Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2020 оны эхний долоон сарын гүйцэтгэлээр 5,761.6 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 1,024.3 тэрбум төгрөг буюу 15.1 хувиар буурсан байна.
Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 1,084.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 750.9 тэрбум төгрөг буюу 40.9 хувиар буурсан байна.
Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулав.
2020 оны эхний долоон сард уул уурхайн бүтээгдэхүүний экспорт тоо хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалж 101 сая ам.доллараар, үнийн өөрчлөлтөөс шалтгаалж 358 сая ам.доллараар буурсан байна. Үүнд, чулуун нүүрс, зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ болон үнийн өөрчлөлтөөс шалтгаалж 1,232 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ. Харин алтны экспорт нь тоо хэмжээний өсөлттэй холбоотойгоор өнгөрсөн оны мөн үеэс 884 сая ам.доллараар өссөн байна.
Өмнөх сартай харьцуулбал, зэсийн үнэ 11 хувиар, төмрийн хүдэр таван хувиар тус тус өсжээ. Чулуун нүүрсний экспортын хилийн үнэ долдугаар сард 74 ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 17 хувиар, өмнөх сараас есөн хувиар буурсан байна.
Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 18.8 хувийг бүрдүүлж байна.
2019 © Asia Mining Magazine