Зах зээл - Ковид-19

Хятад хямд зардлаар их хэмжээний таваар нөөцөлж байна

Дэлхийн зах зээл дээр газрын тос, байгалийн хий, нүүрс зэрэг эрчим хүчний түүхий эдийн ханш хямд байгаа үед БНХАУ-ын импорт өссөн үзүүлэлттэй байгааг тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. 

Энэ оны эхний найман сарын байдлаар Хятад улс 368 сая тонн газрын тос импортолсон нь жилийн өмнөхөөс 12.1 хувиар өссөн бол хилийн дундаж үнэ нь тонн тутамд 2306 юань буюу 337.6 ам.доллар орчим байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 30.1 хувиар буурсан үзүүлэлт юм. 

Байгалийн хийн хувьд тус улсын импорт 3.3 хувиар өсөж 65.1 сая тонн хүрчээ. Харин нэгж бүтээгдэхүүний ханш оны эхний найман сард 18.1 хувиар унаж 2,450 юань/тонн болсон байна. 

Түүнчлэн Хятад улс энэ хугацаанд 221 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар өссөн дүн ажээ. Үнийн хувьд оны эхний найман сарын дундаж ханш тонн тутам нь 494 юань байсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.4 хувиар хямд аж. Энэхүү өсөлт нь хүлээгдэж байснаас буюу 2019 оны импортын өсөлт болох 6.3 хувиас хавьгүй бага байгаа нь тус улсын эрх баригчид байгаль орчны бохирдлыг бууруулж, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх бодлогын хүрээнд нүүрсний импортыг хязгаарлаж ирсэнтэй холбоотой хэмээн хөндлөнгийн шинжээчид дүгнэж байна. Түүнчлэн дотоодын нүүрсний олборлолтыг дэмжих бодлого ч мөн нөлөөлсөн аж. 

“Ковид-19” цар тахлын улмаас олон улс орон аж үйлдвэрийн томоохон зардлуудаа царцаасан нь томоохон импортлогч Хятад улсад олон төрлийн таваарыг хямд үнээр импортлох боломж олгож байна гэдгийг шинжээчид онцлон тэмдэглэжээ. 

“Хятад улс нь одоогоор бараг цорын ганц худалдан авагч болоод байгаагийн хувьд олон төрлийн импортын барааны үнийг тогтоход том нөлөө үзүүлж байна” хэмээн “Central China”-ийн молибденийн зах зээлийн шинжээч хэлжээ. Гэхдээ “Энэ нь дотоодын нийлүүлэгчдийн орлогод мөн дарамт болж байна” хэмээн тэрбээр онцолсон байна. Молибден нь сайн чанарын ган үйлдвэрлэхэд болон газрын тос, хий дамжуулах хоолойн сүлжээнд тодорхой хэмжээгээр шаардагддаг бүтээгдэхүүн юм. 

“Энэ оны тодорхойгүй нөхцөл байдлын бодит тусгал нь Хятад улсыг харьцангуй таатай ханшаар газрын тос, байгалийн хий импортолж, нөөц бүрдүүлснээр цахилгаан үйлдвэрлэлийн гол эх үүсвэр болдог нүүрсний хамаарлыг бууруулж, цэвэр эрчим хүч рүү шилжихэд тус дөхөм болж байна” хэмээн “Mysteel Global” онцолжээ.

Хятадын Эрчим хүчний судалгааны нийгэмлэг болон Хятадын эрчим хүчний үндэсний газраас эрхлэн гаргасан “Хятад улсын эрчим хүчний зах зээлийн төлөв 20016-2030” тайланд дурдсанаар тус улс энэ онд эрчим хүчний хэрэглээн дэх нүүрсний эзлэх хувийг 60 хувь, 2030 онд 49 хувь болгож бууруулах зорилт тавиад байгаа юм. 

Газрын тос, хийн нөөцийг тогтвортой бүрдүүлж байгаа нь эргээд газрын тос, хий дамжуулах хоолой, агуулах сав үйлдвэрлэхэд шаардлагатай өндөр зэрэглэлийн гангийн эрэлтийг өдөөх магадлалтай гэж салбарын шинжээчид дүгнэж байна. 

Хэдийгээр ойрын хугацаанд гангийн хэрэглээ буурах төлөв ажиглагдаж байгаа ч, Хятад улс ирэх 10 жилийн хугацаанд эрчим хүчний үйлдвэрлэлд ус, салхин үүсгүүр, цөмийн технологийг түлхүү нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа нь мөн сайн чанарын гангийн томоохон эрэлтийг үүсгэнэ гэдгийг  “Central China”-ийн шинжээч тэмдэглэжээ.

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine