Хятадын өвөл айсуй

2020  |  August - September  |  031

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлал хэл амтай эхэлсэн ч Монголын коксжих нүүрс “Ногоон гарц”-тайгаа үлдэж байх шиг байна. “Ковид-19”-ийн хорио цээр зөөлөрч бизнес эрхлэгчид одоо л нэг цээж тэнүүн амьсгалах боломж ирэх нь гэсэн хүлээлттэй суугаа биз ээ. Улс орнууд Коронавируст эдийн засгийнхаа хөлийг удаан хориулахгүй гэж чармайсан бол Монголын Засгийн газар тайван, тэвчээртэй хүлээсээр эдийн засгаа өвөлтэй золгуулах нь. Ялангуяа коксжих нүүрсний экспортоос ихээхэн хамааралтай Монгол Улсын хувьд Хятадын импорт өнгөрсөн оныход хүрэхгүй байх, өвлийн хатуу хязгаарлалт дахин тавигдах вий, Япон, Солонгос зэрэг гол хэрэглэгчдийн импорт буурч байгаа нь санаа зовох хамгийн том асуудлын нэг болж байна. 

Уул уурхай, олборлолтын салбар шинэ Коронавирусийн халдварын шокийг давж гарахад олон хүндрэлтэй тулгарч байна. Томоохон үйлдвэрлэгчид бүтээмжээ их хэмжээгээр алдсан бүтэн улирлын дараа тавааруудын ханш сэргэж байна. Халдварт өвчний анхны голомт байсан ч бусдаас түрүүнд тахлыг дарж чадсанаар жилийн дунд үеэс хойш Хятад бараг цорын ганц худалдан авагч үндэстэн болов. Энэ нь тэдэнд хэрэгцээт түүхий эдээ маш таатай үнэ, нөхцөлөөр худалдан авах боломж олгосон бөгөөд боломжийг тэд хангалттай ашиглаж байгаа аж. 

Жинтан боомтод одоо хоёрхон сая тоннын квот үлдсэн атал хэдийнээ гурван сая тонн ачаа бүхий хөлөг онгоц боомт дээр дарааллаа хүлээж байгаа аж.

Тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр энэ оны эхний найман сард худалдан авсан нүүрсний дундаж ханш тонн тутам нь 494 юань байсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.4 хувиар хямд байв. Харин энэ хугацаанд нийт 221 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар өссөн дүн юм. Хөл хорионы улмаас бараг хоёр сарын турш импортоо зогсоосон гэхэд энэ бол жинхэнэ амжилт. Ялангуяа хөл хорио тавигдсанаас хойш импорт эрчимтэй байсныг график харуулж байна. 

Графикаас гуравдугаар улирлын турш Хятадын нүүрсний импортын эрч суларч ирснийг харж болно. Өнгөрсөн хоёр жилийн туршлагаас харахад Хятадад нүүрс нийлүүлэгчид жилийн эцэст нэг том сорилтой тулгардаг. Бээжин байгаль орчны бодлогоо чангатгаснаар нүүрсний импортод чанарын өндөр шаардлага тавьж, боомтуудаар нэвтрүүлэх хэмжээнд квот тогтоодог болсон. Хамгийн гол асуудал нь квотын хэмжээг Засгийн газраас гадна хэн ч мэдэх боломжгүй байдаг нь экспортлогчдыг жилийн эхэнд төлөв­лөгөөнийхөө дийлэнхийг биелүүлэх уралдаанд татан оруулах болсон билээ. Энэ жилийн хувьд цар тахлын улмаас импорт удаан хуга­цаанд тасалдсан, Хятад дотоодын аж үйлд­вэрийг сэргээхэд анхаарч байгаа зэрэг шалтгааны улмаас кокс­­жих нүүрс импортод хязгаар тавих­гүй байхыг үгүйсгэхгүй. Гэсэн ч гра­фикийн хөдөлгөөн өмнөх хоёр жилийнх­тэй адил байгааг анхаарах хэрэгтэй. 

Хятадын Статистикийн үндэсний хорооны мэдээлснээр Хятад улс наймдугаар сард 41.3 сая тонн кокс үйлдвэрлэсэн нь долдугаар сарынхаас 2.6 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 2.9 хувь өссөн дүн аж. Хэдийгээр зарим мужид хүчин чадлыг бууруулах бодлого баримталж байгаа ч коксын үнийн өсөлтөөс үүдэлтэй ашгийн хэмжээ тасралтгүй сайжирч байгаа учраас ийнхүү өндөр өсөлт гарсан гэж тайлбарласан юм. Гангийн зах зээл сүүлийн саруудад чангарч ирсэнтэй холбоотойгоор коксын эрэлт ихээхэн сайжирчээ.

Есдүгээр сарын 9-ний арилжаагаар Хятадын дотоодын сайн чанарын хатуу коксжих нүүрсний ханш тонн тутамд 120 ам.доллар хүрсэн нь долдугаар сард ханш суларч, наймдугаар сард тогтвортой байсан дээд зэрэглэлийн хатуу коксжих нүүрсний үнэ өсөх чиг хандлагын эхлэл байв. Улмаар есдүгээр сарын 11-нд далайн эргийн боомтуудаар сайн чанарын хатуу коксжих нүүрсний үнэ огцом өссөн нь Хятадын зах зээлийн томоохон тоглогч бизнестээ эргэн ирсэнтэй холбоотой байлаа. Энэ өдөр хийгдсэн арилжаагаар аравдугаар сарын 1-10-ны хооронд хүргэгдэх 85 мянган тонн сайн чанарын хатуу коксжих нүүрсийг тонн тутмыг нь 131.7 ам.доллараар худалдсан гэж зарим эх сурвалж мэдээллэж байна. 

“Магадгүй, далайгаар ирсэн түүхий эдийг шингээх худалдан авагч олсон юм шиг байна. Хойд Хятадын нэг гангийн үйлдвэр лавтай тодорхой хэмжээний импорт хийх квоттой байгаа” хэмээн худалдан авагч талын эх сурвалж өгүүлснийг sxcoal.com мэдээллээ.

“Сүүлийн үеийн арилжаануудаас үзэхэд Хятадын эрэлт нэмэгдэж байгааг илтгэх эерэг дохио болж байна. Энэ нь спот зах зээлд бодитой дэмж­лэг болно” хэмээн Сингапурын нэгэн худалдааны компанийн төлөө­лөгч ярьжээ. Нэгдүгээр сарын фьючерс ханш есдүгээр сарын 11-ний арил­жаагаар 1257 юань (183.8 ам.доллар) хүрсэн нь тонн тутамд ханш 10.5 юаниар өссөнийг харуулж байна. 

Эрэлт өсөж байгаа нь сайн мэдээ боловч үүнийг Хятадын төр хэр дэмжих вэ гэдэг нь өөр асуудал юм. Наймдугаар сарын сүүлээр Хэбэй мужийн эрх мэдэлтнүүд хувийн хэвшлийн ган үйлдвэрлэгчидтэй уулзжээ. Уулзалтын үеэр жижиг үйлдвэрийн эзэд одоо үлдсэн квотын ихэнх нь цөөхөн хэдэн том үйлдвэрлэгч нарт ногдож байгаад ихээхэн бухимдаж байгаагаа илэрхийлсэн байна. Тухайлбал, Жинтан боомтод одоо хоёрхон сая тоннын квот үлдсэн атал хэдийнээ гурван сая тонн ачаа бүхий хөлөг онгоц боомт дээр дарааллаа хүлээж байгаа аж. Тиймээс хувийн, дунд хэмжээний үйлдвэрүүдэд хуваарилах квотыг нэмэгдүүлж, ирчихээд байгаа коксжих нүүрсийг боомтод хүлээн авахыг зөвшөөрнө үү гэсэн хүсэлтийг тавьсан байна. Хүсэлтийг мужийн төлөөлөгчид Үндэсний хөгжил шинэтгэлийн хороонд заавал дамжуулна гэдгээ амласан байна. 

"Усан онгоцнууд ачаагаа буулгахад үзүүлэх дарамт арилна гэж хэлэхэд хэцүү, гэхдээ Австрали, Хятадын харилцаа сайжрахгүй л бол импортын бодлого ерөнхийдөө өөрчлөгдөхгүй" гэж Австралийн нүүрс олборлогч хэлжээ. “Квоттой худалдан авагчдад хүртэл хөлөг онгоцны зогсоол олгож, гаалиар нэвтрүүлэхэд хэцүү байдаг. Зогсоол дээр хүлээх хугацаа өнгөрсөн жил 10 орчим хоногтой байсан бол 60 хоног болж нэмэгдсэн” гэж тэрээр нэмж өгүүлжээ. Австралитай харилцаа муудсан учир Хятад улс Австралиас импортолж буй нүүрсэнд тавих хяналтаа чангатгасан юм. 

Коксжих нүүрсний импортын өсөлт нь хүлээгдэж байснаас буюу 2019 оны импортын өсөлт болох 6.3 хувиас хавьгүй бага байгаа нь тус улсын эрх баригчид байгаль орчны бохирдлыг бууруулж, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх бодлогын хүрээнд нүүрсний импортыг хязгаарлаж ирсэнтэй холбоотой хэмээн хөндлөнгийн шинжээчид дүгнэж байна. Түүнчлэн дотоодын нүүрсний олборлолтыг дэмжих бодлого ч мөн нөлөөлсөн аж. 

Австралитай харилцаа муудсанаас импортоо бууруулсан, Монголын хилийн нэвтрүүлэлт муу байгаа зэрэг нь магадгүй боловсруулсан бүтээгдэхүүний импортыг дэмжихэд Хятадын эрх баригчдыг түлхэж байж болзошгүйг худалдаачид сануулж байна. Японы төмөр, гангийн холбооны мэдээлснээр Японоос Хятад руу экспортолсон гангийн хэмжээ зургадугаар сард өмнөх оны мөн үеэс 53.9 хувиар өссөн байна. 

Японы гангийн үйлдвэрлэл өнгөрсөн зургадугаар сард 2.42 сая тонн хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 16.7 хувиар буурсан үзүүлэлт. Харин Хятадын гангийн импорт нэмэгдсэнээр Японы ган бүтээгдэхүүний гарц, экспортыг нэмэгдүүлээд зогсохгүй коксжих нүүрсний эрэлтийг нэмэгдүүлээд байна. Хэдийгээр өнгөрсөн онтой харьцуулахад бага хэвээр байгаа ч Японы коксжих нүүрсний импорт зургаа, долдугаар сард дараалан өсөөд байна. 

Долдугаар сард тус улс 4.9 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 29.8 хувиар буурсан дүн боловч өмнөх сарынхаас 5.6 хувиар өссөн дүн аж. Импорт өсөхөд үнийн уналт нэг талаас нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэжээ. 

Харин Өмнөд Солонгосын металлургийн нүүрсний импорт наймдугаар сард нэлээд огцом буурчээ. Өнгөрсөн сард тус улс 1.9 сая тонн металлургийн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 45.6, өмнөх сараас 16 хувиар буурсан дүн аж. Үүнээс 1.23 сая тонн нь коксжих нүүрс юм. Жилийн эхний найман сард нийт 13.4 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өнгөрсөн жилийн мөн үеэс 14.3 хувиар буурсан дүн. 

Товчхондоо, Хятадын зах зээл дээр импортын коксжих нүүрсний эрэлт өсөх хандлагатай байгаа ч өсөлтийг гүйцсэн нийлүүлэлт хийх боломжийг Бээжин хязгаарлаж байна. Хэдийгээр Японы импорт сүүлийн хоёр сард өссөн боловч хурдацтай биш бөгөөд Япон болон Өмнөд Солонгосын зах зээл Хятадын төрийн бодлогын үлдээсэн орон зайг нөхөхүйц өсөлт харуулна гэх найдлага алга. Монголын хувьд алдагдсан боломжоо нөхөж олох ганц арга зам нь Бээжинтэй тохиролцож, хилийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхгүй юм гэхэд бууруулахгүй байхад бодлогоо чиглүүлэх болоод байна. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/08-09

Нүүрсний уналт, алтны галзуурал

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine