Эдийн засаг - Төсөв-2020

Уул уурхайн салбарын төсвийн орлогыг хагас их наядаар бууруулж тооцов

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцсэн чухал асуудлуудын нэг нь 2020 оны төсвийн тодотгол байсан. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлснээс өөрчлөлгүйгээр нийт тэнцвэржүүлсэн орлогыг 9.7 их наяд, нийт зарлагыг 14.6 их наяд төгрөг буюу 4.8 их наяд төгрөгийн алдагдалтайгаар баталсан. Энэхүү алдагдал нь ДНБ-ий 12.5 хувьтай тэнцүү байхаар тооцсон байна. 

Ингэснээр энэ оны батлагдсан төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2 их наяд төгрөгөөр буурууж, зарлагыг 700 тэрбум гаруй төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Орлогын бууралтад уул уурхайн салбарын орлого ихээхэн буурч байгаа нь голлон нөлөөлжээ. Энэ оны батлагдсан төсөвт олон улсын зах зээл дээрх цэвэр зэсийн үнийг тонн тутамд 5,991 ам.доллар, нүүрсний үнийг тонн тутамд 75-125 ам.доллар байхаар тооцож, уул уурхайн салбараас нийт 3.2 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцоолж байсан юм. 

Гэвч “КОВИД-19” цар тахлын нөлөөгөөр зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ огцом савлаж, энэ оны эхний хагаст зэсийн үнэ тонн тутамд дунджаар 5,489.6 ам.долларт хэлбэлзсэн. Мөн коронавируст халдвар (КОВИД-19)- ын цар тахлын нөлөөгөөр нүүрсний экспортын гол боомтуудаар нэвтрэх машины тоо буурч, эхний хагас жилийн байдлаар 8.7 сая тонн нүүрс экспортолсноор нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээ болох 42.0 сая тоннд хүрч чадахгүй нөхцөл байдал үүсээд буй. 

Иймд уул уурхайн салбарын орлого төлөвлөсөн хэмжээнээс 498 тэрбум төгрөгөөр буурч, 2.7 их наяд төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн нийт орлогын 26 хувийг бүрдүүлэхээр Сангийн яам тооцоолсон байна. 

Хэдийгээр уул уурхайн салбарын орлогыг бууруулж тооцсон ч эерэг төсөөллөөр төслийг боловсруулсан тал ажиглагдаж байна. Тухайлбал, БНХАУ-ын үйлдвэрлэл нэмэгдэж буйтай холбоотойгоор түүхий эрэлт нэмэгдэж, зэсийн гол нийлүүлэгч улсуудад “Ковид-19” цар тахлын тархалт өндөр байгаатай холбоотойгоор нийлүүлэл доголдол үүсэх эрсдэлтэй байгаа тул сүүлийн хагас жилд зэсийн дунд үнийг тонн тутамд 6,400 ам.доллар байхаар тооцжээ. Мөн Монгол-Хятадын хилийн боомтуудад “Ногоон гарц”-ын түр горим хэрэгжүүлснээр нүүрсний экспорт далайцтай нэмэгдэнэ гэж үзэж буй аж. 

Түүнчлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн татварын орлого оны эцэст 8.8 их наяд төгрөгт хүрч, батлагдсан төсвийн дүнгээс 1.8 их наяд төгрөгөөр буюу 17 хувиар буурах хүлээлттэй байгаа юм. Үүний дотор Нийгмийн даатгалын орлого 882.6 тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 347.9 тэрбум, Онцгой албан татвар 218.5 тэрбум, Орлогын албан татвар 170.9 тэрбум төгрөгөөр тус тус буурч буй нь томоохон бууралт болохоор байна. Орлогын албан татварын бууралтын дийлэнх хэсгийг Аж ахуй нэгжийн орлогын албан татвар бууралт 113.6 тэрбум төгрөг болсноор бүрдүүлж байна. Ингэснээр Аж ахуй нэгжийн орлогын албан татварын орлого 1,736.4 тэрбум төгрөг болно хэмжээн тооцжээ.  



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/08-09

Нүүрсний уналт, алтны галзуурал

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine