Компани

Оюу толгой Монголоос эрчим хүч худалдан авах гэрээ байгууллаа

“Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК болон “Оюу толгой” ХХК-ийн хооронд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд өнөөдөр гарын үсэг зурлаа. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес болон бусад албаны хүмүүс оролцсон юм. 

Гэрээг байгуулснаар дотоодын эрчим хүчний системээс Оюу толгой уурхайн цахилгааны зарим хэрэглээг хангах эрх зүйн орчин бүрдэж байгаа бөгөөд 13 мегавольт ампер /МВА/ суурилагдсан хүчин чадал бүхий дөрвөн дэд станцыг 35 кВ-ын хүчдэлийн түвшингээр цахилгаан эрчим хүчээр хангаж эхэлжээ.

Гарын үсэг зурах ёслолын үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Монгол Улсын Өмнийн говийн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудыг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдгээрийг  цахилгаан эрчим хүчээр хангах арга хэмжээг Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газраас 2008 оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн гэдгийг онцлоод “Өнөөдөр байгуулж буй гэрээгээр Монгол Улсаас албан ёсоор цахилгаан эрчим хүчээ авч эхлэх төдийгүй эдийн засагт эерэг үр дүн авчрах юм” гэв.

Харин ‘Оюу толгой’ ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Энэхүү гэрээг байгуулсан нь манай компанийн хувьд маш чухал үйл явдал болж байгаагийн зэрэгцээ дотоодоос авах эрчим хүчний хэмжээгээ нэмэгдүүлэх манай хүчин чармайлтын нэг илэрхийлэл болж байна” гээд цаашид ч “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын гэрээ”, “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын нэмэлт, өөрчлөлтийн гэрээ”-ний хүрээнд нөөц боломжуудыг эрэлхийлэн Эрчим хүчний яамтай үргэлжлүүлэн хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ. 

Оюу толгойн орд газрыг ашиглаж эхэлснээс хойш буюу 2013 оноос уурхай БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон /ӨМӨЗО/-ы эрчим хүчний системээс импортын цахилгаан эрчим хүч авч ирсэн билээ. 

Монгол Улсын Засгийн газраас Өмнөд бүс, говийн стратегийн орд газруудын цахилгааны хэрэглээг дотоодын эрчим хүчний системээс хангах зорилгоор 220 киловольт /кВ/-ийн гурван дэд станц, 670 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугам барьж дуусаад байна.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine