Эдийн засаг - Үйл явдал

2020 оны хамгийн том айдас популист Засгийн газар

Шинэ эдийн засгийн форумын эдийн засагчдын цаг “Дараагийн хямралд Монгол Улс бэлэн үү?” сэдэвт хэлэлцүүлгийг тоймлон хүргэж байна.

Н.Золжаргал: “Дараагийн хямралд Монгол Улс бэлэн үү” гэхээр баталгаатай хямрал болох ч юм шиг. Ер нь хямрал болох нь баталгаатай юу, үгүй юү гэдэгт оролцогчид маань товчхон хариулаад хэлэлцүүлгээ эхэлье.

Ч.Хашчулуун: Миний бодлоор 2020 онд манай дотоодын эдийн засагт нэг том сорилт байгаа нь УИХ-ын сонгууль. Сонгуулийн дүн гэхээсээ илүү процесс нь янз бүрийн таагүй үр дагавар авчрах эрсдэлтэй. Учир нь сонгууль ойртохоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шүүмжилж, оноо цуглуулах гэсэн хүмүүс их гарч ирдэг. Яг одоо бид ОУВС-тай байгуулсан гэрээгээ дүгнэх цаг болж. Төсвийн алдагдлыг багасгасан, валютын ханшийг тогтворжуулсан, Хөрөнгийн биржийн үнэлгээ хоёр дахин өссөн гэх мэт сайн мэдээ байна. Гагцхүү сонгууль дөхөхөд хэтэрхий их популизмд битгий автаасай.

Дэлхийн хямрал бий юү гэвэл Америк-Хятадын худалдааны асуудал чухал байна. Гэхдээ Хятад нь оюуны өмчийг дээдэлнэ гэх мэтээр мэдэгдэж байгаагаараа Америкийн өмнө хүлцэнгүй хандаж байх шиг. Тэгэхээр ойрын гурван жилдээ гайгүй болов уу.

М.Болдоо: Олон жилийн дунджаас харахад дэлхийн хямрал 4-10 жилийн мөчлөгтэй байна. Харамсалтай нь Монгол Улсын хямрал 1-2 жилийн л мөчлөгтэй. Энэ нь бизнесийг маш их зардалтай, эрсдэлтэй болгодог.

Банкны салбар ирэх гурван жилд эдийн засаг агшина гэсэн хүлээлттэй байна. Төсвийн алдагдал их хэмжээгээр нэмэгдсэн, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөөр нэлээд чангалах арга хэмжээнүүдийг авч байна. Тэгэхээр зээл олголт буурна гэсэн үг. Дээрээс нь улс төрчид зээлийн хүүг хязгаарлана, Валютын зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулж, хөрөнгийн хяналт тогтооно гэх мэтчилэн хуулийн төслийг санаачилж байгаа нь бизнесийг сааруулах хүчин зүйлс болж байна.

Х.Булгантуяа: Сүүлийн үед олон улсын томоохон байгууллагуудын хурал чуулган дээр хоёр асуудлыг л ярьдаг боллоо. Эхнийх нь эдийн засгийн хүндрэл бэрхшээл ойртож байна, нөгөө нь хиймэл оюун ухаан.

Монголын Засгийн газрын зүгээс уул уурхайн цикл 4-10 жилийн хугацаатай байдаг, дээрээс нь 21-24 онд томоохон төлбөрүүд хийгдэх хугацаа ойртож байгаа учраас бид өөрсдөдөө хямралд бэлэн байх ёстой гэдэг үүрэг даалгавар өгөөд ажиллаж байна.

Одоогоор 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлтэй нэгтгээд Өрийн удирдлагын менежментийн стратегийн баримт бичгийг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн бариад байна.

Н.Золжаргал: Ирэх жилийн улсын төсвийг боловсруулж байгаагийн хувьд зардлыг нэмж байна уу, хасаж байна уу?

Х.Булгантуяа: Зардал тал дээр томоохон өсөлт байхгүй. Хүлээлтээ багасгаад эхэлчихсэн.

С.Дэмбэрэл: 2021 онд дэлхийг хамарсан санхүүгийн хямрал болно гэж үзэж байгаа. Бусад орны эдийн засагчид янз бүрээр л бичиж байна. Хямралыг бид хоёр төрлөөр ойлгож байна. Эхнийх нь хоёр улирал дараалан эдийн засаг агшихад нэрлэдэг сонгодог ойлголт. Хоёр дахь нь, яг одоо Монголд бий болоод байгаа засаглалын хямрал.

Хямралд бэлэн үү гэвэл үгүй. Ямартай ч институц засаглалын тал дээр бэлэн биш байна. Түрүүлэгч индикаторуудыг үзэх юм бол Монголын томоохон бизнес эрхлэгчид болоод нийт бизнес эрхлэгчдийн санаа сэтгэл таагүй байна. Тэд засаглал, институцын реформыг чанартай хийгээч ээ, бид бизнесээ өргөжүүлж, өөд татмаар байна гэж хүсэж байна. Энэ дохиог засаг төр хүлээн аваад институц, засаглалын реформыг хийх хэрэгтэй.

Н.Золжаргал: Худалдааны дайн нь илүү том, эдийн засгийн хоёр системийн өрсөлдөөний тухай болж хувирч, нэлээд урт удаан үргэлжлэх процессын эхэнд бид байх шиг ээ. Хятадад автомашины борлуулалт буурч байхыг бид анх удаагаа л харж байна. Сүүлийн хоёр жилийн дотор Засгийн газар нь санхүүгийн системдээ байж болох хамгийн том дэмжлэгийг өглөө. Энэ нь эдийн засгийн өсөлтөд нь бодитой дэмжлэг болж байгаа нь ойлгомжтой ч сөрөг юм их гарах байх. Худалдааны дайн Хятадын эдийн засгийн өсөлтийг 0.3 хувиар сааруулна гэж хараад байгаа. Европын эдийн засаг бүр 0 рүүгээ ойртож байна.

Гэтэл бид Монголын эдийн засгийг арай өөрөөр хараад байдаг. Дэлхий нийтээр хямарч байгаа үед өсөлтийг 5-6, 7-8 хувь гэсэн түвшинд хүргэж чадах уу. Үүнд хүрэхэд юу садаа болох вэ. Бидний өмнө өөр ямар тулгамдсан асуудлууд байна вэ?

Ч.Хашчулуун: Ойрын үед бодлогын гурван зүйл дээр төвлөрөх нь чухал. Нэгдүгээрт, дэлхийн эдийн засгийн орчин таагүй болж байгаа нь үнэн. Манай гол экспорт урд хөрш рүү гардаг. Гэтэл логистикийн асуудал огт сайжрахгүй байна. Засгийн газар хилийн гарцын дэд бүтцийг сайжруулах төлөвлөгөөгөө эртхэн хийх шаардлагатай. Үгүй бол энэ нь манай уул уурхайн экспортыг “алж” байгаа ганц зүйл. Гашуунсухайт, Ханги-Мандалын боомт аль нь ч болно. Гол нь тулгамдсан асуудлуудаа яаралтай шийдэх хэрэгтэй.

Н.Золжаргал: Эскпортын орлогыг тогтворжуулах асуудал руу ороод байх шиг байна. Уул уурхайн мөчлөгийн доод цэгийг 2014-2015 онд харсан. Дараагийн доод цэг нь хэзээ вэ?

Ч.Хашчулуун: Ер нь нүүрс, төмрийн хүдрийн хувьд 2014- 2015 оны хямрал нь манай талаас харахад байгалийн юм шиг боловч Хятадын талаас харвал зохиомол шинж чанартай гэж боддог. Хятадын Засгийн газар гангийн салбараа аврахын тулд коксжих нүүрс, төмрийн хүдрийн үнийг бууруулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авсан нь манайд цохилт болсон. Дэлхийн зах зээлтэй маш сул хамааралтай.

Одоо Америк-Хятадын харилцаа муудах нь манайд сөргөөр нөлөөлнө гэдэг айдастай байгаа нь үнэн. Бид урд хөршийнхөө эдийн засгийг ямар том болчихсоныг ойлгох хэрэгтэй. Хойд хөрш ОХУ-ын эдийн засаг том боловч Хятадын Гуандун гэдэг нэг л муж нь түүнээс том эдийн засагтай болчихсон шүү дээ. Ийм үед Хятад эдийн засгийн өсөлтөө унагаахгүйн тулд маш их хэмжээний дэд бүтцийн төслүүдийг эхлүүлж байгаа. Тийм болохоор манай эрдэс баялгийн салбарт тийм муугаар нөлөөлөхгүй байх.

Н.Золжаргал: Экспортын хувьд тийм байж. “Оюутолгой” төслийн тухайд шийдэл байна уу?

Ч.Хашчулуун: Бизнесийн хэлцлийг сайжуулахыг хичээх эрүүл үзэгдэл. 10 жил хамтраад үзлээ, сайжруулах юм байхыг үгүйсгэхгүй. Дубайн гэрээнд ч засагдсан зүйл бий, 2011-2012 онд ч хүүг засаад тохируулаад явсан. Тохирч болохгүй юм гэж байхгүй. Харин хүчлэх нь зохимжгүй юм.

“Оюутолгой” бол зүгээр л үйлдвэрлэгч компани. Түүний хөрөнгө оруулагчид нь АНУ-ын Уол Стрийтэд бүртгэлтэй 26 том банк бий. Гэрээг нь “Рио Тинто”, Монголын Засгийн газар яаж хийсэн нь тэдэнд огт падлийгүй асуудал. Харин “Рио Тинто”, Монголын Засгийн газар хоорондоо муудалцаад, төсөл нь гацаад мөнгөө буцааж өгч чадахгүй бол “12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улс хэрэгжүүлж чадахгүй юм байна. Ер нь бол энэ газартай бизнес хийгээд нэмэргүй юм байна” гэсэн ойлголт газар авна.

Ямар ч байсан туйлын хүнд байдал бий боллоо. Намраас шүүхэд дуудагдвал манай эдийн засаг долоон хувийн өсөлт бодох ч хэрэггүй. Хасах руу ч орж мэднэ. Улс төрчид, УИХ-ын зүгээс гэрээ хэлцэл өөрчлөх санал, шахалт үзүүлж болно. Гагцхүү түүнийгээ бизнесийн соёлтой, бизнесийн зарчмаар л хийх хэрэгтэй. Заавал сонгуулийн өмнө дуусгах гээд байх ч шаардлагагүй. Хэдэн жил үргэлжилж болно шүү дээ.

М.Болдоо: Өнөөдрийн байдлаар банкны салбарт ойролцоогоор дөрвөн их наяд төгрөг зээл олгоогүй, чөлөөтэй байна. Энэ мөнгө нь банкны салбарт нийт байгаа хөрөнгийн 35 орчим хувь. Өөрөөр хэлбэл гурван төгрөг тутмын нэг нь эргэлтэд орохгүй Төв банкны үнэт цаасанд байршиж байгаа. Энэ нь нэг талаас эрсдэл их байгаагийн буюу банкууд зээл олгохоос айж байгаагийн шинж тэмдэг.

Хоёрдугаарт, энэ их хөрөнгийг хэт олон банк санхүүгийн байгууллагад тараан байршуулсны илрэл. 13 банк, 500-аад ББСБ, хадгаламж зээлийн хоршоо, 100 гаруй брокерийн пүүс гээд маш олон жижиг байгууллагад Монголын жижиг эдийн засгийн хөрөнгө таран байршсанаас болоод том хэмжээний төслүүдийг санхүүжүүлж чадахгүй байна. Дөрвөн их наяд төгрөг сул хэвтэж байгаа хэрнээ гадаадаас хөрөнгө мөнгө хайгаад явдаг бол санхүүгийн бүтцийн гажуудал.

Нөгөө талаар энэ дөрвөн их наяд төгрөгийг гүйлгээнд гаргах нь төгрөгийн ханшийг маш их сулруулна. Сулруулахгүй байя гэвэл валютын орлого орж ирдэг экспортын үйлдвэрлэлийг дэмжих. Наад зах нь Оюутолгой гэсэн том төслөөр улс төрчид оролдохгүй байх ёстой. Энэ төслийг оролдсоноороо Монгол Улсад орж ирэх валютын урсгалыг хааж байгаа хэрэг.

Айдас хүйдсийн тухай ярихад банкны салбарт нийт гурван их наяд төгрөг чанаргүй, хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд орсон байна.


Н.Золжаргал: Банкны нийт мөнгөний нөөц сүүлийн гурван жилд хоёр дахин өсчих шиг боллоо. 20-25 хувь нь эдийн засаг руугаа эргэж орохгүй Төв банк дээрээ хадгалагдаж байна. Энэ орон зайг төсөв бөглөөд байх шиг байна. Төсвийн зардал бүтээмжтэй, хувийн секторт хэрэгцээтэй, магадгүй ирж байгаа хямралаас урьдчилан сэргийлэх хэлбэрээр байж чадаж байна уу?

Х.Булгантуяа: Ч.Хашчулуун багшийн хэлсэнчлэн 2020 оны УИХ-ын сонгуулийг эрсдэл гэж харж байгаа. 2011 онд хэдийгээр эдийн засаг сайн байсан ч гэсэн хөрөнгө оруулагчид “Танай сонгуулийг харъя, тэр болтол судалъя” гэсэн зүйл ярьж байсныг тэр үед хувийн хэвшилд ажилладаг байсны хувьд сайн санаж байна.

2020 оны сонгуулиар популист улс төрчид сонгогдож, популист Засгийн газар бүрэлдвэл яах вэ гэсэн айдас, эрсдэл байна.

Монголбанк энэ хугацаанд ГВАН- ийг 3.5 тэрбум ам.доллар хүртэл нэмчихсэн, Засгийн газар зээлжих зэрэглэлээ сайжруулчихсан гэх мэтчилэн энэ боломжийг үргэлжлүүлэн авч явбал хэдийгээр зах зээл дээрх түүхий эдийн үнэ буурсан ч гэсэн боломж бололцоо бидэнд байгаа.

Дараагийн бас нэг том эрсдэл нь Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын Саарал жагсаалтад орчих вий гэдэг эрсдэл. Төрийн байгууллагууд хамтарч ажиллаж, ахиц дэвшил нэлээд гарч байгаа ч гэсэн энэ бол эрсдэл хэвээрээ байна.

Худалдааны түншүүд болох ОХУ, БНХАУ-тай харилцаа сайн байх эсэх нь манай нөхцөлд их зүйл шийддэг. Өдөрт ойролцоогоор нүүрсний экспортын 1200 машин хилээр гараад байвал төсвийн орлого нүүрс дээр хэвийн бүрддэг. Үүнээс цөөрвөл, эсвэл нэмэгдсэн ч түүхий эдийн үнэ унах юм бол төсвийн орлого хямарч эрсдэл үүснэ гэсэн үг.

Экспортын тухайд нэг асуудал бий. Үндэсний хөгжлийн газар дунд, урт хугацааны гол бодлогыг боловсруулдаг газар, санхүүжилтийг Хөгжлийн банк хийдэг, Гадаад харилцааны яам худалдааны гол гол хэлэлцээрийг хийдэг, Монголбанк дээр бүх урсгал, данс тооцоо нь нэгтгэгдэж байдаг гээд гадаад худалдааны асуудал хэд хэдэн газар тараад байршчихсан. Үүнд нэгдсэн бодлого, нэг удирдлага дутаад байна гэдгийг УИХ дээр нэлээд нухацтай хэлэлцсэн.

Зарим улсын Засгийн газар нь томоохон хэлэлцээрийг хийчихээд компаниуддаа квотоор нь хуваагаад өгчихдөг. Ийм нөхцөл байдал руу орохгүй бол манай компаниуд том компаниудын аманд ороод байна.

Н.Золжаргал: Зээлжих зэрэглэл сайн байгаа, бондуудыг бид дахин санхүүжүүлж чадна гэсэн байр суурь эргэлзээ төрүүлэхгүй юу? Гадаад эрэлт сулрахад дагаад манай валютын орлого багасах болохоор зээлжих зэрэглэл дагаад буурдаг. Сангийн яам дахин санхүүжилт хийгээд гарчихна гэж хүлээж байна уу эсвэл тодорхой хэсгийг нь бид төлнө гэсэн сонголт байгаа юу?

Х.Булгантуяа: Бүх сонголтыг нээлттэй байлгах хэрэгтэй. Хэрвээ нөхцөл байдал сайн байх юм бол бид заавал хугацааг нь тулгахгүйгээр дахин санхүүжүүлж болно. Ирэх жил ОУВС-гийн хөтөлбөрөө дүгнээд, зээлжих зэрэглэл ахиад өсөх юм бол сонгуулиас ч өмнө дахин санхүүжилт хийх боломж нээлттэй.

Өнөөдөр төсөв алдагдалтай байхад ашгаа цуглуулаад төлнө гэдэг бол хүндрэлтэй шүү дээ. Ялангуяа 2021 оны өр төлбөрийг төлөх боломжгүй.

УИХ маш олон хууль тогтоомж гаргах, хязгаарлах, хориглох, төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх замаар бизнест асар их хутгалдаж байна

Н.Золжаргал: Хямрал ирэх нь тодорхой юм байна. Бид ОУВС-тай гурван жил цуг амьдарлаа. Хэрэв би буруу сонсоогүй бол Монгол Улсын Засгийн газар энэ хөтөлбөрөө үргэлжлүүлье гэсэн байна. Ийм хэлэлцээр явагдаж байгаа юу?

Х.Булгантуяа: Одоогоор тийм хэлэлцээ хийгээгүй. Хөтөлбөрийг үргэлжлүүлье гэсэн хүсэлт тавиагүй. ОУВС-гийн хөтөлбөрт орох амаргүй. Маш олон бодлогын эрх мэдлээ алддаг. Гэхдээ нөгөө талаас өнөөдрийг болтол гаргасан амжилтыг дараагийн Засгийн газар, УИХ үргэлжлүүлээд явна гэсэн итгэл үнэмшил алга байна. Популист Засгийн газар гарч ирээд төсвийн зардлыг нэмээд явах юм бол өнөөдрийг хүртэл гаргасан амжилт, хуримтлуулсан мөнгийг үрэх шиг амар юм байхгүй.

Хөтөлбөрт байхын ганц давуу тал нь зардлыг замбараагүй нэмэхгүй шүү, төрийн албаны бүтцийг томруулахгүй шүү, гэх мэтчилэн олон хязгаарлалт тавиад, гурван сар тутамд ирж дүгнэлт хийгээд тайлагнаад явахаар хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийн хүсдэг тогвортой байдал бий болж байгаа юм. Үнэлгээний компаниуд ч тэр бараг бидэн дээр ирж ажиллах шаардлагагүйгээр үнэлгээ хийх боломжтой болж байгаа юм.

Н.Золжаргал: Надад бол нэг их итгэл төрөхгүй байна. 2019 оны төсвийг батлахад ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдчихсан, хяналттай байсан хэрнээ УИХ-ын чуулган дээр ороод л төсвийн зардал огцом өссөн. Хэрэв зөв зүйлд зарцуулагдаж байгаа бол, хямралыг сөрөхөд хэрэглэгдэж байгаа бол буруу биш. Гэтэл энэ удаад тэгж чадсан бил үү, дараа жилийн төсөв дээр чадах уу? гэдэгт би хувьдаа эргэлзэж байна. Санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулалтын чиглэлээр бид юу хийж чадах вэ, ямар хүндрэл тулгараад байна вэ?

С.Дэмбэрэл: Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Монголбанк Топ-100 аж ахуйн нэгжээс ямар хүлээлттэй байгааг нь сонсох ажлыг эхлүүлсэн. Түүнээс үзэхэд компаниуд энэ оны эдийн засгийг нэлээд эергээр харж, ажлын байраа нэмэгдүүлнэ, цалинг өсгөнө гэж хариулсан байсан. Гэвч надад нэг айдас байгаа нь сүүлийн үед эдийн засагт популизм нэлээд газар авлаа. Энэ үед бизнес, хөрөнгө оруулагчид болгоомжилж эхэлнэ. Монголдоо хөрөнгө оруулалт хийх үү, Сингапурт очиж амьдрах уу гэх мэт сонголттой тулгарна. Эдгээр хүчин зүйлийг бодох шаардлагатай.

Санхүүгийн салбарын хувьд 2019 оны эхний улирлаар арилжааны банкуудын нэгдсэн тэнцэл бага зэрэг өссөн байгаа ч өмнөх жилүүдийн хэмжээнд хүрэхгүй байна. Миний бодлоор ирэх хоёр жилд төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг удирдах нь нэлээд чухал ажил болно байх.

Худалдааны дайны ард худалдаа тэнцвэржиж байх ёстой гэсэн төөрөгдөл бий. Үүнийг Нобелийн шагналт эдийн засагч Уйлиам Нордхаус 5-6 аргументаар ёстой “будаа болгосон” байна билээ. Монголд ч гэсэн ийм популизмын санаа цухалзаад байгаа. Тэр популизм Төв банкны хараат бус бие даасан байдал руу асар хүчтэй довтолж байна. Жишээлбэл, зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтооно гэж байна. Ингэснээр юм сайхан болчих болов уу гэсэн нууцхан горьдлого бизнес эрхлэгчид тээж болохгүй. Огт үгүй, дандаа сөрөг үр дагавар авчирна. Төв банкийг ханшийг барь, валютын нөөцийг ихэсгэ, зээлийн хүүг тогтоо гэх мэт популизм Монголоор тэнүүчилж байна. Энэ нь бодлого болоод, хуульд ороод ирвэл 2019-2020 онд эдийн засаг уруудах болно.

Гадаадын хөрөнгө оруулалтын хувьд бид одоо болтол хөрөнгө оруулалтын орчноо сайжруулаагүй байна. Бидний өмнөөс гадаадын байгууллага хөрөнгө оруулалтын орчны реформ хийх замын зургийг боловсруулчихаад байхад яагаад барьж аваад реформыг эхлүүлж болохгүй байгаа юм.

Н.Золжаргал: 2019 онд бидэнд ямар эерэг хүлээлт байна вэ? Бид юуг анхаарах ёстой вэ, ямар эерэг хүлээлтүүд эвдэгдвэл бид санаа зовох ёстой вэ? Та нар ямар үйл явдлуудыг хүлээж байна вэ? Жишээлбэл, “Эрдэнэс Тавантолгой”-н IPO бидэнд чухал уу, түүнээс орж ирсэн мөнгийг юунд зарцуулах гэж байгаа вэ, “Оюу толгой” компанийн асуудлын хугарлын цэг нь хаана юм бэ?

Ч.Хашчулуун: Миний бодлоор 2019 онд эдийн засаг маш өндөр өсөлттэй жил болно. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төслүүдийн үр дүнг хангалттай харах байх. Маш олон дэд бүтцийн төслүүдийг идэвхтэй хэрэгжүүлэхийг хичээж байна. Мөн төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хэрэлдэхгүй л бол хөрөнгө оруулалт хэвийн явж байна.

Гэхдээ эрсдэл талаас нь харвал гурван зүйл байна. Хилийн гарц, логистикийн асуудал шийдэгдэхгүй орхигдчих вий. Тэр чиглэлээр юу хийж байгаа нь мэдэгдэхгүй байх юм. Бас Тавантолгойн цахилгаан станцын асуудал сонин байдалд орчихлоо. Уг нь сайн явж байсан төслийг болиулаад оронд нь өөр юм оруулах гээд байгаа нь цаг их алдаж байна. Орчин үеийн технологийн хөрөнгө оруулалт “лөөлөө” болох вий гэж айх юм.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO хийхийг үе үеийн Засгийн газар мөрөөддөг. Гэхдээ одоо цаг үе нь мөн үү. Ядаж хилийн гарцаа сайжруулаагүй, төмөр замаа бариагүй байж IPO хийвэл үнэ цэн нь уначихгүй биз. Тэгээд хөрөнгө оруулалтын төлөвлөгөө байна уу гээд үзэхээр эцэслэсэн нарийн төлөвлөгөө надад лав харагдаагүй. Хөрөнгө оруулалт татчихаад буцаад үр өгөөжөө өгч чадах уу гэдэг гол асуултад амархан уначихаар л харагдаад байна.

М.Болдоо: Дотоодын нийт бүтээгдэхүүн болон Үндэсний нийт бүтээгдэхүүний тооцоог хоёуланг нь зэрэг гаргахгүй яваад байгаа нь алдаа. Монголын нутаг дэвсгэр дээр шинээр бий болж байгаа үнэ цэнийн дийлэнх нь гадаадын өмчлөлтэй уул уурхайн компаниуд. Өөрсдөө үйлдвэрлээгүй том тоог төсөвтэйгөө харьцуулаад байгаа нь буруу. Үндэсний нийт бүтээгдэхүүнтэй харьцуулах юм бол төсвийн алдагдал хамаагүй их гарна.

УИХ маш олон хууль тогтоомж гаргах, хязгаарлах, хориглох, төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх замаар бизнест асар их хутгалдаж байна. Үүнийг Үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтөөр зогсоохгүй бол энэ чөтгөрийн тойргоос хэзээ ч гарахгүй.

Х.Булгантуяа: Бид хамгийн түрүүнд урд хилийн хоёр том боомтод 250 сая юанийн буцалтгүй тусламжаар хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Дээрээс нь улсын төсвөөс Гаалийн ерөнхий газарт техник технологийн шинэчлэл хийнэ. Энэ нь дэд бүтцийг шинэчлэх, сайжруулах томоохон хөрөнгө оруулалт болох байх. Дээрээс нь ГХЯ-наас Худалдааны төлөөлөгчийн газруудаа үр ашигтай ажиллуулж чадвал уул уурхайгаас бусад экспортлогчдод их том түлхэц болох учиртай.Өнгөтэй юмыг нь яривал цаашид юу хийж болохгүй вэ гэдэг хамгийн том сургамж. Хоёрдугаарт шинэ бодолтой, боловсролтой залуу үеийг дэмжих хэрэгтэй.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO бол бас нэг хүлээлт төрүүлж буй зүйл. Хоёр том орд зэрэг хөдөлснөөр эдийн засаг хоёр оронтой тоогоор өснө. Гэхдээ “Оюутолгой”-той ийм том асуудал үүсгэчихээд IPO гаргах амаргүй.

С.Дэмбэрэл: Бүх аж ахуйн нэгж төр засаг маань хөрөнгө оруулалтын тогтвортой орчин бүрдүүлэх нь үү гэж хүлээж, харж байгаа. Энэ хүлээлт биелбэл би эерэг зүйл гэж хэлнэ.

Хоёрдугаарт, Монгол Улс төсвийн орлого, валютын нөөцөө маш сайн нэмэгдүүлье гэж бодвол Эрдэнэт, Тавантолгой, АМГТГ-ын шугамаар байгуулагдаж байгаа бүх төрлийн экспортын гэрээнүүдийг ил тод болгож, тэдний гадаад валютын урсгалыг хяналттай болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компаниудад капиталын хэсэгчилсэн хяналт тавьснаар хулгай багасна, буруу ойлголтгүй болно, валют их орж ирнэ. Энэ нь хувийн хэвшилд ямар ч халгүй, харин ч сайн нөлөөлнө.

Өөрөө үндэсний тооцоо судалдаг хүний хувьд ДНБ, ҮНБ-ий хооронд онцын ялгаа байхгүй. Хамгийн гол асуудал нь өсөлтийн хүртээмж. Эдийн засгийн өсөлт найман хувь гарсан байхад компаниуд, эзэгтэй нар сэтгэл хангалуун байж чадаж байна уу гэж харах ёстой. Миний хувьд 2019 оны сүүлээр нөхцөл байдал жаахан эвгүйтэх байх.

Н.Золжаргал: Өмнөх хямралыг туулахад дунд нь явсны хувьд нэг тоо миний санааг хамгийн их зовоодог. Тэр нь урсгал тэнцэл. Энэ тоо одоогоор -15 хувь байна. Манай экспорт түүхэнд хамгийн сайн үзүүлэлтээ харуулж байгаа боловч энэ алдагдал сайн зүйл яав ч биш. 2013 онд -30 хувь даваад байх үед валютын зохицуулалт, санхүүгийн зах зээл, улсын төсөв гээд бүгдэд нөлөөлсөн. Энэ алдагдал үүнээс цааш битгий өсөөсэй, буурвал сайн хэрэг. Тэнцэлд хамгийн том нөлөө үзүүлэх нь Улсын төсвийн зардал юм.



Сэтгэгдэлүүд
  • Randolph Williams
  • [197.210.47.109]
  • 2019-10-15 07:49

Та бизнест яаралтай зээл хэрэгтэй юу эсвэл 3% -ийн хүүтэй төлбөрөө төлөх шаардлагатай юу? Бид хувийн зээл, бизнесийн зээл болон бусад хүмүүсийг боломжит хувь хүмүүс, компаниуд, хамтран ажилладаг байгууллагууд болон байгууллагуудад санал болгодог. Таны кредит оноо 5000 доллараас 20 доллар хооронд хэлбэлзэж байгаа эсэхээс үл хамааран доорх мэдээллийг бидэнтэй холбоо бариарай. И-мэйл хаяг: OCfinance01@gmail.com

  • Randolph Williams
  • [197.210.47.109]
  • 2019-10-15 07:50

Та бизнест яаралтай зээл хэрэгтэй юу эсвэл 3% -ийн хүүтэй төлбөрөө төлөх шаардлагатай юу? Бид хувийн зээл, бизнесийн зээл болон бусад хүмүүсийг боломжит хувь хүмүүс, компаниуд, хамтран ажилладаг байгууллагууд болон байгууллагуудад санал болгодог. Таны кредит оноо 5000 доллараас 20 доллар хооронд хэлбэлзэж байгаа эсэхээс үл хамааран доорх мэдээллийг бидэнтэй холбоо бариарай. И-мэйл хаяг: OCfinance01@gmail.com

  • Randolph Williams
  • [197.210.47.109]
  • 2019-10-15 07:50

Та бизнест яаралтай зээл хэрэгтэй юу эсвэл 3% -ийн хүүтэй төлбөрөө төлөх шаардлагатай юу? Бид хувийн зээл, бизнесийн зээл болон бусад хүмүүсийг боломжит хувь хүмүүс, компаниуд, хамтран ажилладаг байгууллагууд болон байгууллагуудад санал болгодог. Таны кредит оноо 5000 доллараас 20 доллар хооронд хэлбэлзэж байгаа эсэхээс үл хамааран доорх мэдээллийг бидэнтэй холбоо бариарай. И-мэйл хаяг: OCfinance01@gmail.com

  • RONALD SCOTT
  • [197.210.84.236]
  • 2019-11-14 02:25

та найдвартай зээл хүсч байгаа бол бид таны төлөө энд байна, бид найдвартай итгэж, сайн нэр хүндтэй.  бид 500 доллараас 35,000 доллар хүртэлх хүүтэй зээлийг ердөө 5% хүүтэй зээл олгодог.    Дараах үйлчилгээнүүд байна.      байшингийн зээл      автомашины зээл      бизнесийн зээл      гэрээний зээл      фермийн зээл      оюутны зээл гэх мэт. Сонирхож буй хүмүүс бидэнтэй rapidoloan@gmail.com хаягаар имэйл хаягаар ирүүлнэ үү    эсвэл +1 352 388 5486 дугаараар бидэнтэй whatsapp-тай холбогдоорой      өнөөдөр зээлээ аваарай.

  • RONALD SCOTT
  • [197.210.226.59]
  • 2019-11-27 08:56

та найдвартай зээл хүсч байгаа бол бид таны төлөө энд байна, бид найдвартай итгэж, сайн нэр хүндтэй. бид 500 доллараас 35,000 доллар хүртэлх хүүтэй зээлийг ердөө 5% хүүтэй зээл олгодог.   Дараах үйлчилгээнүүд байна.     байшингийн зээл     автомашины зээл     бизнесийн зээл     гэрээний зээл     фермийн зээл     оюутны зээл гэх мэт. Сонирхож буй хүмүүс бидэнтэй rapidoloan@gmail.com хаягаар имэйл хаягаар ирүүлнэ үү   эсвэл +1 352 388 5486 дугаараар бидэнтэй whatsapp-тай холбогдоорой     өнөөдөр зээлээ аваарай

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine