Бодлого - Сонгууль-2020

Уул уурхайн салбарынхан УИХ-д “бүл нэмэв”

2020  |  July - August   |  030

УИХ-ын сонгуулиар эрх баригч МАН дийлэнх олонхын байр сууриа хадгалж, 62 суудал авснаар сүүлийн гурван жил орчим Засгийн газрыг тэр­гүүл­­сэн У.Хүрэлсүхийн бодлого үргэлжлэх нь нэгэнт тодорхой боллоо. Тэрбээр Ерөнхий сайдаар дахин томилогдсоноос гадна Зас­гийн газрын бүтэц бүрэлдэ­хүүнд бараг өөрчлөлт хийсэнгүй. Төрийн бодлогын залгамж чанарыг хадгал­сан хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүнийгээ тайлбарлаж байна.

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд уул уурхайн салбарын төлөөлөл болсон найман эрхэм УИХ-д сонгогдлоо. Уул уурхайн салбар улс орны эдийн засгийн гол хөдөлгөгч хэдий ч тус салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг популистууд тодорхойлж, томьёолж ирсэн гэхэд хол зөрөхгүй. Оюутолгой төсөл зогсох эсэх, “Эрдэнэс Тавантолгой”-н IPO, Эрдэнэтийн маргаан, Гацуурт, Цагаан суваргын шинэ төслүүд хөдлөх эсэх нь салбарын яам, салба­рын мэргэжилтнүүдийн дуу хоолойноос илүүтэй популист улс төрчдийн чанга хашхираанаар шийдэгддэг болоод удаж байна. 

Популистуудын эсрэг дуугаа хүр­гэж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхэд доорх гишүүд хувь нэм­рээ оруулах нь дамжиггүй биз ээ. 

Өмнөх парламентад хариуцлага­тай уул уурхайг дэмжих лобби бүлэг байгуулагдаж байсан түүхтэй. Тус бүлгийн гишүүдээс Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нар улирч УИХ-ын гишүүнээр дахин сонгогдоод байна.


Л.Энх-Амгалан 
“М Си Эс  Монгол” ХХК, 
“Интер групп интернэйшнл” ХХК
 
   “М Си Эс”-ийн гэгддэг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан гурав дахь удаагаа парламентад суухаар болж байна. Тэрбээр “М Си Эс групп”-ийн хувьцаа эзэмшигчдийн нэг бөгөөд “М Си Эс групп” нь “Энержи Ресурс”-ын гол хувьцаа эзэмшигч юм. “Энержи Ресурс” компани Ухаа худагийн коксжих нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг, Монголын угаасан коксжих нүүрсний хамгийн том экспортлогч компани. Харин “М Си Эс групп”-ийн охин компаниуд Оюутолгойн гүний уурхай, эрчим хүчний шугам, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг бие даан болон туслан гүйцтгэгчээр ажиллаж байгаа юм.
    Л.Энх-Амгалан гишүүний хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан хуулийг өөрчилж, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хууль зэрэг эдийн засаг, бизнесийг дэмжсэн олон хууль батлахад санаачлан идэвхтэй оролцсон, бизнес, эдийн засгийн хууль эрх зүйн орчныг шинэчлэхэд идэвхтэй дуу хоолойгоо хүргэж ирсэн УИХ-ын цөөн гишүүний нэг юм.
 
Б.Дэлгэрсайхан 
“Дорнын говь” ХХК 
“Монтай Эрдэнэ” ХХК
 
 
   “Болдтөмөр Ерөө Гол” компанийн эзэн гэдгээр нь бүгд мэднэ. Сэлэнгэ аймгийн Баянголын төмрийн хүдрийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг. Монголын төмрийн хүдэр экспортлогч хамгийн том компани. 2019 оны байдлаар төмрийн хүдрийн экспортын 43 хувийг тус компани бүрдүүлсэн. 
   Б.Дэлгэрсайхан гишүүний хувьд УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдож буй нь энэ. Уул уурхайн салбарын төлөөлөл УИХ-д суухын давуу талыг өнгөрсөн дөрвөн жилд хангалттай харуулсан. Уул уурхайн бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд хамгийн дөт замаар, хамгийн бага зардлаар хүргэх нь чухал гэдгийг тэрбээр маш сайн мэддэгийн хувьд Ханги-Мандалын боомтыг хөгжүүлэх, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барих ажилд ихээхэн идэвх санаачилгатай оролцож байгаа. “Болдтөмөр Ерөө гол” компанийн Баянголын төмөр замыг бие даан барьж байгуулсан туршлага ч түүнд хамааралтай. 
 
Д.Бат-Эрдэнэ 
“Ажнай корпораци” ХХК, 
“Таван Толгой” ХК, 
Mongolia Energy Corporation, 
Мongolian Mining Corporation
 
   УИХ-ын гишүүнээр мөн л гурав дахь удаагаа сонгогдож байна. 2004-2008, 2012-2016 онд парламентад сууж байсан. Хууль тогтоох дээд байгууллагад хийж гийгүүлсэн ажлынх нь талаар мэдэхгүй ч уул уурхайн салбарт бол тэр шаркуудын нэг. 
   Хятад руу коксжих нүүрс экспортолсон анхны компаниудын нэг нь “Тавантолгой” хувьцаат компани. Тус компанийн 34 хувийг эзэмшдэгийн хувьд Тавантолгой ордоос нүүрс экспортын тээврийг гүйцэтгэдэг “Тавантолгой Транс” компани мөн түүний мэдэлд байдаг. Үүнээс гадна тэрбээр Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголын экспортын нүүрсний чиглэлийн компаниудын хувьцааг эзэмшдэг аж. 
 
Ц.Цэрэнпунцаг 
“Аспайр майнинг лимитед” ХХК, 
“Жем интернэшнл” ХХК, 
“Жем групп” ХХК, 
“Гарди Менежмент” ХХК
 
   Энэ удаагийн УИХ-д шинээр сонгогдсон Ц.Цэрэнпунцаг гишүүн “Аспайр Майнинг Лимитед” компанийн гол хувьцаа эзэмшигч. Шингэн хүнсний үйлдвэрлэлээс бизнесээ эхлүүлсэн тэрбээр харилцаа холбооны дөрөв дэх компанийг байгуулсан, улмаар уул уурхайн салбарт эргэлт буцалтгүй орсныг өнгөрсөн жил зарласан. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр Майнинг Лимитед” компанийн хувьцааг бага багаар худалдаж авч байсан тэрбээр энэ жил нийт хувьцааны 52 хувийг эзэмшихээр болж, компанийн менежментийг удирдах болсон. 
   10 жилийн өмнө Монголын уул уурхайн салбар дэлхийд “од” болж байхад гадаадын олон жижиг компани Монголд эрчимтэй хайгуул хийсэн байдаг. Тэдгээрийн хамгийн сайн төслүүдийн нэг нь Овоотын нүүрсний төсөл бөгөөд өдгөө монгол эзэнтэй болж байгаа нь энэ юм. “Аспайр Майнинг Лимитед” Хөвсгөл аймгийн Овоотын ордоос нүүрс экспортын тээвэрлэлтийн дэд бүтцээ шийдвэрлэхийн тулд багагүй цаг хугацаа зарцуулж байгаа. 
 
С.Амарсайхан 
“Оюуны Ундраа групп” ХХК
 
   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон.  “Оюуны Ундраа групп” ХХК-ийн 24 хувийг эзэмшдэг хэмээн 2018 оны ХОМ-тээ мэдээлж байсан. Тус групп нь Монголын ховор металлын салбарт томоохонд тооцогдох “СС Монголиа” компанийг эзэмшдэг юм. 
   “СС Монголиа” компанийн Гүйцэтгэх захирлаар С.Амарсайханы ах Сайнбуянгийн Ганбат ажилладаг. Тус компани 2000 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ховд-гол гянтболдын гүний уурхайг 2013 он ашиглалтад оруулсан бөгөөд Монголын гянтболдын экспортын 80 хувийг дангаараа бүрдүүлдэг гэжээ. Үүнээс гадна Монголд цөөхөн байгаа литийн ордуудын нэг Арбаянгийн лити-гянтболдын орд, Хайрхан толгойн коксжих нүүрсний орд, Төгрөг нуурын хүрэн нүүрсний ордыг эзэмшдэг хэмээн цахим хуудастаа мэдээлжээ. Ингээд үзэхээр С.Амарсайхан яалт ч үгүй уул уурхайн салбарын төлөөлөл болж байна. 
 
Ч.Ундрам 
“Хөнгөнбетон” ХК, 
“Дийзл транс” ХХК, 
“Малтикс” ХХК
 
   Албан ёсны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Хөнгөнбетон” ХК, “Дийзл транс” ХХК, “Малтикс” ХХК-д хувь эзэмшдэг хэмээн мэдүүлсэн. Улс төрд шинээр орж ирсэн түүнийг олон нийт төдийлөн мэдэхгүй. Сэлэнгэ аймгаас АН-ын лидерүүд болох Д.Эрдэнэбат, С.Баярцогт нарыг ялж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 
   Сүүлийн жилүүдэд нүүрсний экспортоор тэргүүлэгчдийн нэг болсон “Өсөх Зоос” компанийн Ерөнхий захирал Чинбатын охин бөгөөд компанийн зөвлөхөөр ажиллаж байсан юм. “Өсөх Зоос” компани 2009 оноос Хүрэн шанд төслийн хайгуулыг гүйцэтгэж, 2014 оноос ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа компани. Мөн нүүрс угаах үйлдвэр ашиглалтад оруулсан, Баянхонгор аймагт зэсийн баяжмалын үйлдвэр ашиглалтад оруулсан гээд уул уурхайн салбарт өргөжин тэлж байгаа үндэсний компани юм. 
 
Х.Ганхуяг 
“Хера холдинг” ХХК, 
“Хера Энержи” ХХК, 
“Майн Тех” МСҮТ
 
Х.Ганхуяг УИХ-д анх удаагаа сонгогдож байна. Уул уурхайн салбарын ханган нийлүүлэлтийн чиглэлээр олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа “Хера Холдинг” компанийг үүсгэн байгуулагч. Тус компани Монголын уул уурхай болон зам, барилгын салбарт тоног төхөөрөмж нийлүүлэх, засвар үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажилладаг. Hyundai, Cummins зэрэг шилдэг үйлдвэрлэгчдийн албан ёсны борлуулагч. Мөн “Энержи Ресурс”, МАК зэрэг уул уурхайн томоохон компаниудтай хамтран ажилладаг юм. 
 
Г.Дамдинням 
“Топ майнинг солюшнс” ХХК, 
“Вертекс майнинг партнер” ХХК, 
“Хера инвестмент” ХХК
 
   Дархан-Уул аймгаас сонгогдож, УИХ-д анх удаагаа сууж байгаа гишүүн. Уул уурхайн салбарын шинэ үеийн шилдэг судлаачдын нэг. Канадын Бритиш Колумбын их сургуульд уул уурхайн чиглэлээр мастер, улмаар докторын зэрэг хамгаалсан. 
   “Прокон Майнинг Монголиа” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тус компанийг “Хера-Инвестмент” компани Канадын Procon Holdings Inc-тэй хамтран байгуулсан байдаг. Г.Дамдинням “Хера Инвестмент” компанид 10 хувь эзэмшдэг.

Дээрх гишүүдээс гадна уул уурхайн салбарт хайгуулын чиглэлээр төсөл хэрэгжүүлдэг, томоохон компаниудад ханган нийлүүлэлт хийдэг компанийн хувьцаа эзэмшдэг цөөнгүй гишүүн энэ удаагийн УИХ-д сонгогдсон байна. 

Мөн энэ удаагийн УИХ-д аймгийн Засаг даргаас дэвшиж сонгогдсон хоёр гишүүн байгаа нь Д.Батлут, Н.Наранбаатар нар юм. Монголын хамгийн баян хоёр аймаг болох Орхон, Өмнөговь аймгийн Засаг даргаар амжилттай ажиллаж байсан. Улсын төсвөөс татаас авах нь бүү хэл улсын төсөвт орлого төвлөрүүлдэг Орхон, Өмнөговь аймаг нь хэдийнэ уул уурхайн бүс нутаг болсон. 40 жил Эрдэнэт үйлдвэрээр тэжээлгэж байгаа Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, сүүлийн 10 жилд хурдтай хөгжиж буй Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нар Монголд хариуцлагатай уул уурхай хөгжихөд хамгийн том асуудал болж байгаа компани-орон нутгийн харилцааг харилцан ашигтай байдлаар зохицуулах чиглэлд хамгийн бодитой дуу хоолойг хүргэх нь дамжиггүй биз ээ.  

 

 

 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine