Эдийн засаг - Татвар

Уул уурхайн салбарын орлого 41 хувиар өсөв

Энэ онд уул уурхайн салбараас гурван их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээр төсөвт тусгасан. Оны эхний дөрвөн сарын байдлаар 981 тэрбум төгрөг төвлөрөөд байна. Уул уурхайн салбарын улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 286.1 тэрбум төгрөг буюу 41.2 хувиар өсжээ. Тухайлбал, алт, нүүрс, зэсийн салбарын татварын орлого өссөн бол цайр, төмрийн хүдрийнх буурчээ.

Хэдийгээр алтны татварын орлого өнгөрсөн оны мөн үеэс 13 хувиар өссөн боловч Монголбанкинд тушаагдсан алтны хэмжээ энэ хугацаанд 43 хувиар буураад байна. Энэ оны нэгдүгээр сараас эхлэн алтны роялти 2.5 хувиас таван хувь болж өссөн нь алт тушаалт болон татварын орлогын зөрүүг тайлбарлаж байна. Харин зөвхөн дөрөвдүгээр сард тушаагдсан алтны хэмжээ өнгөрсөн оны дөрөвдүгээр сарынхаас давжээ. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж баталснаар алт тушаалт дөрөвдүгаар сард өмнөх сараасаа 11 дахин өссөн байна.

Түүнчлэн дэлхийн зах зээл дээрх алтны ханш орлого, өсөж байгаа нь алт олборлогчдод ашгаа нэмэгдүүлэх, салбарын татварын үргэлжлэн өсөх боломж бий болгоод байна. Шинжээчдийн дүгнэж байгаачлан АНУ болон БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны дайны бий болгосон тодорхойгүй байдал болон Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ зөөллөнө гэсэн хүлээлт нь алтны ханшийг ихээхэн өсгөөд байгаа юм.

Нүүрсний салбарын татварын орлого 75 хувиар өссөн нь мөн л анхаарал татаж байна.

Энэ оны эхний улирлалд коксжих нүүрсний гол хэрэглэгч Хятадын гангийн үйлдвэрлэл 10 хувиар өсөж 231 сая тонн болсон нь коксжих нүүрсний үнэд шууд нөлөөлж байна. Манай улсаас экспортолж буй нүүрсний хэмжээ болон үнэ эхний дөрвөн сард өсөлттэй гарчээ. Тухайлбал, нүүрсний экспорт тоо хэмжээгээр 11 хувь өсөж 11.5 сая тонн болж, үүнээс 963.5 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 21.1 хувиар өссөн дүн юм.

Гэвч дөрөвдүгээр сар гарснаас хойш зэсийн ханш эргэн 10 орчим хувиар сулраад байна. Үүнд Хятадын эдийн засгийн удаашрал болон АНУ, Европын орнуудын хүүгийн хэт доогуур түвшин нөлөөлж буй хэмээн шинжээчид дүгнэж байна. Зэсийн ханш нь эдийн засгийн идэвхжлийн нэг гол индикатор болдгийн хувьд дэлхийн эдийн засаг удааширч байгааг илрэл бөгөөд бусад түүхий эдэд ч энэхүү байдал давтагдаж болзошгүй хэмээн сэрэмжилж байгаа юм.

Зэсийн татварын орлого мөн 27 хувь буюу 96 тэрбум төгрөгөөр өсжээ. Энэ нь эхний дөрвөн сард зэсийн үнэ өндөр байсантай шууд холбоотой юм. Оны эхэнд 5900 ам.доллар байсан зэсийн үнэ 2-3 дугаар сард 6300-6500 ам.долларын хооронд хэлбэлзэж байв.

Мөн Татварын ерөнхий газраас өнгөрсөн оны Топ-10 татвар төлөгч байгууллагыг шалгаруулж, олон нийтэд зарласан. Татвар төлөлтөөрөө тэргүүлсэн 10 аж ахуйн нэгж Татварын ерөнхий газрын төвлөрүүлсэн 4.7 их наяд төгрөгийн төсвийн орлогын бараг тал хувийг бүрдүүлжээ. Тодорхой хэлбэл, хоёр их наяд төгрөг буюу нийт татварын орлогын 41.6 хувийг эзэлж байна. Түүнчлэн 2018 онд уул уурхайн салбараас нийт 2.1 их наяд төгрөг төсөвт төвлөрсөн байна.

2018 оны 10 топ татвар төлөгчийн дотор уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг найман компани багтжээ. Өмнөх онд долоон компани багтаж байсан юм. Тэр дундаа стратегийн гэгддэг томоохон ордууд дээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд голчилж байна. Үүнээс уул уурхайн том төслүүд нь эдийн засагт ямар чухал болохыг харж болно. Товчхондоо Засгийн газрын татварын орлого гуравхан төслөөс ихээхэн хамааралтай байгааг Тавантолгойн орд дээр ажилладаг дөрвөн компани топ-10-т орсноос харж болно. Магадгүй стратегийн ордуудад хөрөнгө оруулалт татах ажлыг улам эрчимжүүлснээр нийгэм, эдийн засгийг тогтвортой байдлыг хангах боломжтойг илэрхийлэх бодит жишээ байж болох юм.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine