Бодлого - Гэрээ

Том компани ба сумын Засаг даргын харилцаа

2019 | April | 018

 

Байгалийн баялаг ихтэй улс орнууд төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж хүрэлцэхгүй байгаа ачаанаасаа уул уурхайн компаниудтай хуваалцах нэгэн арга олсон нь олон талаар ашиг тусаа өгсөн байдаг. “Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ” гэх энэхүү аргыг Монгол Улсад нутагшуулахаар 2015 оноос хуульд албан ёсоор тусгаж, улмаар хэрэгжүүлж эхэлсэн. Харамсалтай нь энэ нь шийдэл бус харин ч ирээдүйд тулгарах хамгийн том асуудал болж мэдэхээр байна.

Энэхүү асуудлыг Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний зохицуулалт, хэрэгжилт, үр нөлөө сэдэвт хэлэлцүүлгийн үеэр тал бүрийн оролцогчдын төлөөлөл цуглаж нухацтай мэтгэлцсэн юм. Хамгийн анхны бөгөөд хамгийн амжилттай туршлага нь Өмнөговь аймагт “Оюутолгой” ХХК-тай байгуулсан Хамтын ажиллагааны гэрээ. Олон талын оролцоотой, том төслийг түшиглэн байгуулсан гэрээний хүрээнд Өмнөговь аймагт жил бүр таван сая ам.долларын хөрөнгө оруулалтыг “Оюутолгой” ХХК-иас хийдэг. Хөрөнгө оруулалтаар хийж, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг сонгон шалгаруулах, хяналт тавих, тайлагнах үүргийг орон нутгийн удирдах байгууллагатай хамтран байгуулсан “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” ТББ хүлээж буй. Энэ гэрээ нь Даланзадгад, Ханбогд сумын амьдралын хэв маяг, бизнесийн орчинг ихээхэн сайжруулсан гэж бүх оролцогч тал үздэг юм. Тийм ч учраас “Оюутолгой” ХХК-ийн зүгээс энэхүү туршлагаа Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бусад компанитай хуваалцах дуртай байдаг.

Гэхдээ өөр аймаг, суманд энэ жишгээр Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хэрэгжүүлэхэд уг загвар арай “томдож” байна. “Заамар нутгийн хөгжлийг дэмжих сан” ТББ-ыг байгуулсан тухай Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Б.Самбуу бахархалтайгаар ярьж байна. Энэхүү санг байгуулахдаа “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” ТББ- ын туршлагаас нэлээд суралцаж, хуулийн зөв гаргалгаагаа олж авсан тухай өгүүллээ. “Уул уурхайн компаниудаас татан төвлөрүүлэх хөрөнгөд босго үнэ тогтоосон. Тухайлбал, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компаниудаас багадаа 100 сая төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрөлтэйгөөс нь 50 сая төгрөг авч байна. Энэ нь их мөнгө юм шиг санагдаж болох ч тэдний газрын хэвлийн баялгийг борлуулж олж буй орлоготой харьцуулбал өчүүхэн юм” хэмээн Б.Самбуу дарга ярив.

Орон нутгийн гэрээг зохицуулалтгүй орхисон нь, эсвэл орон нутгийн удирдлагуудад дор бүрнээ менежмент хийхэд хангалттай хуулийн цоорхой гаргаж өгсөн

Гэтэл Ховдод өөр нэгэн туршлага хэрэгжүүлж, басхүү “сайн”, “зөв” гэгдэх өөр сангийн тухай ярих нэгэн Заамарын Засаг даргын арга нь буруу байгааг шүүмжлэв. “Хөшөөт хөгжил сан” нь зорилго, агуулга нь дээрхтэй ижил боловч орон нутгийн захиргаа төрийн бус байгууллага байгуулан түүгээрээ компаниудаас хөрөнгө татаж зарцуулах нь нэгдүгээрт авлигын шинж чанартай, хоёрдугаарт хяналтаас гадуур захиран зарцуулдаг төсөвтэй болж байгаа нь хуульд нийцэхгүй” хэмээн Ховд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Х.Баасанхүү ярилаа. Ховд аймаг Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн Ко” ХХК-тай байгуулсан гэрээний хүрээнд “Хөшөөт хөгжил” санд санхүүжилт төвлөрүүлдэг бөгөөд гол ялгаа нь хөрөнгийг аймгийн төсөвт нэтгэж зарцуулалтыг ИТХ- аар хэлэлцүүлж, батлуулдаг байна.

Үүний хажуугаар Хамтын ажиллагааны гэрээг аймгийн захиргаатай байгуулах нь уурхайн нөлөөллийн бүсэд амьдарч байгаа иргэд болон тухайн сумын хөгжилд өгөөж муутай байна гэсэн шүүмжлэл гарч ирэв. “Манай суманд үерийн далан барих хэрэгтэй байна гэж санал явуулаад байхад хүүхдийн тоглоомын талбай байгуулсан” гэж Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Нарантөгс хэлэв. “Сонсох ажиллагаа хангалттай явуулахгүй байна. Хэдийгээр дүрэм, журмын дагуу сонсох ажиллагаа явуулах ёстой ч, хэлбэр төдий байна” хэмээн тэрбээр үргэлжлүүлэн шүүмжиллээ.

Аймагт эрх мэдлийг өгснөөр суманд хангалттай мөнгө хуримтлагддаггүй хэмээн Б.Самбуу мөн Хамтын ажиллагааны гэрээг Аймгийн ЗДТГ-тай байгуулахын эсрэг байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр энэ жил зарим компаниас “Заамар нутгийн хөгжлийг дэмжих сан”-д мөнгө авч чадахгүй байгаагаа хэлээд “Заавал авна” гэв.

Ер нь л Хамтын ажиллагааны гэрээг орон нутгийн “захирагч” нар хээрээс олсон шуудайтай мөнгө гэж хараад байх шиг. Х.Баасанхүүгийн үзэж байгаагаар “Хэлэлцээрийн ширээний ард том баг суух тусам аа том дүнтэй хэлцэл хийж чадах” аж. Сүхбаатар аймагт бүр төвлөрүүлсэн мөнгөө Орон нутгийн хөгжлийн санд нэгтгэж байгаад жижиг дунд үйлдвэрлэлийн зээл болгон арвижуулах оролдлого хүртэл хийж ээ. Гэвч энэ нь Авлигын эсрэг хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж байсан учир тэгсгээд зогсоосон байна.

Ховд аймгийн туршлагаар санд хуримтлагдсан хөрөнгийн 30 хувийг уурхайн үйл ажиллагаа явуулж буй суманд, үлдсэнийг бусад сум, багт тэгшитгэж хуваарилдаг байна. Үнэхээр л аймгийн удирдлагад эрх мэдлийг олговол илүү үр ашигтай зарцуулах болов уу гэтэл бас хараахан тийм биш бололтой. Булган аймгийн жишээг авч үзвэл “Өгөөж баян хангай” ХХК 2016 онд Бүрэгхангай сумын ЗДТГ-тай байгуулсан Нийгмийн хариуцлагын гэрээнд “Шинээр баригдсан орон сууцны хотхоныг нэгдсэн халаалт, цэвэр ус, ариутгах татуурганд холбох”, “Хуучин халуун усны барилгыг чийрэгжүүлэх фитнес төв болгон тохижуулж, халаалт, цэвэр бохирт холбох” зэрэг дөрвөн ажлыг нийт 63 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр тохиролцсон байна. Дараа жил нь Булган аймгийн ЗДТГ-тай Орон нутгийн хөгжлийг дэмжих Хамтран ажиллах гэрээг байгуулжээ. Гэвч энэ гэрээ нь илүү олон нарийн зүйл заалттай боловч ганцхан Булган аймгийн 80 жилийн ойг угтаж “Аймгийн бага нэвтэрхий тольд нэмэлт оруулж, шинэчлэн хэвлүүлэх” ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцсон бөгөөд төсөвт өртөг нь ч тодорхойгүй.

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)- ын тайлагналыг системчлэх ажилтай холбогдуулан эрдэс баялгийн салбарт ил тод байдлыг өргөжүүлэх нэгэн санаачилгын ачаар бид одоо орон нутагт байгуулсан гэрээнүүдийг үзэж, шалгах боломжтой болсон. Одоогоор iltodgeree.mn вебсайтад 436 гэрээг байршуулаад байна. Эдгээр гэрээг болон бусад нуугдмал гэрээг ил тод болгон судлах нь энэхүү ээдрээт харилцааны нарийн учрыг олж зохицуулахад үнэтэй мэдээлэл болох юм.

Тэгэхээр орон нутгийг гэрээг зохицуулалтгүй орхисон нь, эсвэл орон нутгийн удирдлагуудад дор бүрнээ менежмент хийхэд хангалттай хуулийн цоорхой гаргаж өгсөн нь эцэстээ ихээхэн цэгцгүй, ойлгомжгүй, хяналтгүй байдал бий болгоод байна.

Дээрх туршлагууд нь дор бүрнээ давуу талтай, тодорхой түвшинд дэвшил гэж хэлж болох ч аль ч тохиолдолд сайн эсвэл муу үр дагавар дагуулах эсэх нь тухайн сум, аймгийн удирдлага хэр их хүсэж байгаагаас ихээхэн хамааралтай байна. Дээрээс нь олон сумын хил дамнасан төслүүдэд асуудал бүр ч хүндрэлтэй сэдэв болохоор байна.

Уул уурхай бүхий орон нутгийн эрх мэдэлд удахгүй улам их хөрөнгө төвлөрнө. Энэ жилээс хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50 хувийг тухайн орон нутгийн төсөвт төвлөрүүлж эхэлж байгаа бөгөөд үүнийг ирэх жил 100 хувь болгож, стратегийн ордуудаас бусад АМНАТ-ийн 10 хувийг тус тус орон нутагт олгодог болно. Иргэд болон уурхайчдын хувьд энэ хөрөнгө мөнгө нийтийн сайн сайхны төлөө, нэн чухал ажилд зарцуулагдаасай гэж хүсэж байгаа. Ингэвэл орон нутгийн удирдлага болон иргэд, компани хоорондын зөрчил зөөлөрч, ойлголцол бий болж, шийдэлд хүрэхэд улам хялбар болно. Харамсалтай нь хөрөнгө оруулалт нүдээ олж байна уу хянах, хөрөнгө оруулалтын шийдвэрт нөлөөлөх боломж орон нутгийн иргэдэд алга. Тиймээс асуудлыг төр ахин нухацтайгаар авч үзэж ээдрээт харилцааг илүү тодорхой, нарийн журамлах шаардлагатай болжээ.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine