Эдийн засаг

Уул уурхай бизнесийг хэдээр дэмждэг вэ?

2018  |  August   |  010

Өнгөрсөн онд төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад 1.1 их наяд төгрөг зарцуулжээ. Тэр дундаа дотоодын үйлдвэрлэгчдээс бараа бүтээгдэхүүн худалдан авсан дүн нь 47 тэрбум төгрөг. Харин уул уурхайн хоёр том компанийн зөвхөн дотоодын компаниудтай хийсэн худалдан авалт 1.1 их наяд төгрөг. Уул уурхайн компаниуд Засгийн газар, улсын төсөвтэй харьцуулахад хамаагүй их мөнгийг бизнесүүдэд зарцуулж байна. Гэхдээ энэ нь Монголд ханган нийлүүлэгчдийг дэмжихэд хангалттай юу гэвэл үгүй. Чилийн “Коделко” 7.2 тэрбум ам.долларыг өнгөрсөн онд ханган нийлүүлэгчдэд төлсөн байх юм. 

Төсөв ба төсөл 

Ердөө 10 гаруйхан жилийн өмнө улсын төсөв гэж хамгийн их “хоолтой” том тогоо байв. Том жижиг гэлтгүй компаниуд төсвөөс тендер авахын тулд өрсөлдөнө. Нэгэн үе бизнес эрхлэгчид улс төрд орох шалтгаан нь ч төсөвтэй холбоотой байсан. Сонгуульд ялсан нам нь Эрдэнэт үйлдвэр, УБТЗ, МИАТ гээд төрийн өмчит цөөн хэдэн компанийн удирдлагыг томилох гэж ширүүхэн “зодолддог” байв. Саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт”-ийн захирлыг томилох асуудлаас болж огцорч байсан Ерөнхий сайд, Засгийн газар ч бий. 

Энэ бүхнийг сануулах учир нь өнөөдөр тендерийн маргаан, төсөв тойрсон хэл ам олны анхааралыг төдийлөн татахаа больсон мэт. Уг нь өнөөдрийн төсвийн тогоо 10 жилийн өмнөхөөс хэд дахин томорсон. Гэлээ гээд төсвийн тендер авч, шахаа хийх сонирхолтой компаниудаас илүү бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, мэдлэг чадвараараа үйлчилгээ үзүүлэхийг илүүд үзэх компани хамаагүй олширсон. Тэдний бүтээгдэхүүн үйлчилгээг илүү боломжит үнээр худалдан авах санхүүгийн чадвартай шинэ зах  зээл бий болж байгаа нь уул уурхайн салбар юм. Ялангуяа 2009 оноос хойш нүүрс, зэсийн томоохон төслүүд үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь үндэсний ханган нийлүүлэгч компаниуд бий болох, хөгжин дэвшихэд хамгийн том үүрэг гүйцэтгэж байна.

Сангийн яамны мэдээллээр 2010- 2017 оны хооронд улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний нийт дүн 9.1 их наяд төгрөг болжээ. Харин энэ хугацаанд “Оюутолгой” ХХК 2.26 тэрбум ам.долларын худалдан авалтыг үндэсний компаниудтай хийсэн байна. Ойролцоогоор таван их наяд орчим төгрөг гэсэн үг. Тэгвэл “Энержи Ресурс” компанийн тухайд 2009-2017 онд нийт 3.5 их наяд төгрөгийг худалдан авалтад зарцуулжээ. Үүний ихэнхийг нь 2010-2012 онд буюу бүтээн байгуулалтын шатанд зарцуулсан байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монголд хэрэгжсэн, хэрэгжиж буй уул уурхайн хоёрхон том төсөл бизнесийг дэмжиж буй худалдан авалтаараа улсын төсөвтэй дүйж байна. Үүн дээр МАК, “Эрдэнэт үйлдвэр”, “Болд Төмөр Ерөө гол”, “Бороо Гоулд” гээд бусад төслийн зарцуулсан мөнгөн дүнг нэмбэл бүр том тоо гарах нь ойлгомжтой. Жил ирэх тусам бизнесийг тэтгэдэг улсын төсвийн худалдан авалт хумигдах хандлагатай байгаа бол уул уурхайн төслүүдийн худалдан авалт нэмэгдэж байна. Зөвхөн өнгөрсөн оны тоог харьцуулахад л Монгол Улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр нийт нэг их наяд 230 тэрбум төгрөгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авчээ. Тэгвэл хамгийн том хоёр компанийн худалдан авалт 1.1 их наяд төгрөг болж байна. “Оюутолгой” ХХК-ийн дотоодын компаниудад зарцуулсан мөнгө бараг нэг их наяд төгрөг бол “Энержи Ресурс” компанийнх 117 тэрбум төгрөг.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хэрэгжиж байгаа хоёрхон төслийн үр дүн улсын төсвөөс дутахааргүй дэмжлэгийг бизнесүүдэд үзүүлж байна

“Оюутолгой” компани 2017 онд 486.3 сая ам.долларын нийт худалдан авалт хийснээс 404.5 сая ам.доллар нь дотоодын худалдан авалт, бүр 335 сая нь үндэсний компаниудад хамааралтай байна. Энэ нь сүүлийн зургаан жилийн хамгийн өндөр дүн. Нийт 1146 компанитай хамтран ажилласнаас 669 нь үндэсний компани байна. Харин “Энержи Ресурс” компанийн тухайд 117 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ. Нийт 280 компанитай хамтарснаас 74 хувь нь үндэсний компаниуд хэмээн онцолжээ. Энэ
удаад зөвхөн хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй компанийн мэдээллийг ашиглав. “Эрдэнэт Үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг томоохон компанийн хувьд энэ талын мэдээлэл нь хаалттай байдаг тул ашиглахаас татгалзав.

Уул уурхайн төслүүд ямар бизнесийг илүү дэмждэг, тэр бизнесүүд олон улсын зах зээлд өрсөлдөх боломж бий юу гэдэг чухал. Уул уурхайн томоохон төслүүдийн худалдан авалт нь бүтээн байгуулалтын шат, түүнээс хойших уурхайн ашиглалтын шатанд өөр өөр байдаг. Бүтээн байгуулалтын шатанд барилга угсралт, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нийлүүлэгч компаниудыг илүүтэй дэмждэг бол уурхайн ашиглалтын шатанд өрөмдлөг, засвар үйлчилгээ, тээвэрлэлт, сэлбэг хэрэгсэл, үйлдвэрлэлийн  хэрэглээний материалуудад хамгийн их мөнгө зарцуулдаг байна. Жишээ болгож “Оюутолгой” ХХК-ийн 2017 оны нийт худалдан авалтыг харуулж болно. 158 сая ам.доллар буюу хамгийн их мөнгийг үйлчилгээнд, 77 сая ам.долларыг засвар, сэлбэгт зарцуулж байна. Дээрх ханган нийлүүлэлтийн 74-76 хувийг дотоодын компаниуд хангаж байгаа юм. Мэдээж үүнд гүний уурхайн барилга байгууламжийн томоохон обьектуудын гэрээний дүн ороогүй. 

“Оюутолгой”, “Энержи Ресурс” компани хэмжээ, хөрөнгө оруулалтын хувьд тэмээ, ямаа шиг зөрүүтэй хэдий ч уурхайн томоохон цогцолборыг байгуулсан, байгуулж буй гэдгээрээ адил бөгөөд ханган нийлүүлэлтийн бодлого ойролцоо, үр дүн нь чамлахааргүй юм. Дээрх компаниудын хэрэгжүүлж буй хоёр төслөөс дотоодын томоохон ханган нийлүүлэгч компаниуд хэдийнэ бий болж, өсөн хөгжиж байгаа. Тухайлбал цутгамал аргаар тээрмийн бөмбөлөг үйлдвэрлэгч “Ора Металл” компани 2004 онд жилийн 1000 тонн хүчин чадалтай үйлдвэр байгуулж байв. “Оюутолгой” компанитай хамтарснаар үйлдвэрээ гурван ч удаа өргөтгөж, 7 мянган тонны хүчин чадалтай болжээ. “Урт хугацаанд компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, энэ зах зээлд амьдрахын тулд олон улсын шаардлагад нийцүүлж, маш их өөрчлөлтийг хийж, суралцаж байна” хэмээн тус компанийн Ерөнхий захирал С.Бат-Эрдэнэ ярьж байна.

“Ора Металл” компани цаашид нэгэнт бий болсон чадавхи дээрээ суурилж экскаваторын шүд, тээрмийн хуяг гэх мэт дотоодын зах зээлд эрэлттэй, шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Оюутолгойн гүний уурхайн барилгын бүтээн байгуулалтын оролцож байгаа “М Си Эс Проперти”, “Хишиг Арвин Индустриал” зэрэг үндэсний компани гүний уурхайд ажиллах туршлагатай болж, ирээдүйд олон улсад ажиллах нь гарцаагүй. Харин Монголын өрөмдлөгийн томоохон компаниудын нэг “Элгэн”, тэсэлгээний “Мера” зэрэг компани “Энержи Ресурс” компанитай хамтарснаар өсөж дэвжих боломжтой болсон байдаг. “Элгэн” компанийн хувьд Монголоос бараг анх удаа гадаад улсад өрөмдлөгийн ажил үйлчилгээ гүйцэтгэсэн  гэдгээрээ Монголын үндэсний ханган нийлүүлэгч компаниуд дэлхийн зах зээлд ажиллах боломж буйг нотолсон компани юм.

Уул уурхайн том төслүүд Монголын ханган нийлүүлэгч компаниудыг, бизнесийг дэмжихэд төрөөс илүү оролцоотой байгаа гэдэг нь дээрх баримтуудаас тодорхой харагдана. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хэрэгжиж байгаа хоёрхон төслийн үр дүн улсын төсвөөс дутахааргүй дэмжлэгийг бизнесүүдэд үзүүлж байна. Дотоодын ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, цаашлаад олон улсад экспорт хийх нөхцлийг бүрдүүлэхийн тулд том төслүүдийг хөдөлгөх, шинээр нээх нь юу юунаас илүү чухал юм. “Чи өөрөө  мэдэхгүй, хийж үзээгүй зүйлээ бусдад зааж, хийж чадахгүй. Тэгэхээр эхлээд дотооддоо ажиллах тэр боломжийг нь бий болгох чухал. Жишээ нь Оюутолгой төсөл бол боломж олгож байгаа төсөл. Ийм төслүүдийг хэрэгжүүлж байж шилдэг, чадварлаг дотоодын ханган нийлүүлэгчид бий болж, олон улсад өрсөлдөх чадамжтай болно” хэмээн Монголын Бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан онцолж байна.

“Коделко” ба 250 компани 

“Рио Тинто” Монгол Улсад “Монголд үйлдвэрлэв” стратегийг хэрэгжүүлж, импортыг орлох ханган нийлүүлэгчдийг хөгжүүлж байгаа бол “Би Эйч Пи Биллитон” Чилид The World Class Suppliers program-ыг хөгжүүлж байна. 2009 оноос эхэлсэн уг хөтөлбөр нь ихээхэн үр дүнтэй байгааг Чилийн Засгийн газар онцолж байгаа. “Би Эйч Пи”-гийн санаачилсан энэхүү хөтөлбөрийг тус улсын хамгийн том төрийн өмчит компани “Коделко” дэмжиж, 2010 оноос хамтран ажиллахаар болжээ. “Коделко” бол дэлхийн зэсийн хамгийн том олборлогч компани. 15 тэрбум ам.долларын борлуулалт хийдэг. Өнгөрсөн онд 7.8 тэрбум ам.долларыг ханган нийлүүлэгчдэд зарцуулсан гэхээр манай компаниудтай харьцуулахааргүй аварга компани.

Энэхүү хөтөлбөрийн үндсэн зорилго Чилид дэлхийн хэмжээний ханган нийлүүлэгч компаниудыг бий болгох. Нэгэнт уул уурхайн орон гэдэг нь тодорхой учир уул уурхай дээрээ дөрөөлж бусад бизнесийг дэмжих том бодлого юм. Манайхаар бол эдийн засгаа солонгоруулах бодлого. Дотоодын ханган нийлүүлэгч компаниудад тендер өгөхдөө цаашид хөгжих боломж олгодог. Тэднийг дэмжин бойжуулж, олон улсад ажиллах чадамж бүхий болгож хөгжүүлэх нь уг хөтөлбөрийн үндсэн зорилго. Засгийн газар нь ч уг хөтөлбөрийг дэмждэг. 2035 он гэхэд Чили дэлхийн хэмжээнд ханган нийлүүлэлт хийдэг 250 компанитай болох, ханган нийлүүлэлтийн экспортыг 10 тэрбум ам.долларт хүргэх том амбийц тээж яваагаа Уул уурхайн сайд нь боломж олдвол зарлаж,  компаниудаа сурталчилж явна. Дөрвөн жилийн өмнө ханган нийлүүлэгч компаниудын экспорт нь ердөө 500 сая ам.доллар байсан гэхээр хэр ихийг хүсэж байгаа нь тодорхой. Чили улсын Засгийн газар уул уурхайн салбараас хараат эдийн засгаа солонгоруулах бодлогыг сүүлийн 30 жилд идэвхитэй, тууштай хэрэгжүүлж байгаа. 

1973 онд Чилийн уул уурхайн экспорт нь нийт экспортын 89 хувийг бүрдүүлж байв. Өдгөө энэ үзүүлэлт аажим буурч, бусад бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж байна. 2008 онд уул уурхайн компаниудад ханган нийлүүлэлтийн үйлчилгээ үзүүлдэг 3000 орчим дотоодын жижиг компани Чилид байжээ. Тэд шинийг санаачлах нь бага, өрсөлдөх чадвар тааруу байв. “Дэлхийн хэмжээний ханган нийлүүлэгчид хөтөлбөр”-ийг эхлүүлэх урьдчилсан судалгаагаар дээрх компаниудын ердөө 1000 хүрэхгүй нь технологид дасан зохицох чадвартай хэмээн үнэлэгдсэн байдаг. Хөтөлбөрийн хүрээнд ханган нийлүүлэгч компаниудтай хамтран ажиллаж шинэ технологийн шийдлүүдийг санал болгоход зохистой орчин бүрдүүлж өгөхийг зорьж байгаа юм. Түүнчлэн уг хөтөлбөр нь судалгаа болон хөгжүүлэлт, мөн хүний нөөц бэлтгэхэд зарим нэг санхүүгийн туслалцаа үзүүлээд зогсохгүй шинэ технологийг турших боломж, цаашлаад олон улсын зах зээлд нэвтрэхэд туслах зэрэг маш олон талын дэмжлэгийг санал болгодог аж.

Үр дүнд нь уурхай, үйлдвэрлэлийн зардлыг хэмнэх, удирдлагыг оновчтой болгох, аюулгүй ажиллагааг хангах шинэ технологи нэвтрүүлж буй компанийн тоо нэмэгдэх болжээ. Тухайлбал, Tesra болон Sixth Sense Processware хамтран автомат сканнерын системийн тусламжтайгаар тонн зэс боловсруулах цахилгаан зарцуулалтыг хоёр хувиар бууруулж чадсан бол Prodinsa компанийн шинэ шийдэл Эскондида уурхайн экскаваторын цахилгаан механизмын кабель утасны насжилтыг 40 хувиар нэмэгдүүлжээ. Энэ мэтчилэн технологи дээр суурилсан ханган нийлүүлэгчдийг бойжуулж бий болгох, цаашлаад олон улсад экспорт хийхэд нь “Би Эйч Пи”, “Коделко”-гийн хамтарсан “Дэлхийн хэмжээний ханган нийлүүлэгчид хөтөлбөр” ихээхэн чухал нөлөө үзүүлж байна.

Чилийн энэхүү хөтөлбөрийн талаарх судалгааны хэд хэдэн танилцуулгыг харахад энэхүү хөтөлбөр компани хийгээд Засгийн газрын аль аль талд ихээхэн ашигтай байна гэсэн дүгнэлтүүд цөөнгүй тааралдана. Тухайлбал компанийн үйл ажиллагаанд орон нутгийн иргэдийн зөвшөөрөл авах, Засгийн газрын дэмжлэгийг авах гол “хөзөр” нь болж байгаа бол Засгийн газарт шинэ бизнес бий болж, татварын бааз нэмэгдэх, эдийн засгийг төрөлжүүлэхэд том дэмжлэг болдог аж. Чилийн энэхүү хандлагыг Африкийн зарим улсад нэвтрүүлэх талаар ч ярьж туршиж байгаа аж. Гэхдээ тухайн улсын үндсэн онцлогийг сайтар судалж, тохируулах нь дамжиггүй юм. Бид байнга ярьдаг. Уул уурхайн салбар эдийн засгийн гол салбар, татварын орлогын 22 хувь, экспортын  орлогын 85 хувийг бүрдүүлэгч... Гэсэн хэр нь нийгмээрээ уул уурхайн салбарыг үзэн ядаж, ядуурал, байгаль орчны доройтол, улс төрчдийн популизм, авлига гээд бүх зүйлд уул уурхайг буруутгана. 

Уул уурхай салбар сургуулийг нь барьж өгч, үхсэн малд нь мөнгө төлж, ширгэсэн голыг нь урсгаж өгөх ёстой мэт ойлгоно. Байгалийн баялгийг нь “үнэгүй” зөөж баяжиж байгаа болохоор гуравхан сая хүний хүссэн болгоныг хэдэн уурхайчид биелүүлэх ёстой мэт аашилна. Уул уурхайн салбар зөвхөн татвар, экспортын орлогын дийлэнхийг бүрдүүлэгч болохоор улс орны эдийн засгийн хөдөлгөгч хүч гэх нь дэндүү өрөөсгөл юм. Байгалийн баялгийн орлогоор дотоодын бизнесүүд, ханган нийлүүлэгч компаниудыг  мэдлэг, ур чадвар, туршлага, технологи, санхүүгийн хувьд бойжуулан хөгжүүлж байгаа нь улс орны хувьд хамгийн чухал зүйл. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой”, “Гацуурт”, Зэс хайлуулах үйлдвэр зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ үндэсний ханган  нийлүүлэгч компаниудыг бодлогоор дэмжих шаардлагатай юм. Ялангуяа Оюутолгой, Ухаа худаг зэрэг олон улсын стандартын бүтээгдэхүүн, үйлчилгээ шаарддаг төслүүдээс суралцаж олон улсад экспортлох чадамжтай үндэсний ханган нийлүүлэгч компаниудыг бий болгох шаардлага байна. Энэ нь уул уурхайн салбар улс орны хөгжилд илүү бодитой дэмжлэг үзүүлж, олон нийтээс дэмжлэг авах чухал алхам юм. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/08-09

Нүүрсний уналт, алтны галзуурал

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine