Компани

Жан Себастьян Жакийг "Рио Тинто"-гийн Гүйцэтгэх захирлаас чөлөөлнө

"Рио Тинто" группийн ТУЗ хуралдаж Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жакийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа. 

ТУЗ-ийн хурлын шийдвэрийн мэдэгдэлд дурдсанаар “Харилцсан тохиролцсоны үндсэн дээр Ж.С.Жак нь группийн Гүйцэтгэх захирлын албанаас огцрохоор боллоо. Түүний оронд томилогдох хүнийг тодруулах ажил үргэлжилж байгаа. Энэ хугацаанд буюу 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ж.С.Жак өөрийн ажлыг үргэлжлүүлэх боломжтой. Ингэснээр “Ковид-19”-ийн үед манай группийн дэлхий даяарх үйл ажиллагааны өндөр гүйцэтгэлийг хадгалж бизнесийн тасралтгүй байдлыг хангах болно” гэжээ.

Жан Себастьян Жак “Рио Тинто" Группийн Гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш группийн зах зээлийн үнэлгээ хоёр дахин өсөөд байгаа

Түүнээс гадна Төмрийн хүдрийн группийн Гүйцэтгэх захирал Крис Салисбури болон “Рио Тинто" группийн Компанийн харилцаа хариуцсан захирал Симоне Нивен нарыг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. 

Төмрийн хүдрийн группийн захирлаар “Рио Тинто" группийн Төмөр зам, боомт болон үндсэн үйлчилгээ хариуцсан захирал Иван Велла томилогдож буй аж. Мөн "Рио Тинто" групп бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж нийгмийн баталгааг хангах чиг үүргийг шинээр бий болгосон нь олборлолтын явцад түүхэн өвийг хамгаалах туршлага, олон нийтийн хяналтыг бэхжүүлэх зорилготой ажээ. 

"Рио Тинто" группийн ТУЗ-ийн дарга Саймон Томпсон “Жууканд тохиолдсон зүйл бол буруу байсан учраас бид ийм онцгой археологи, соёлын ач холбогдол бүхий өвийн дурсгалт газрыг Рио Тинтогийн үйл ажиллагааны үеэр хохирох явдлыг дахин хэзээ ч давтахгүй байхыг эрмэлзэнэ. Бид мөн Пууту Кунти Куррама, Пиникура ард түмэн болон бусад уугуул нутгийн эздийн итгэлийг эргүүлэн олж авахыг эрмэлзэнэ. Хувь хүнд хариуцлага тооцох тал дээр дутагдалтай байгаа нь Группийн олон нийтийн итгэлийг дахин олж авах чадавхыг сулруулж байна гэсэн оролцогч талуудынхаа шүүмжлэлийг бид хүлээн авч, ТУЗ-ийн мэдэгдэлд дурдсан өөрчлөлт, шинэчлэлийг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллана" гэсэн байна. 


Мөн “Группийн Гүйцэтгэх захирлаар ажилласан хугацаандаа манлайлагчийн хүчтэй ур чадвараа харуулж, "Рио Тинто"-гийн түүхэнд аюулгүй ажиллагааны хамгийн сайн үзүүлэлтүүдийг авчирсан  Ж.С.Жакт талархлаа илэрхийлье. Компанийн хөрөнгийн удирдлагыг хялбаршуулж, нүүрсний төслүүдээс татгалзаж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тодорхой стратеги боловсруулж хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг нэмэгдүүлсэн. Ялангуяа “Ковид-19” цар тахлын үеэр түүний удирдлага үлгэр жишээ болсон.” гэдгийг онцлоод Крис, Симоне нарт талархаж байгаагаа давхар илэрхийлжээ. 

Жан Себастьян Жак нь 2016 оны долдугаар сараас “Рио Тинто" группийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд энэ хугацаанд группийн зах зээлийн үнэлгээ хоёр дахин өсөж, 161 тэрбум австрали доллар болоод байна. ТУЗ-ийн шийдвэрийн дараагаар Австралийн хөрөнгийн бирж дээр компанийн хувьцааны ханшид огцом өөрчлөлт гараагүй бөгөөд нэгжу хувьцааны ханш 0.7 хувиар буурч 99.7 австрали доллараар арилжаалагдаж байна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine