Бодлого

Асгатын ордыг ашиглах асуудлаар ажлын хэсэг байгууллаа

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Улмаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6 дахь хэсэгт заасныг үндэслэн Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагуудад чиглэл өгөх байнгын хорооны шийдвэрийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувийн саналаар дэмжжээ.

Ордын ашиглалттай холбоотой асуудлаар ОХУ, АНУ, Австралийн хэд хэдэн компанитай яриа, хэлэлцээ хийж байгаа аж.

Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир ахлах бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Б.Дэлгэрсайхан Х.Бадехан, Т.Энхтүвшин, Г.Ганболд, Д.Өнөрболор нарын бүрэлдэхүүнтэй ажиллахаар тогтсон байна.

Асгатын мөнгөний ордыг 1986 оноос төрөл бүрийн геологийн судалгааны ажлын үр дүнд 25 метр квадрат талбайд тархсан дунджаар гурван км урт, 80 метрийн өргөнтэй 15 хүдрийн бүс илэрчээ. Нийт 6.4 сая тонн хүдэр, 72.6 мянган тонн зэс, 3.3 мянган тонн висмут, 31.8 мянган тонн сурьма, 2.2 мянган тонн мөнгөнөөс гадна бусад дагалдах холимог металлын нөөцтэй болохыг УУХҮ-ийн сайд Г.Ёндон танилцуулсан юм.

“Автозам, төмөр зам зэрэг дэд бүтцийн хувьд хүндрэлтэй, алслагдмал, төвийн эрчим хүчний шугаманд холбогдоогүй, үйлдвэрлэлийн усан хангамж шийдэгдээгүй, баяжуулалтын технологи сонгогдоогүй зэрэг олон шалтгааны улмаас тус ордыг эргэлтэд оруулалгүй өдийг хүрсэн. Иймд Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.1.5-д “Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай туршилт, судалгаа хийж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэнэ” гэж тусгасан” хэмээн салбарын сайд танилцуулгадаа дурдав.

Засгийн газраас 2019 оны нэгдүгээр сард Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн. Тус ордыг ашиглах урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг 1995 онд “Апекс Сильвер” компани, 1998 онд “Сибгипрозолото” компани тус тус хийжээ. “Эрдэнэс Монгол” ХХК энэ онд “Сибгипрозолото” компанийн хийсэн ТЭЗҮ-д тодотгол хийж, эдийн засгийн үзүүлэлтийг өнөөгийн үнэ цэнд шилжүүлэхэд хөрөнгө оруулалтын хэмжээ 123.8 сая ам.доллар (77.3 сая ам.долларыг өнөөгийн үнэ цэнээр тооцоолсон), дотоод өгөөжийн норм 21.3 хувь байна гэсэн тооцоо гарчээ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Тухайлбал, 2021 онд техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан батлуулах, хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийх, 2022 онд дэд бүтцийн бүтээн байгуулалт, нэмэлт хайгуулын ажлыг хийх, 2023 онд баяжуулах үйлдвэрийн бүтээн босголтын ажлыг эхлүүлэх, 2024 онд бүтээн байгуулалтын ажлыг хийж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлэх зорилт тавьжээ. Уурхайн амуудыг нээж технологийн дээж авах, малталтуудыг сэргээх туршилтын ажил хийгдэж байгаа бөгөөд ордын ашиглалттай холбоотой асуудлаар ОХУ, АНУ, Австралийн хэд хэдэн компанитай яриа, хэлэлцээ хийж байгаа аж.

Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай тооцоо, үнийн таамаглалыг хэр бодитой хийж, стратегийн ордыг ашиглахад төрийн оролцоог хэрхэн тооцсон талаар байнгын хорооны гишүүд тодруулахад “Ордыг ашиглах нөхцөлийн тухайд үр ашиг өндөр байх боломжит бүх хувилбарыг хөрөнгө оруулагчидтай хэлэлцэж, тохиролцох шаардлагатай” хэмээн Г.Ёндон сайд хариулжээ.

“Асгатын мөнгөний ордыг ашиглах ТЭЗҮ-ийг шинэчилж байгаа ч урьдчилсан тооцооллоор 127.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай аж. Ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар 500 ажлын байр шинээр бий болж 197.1 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллана гэж төсөөлж байна.” гэж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүүгийн удирдлага хариуцсан дэд захирал Г.Ганболд хэллээ.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine