Компани

"Энержи Ресурс" 2.5 сая тонн баяжуулсан коксжих нүүрс экспортолжээ

“Энержи ресурс” компани энэ оны гуравдугаар улиралд 1.2 сая тонн угаасан нүүрс борлуулсан нь хоёрдугаар улирлаас 65 хувиар өссөн байна. Мөн өнгөрсөн оны гуравдугаар улирлын борлуулалттай харьцуулахад найман хувийн өсөлттэй байгаа аж. 

Компанийн олборлосон нүүрсний хэмжээ 2.3 сая тоннд хүрч өмнөх улирлаас 283 хувиар өссөн боловч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 31 хувиар буурсан дүн болохыг харуулж байна. 

Үүнээс 2.2 сая коксжих нүүрсийг боловсруулж нэг сая тонн угаасан коксжих нүүрс үйлдвэрлэжээ. Энэ нь өмнөх улирлаас 198 хувиар өссөн, өнгөрсөн оны мөн үеэс 24 хувиар буурсан дүн юм. 

Компанийн тайлангаас үзэхэд энэ оны эхний есөн сард нийт 2.5 сая тонн угааж баяжуулсан нүүрс борлуулсан байна. 

Мөн Тавантолгойн ордын хамгийн олон лиценз эзэмшигч “Эрдэнэс-Тавантолгой” компани оны эхнээс аравдугаар сарын 18-ны хооронд 6.4 сая тонн коксжих нүүрс олборлож 9.9 сая тонныг борлуулжээ. Үүнээс нэг сая тонныг нь аравдугаар сар гарснаас хойш борлуулсан байна. 

Аравдугаар сарын нэгнээс эхлэн БНХАУ Австралийн нүүрсний импортод хязгаарлалт тавьж эхэлснээс хойш БНХАУ-ын ган, коксжих нүүрсний үйлдвэрүүд Монголын коксжих нүүрсний худалдан авалтаа эрчимжүүлэхээр идэвхтэй алхмууд хийж байгааг “SXCoal” мэдээллээ. Тухайлбал: Хэбэй мужийн Таншан руу тээвэрлэх Монголын коксжих нүүрсний хэмжээ эрс өссөн байна.

Нийлүүлэлтээ тогтвортой байлгахын тулд төрийн өмчит үйлдвэрүүд нь тонн тутмынх нь үнийг 30-70 юаниар нэмэгдүүлсэн тухай мэдээллийг “SXCoal”-ийн нийтлэлд дурджээ. Монголын угаасан коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 1020-1040 юань орчимд байгаа ч хил дээрх үнэ цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа аж.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine