Эдийн засаг - Дэд бүтэц

ТТЦС-ын ирээдүй буюу “Болохгүй бол бонд босгоно”

2020  |  July - August   |  029

  •  Төсөлд багадаа 560-600 сая орчим ам.долларын хөрөнгө шаардагдана
  •  Томоохон банкууд нүүрсний станцын санхүүжилтүүдээ зогсоожээ 

Монголын Засгийн газар Тавантолгойн цахилгаан станцыг барьж байгуулахаар дахин “амлан авлаа”. “Амлаж авах” нэг хэрэг. Амласнаа биелүүлэх нь тусдаа асуудал. Засгийн газрын өмнө олон сорилт тулгарах нь тодорхой ч тэр дундаас дэлхий даяар нүүрсний хэрэглээнээс татгалзахыг уриалж байгаа үед санхүүжилтээ шийдвэрлэж чадах эсэх нь хамгийн том сорилт юм.

Оюутолгой төслийг эрчим хүчээр хангах цахилгаан станцыг Тавантолгойн нүүрсний уурхайд түшиглэн байгуулахаар хөрөнгө оруулагч тал болон Монголын Засгийн газар тохиролцсон. Үүнийгээ хоёр сарын зайтай талууд албан ёсоор зарласан. 

Вьетнам, Индонезэд ойрын 10 жилд хэрэгжүүлэх 41 ГВт хүчин чадалтай нүүрсний станцын төслүүдийн талд нь санхүүжилтийн эх үүсвэр олдоогүй байна

2018 онд байгуулсан Эрчим хүч­ний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээгээ талууд шинэчилжээ. Энэ дагуу 450 МВт хүчин чадалтай ТТЦС-ын барилгын ажлыг 2021 оны долдугаар сараас өмнө эхэлнэ. Дөрвөн жилийн дотор ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Төрийн өмчөөр байгуулна. Тийм учраас “Консорциум орохгүй” гэж мэдэгдэж байлаа. Угтаа энэ нь хувийн хэвшлийн оролцоог хязгаарлаж буй бололтой. 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласнаар бол төсөлд багадаа 560-600 сая орчим ам.долларын хөрөнгө шаардагдана. Санхүүжилтийн эх үүсвэрийг “Эрдэнэс Тавантолгой” компаниас, бүр болохгүй бол бонд гаргаж бүрдүүлнэ” гэж Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн мэдэгдсэн билээ. 

Өмнө нь яригдаж байсан хувилбарууд бий. Тухайлбал, “Оюутолгой” ХХК-ийн боловсруул­сан ТЭЗҮ-д 300 МВт-ын цахилгаан станцын санхүүжилтийг 924 сая ам.доллар гэж тусгажээ. MCS тэргүүтэй үндэсний компаниудын консорциум 500 орчим сая ам.долларт багтааж нүүрсний станц барина гэсэн санал гаргасан. “Ньюком” компани нар, салхины эх үүвсэрээр хангах тухай хөндөж байв. Оюутолгойн хөрөнгө оруулагч нарын хувилбар дунд эрчим хүчний эх үүсвэрийн тодорхой хэсгийг сэргээгдэх эрчим хүчээр хангах тухай ч хөндөгдөж байсан юм.

Харин Монголын Засгийн газрын хувилбараар бол станцын хөрөнгө оруулалт нь “Оюутолгой” компанийн саналаас 30 хувь бага, цахилгаан эрчим хүчний өртөг 50 хувь хямд гэж тодотгож байна. 

Гэхдээ санхүүжилтийн эх үүсвэрээ бүрдүүлэх хувилбарууд нь сорилт ихтэй. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2020-2023 оны ногдол ашгаас санхүүжүүлж болно гэж Эрчим хүчний яамны мэдэгдэлд дурьдагдсан. Гэвч цар тахлын улмаас нүүрсний экспорт тасалдаад байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны нүүрсний экспортын төлөвлөгөөгөө 30 хувиар бууруулаад байна. Үүнээс гадна хоёр ч чиглэлийн төмөр замын санхүүжилтийг “гардаж” авсан “Эрдэнэс Тавантолгой”-д дахиад цахилгаан станцын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх чадамж үлдсэн үү гэвэл эргэлзээтэй юм. Хоёр төмөр замын төсөлд ойролцоогоор 3 их наяд төгрөг, нэмэх нь ТТЦС-д 1.5 орчим их наяд төгрөг шаардлагатай гэхээр ганц компанид хэтийдсэн ачаа гэдэг нь ойлгомжтой юм. 

“Бүр болохгүй бол бонд босгох” хувилбарт тулгарах гол бэрхшээл нь дэлхий нийтийн чиг хандлага. Нүүрснээс гарган авч буй эрчим хүчний хэмжээ зөвхөн 2019 онд л гэхэд 3 хувь буурчээ. Sierra Club, Greenpeace International байгууллагуудын судалгаагаар АНУ-д 16 хувь, Европт 24 хувь буурсныг тогтоожээ. Тэр ч бүү хэл Энэтхэгт 3 хувиар буурсан байна. HSBC, Deutsche bank, Danske зэрэг томоохон банкууд нүүрсний станцын санхүүжилтүүдээ зогсоожээ. Европын сэргээн босголт хөгжлийн банк тэргүүтэй олон улсын байгууллагууд мөн л энэ алхамд нэгдэж байна. 

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх суурь тунхаглал болоод байгаа Парисын хэлэлцээрээр улс орнууд дэлхийн дулаарлыг цельсийн хоёр хэмээс хэтрүүлэхгүй байх амлалт өгсөн. Энэ нь хүлэмжийн хий, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг бууруулах шийдэмгий алхмууд хийх гол шалтгаан болж байгаа билээ. 

Гэхдээ нөгөө талд нүүрсний эрчим хүчнээс хэт хамааралтай Азийн зарим оронд төслүүд нь хэрэгжсээр байна. Шинээр бүтээн байгуулж байгаа нүүрсний станцуудын 80 шахам хувь нь Ази тивд байна. Нүүрсээс хэт хамааралтай Хятад, Японы зээлдэг­чид санхүүжилтээ зогсоосонгүй. Хятад улс эрчим хүчнийхээ 65 хувийг, Япон 35 хувийг нүүрснээс гарган авч байна. Тэгвэл Хятадын Экспорт-Импортын банк, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк тэргүүтэй санхүүгийн байгууллагууд Вьетнам, Индонезэд 29 тэрбум ам.долларын нүүрсний станцын төслүүд хэрэгжүүлэхээр болоод байгаа юм. Гэхдээ энэ хоёр оронд л гэхэд ойрын 10 жилд хэрэгжүүлэх 41 гигаваттын хүчин чадалтай нүүрсний станцын төслүүдийн тал нь санхүүжилтийн эх үүсвэрээ одоо болтол олоогүй байна. 

Санхүүжилт олгож байгаа Японы зээлдэгчид шаардлагаа өндөрсгөсөн. Sumitomo Mitsui Financial Group, Mizuho Financial Group-ийн зүгээс маш өндөр өгөөжтэй нүүрсний станцын төслийг л санхүүжүүлнэ гэдгээ мэдэгджээ. 

Эдгээрээс гадна хувийн хувьцааны фирмүүд нүүрсний төслүүдийг сонирхож байна. “Рио Тинто”-гоос нүүрсний сүүлчийн хоёр уурхайг нь худалдаж авсан хөрөнгө оруулагч нар нь тэд л байв. Гэхдээ энэ нь нүүрсний салбараас гадагшилж байгаа хөрөнгийн урсгалд нөлөөлөхүйц хэмжээний том биш юм. 

Оюутолгой төслийн эрчим хүчний эх үүсвэрийг дотоодоосоо хангах нь Монгол Улсад үнэхээр ашигтай. “Оюутолгой” компани ӨМӨЗО-оос эрчим хүч авахын тулд жил бүр 120-140 сая ам.долларыг өмнөд хөршид төлж байна. Энэ мөнгө дотоодод үлдэх боломжтой болно гэсэн үг. Үүн дээр нэмээд уул уурхай, баяжуулах үйлдвэрүүд төвлөрөх өмнийн говийн эрчим хүчний хэрэглээг хангана. Гэхдээ тооцоо, судалгаагүй, хөрөнгө оруулъя гэж ирэх нэгэнд нь үзүүлэх нарийн төлөвлөгөөгүй хэвээр байвал дөрвөн жилийн дараа өнөөдрийнх шигээ дэмий гаслан суух магадлал өндөр юм.

Энэхүү нийтлэлд Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэнгийн өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн мэдэгдлээс цөөнгүй хэсгийг ишиллээ. Хэдийгээр өнөөдөр салбарын сайд нь солигдсон ч эрх баригч хүчин, Ерөнхий сайд нь хэвээр байгаа учир бодлогын залгамж халаа алдагдахгүй. Тиймээс өмнөх сайдын үг энэ засгийн бодлогод ч илрэлээ олох биз ээ.  

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine