Түүхий эд - Лити

Литийн нийлүүлэлт АНУ, Хятадын өрсөлдөөн

Цахилгаан машины үйлдвэрлэлд Хятадын ноёрхлоос зайлсхийх нь АНУ-ын хувьд хүнд даваа. Учир нь батарей үйлдвэрлэхэд шаарддаг түүхий эдүүдийн нийлүүлэгч тийм ч элбэг биш. Батарей хийхэд ордог графит, баланс, манган, никель, кобальт, лити зэрэг метал нь “Тесла”-гийн автомашинаас эхлээд Iphone-ийн цэнэг хураагуур хүртэл бүх зүйлд ашиглагддаг чухал орцууд. АНУ- ын Геологийн судалгааны албаны мэдээлснээр тус улс дээрх металын хэрэгцээний багадаа 50 хувийг импортоор хангахаас өөр аргагүй. Гэтэл зах зээлд ноёлогч Хятадтай үүсгэсэн Худалдааны дайн даамжирч байгаа нь Америкийн гол бизнесүүдийг түгшээж байна.

Америк, Хятадын компаниуд адилхан л Чили, Австрали, Аргентин зэрэг лити олборлолтоор тэргүүлэгч улсын литийн уурхайнуудад их хэмжээний хөрөнгө оруулсан. Гэвч америкчуудаас ялгаатай нь Хятадын компаниуд дотооддоо ч бас их хэмжээний хөрөнгө оруулжээ. Америкчуудаас бараг найм дахин их хөрөнгө оруулалтыг дотоодын лити олборлолтод хийсэн байна.

Эл асуудал тавдугаар сарын хоёронд Вашингтонд болсон уул уурхай, автомашин үйлдвэрлэгчид, зөвлөх компаниуд болон албаныхан оролцсон уулзалтын үеэр хөндөгдөж Америк дахь литийн шинэ төслүүдэд зөвшөөрөл олгох процессыг хөнгөвчлөх, нөөц хуримтлуулах чиглэлээр талууд хамтран ажиллах хэрэгтэйг онцолцгоосон байна.

Хөгжүүлэлтийн шатандаа яваа, эрүүл санхүүгийн баланстай, хүчин чадал сайн, чадварлаг удирдлагын баг бүхий төслүүдийн хувьд боломжоор дүүрэн “цонх үе” тохиож байна

“Гол хэдхэн түүхийн эдийн найдвартай нийлүүлэгч байхгүй л бол хагас сая цахилгаан автомашины зай хураагуур үйлдвэрлэх ямар ч боломжгүй. Хэрвээ АНУ лити, катодын өрсөлдөөнөөс сугарч үлдэх юм бол энэхүү эрчим хүчний шинэ чиглэлийн нийлүүлэлтийн сүлжээний өрсөлдөх чадварыг эрсдэлд оруулах болно” гэж House Mountain Partners-ийн шинжээч Chris Berry хэллээ.

АНУ нь дэлхийн литийн 13 орчим хувийг үйлдвэрлэдэг боловч цаашид өсөлт гарахгүй гэж Bloomberg NEF мэдээлж байна. Яагаад гэвэл ирэх гурван жилд Америкт нэг ч лити үйлдвэрлэгч нэмэгдэхгүй. Гэтэл Хятад нийт үйлдвэрлэлийн ⅔-ыг хангаж байгаа бөгөөд 2021 он гэхэд 73 хувь хүрнэгэж Bloomberg NEF урьдчилан тооцоолжээ. Энэ ялгаа нь худалдаан дээр ч харагдана. Дэлхий дээрх цахилгаан автомашины тал хувь нь Хятадад худалдагдсан бөгөөд борлуулалт нь өссөөр байгаа юм.

Дэлхийн хамгийн том эрдэс бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Albemarle корпорацийн Литийн Ерөнхийлөгч Eric Norris “Лити боловсруулах байгууламж Америкт байгуулагдсанаас хойш хэдэн арван жил өнгөрлөө. Шаардагдах төрийн зөвшөөрөл болон орон нутгийн нөлөө гэх мэт хүчин зүйлээс хамаараад шинэ төслүүдийг хөгжүүлэхэд нэлээд хугацаа орж байна” хэмээн хүнд суртал салбарын хөгжилд тушаа болж байгаа тухай хөндсөн юм.
Эрэлт талаас харвал өсөлт маш хурдацтай буюу жилд 300 мянга гаруй тонноор нэмэгдэх бөгөөд 2025 он гэхэд сая тоннд хүрэхээр байгаа тул компаниуд энэ өсөлтөөс хоцрохгүйн тулд одоогийн эрх зүйн орчиндоо боломжит бүхнээ хийн хурдацтай өсөлт гаргахыг зах зээл шаардаж байгаа юм. АНУ-д лити үйлдвэрлэгч цорын ганц компани болох Albemarle-гийн хувьд энэ өсөлтөөс хоцрохгүйн тулд Австрали, Чили дахь олборлолтоо өргөжүүлэхэд анхаарч буй аж.
Оны эхний гурван сарын байдлаар топ үйлдвэрлэгчдийн гаргасан таамгийн дагуу литийн эрэлт жилийн эцэст улам хүчтэй болж ирнэ. Albemarle-ийн хувьд эрэлтийн өсөлт 21 хувь хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Чилийн SQM компанийн Гүйцэтгэх захирал Рикардо Рамос Родригуйз “2018 онд эрэлт 27 хувиар өсөж бүгдийг алмайруулсан шигээ энэ онд ч 20 гаруй хувиар өснө гэж харж байна” хэмээн ярив.

Хэдийгээр зах зээлд шинэ нийлүүлэгчид түрэн орж ирж байгаа нь үнэд нөлөөлөх боловч эрэлт илүү хүчтэй байх тул бүтээгдэхүүний үнэ чанга хэвээр байна гэж тус компанийн нэгдүгээр улирлын тайланд дурджээ. Хэдийгээр SQM компанийн орлого эхний гурван сард 30 гаруй хувиар буураад байгаа ч ирээдүйдээ илүү итгэлтэй байна. Орлого нь буурахад литийн үнийн уналт болон Чилийн роялти өсөж дэлхий дээрх хамгийн өндөр роялти бүхий улс болсон нь давхар нөлөөлжээ. 2020 он гэхэд тэд борлуулалтаа 30 хувиар нэмэгдүүлж 65 мянган тоннд хүргэхээр төлөвлөж байна.

Гэвч эрсдэлүүд байсаар байгаа тул компаниудыг хүлээлтээ бууруулахыг мэргэжлийн шинжээчид зөвлөж байна. Тухайлбал Berry-ийн үзэж буйгаар, литид хөрөнгө оруулагчдын хувьд “эхлэлийн эцэст” иржээ. Тэрбээр “Үнийн хувьд 2019 онд огцом өсөлт юм уу, уналт үзэхгүй, магадгүй 5-7 хувиар дээш, доош хэлбэлзэх ч ерөнхийдөө салбарын гэрээ хэлэлцээрт үндэслээд Хятадаас бусад газар үнэ жилийн турш тогтвортой байх болно” гэв.
Түүнчлэн “Хятад татаасаа бууруулж, урт хугацааны төслүүдэд л татаас олгохоор болсны нөлөөгөөр компаниудын үнэлгээний өсөлт удаашрах төлөвтэй. Зургадугаар сар гэхэд энэ өөрчлөлтүүд хийгдэж дуусаагүй тохиолдолд хоёрдугаар улиралд өссөн худалдаа, гуравдугаар улиралд буурах хандлагатай байна. Гэвч Хятадын татаас буурах зуурт Энэтхэг зэрэг бусад улс татаасаа нэмэх, нэмэхээр зэхэж байна” гэж Fastmarkets-ийн тэргүүн Уйлиам Адамс өгүүлэв.

Нөгөөтэйгүүр эрэлтийн өсөлтийг хангахын тулд нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа нь анхаарал хандуулах ёстой өөр нэг чухал зүйл. Хөгжүүлэлтийн шатандаа яваа, эрүүл санхүүгийн баланстай, хүчин чадал сайн, чадварлаг удирдлагын баг бүхий төслүүдийн хувьд боломжоор дүүрэн “цонх үе” тохиож байна.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine