Зах зээл - Нүүрс

Австрали Азийн бусад улсуудыг “онилно”

Ирэх таван жилд эрдэс бүтээгдэхүүний зах зээлийн төлөв ямар байхыг Австралийн Үйлдвэрлэл, инноваци, шинжлэх ухааны яам “Эрдэс баялаг, эрчим хүчний улирал тутмын тайлан”-даа тусгажээ. Том зургаар нь харвал, богино хугацааны чиг хандлагыг нийлүүлэлт талд гарч буй саад тотгорууд тодорхойлж байгаа бол цаашдаа эрэлтэд ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай харагдаж байна хэмээн Австралийн Үйлдвэрлэл, инноваци, шинжлэх ухааны яамны Ахлах эдийн засагч Mark Cully өгүүлжээ.

Тайланд дурдсанчлан зах зээлийн ирэх таван жилийг таамаглавал, эрэлтийн дарамт нь үнэ ханш болон борлуулалтын хэмжээний өөрчлөлтийн чиглэлийг тодорхойлохоор байна. Түүхий эдийн эрэлтийн өсөлт нь аль хэдийнэ удаашраад эхэлчилсэн байгааг тоон мэдээллүүд харуулж байгаа бөгөөд нэг талаас энэ нь дэлхийн аж үйлдвэрийн гарцын өсөлт удаашрах мөчлөгтөө орсны үр дүн бол нөгөө талаас дэлхийн худалдааны түгшүүрт байдал, Хятадын эдийн засгийн өсөлт зөөлрөх хүлээлттэй холбоотой аж.

Энэ нь уул уурхайн түүхий эдийн хэрэглээний томоохон хувийг эзэлдэг Энэтхэг болон Хятадаас бусад Азийн улс орнуудын түүхий эдийн эрэлт төрөлжилт бий болоход түлхэц болох юм. АНУ-ын татвар нь Хятадаас бусад улсын үйлдвэрлэлийг өсгөх тул энэхүү төрөлжилтийг бий болгож буй гол хүчин зүйл нь БНХАУ-АНУ- ын хооронд өрнөж буй худалдааны маргаан хэмээн Австралийн судлаачид дүгнэж байна.

Тиймээс Вьетнам, Тайланд, Индонез, Тайвань зэрэг худалдааны маргааны нөлөөгөөр үйлдвэрлэл нь сэргэж буй улсад Австрали улс нийлүүлэлтээ нэмэгдүүлэх боломжтой хэмээн Засгийн газар нь үзэж байна. Харин эрсдэл талаас харвал дэлхийн эдийн засгийн мөчлөг дэх бууралтын үеийг хүлээж байснаас ч илүү гүнзгийрүүлэхээр байгаа нь таваарын зах зээлд маш муугаар нөлөөлөх магадлалтай байна.

Үнийн хувьд төмрийн хүдэр ирэх хоёр жилд унах төлөвтэй. Хятадын гангийн гарц бага зэрэг буурахаас гадна Бразилын хаагдсан уурхайнууд эргэн нээгдэнэ. Тийм боловч төлөв байдлын эхэн хэсэгт таваарын ханш Бразилд асуудал үүсээгүй байх үеийнхээс тонн тутамдаа таван ам.доллараар өндөр тогтоно. Металлургийн нүүрсний үнэ гуравдугаар сард Квийнсландад тохиосон үерийн улмаас нийлүүлэлтийн тасалдал бий болсноор 200 ам.доллар давсан. Үнэ эргээд зөөлрөх төсөөлөл гарч байна.

Таамагласан цаг хугацааны хоёр дахь хагаст шинэ уурхайнуудад хөрөнгө оруулалт дутагдмал байхтай холбоотойгоор үнэд нөлөө тусах боловч жижиг тоглогчдын өсөлт энэ орон зайг нөхөх аж. Алтны тухайд Төв банкуудын болон гоёл чимэглэлийн эрэлт ирэх жилүүдэд сайн байх тул нэлээд эерэг таамаг дэвшүүлжээ. Үндсэн металуудын хувьд Нэгдсэн улс болон Хятадын харилцааны үр дүнд үнэ нь нэлээд өссөн, цаашид ч өсөлт үргэлжилнэ гэж үзэж байна.

“Технологийн өөрчлөлт нь үргэлж уул уурхайн түүхий эдийн эрэлтээр тодорхойлогдож байдаг” хэмээн Mark Cully тодотгоод дараагийн таван жилд энэ холбоос улам бат болно гэв. Зах зээл нь хурдацтай өсөж буй шинэ төрлийн түүхий эдүүд нь утасгүй технологи, автомашины технологи, бага нүүрстөрөгчтэй эрчим хүч, эрчим хүчний нөөцлөлт зэрэг орчин үеийн технологид зайлшгүй шаардлагатай тул өсөлт гарцаагүй юм.

Ойрын хугацаанд, ихэнх зүйл нийлүүлэлтээс хамаарахаар байгаа бол урт хугацаанд хоёр чиг хандлага ажиглагдахаар байна. Эхнийх нь газарзүйн талаас, хурдацтай хөгжиж Энэтхэг болон шинээр төрөн гарч ирж буй Азийн улс орнууд. Нөгөө нь технологийн талаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн хүчин чармайлт, хэрэглээний шинэ технологийн нэвтрэлт зэрэгтэй холбоотой. Бүр холыг харъя гэвэл эдгээр чиг хандлагаас үүсэж буй боломжуудыг олж харж, барьж авсан уул уурхайн түүхий эд олборлогчид шагналаа хүртэх болно.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine