Компани

Б.Болд “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал болох магадлал өндөр

“Рио Тинто” группийн шинэ Гүйцэтгэх захирлаар томилогдох магадлалтай боломжит нэр дэвшигчид дунд Монголын Б.Болд байгаа талаар Блумберг мэдээллээ. Тус групп шинэ Гүйцэтгэх захирлыг групп дотроос болон бусад уул уурхайн компанийн захирлууд дундаас эрэлхийлж байгаа аж. Хамгийн өндөр магадлалтай хүмүүсээр Newmont, Newcrest Mining, South32 зэрэг уул уурхайн дэлхийн топ компаниудын Гүйцэтгэх захирлуудтай зэрэгцэн “Рио Тинто”-гийн Эрдсийн группийн захирал Б.Болдын нэр яригдаж байна. “Рио Тинто”-гийн ТУЗ-ийн дарга Саймон Томпсон “Одоогийн нөхцөл байдлыг зохицуулах ур чадвартай, компанийн нэр хүндийг өргөх, олон нийтийн итгэлийг олж авах нэр дэвшигчдийг эн тэргүүнд авч үзнэ” хэмээн онцолсон байна.

Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак ирэх оны гуравдугаар сард албан тушаалаасаа огцрохоор болсон. Баруун Австралийн төмрийн хүдрийн уурхайд тэсэлгээ хийх үеэр нутгийн иргэдийн олон мянган жил тахиж ирсэн агуйг сүйтгэсэн нь Австралийн Засгийн газар болон нутгийн иргэдийн эсэргүүцлийг өдөөж, улмаар компанийн удирдлагууд огцроход хүргэсэн.

“Рио Тинто”-гийн өмнөх Гүйцэтгэх захирлуудын томилгоог харвал групп дотроос томилдог уламжлалтай. Тэр дундаа төмрийн хүдэр болон зэсийн группийн захирлууд ээлжлэн Гүйцэтгэх захирал болж байжээ. Ж.С.Жак Зэсийн группийн захирлаар ажиллаж байгаад 2016 онд Гүйцэтгэх захирал болсон бол түүний өмнөх Гүйцэтгэх захирал Сэм Уолш төмрийн хүдрийн группийн захирлаас 2013 онд дэвшсэн. Харин Том Албанези Зэсийн группт хайгуулын хэсгийг ахалж байгаад 2006 онд Гүйцэтгэх захирал болж байжээ.  

Б.Болдын хувьд 2013 онд “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Олон улсын үйл ажиллагаа хариуцсан Ерөнхийлөгчөөр анхлан томилогдож байсан бөгөөд 2015 оноос “Рио”-гийн орлогын цөмийг бүрдүүлдэг төмрийн хүдрийн группийн далайн тээвэр, маркентинг, борлуулалт хариуцсан захирлаар ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сард Эрчим хүч, эрдсийн группийн захирлаар томилогдож байсан юм. Түүний хувьд Жан Себастьян Жак-тай хамт Зэсийн группийг толгойлж байсан, төмрийн хүдрийн салбарыг маш сайн мэддэгээс гадна “Рио Тинто”-гийн стратегийг тодорхойлж, нүүрсний ордууд зэрэг үр ашиг багатай төслүүдээс татгалзаж, ирээдүйд илүү үнэ цэнтэй байх эрдсийн нөөцийг бий болгох ажлыг гүйцэтгэж байсан гэдгээрээ “Рио Тинто”-г удирдах магадлал илүү байх нь гарцаагүй юм. Түүнчлэн Англид олон жил банк санхүүгийн салбарт ажиллаж байсан гэдэг нь ч чухал нөлөө үзүүлэх боломжтой юм.

“Рио Тинто” компани нь 2019 оны байдлаар 79 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, 43 тэрбум ам.долларын орлоготой, дэлхий даяар 47 мянган ажилтантай бөгөөд уул уурхайн салбарын нээлттэй хувьцаат компаниуд дунд зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд хоёрдугаарт ордог компани юм.  



Сэтгэгдэлүүд
  • chingsin udam
  • [182.160.38.183]
  • 2020-09-17 21:13

chingsiin ur sad uneheer lag bn. baharhaj bain.

Шинэ дугаар 2020/08-09

Нүүрсний уналт, алтны галзуурал

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine