Эдийн засаг - Банк, санхүү

Уул уурхайн чанаргүй зээл их хэмжээгээр өсөв

2020  |  July - August   |  029

  •  Уул уурхайн салбарын чанаргүй зээл 22 хувь болж өсөв
  •  Зээл олголт нэмэгдээгүй байхад чанаргүй зээл буурахгүй байна

Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засаг 2020 онд 1.9 хувиар агшина гэж таамагласан. Харин Монголбанкны таамаг -0.9 хувь. Учир нь Монгол Улсын эдийн засаг эхний улиралд 10.7 хувиар агшсантай холбоотой. Үүний хамгийн том агшилт буюу долоон хувийн агшилт нь уул уурхайн салбарт үүсээд байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөвний нэгийг, экспортын 90 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбараас хамааралтай Монгол Улсын эдийн засаг эрдэс түүхий эдийн үнийн савалгаанд хэт эмзэг, мэдрэмтгий хэвээр байгаагаас гадна хөл хорио томоохон хүндрэл үүсгэж байна. 

“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон хөл хорио таван сар үргэлжилж байгаа нь бизнесүүдийн ашиг орлогод сөргөөр нөлөөлөхөөс гадна банкуудын зээлийн чанарт ч мэдрэгдэж эхлээд байна. Монголбанк бодлогын хүүгээ 9 хувь болгож, зээл олголтыг нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэнээс хойш дөрвөн сар өнгөрсөн ч зээлийн үлдэгдэл нэмэгдэх биш харин ч агшжээ. 

Нийт зээлийн үлдэгдэл өнгөрсөн оны сүүлээс хойш 919.5 тэрбум төгрөгөөр буюу 5.1 хувиар буурч 17 их наяд 13 тэрбум төгрөг болжээ. Зээлийн үлдэгдэл буурч байгаатай зэрэгцээд хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн хэмжээ ч өсөж байна. Харин нийт зээлийн багц дахь хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ оны эхний таван сард 323.8 тэрбум төгрөгөөр буюу 39.7 хувиар өсжээ. Өнгөрсөн оны эцэст хугацаа хэтэрсэн зээл 4.5 хувь, чанаргүй зээл 10.1 хувьтай байсан бол тавдугаар сарын байдлаар хугацаа хэтэрсэн зээл 6.7 хувь, чанаргүй зээл 11.5 хувь болж өссөн байна. 

Тэр дундаа уул уурхайн салбарын зээлийн багц хамгийн ихээр муудаж байгааг Монголбанкны статистикаас харж болно.

2019 оны эцэст уул уурхайн салбарын нийт зээлийн 70 хувь нь хэвийн зээл байсан бол 2020 оны тавдугаар сарын байдлаар 10 нэгж хувиар буурч, 60 хувь болжээ. Энэ нь барилга, үл хөдлөх хөрөнгө гээд бусад салбартай харьцуулахад огцом буурсан дүн юм.

Зээлийн чанарын муудалтыг салбаруудаар нь авч үзвэл уул уурхайн салбарт хамгийн том өөрчлөлт орж байна. Тус салбарын хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ оны төгсгөлд 73.8 тэрбум төгрөг буюу салбарын нийт зээлийн үлдэгдлийн есөн хувь байсан бол тавдугаар сарын сүүл гэхэд хоёр дахин нэмэгдэж 149.6 тэрбум төгрөг болж, нийт зээлийн үлдэгдлийн 13.1 хувийг бүрдүүлэх болжээ. Түүнчлэн уул уурхайн салбарын чанаргүй зээл хамгийн өндөр хувь буюу салбарт олгогдсон нийт зээлийн үлдэгдлийн 22 хувийг эзлээд байна. Удаах байранд боловсруулах салбар 21 хувь, барилгын салбар 14 хувийг эзэлж байна. Зээлийн дээрх статистикаас харахад хамгийн хүнд байдалтай байгаа салбар яах аргагүй уул уурхай болоод байна. 

Энэ талаар Монголбанкны зүгээс “Гол шалтгаан нь 2016 оны түүхий эдийн уналтаас үүдэлтэй чанаргүй зээл үргэлжилж, залгуулаад “Ковид-19”-ын нөлөө орсон. Уул уурхайн компаниуд банкнаас томоохон зээл авсан байдаг. Тэр нь төлөгдөхгүй бол мэдээж чанаргүйднэ. 2011 онд эдийн засаг эрчтэй өсөж, уул уурхайн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн хэдий ч тэрхүү хандлагыг хадгалж чадаагүйн улмаас санхүүжилт буурсан. Цаашлаад уул уурхайн компаниудад их хэмжээгээр зээл олгож байсны үр дүн юм. Нөгөө талаас зэс, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүнүүдийн үнэ дэлхийн зах зээлд өсөлттэй байгаа ч борлуулалт буурсан нь үүнд нөлөөлж байгаа.Тухайлбал, тавдугаар сарын гадаад худалдааны статистикийг харахад зэсийн хүдрийн экспорт 31 хувь, чулуун нүүрснийх 60 хувь, төмрийн хүдрийнх 84 хувь буураад байгаа нь уул уурхайн компанийн орлогод шууд сөргөөр тусаж байна. Орлого буурч тасарч байгаа тохиолдолд мэдээж үйл ажиллагааны зардлаа төлөх, зээлийн төлөлт хоцрох эрсдэл тулгарч байгаа болов уу” хэмээх тайлбарыг өгсөн юм.

Хэдий Монголбанк бодлогын хүүг он гарснаас хойш хоёр ч удаа бууруулж, 11 хувиас 9 хувьд хүргэсэн  ч уул уурхай болон боловсруулах, барилгын салбарын чанаргүй зээл өссөөр байна. Түүхий эдийн үнийн өсөлт манай улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байсан 2019 онд банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ улам өссөөр байсныг мөн энд цохон тэмдэглэмээр байна. Төлбөрийн тэнцлийн алдагдал, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэл, гадаад валютын ханшийн тогтворгүй байдлаас шалтгаалан чанаргүй зээлийн хэмжээ 2013 оноос тасралтгүй нэмэгдсээр ирсэн байдаг. Тэгэхээр Монголбанк мөнгөний бодлогынхоо хүүг нэг оронтой тоонд хүргэж бууруулсан ч үр дүнгээ төдийлөн өгөхгүй байгааг дээрх статистикаас харж болохоор байгаа юм.  

Зээлийн эргэн төлөлт нь 90 хоногоос дээш хугацаагаар хэтэрсэн бол чанаргүй зээл гэж банкны салбар үздэг. Нийт зээлд эзлэх чанаргүй зээл болон анхаарал хандуулах зээлийн хувь хэмжээг авч үзвэл 10 зээлдэгчийн нэг нь энэ ангилалд багтжээ. Уул уурхайн салбар өсөж хөгжөөд,  гадаад дотоодын хөрөнгө оруулалтаа  боломжийн түвшинд татаад явбал эдийн засгийн өсөлт бодит утгаараа бий болжээ гэж үзэж болно. Хэдийгээр олгогдсон нийт зээлийн есөн хувийг уул уурхайн салбар эзэлж буй нь бага мэт харагдавч маш их хөрөнгө мөнгө шаарддаг салбар гэдэг утгаараа зээлийн хэмжээ нь бусдаасаа өндөр. Тэр хэрээрээ эрсдэл үүрдэг, ажлын байр ч олноор бий болгодог салбар юм. Гэвч энэ салбарын чанаргүй зээл нэмэгдэхийн хэрээр банкнаас олгох зээлийн хэмжээ буурах, санхүүгийн зуучлал зогсонги байдалд орж, эдийн засгийн идэвхжилт сулрах, бодит секторын өсөлт хумигдах хандлага илэрдэг.

Банкуудын зээлийн статистикаас харахад зээлийн үлдэгдэлд өсөлт ажиглагдахгүй байна. Тэгэхээр банкууд зах зээл рүү мөнгө гаргах сонирхолгүй, бас итгэлгүй байгаагийн шинж бөгөөд бизнест мөнгө дутагдаж байна гэсэн үг. Банкуудын зээл гаргалт нэмэгдэхгүй байхад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлд бууралт ажиглагдахгүй байгаа нь асуудал үүсгэж болзошгүй юм. Тиймээс Засгийн газар болоод Монголбанкны бодлого үүн рүү чиглэх ёстой болов уу.   



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/08-09

Нүүрсний уналт, алтны галзуурал

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine