Бодлого

Ерөнхий сайд У.Хүрэлсүх УУХҮЯ-нд ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний геологийн алба, Ашигт малтмал, газрын тосны газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ажиллалаа.

Монгол Улсын Засгийн газар 26 жилийн дараа буюу энэ оны зургадугаар сард Үндэсний геологийн алба байгуулсан. Цаашид Геологийн судалгааны төв, Геологийн төв лабораторийг тус албаны харьяа байгууллага болгох, геологи-эрдэс баялгийн судалгаанд нэгдсэн бодлого хэвшүүлэх, суурьшлын бүсийн хөрсний гулгалт, суулт, шилжилт, хагарал зэргийн судалгааг шинээр эхлүүлэх зэрэг асуудлыг шуурхай ажиллаж, шаардлагатай бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд үүрэг болгожээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ажиллах үеэрээ “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, хүний амь нас эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх нь уул уурхайн бизнес эрхлэгчдийн үндсэн үүрэг” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Цаашид:

- Эрх зүйн орчны шинэчлэл хийж, геологи, уул уурхай, газрын тосны салбарын хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг батлан, хуулийн төсөл  боловсруулах

- Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, дамжуулах хоолойн техникийн даалгавар боловсруулж, олон улсын тендер зарлах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх

- Төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, шуурхай хүргэх зорилгоор ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, бүртгэх зэрэгтэй холбоотой ажлаа бүрэн цахимжуулах

- Говийн бүсэд хэрэгжих нүүрс, зэс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц зэрэг мега төслийн усны хэрэгцээг гадаргын усны төсөл хэрэгжих хүртэлх хугацаанд газрын доорх усаар хангах асуудлыг судлан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх

- Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг чанар, стандарттай уялдуулан ялгавартай тогтоох

- Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайнуудын гэрээг дүгнэж цаашид авах арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зэргийг үүрэг болгов. Мөн зөвхөн хуулийн хүрээнд ажиллахыг төрийн албан хаагч нарт чиглэл болгосон байна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine