах хэрэгтэй. Нүүрсээ шатаагаад гарсан цахилгааныг зарвал жилд 200 сая ам.доллар олно. 

Төмөр замыг нь барьж өгөөд баяжмалыг нь тээвэрлэж болно. 700 компанийг нь 7000 компани болгож, 1000-ыг нь олон улсад ажиллах мэргэжлийн ур чадвартай болгож сургаж авах хэрэгтэй. Зэсийн баяжмалыг нь худалдаж аваад хайлуулж, өөрсдөө зарвал төгрөгөөр бараа худалдаж авч, доллараар зардаг том сувагтай болно. Энэ мэтчилэн Оюу толгойгоос хүртэх өгөөжөө нэмэгдүүлэх арга эрэлхийлэх нь ухаалаг алхам юм. Гэрээг цуцлая гэвэл тэрэн шиг амар зүйл байхгүй. Үр дагаврыг нь дааж чадах юм бол шүү дээ.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine