Зах зээл

Хятад улс Австралийн нүүрсний худалдан авалтаа зогсоожээ

Австралийн Засгийн газар тус улсын нүүрсний нийлүүлэлтийг түдгэлзүүлсэн талаар Хятадын эрх баригчдаас тодруулга авахаар ажиллаж байна. Хоёр улсын хооронд дипломат харилцаа муудсаны улмаас тус улсаас нүүрс худалдан авахаа зогсоож байгаа талаар мэдээлэл тархаад байгаа юм. 

Хятад нь Австралийн хувьд металлургийн нүүрсний экспортын ¼-ийг худалдан авдаг хамгийн том хэрэглэгч

Хятадын цахилгаан станциуд болон гангийн үйлдвэрүүдэд Австралийн нүүрсийг хэрэглэхээ зогсоо гэсэн даалгаврыг албан бусаар өгсөн гэж зарим эх сурвалж өчигдөр мэдээлсэн бөгөөд учир шалтгааныг тодруулаагүй байна. 

Мөн зарим эх сурвалжийн хэлж буйгаар боомтуудад Австралийн нүүрсний ачихгүй байх даалгавар ирсэн аж. Энэхүү хориг нь хэзээ дуусах, одоо хэрэгжиж буй урт хугацаатай байгуулагдсан гэрээнд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байгаа юм. 

“Энэ асуудлаар бид Хятадын эрх баригчдад хандаад байна” гэж Австралийн Худалдааны сайд Саймон Бирмингхам өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээллэжээ. “Бид Хятадын эрх баригчдаас тус улс Австрали-Хятадын чөлөөт худалдааны гэрээ болон Дэлхийн худлалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр мөрдөнө гэсэн баталгаа авахын төлөө хичээнгүйлэн ажиллаж байна” гэж тэрбээр яриандаа дурджээ. 

Энэхүү хориг нь мөн Австралийн хөдөө аж ахуйн түүхий эдийн экспорт дээр мөн үйлчилж магадгүй байгаа аж. Учир нь Бээжин Австралийн эрх баригчдыг Хятадын худалдааны маргаанд АНУ-ыг дэмжсэн дипломат алхмууд хийсэнд дургүйцлээ ил, далд илэрхийлж байгаа. Түүнээс гадна Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон өнгөрсөн дөрөвдүгээр сард бие даасан шинжээчдийг коронавирусийн гарал үүслийг тодорхойлох зорилгоор Хятадын Ухань хотод оруулахыг уриалж байсан. 

Хятад нь Австралийн хувьд металлургийн нүүрсний экспортын ¼-ийг худалдан авдаг хамгийн том хэрэглэгч гэдгийг Австралийн аж үйлдвэрийн яамнаас мэдээлж буй. Мөн эрчим хүчний нүүрсний хоёр дахь том худалдан авагч нь юм. 

Гэхдээ сайн чанарын нүүрсний хувьд нөхцөл байдал арай өөр. Хятад улс сайн чанарын нүүрсний олборлолт хангалтгүй бөгөөд тус улсын томоохон ган үйлдвэрлэгчид нийт импортын тал орчим хувийг Австралиас хийдэг. “Хятадад ашгийг хамгийн их байлгах, бохирдлыг бууруулах шаардлагын үүднээс сайн чанарын нүүрсний хэрэгцээ улам нэмэгдэж байгаа” хэмээн “MineLife” зөвлөх үйлчилгээний компанийн ахлах шинжээч Гавин Уэндт ярьжээ. Түүний хэлснээр “Австрали улс хамгийн өндөр чанартай коксжих нүүрс нийлүүлдэг бөгөөд найдвартай, хямд үнэтэй ханган нийлүүлэгч юм. Хоёр тал бие биедээ ихээхэн найддаг тул энэ нөхцөл хэн хэндээ сайн биш” ажээ.

Өчигдөр Ньюкастлын эрчим хүчний нүүрсний үнэ сүүлийн дөрвөн жилийн доод түвшинд хүрч унав. Мөн Австралийн коксжих нүүрсний үнэ мөн тав гаруй хувиар унасан нь тавдугаар сараас хойшх хамгийн гүнзгий уналт байв. Австралийн нүүрсний томоохон үйлдвэрлэгчдийн зарим нь мөн хүчтэй цохилт авсны дотор “Whitehaven Coal” Ltd болон “New Hope Corp” компанийн хувьцаанууд Мягмар гарагт 6-аас дээш хувиар унажээ.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine