Зах зээл

Бразилийн төмрийн хүдрийн экспорт дээд хэмжээндээ хүрэв

 

“Ковид-19” цар тахалд хамгийн ихээр нэрвэгдэж байгаа ч Бразилийн төмрийн хүдрийн экспорт сүүлийн саруудад огцом өсөлттэй байна. Есдүгээр сарын мэдээгээр нийт 37.9 сая тонн төмрийн хүдэр экспортолсон нь жилийн өмнөхөөс 5.9 сая тонноор буюу 18.5 хувиар өсжээ. Мөн наймдугаар сартай харьцуулахад 21 хувийн өсөлт юм. Энэ нь 2015 оны 12 дугаар сараас хойших дээд хэмжээ хэмээн тус улсын Үйлдвэр, гадаад худалдаа, үйлчилгээний яамнаас мэдээлсэн байна. Харин эхний есөн сарын байдлаар 248 сая тонн төмрийн хүдэр экспортолсон нь жилийн өмнөхнтэй харьцуулахад 5.5 хувиар буурчээ.

Бразилийн төмрийн хүдрийн экспорт оны эхний хагаст уналттай байсан. Хүчтэй аадар бороо, “Ковид-19” цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор томоохон уурхайнуудын үйл ажиллагаа доголдож, цөөнгүй хоног түр зогсоод байсан юм. Гэсэн ч зургадугаар сараас хойш экспорт нь ийн аажмаар өсөж байна. Хятадын аж үйлдвэрийн салбарын сэргэлт төмөр, төмрийн хүдрийн эрэлтийг нэмэгдүүлж, улмаар ханш нь 130 ам.доллар болж, зургаан жилийн дээд түвшинд хүрч өсөөд байгаа. Бразилийн экспортын өсөлт үнэд дарамт учруулахгүй нь эрэлт тогтвортой өсөхтэй холбоотой хэмээн шинжээчид үзэж байна.

Харин Австралийн төмрийн хүдрийн хамгийн том боомт болох Port Hedland-ын дамжсан төмрийн хүдрийн нийт экспорт есдүгээр сард 45.6 сая тонн болж, өнгөрсөн сарынхаас үл ялиг буурсан бол жилийн өмнөхөөс бараг 9 хувиар өсжээ. Үүний 39.7 сая тонн нь Хятадыг зорьсон төмрийн хүдэр аж. Уг боомтоор “Би Эйч Пи”, “Фортеску Металс”, “Рой Хилл” зэрэг Австралийн төмрийн хүдрийн том 4 компанийн 3 нь төмрийн хүдрээ экспортолдог юм.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine