Бодлого - Дэд бүтэц

681 км төмөр зам барихад 2.1 их наяд төгрөг хэрэгтэй

Ийм тоог Зам тээврийн хөгжлийн яамныхан гаргасан байна. Тавантолгой- Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барихад шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ. Мэдээж цэргүүдээр бариулж, зардал хэмнэх Засгийн газрын бодлогын хүрээнд гэдгийг тодотгох нь зөв байх. Төмөр замын салбарын холбогдох албан тушаалтнууд, ЗТХ-ийн сайдын хэлсэн санхүүжилтийн өртгөөс тооцоолж үзэхэд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нийт 681 км төмөр замыг барьж дуусгахад ойролцоогоор 2.1 их наяд төгрөг шаардлагатай аж. Ийм хэмжээний мөнгийг бүгдийг нь “Эрдэнэс Тавантолгой” компани гаргачих ч боломжтой юм.

Зүүнбаянгийн төмөр зам - 1.3 их наяд төгрөг

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замыг барих Засгийн газрын шийдвэр дөрөвдүгээр сарын 10-нд гарсан. Нэг км төмөр замыг 1.2 сая ам.доллараар барих урьдчилсан тооцоо гарсан. Төмөр замын төсөлд оролцох сонирхлоо илэрхийлсэн компаниуд нэг км төмөр замыг 2.8- 3.2 сая ам.доллараар барих санал ирүүлсэнтэй харьцуулахад маш бага зардлаар, цэргийн алба хаагчдаар барих боломжтой хэмээн Зам тээврийн хөгжлийн сайд онцолж байна. Сайншанд-Алтанширээ чиглэлийн төмөр замыг дотоодын цэргийн хүчээр амжилттай барьсан бөгөөд км төмөр замын өртөг нь 2.1 тэрбум төгрөг буюу 0.8 сая ам.доллар болсон хэмээн УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа онцолсон.

ТЭЗҮ-д тусгасанаар бол Зүүнбаян чиглэлийн төмөр замын санхүүжилт нь 2.4 их наяд төгрөг хэмээн МТЗ компани мэдээлсэн. Гэхдээ энэхүү зардал буурах боломжтой гэнэ. Хэрэв дотоодын цэргийн хүчийг ашиглавал төмөр замыг барихад нийт 500 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайг холбогдох байгууллагуудын мэдээллээс харж болно. Ойролцоогоор 1.3 их наяд орчим төгрөг гэсэн үг. Үүнийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ашгаас гаргах юм. Төмөр зам барих МТЗ компани 20 жилийн хугацаатай хүүгүй бонд гаргаж, “Эрдэнэс Тавантолгой” компани худалдан авах бөгөөд нүүрс тээврийн өртгөөр МТЗ компани эргүүлэн төлөх шийдэлтэй байгаа аж. Эхний ээлжинд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2018 оны ашгаас 750 орчим тэрбум төгрөгийг санхүүжилтэд гаргах юм байна. Уг мөнгөөр доод бүтэц буюу далан шорооны ажлыг бүрэн хийж дуусгах гэнэ. Улмаар 2019 онд тус компанийн ашгаас үлдсэн хөрөнгийг гаргах боломж нээлттэй байгааг салбарын яам мэдээлж байна.

Зүүнбаян чиглэлийн төмөр зам гэнэт гарч ирээгүй. Урьд нь уг төмөр замыг барих талаар тодорхой шийдвэрүүд гарч байв. Тухайлбал 2018 оны тавдугаар сард Засгийн газрын 153 дугаар тогтоолоор тус чиглэлийн төмөр замыг барих талаар “Дорнын төмөр зам” компанийн хамтарсан “Зүүнбаян төмөр зам” компанийг байгуулахыг “МТЗ” компанид даалгаж байжээ.

Тавантолгойгоос Ханги-Мандалын боомт хүртэл 700 орчим км төмөр замыг шинээр барихад 1.1 тэрбум ам.доллар буюу бараг 3 их ная төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай юм

МТЗ компанийн мэдээлснээр “Дорнын төмөр зам” компанийн захиалгаар уг төмөр замын урьдчилсан ТЭЗҮ-г БНХАУ- ын төмөр замын 20 дугаар товчоо боловсруулаад байгаа. Засгийн газрын шийдвэрээс өмнө төслийн санхүүжилтийг БНХАУ-ын Хөгжлийн банкнаас нүүрс урьдчилан борлуулах зарчмаар шийдвэрлэх урьдчилсан тохиролцоонд хүрсэн байжээ. БНХАУ-ын төмөр замын 20 дугаар товчоо нь Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-г боловсруулж байгаа юм.

Гэхдээ Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барих нь олон талын ач холбогдолтой ч шууд эдийн засгийн үр өгөөжөө өгч эхэлнэ гэдэг тодорхойгүй юм. Уг төмөр зам баригдсан ч Зүүнбаян- Ханги чиглэлийн 281 км төмөр замаас шууд хамаарч таарна. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын шугамыг жил орчмын өмнө “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д шинээр тусгасан байдаг. Сэлэнгэ аймгийн төмрийн хүдрийн экспорт, Дорноговь аймгийн нутаг дэвсгэр дэх коксжих нүүрсний экспортыг дэмжих, Замын-Үүд – Эрээн боомтын ачааллыг бууруулах зорилгоор төлөвлөсөн шинэ төмөр зам юм. Уг төмөр замыг “Дорнын төмөр зам” компани хариуцаж байгаа. Тэгэхээр Тавантолгой-Зүүнбаян- Ханги чиглэлийн 700 орчим км төмөр замыг эхнээс нь шинээр барьж байж Тавантолгойн нүүрс тээврийн асуудал бүрэн шийдэгдэх юм. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замд ойролцоогоор 600 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Ингээд үзэхээр Тавантолгойгоос Ханги- Мандалын боомт хүртэл 700 орчим км төмөр замыг шинээр барихад 1.1 тэрбум ам.доллар буюу бараг 3 их ная төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай юм. Хөрөнгө оруулалт олох, бүтээн байгуулалт эхлэх зэрэг нь бүгд ганц “Эрдэнэс Тавантолгой” компаниас хамаарахгүй болохоор уг бүтээн байгуулалт ярьж байгаа шигээ хоёрхон жилд бий болно гэдэгт итгэх нь эрт юм.

Гашуунсухайтын төмөр зам - 800 тэрбум төгрөг

Энэ тавдугаар сараас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын ажлыг үргэлжлүүлэхэд бэлэн болсон байсан ч Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих шийдвэр гарснаар уг ажил түр зогссон хэмээн МТЗ компанийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл ярьж байна. Албан ёсны ТЭЗҮ-д тусгаснаар бол уг чиглэлийг төмөр замын нийт өртөг нь нэг тэрбум 70 сая ам.доллар. Үүнээс Чингис бондын мөнгөнөөс 280 сая ам.доллар зарцуулж 208 км далан шорооны ажлыг гүйцэтгэсэн байдаг. Хэрэв газрын тосны үйлдвэрийн төмөр замыг барихтай адил нөхцлөөр энэ чиглэлийн төмөр замыг барьж дуусгана гэвэл 300 орчим сая ам.доллар шаардлагатай юм. Цэргийн ангийг дайчилж, дээд бүтцийн нэг км-ийг нэг сая ам.доллараар барина гэж тооцоход шүү дээ. Ойролцоогоор 800 орчим тэрбум төгрөг гэсэн үг. Энэ бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн өнгөрсөн оны хуримтлагдсан ашиг гэсэн үг.

Анх тусгай зөвшөөрөл олгогдсоноос хойш 10 жил өнгөрсөн Гашуунсухайт чиглэлийн төмөр зам дахиад хоёрдугаар ээлж руу “шидэгдэж” байна. Ажил нь эхлэхэд бэлэн болсон, санхүүжилтийг нь шат дараатайгаар шийдвэрлэх гарцаа олчихсон байсан төмөр замыг ийн түр хойш тавьж байгаа нь үндсэн хоёр шалтгаантай хэмээн ЗТХ-ийн сайд Б.Энх- Амгалан тайлбарлажээ. Албан ёсны тайлбараар бол юун түрүүнд хил дээр Хятадын төмөр замтай холбогдох цэг зөрсөн, үүнийг шийдвэрлэхэд цаг хугацаа шаардлагатайгаас гадна нарийн технологи бүхий гүүрэн далан барих эсэх гээд шийдэх асуудал байгаа аж. Үүнээс гадна Гашуунсухайт-Ганцмод боомт дээр тулж ирсэн Хятадын талын төмөр зам нь “Шенхуа” компанийн эзэмшил бөгөөд компанийн өмчлөл бүхий төмөр замд Хятадын Засгийн газартай тохирсон дамжин өнгөрөх тээврийн хөнгөлөлт үзүүлэх хэлэлцээр үйлчлэх нь тодорхойгүй байна хэмээн Б.Энх-Амгалан сайд ярилцлагадаа онцолжээ.

Гашуунсухайтын төмөр зам дээр үүсэж байгаа өөр нэг асуудал бол Хятадын “Шенхуа” компанийн сонирхол юм. Тус компани анхнаасаа Тавантолгойн ордыг сонирхож ирсэн байдаг. Өнөөдрийн баримталж байгаа концепцоор “Эрдэнэс Тавантолгой” олон улсын бирж дээр хувьцаагаа гаргавал “Шенхуа” зэрэг сонирхож байсан олон компани хаалга мөргөх болно. Тиймээс ч “Шенхуа”-гийн хувьд нүүрсний ордоос гадна төмөр замд хувь эзэмших сонирхлоо илэрхийлж ирсэн. Нэгэнт нүүрсний гол худалдан авагчаа “гомдоож” болохгүй учир Гашуунсухайтын төмөр замыг “Шенхуа”-д үлдээж байж ч магадгүй юм.

Байгаа хэдэн төгрөгөө хамгийн эхэлж ашгаа өгөх дэд бүтцэд зарцуулж, тэндээс хэмнэсэн мөнгөө бусад төслүүддээ зарцуулах нь угтаа хамгийн оновчтой, ухаалаг шийдэл юм

Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг эхэлж барьвал эдийн засгийн хувьд үр ашиг хамаагүй өндөр байх нь ойлгомжтой юм. Далан шорооны ажил бараг дууссан уг төмөр замыг цэргүүдээр, км-г нь нэг сая ам.доллараар барих боломж бий. Ядаж л Зүүнбаян чиглэлээс хоёр дахин бага хугацаа, хоёр дахин бага хөрөнгө орно. Төмөр зам ашиглалтад орсны дараа нэг тонн нүүрс тутмаас ойролцоогоор 20 ам.доллар хэмнэх боломж “Эрдэнэс Тавантолгой”-д бий. Тус компани 10 сая тонн нүүрс экспортоллоо гэхэд зөвхөн тээврийн зардлаас 200 сая ам.доллар буюу 530 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн үг. Үүн дээр ашгийг нь нэмбэл Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих мөнгийг уртдаа хоёр жилдээ л “Эрдэнэс Тавантолгой” олно.

Тавантолгойгоос Гашуусухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын аль нь илүү ашигтай вэ хэмээн жинлээд тавьбал Гашуунсухайт чиглэл нь эдийн засгийн ач холбогдол, дараа дараагийн төмөр замын санхүүжилт олох талаасаа илүү чухал гэдэг нь харагдана. Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь хэвтээ тэнхлэгийн төмөр замын эхлэл, бусад ордуудын бүтээгдэхүүний тээврийг шийдвэрлэх, Сайншанд хүрч, улмаар 5 замын уулзвар болох талаасаа чухал ач холбогдолтойг үгүйсгэх нь нэгэнт утгагүй.

Оюутолгойгоос эхлээд ашиглагдаж хараахан эхлээгүй байгаа том, дунд олон төслийн тээврийн асуудлыг шийдэж, эдийн засгийн эргэлтэд ороход дэмжлэг болох нь дамжиггүй.

Гэхдээ байгаа хэдэн төгрөгөө хамгийн эхэлж ашгаа өгөх дэд бүтцэд зарцуулж, тэндээс хэмнэсэн мөнгөө бусад төслүүддээ зарцуулах нь угтаа хамгийн оновчтой, ухаалаг шийдэл юм. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр гэдэг. Нүүрсний үнэ байнга ийм өндөр байхгүй. Хятад улс ч Австралитай байнга асуудалтай байхгүй. Өнгөрсөн жилүүд ч шиг нүүрсний үнэ шалдаа буурсан, дэд бүтэц тавих хөрөнгө мөнгөгүйн зовлон энэ удаад алга. Засгийн газар нэгэнт шийдвэрээ гаргасан тул төмөр замаа хурдан тавих нь чухал байна. Гашуунсухайтын алдааг давтахгүй байх нь хамгийн чухал.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine