Эдийн засаг - Үйл явдал

Шинэ эдийн засгийн форум - Монголчууд хоцормооргүй байна

Оюутолгой, Тавантолгой төсөл гацалтгүй урагшилж, одоогийн төлөвлөснөөрөө эдийн засгийн бүрэн эргэлтэд орвол жилдээ гурван тэрбум ам.долларын экспорт хийж, багадаа 1.5 их наяд төгрөгийн татвар төлнө. Энэ бол нийт төрийн албан хаагчдын жилийн цалин гэсэн үг. Мөн дотоодын худалдан авалт нь гурван их наяд төгрөгөөр хэмжигдэнэ гэхээр үйлдвэрлэл, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих маш том хөшүүрэг болж, магадгүй хамгийн том ажил олгогч гэсэн статусыг Засгийн газраас “булааж” ч мэдэх юм. Зэрэгцээд газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор ОХУ руу гардаг нэг тэрбум ам.доллар Монголдоо үлдэх боломжтой болно. Ийм үед эдийн засаг багадаа 10 хувиар жил бүр өсөх нь ойлгомжтой. Ийм үр дүнд хүрэх бодитой боломж бий. Харин улс орны эдийн засаг, хөгжилд санаа зовнидог эдийн засагчид, бизнес эрхлэгчдийн хувьд энэ нь түмэн асуудлаар дүүрсэн хонгилын төгсгөлд буй гэрэл төдийхөн байна.

Дэлхийн эдийн засаг хувьсан өөрчлөгдөж байна. Автомашин үйлдвэрлэдэг, эсвэл барилга барьж, газрын тос олборлодог, түргэн хоолны компани хамгийн том, хамгийн их борлуулалттай компани байх аа нэгэнт больж, тэр хэрээр уламжлалт санхүү, эдийн засаг өөрчлөгдөж байна. Харин нүүрс, зэсийн үнээс хамааралтай 20 жил явсан Монгол Улс үүнд бэлэн үү, Монголын бизнес эрхлэгчдэд юу дутагдаж байна вэ гэдэг хамгийн том сэдэв.

“Блумберг ТВ Монголиа”- гаас “Шинэ Эдийн Засгийн Форум”- ыг санаачлан анх удаа зохион байгуулсан нь ч үүнтэй холбоотой юм. Өнгөрсөн оны намар Сингапурт Майкл Блумбергийн санаачилгаар дэлхийн хамгийн нөлөө бүхий 300 эрхэм нэгдэн New Economic Forum- ыг зохион байгуулж байсан билээ. “Шинэ” хэмээн тодотгох болсон шалтгаан нь дэлхийн санхүү, эдийн засаг бүтцээрээ өөрчлөгдөж буй үед түүнд таарсан шинэ бодлого, шинэ менежмент хэрэгтэйг тодотгосон хэрэг. “Блумберг ТВ Монголиа”- гаас зохион байгуулж буй “Шинэ Эдийн Засгийн Форум” ч үүнтэй агаар нэг. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хувийн өмчийг хуулиар хамгаалах болж, өдгөө Монгол Улсын эдийн засаг, төсвийн орлого бараг бүхэлдээ хувийн өмч, компаниуд дээр тогтож байна. Гэтэл дэлхий ертөнц өөрчлөгдөж буй энэ мөчид Монгол Улс хоцорч үлдэх вий гэсэн болгоомжлол, бас айдас хувийн хэвшилд бий. Тиймээс ч айсуй жилүүдийн өөрчлөлтийг угтан мэдэж, түүнд бэлдэх нь компаниудын зорилго. Мэдээж Төр нь үүнийг мэдэж байвал Төрийн зорилго ч бас мөн.

“Шинэ Эдийн Засгийн Форум”- ыг зохион байгуулагчдын хэлсэн үгнээс ч энэ нь маш тодорхой харагдана. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч А.Амартүвшин “Маргаашийн эрсдэл гэж юу вэ гэхээр бид хувьсан өөрчлөгдөж байгаа нөхцөл байдлыг хянах тухай л асуудал. Өнөөдөр хувьсан өөрчлөгдөж байгаа нөхцөл байдлын хамгийн том нөлөө, хүчин зүйл нь улс төрийн нөлөө, улс төрийн намууд, эрх баригчдын гаргаж буй үйлдэл юм. Гадаад эдийн засаг бидэнд таатай байгаа. Асуудал хаана байна гэхээр бидэнд л байна” хэмээн онцолсон.

ЖДҮ-г дэмжих бодлого

Эдийн засгийн хөгжлийг хувийн хэвшилдээ бүрэн даатгах зориг зүрх, бас итгэл үнэмшил манай төрийн удирдагчдад байхгүй. Тушаал шийдвэрээ гаргаад өгчихсөн зөвшөөрлөө буцааж хурааж авна гэж муйхарлаж байгаагаас нь үүнийг төвөггүйхэн ойлгож болно. Харин төр нь бүх өмчийг хурааж, эдийн засгийг хөгжүүлэх гол дүрд тоглох гэж зүтгээд бүтэлгүйтсэн туршлага бидэнд хангалттай бий. Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар гэхэд хүсэж байсан үр дүн авчраагүй. Чухам Засгийн газар бонд босгоод үндэсний компаниуд, үйлдвэрлэлийг дэмжээд өгнө гэсэн ч нэг сая тонн хүрэхгүй цемент хэрэглэдэг улсад гурван сая тонны хүчин чадалтай гурван цементийн үйлдвэрт санхүүжилт өгснөөс өөрөөр дорвитой хөрөнгө оруулалт харагдсангүй. Өнгөрсөн 30 жил Төр хэчнээн үйлдвэр барьж, аж үйлдвэржүүлж, ажлын байрыг бий болгосон бэ гэж асуувал хариулж мэдэх хүн олдохгүй. Ганц цахилгаан станц барьчихаж чадахгүй гаднаас импортолж суугаа Төр шүү дээ.

Гэсэн хэрнээ хувийн хэвшлээ алхам тутамдаа шахуу нүд үзүүрлэж, элдвийн цол гуншингаар дуудаж, өөрсдийн хариуцлагагүй үйлдлээ наадаг болоод удаж байна. “Дэлхийн санхүү, эдийн засаг үндсээрээ өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлтөд бид хаана явна вэ? Манай улсаас нэг тэрбум ам.долларын үнэлгээтэй, борлуулалт хийдэг ганц ч компани гараагүй байна. Хятадын 130 старт ап компани хэдийнэ тэрбум долларын үнэлгээнд хүрчихлээ. Хийсэн нэгнээ нүд үзүүрлэдэг, зориглоод хөдөлсөн бизнес эрхлэгчдээ хяхаж, ажлын байр бий болгож байгаа үндэсний компаниудаа хавчиж байгаа нь илүүдэж байна. Татварын талаас илүүг төлдөг 30 компани дандаа нүд үзүүрлэгдэж, хавчин гадуурхагдаж байна. Тэд хамгийн их муулуулдаг. Компаниуд бизнесүүд хамгийн тогтвортой, хамгийн олон ажлын байр бий болгодог. Бизнес рүү, компаниуд руу дайрч байгаа дайралт бол монгол хүний ажлын байр руу дайрч, нурааж байгаа гэсэн үг” хэмээн “Блумберг ТВ Монголиа”- гийн Гүйцэтгэх захирал Э.Долгион онцолж байв.

Аль ч улс, аль ч нийгэмд ажлын байрыг хамгийн ихээр бий болгодог салбар бол жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбар юм. Манай улсад ч мөн ялгаагүй. Тиймээс ч улс орны эдийн засгийн гол бодлого нь ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд чиглэдэг. Үүнд хүрэх арга замууд нь олон төрөл. Хамгийн чухал нь жижиг дунд үйлдвэрлэлээс гарч буй бүтээгдэхүүний хэрэглээ, эрэлт, зах зээл, дэд бүтэц зайлшгүй байх ёстой. Түүнийг татварын болоод хууль эрхзүйн дэмжлэгээр бий болгох нь Төрийн үүрэг.

Харин манай улсад ЖДҮ хөгжих хангалттай зах зээл, түүнийг дэмжих бодлого байна уу гэдэг зайлшгүй хариулах ёстой асуулт. Хариулт нь маш энгийн бөгөөд ажилгүйдэл, ядуурлын тоо юм.

E Mart сүлжээ дэлгүүр дотоодын 500 орчим жижиг дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг хэмээн “Алтай Холдинг” компанийн Ерөнхийлөгч Д.Зоригт хэлж байна. Энэ бол ЖДҮ-чдийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж буй нэг том дэд бүтэц гэсэн үг. “Оюу толгой” ХХК, “М Си Эс” гээд томоохон компаниуд ч зуугаар тоологдох ЖДҮ-чидтэй хамтран ажиллаж, бүтээгдэхүүнийг нь худалдан авдаг. ЖДҮ-чдийг бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрэлтийн зах зээлийг бий болгож байгаа хэлбэр юм. Цөөн хүн амтай, жижиг зах зээлтэй манайх шиг улсын хувьд ЖДҮ-чдийн зах зээлийг бодлогоор бий болгох шаардлагатай юм. Тэр бодлого нь Хятад шиг дотоодын эрэлтийг нэмэгдүүлсэн томоохон төслүүд хэрэгжүүлэх, Чили шиг уул уурхайн том төслүүддээ суурилсан эрэлтийг бий болгох, эсвэл Австрали шиг уул уурхай дээр суурилсан эрэлтийг хөгжүүлж, улмаар гадаадад экспортлох зах зээлийг бий болгох гэсэн цөөн оновчтой хувилбараар хэрэгжих ёстой. Манай улсын хувьд Оюутолгой, Тавантолгой, Цагаансуварга, Эрдэнэт гээд уул уурхайн том төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх нь ЖДҮ-ийг хөгжүүлэх, улмаар ажлын байрыг нэмэгдүүлэх хамгийн боломжит сонголт юм.

Өөрсдөөс хамаарсан бодлого ч гэж хэлж болно. Япон, Солонгос зэрэг үйлдвэржилт өндөр хөгжсөн оронд үндэсний томоохон компаниудыг бий болгож, тэд нь ЖДҮ-ээ дэмждэг бодлого амжилттай хэрэгжсэн. “Тоёота” компани гэхэд хэдэн мянган жижиг дунд үйлдвэрийг авч явдаг. Жилдээ 3-4 сая ам.долларын бүтээгдэхүүнийг “Тоёота”-д зардаг ЖДҮ олон байдаг. Машины цонхны түгжээг нь дөрөвхөн хүнтэй жижиг үйлдвэр нийлүүлж байх жишээтэй. Тийм болохоор том компаниудаа дэмжиж, олшруулах ёстой хэмээн “Алтай Холдинг”-ийн Ерөнхийлөгч Д.Зоригт онцолж байсан юм. “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт” зэрэг жилдээ хэдэн зуун тэрбум, их наяд төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авдаг төрийн өмчит том төслүүдийг ЖДҮ-ийг дэмжих бодлоготой байхыг юун түрүүнд шаардах ёстой юм.

ЖДҮ-ийг дэмжих өөр нэг боломж нь тэдэнд гадаад зах зээлд гарахад бүхий л талын дэмжлэг үзүүлэх учиртай. Үүний тулд гадаад худалдааны нэгдсэн бодлого ч зайлшгүй хэрэгтэй юм.

Бид худалдаачин үндэстэн болох ёстой

“Шинэ Эдийн Засгийн Форум”- ын нэг онцлог нь Монгол Улс худалдаачин улс, монголчууд худалдаачин үндэстэн болох ёстой гэсэн санаа юм. Үүнийг тайлбарлаж, ойлгоход их хялбар. “Хөгжинө гэдэг уг нь их амархан. Хүн бүрт өөрт таарсан орлого олох боломжийг л бий болгож өгөх ёстой юм” хэмээн “Датаком” компанийн үүсгэн байгуулагч Д.Энхбат онцолсон юм. Харин хүн өөрт таарсан орлогоо хэрхэн олох вэ, юу хийх вэ гэдэг нь дараагийн асуудал. “Бид ямар нэг зүйл зарж амьдрах ёстой. Одоо бол нүүрс, зэсээ л зарж байна. Айл өрхөөр бодоход хүн биеийн хүч, ур чадвар, мэдлэгээ зарж, оронд нь цалин авч амьдардаг шүү дээ” хэмээн нийтлэлч Б.Батбаяр байр сууриа илэрхийлсэн.

Харин Монгол Улсад зарах бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ юу байна вэ? Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлаа харвал нүүрс, зэс, бас бус багахан ашигт малтмалын бүтээгдэхүүн зарж, түүнийхээ орлогоор машин шатахуун авч хэрэглэж байна. Махаа зарахаар дотоодын хомсдол үүсэж, ноолуураа зарахаар ямаа нь ихдэж, бэлчээр нь талхагддаг болсон. Жилд нэг сая жуулчин авч, онгон дагшин байгалиа зарна гэж ярьдаг ч агаарын тээврээс эхлээд жуулчдаас мөнгө салгах аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжил буурай.


Дэлхий нийтээр худалдаа наймаа хийж байна. Дэлхийн худалдааны байгууллагын мэдээллээр өнгөрсөн онд дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдааны дүн 19.5 триллион ам.доллар болж 10 хувиар өсжээ. Худалдааны хамгийн том тоглогч нь Европын холбоо, АНУ, БНХАУ. Манай улсын хувьд гадаад худалдааны 66 хувь нь ганц Хятад улстай хийгддэг нь учир дутагдалтай юм.

Манайд гадаад худалдааг бодлогоор зохицуулдаг механизм, эрх зүйн орчин байхгүй. Үүнээсээ болж алдагдал ихээр амсаж байгаа. Алдагдал гэдэг нь зөвхөн худалдааны гэрээний мөнгөн дүнгээр илэрхийлэгдэхгүй юм. Нүүрсээ зарж эхлээд 15 жил болж байхад төмөр замаа барьж чадаагүй, хилийн боомтуудаа ч шинэчилж, хөгжүүлээгүй бахь байдгаараа байгаа нь ганц Монгол Улс байх. Алсын Австрали гэхэд ашигт малтмалын экспортын стратегитайгаа уялдууж, төмөр зам, далайн боомтыг цаг алдалгүй байгуулсныхаа үр шимийг хүртэж байгаа бол Африкийн улсууд гадаад худалдаагаа тэлэхэд зориулан хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг дэд бүтэцдээ хийж байна.

Сангийн Дэд сайд Х.Булгантуяа гадаад худалдааг дэмжихийн тулд нэгдсэн бодлогоор зохицуулах ёстой гэв. Үндэсний хөгжлийн газар, Гадаад харилцааны яам гээд гадаад худалдааны харилцаа олон газар хамаарч байгаа нь төвөгтэй байдлыг бий болгодог нэг хүчин зүйл гэнэ. Тиймээс эдгээрийг нэгтгэж, нэг агентлагт төвлөрүүлбэл Монголын том, жижиг бүхий л бизнес эрхлэгчдэд ашигтай шийдэл болно гэдгийг компаниуд ч дэмжиж байв. Засгийн газраас худалдааны бодлогыг дэмжих үүднээс зарим улсад Худалдааны төлөөлөгчийн газар нээхээр бэлтгэж байгаа талаар ч Сангийн Дэд сайд мэдээлэл өгсөн юм.

Гэхдээ тэрбумаар төгрөгөөр хэмжигддэг л бол гадаад худалдаа гэж өрөөсгөл ойлгохгүй байхыг бизнесийн зөвлөхүүд захиж байна. Хятадын худалдааны цахим сайтаар бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломж их байгаа ч гагцхүү гадаад хэл мэдэхгүйгээс ашиглаж чадахгүй байгааг бүгд хүлээн зөвшөөрсөн юм.

Анх удаа зохион байгуулагдсан “Шинэ Эдийн Засгийн Форум” төр засгийн оролцоогүйгээр болсон гэдгээрээ илүү бодитой, илүү үр дүнтэй болсон. Бодлого тодорхойлогчид, эрх мэдэлтнүүдийн улиг болсон “үлгэр”-ийг сонсохоос илүүтэй өөрсдийн хийж чадах зүйл, зорьж буй цэгээ тодорхойлж, эрх ашгаа хамгаалах чиглэлээр хамтран ажиллах нь бизнесийн төлөөллүүдийн зорилго. Дэлхий нийт өөрчлөн шинэчлэлтийг хэдийнэ мэдэрч, асуудлуудыг урьдчилан тандаж, шийдвэрлэх арга замыг судлан, түүнд зориулсан шинэ дүрэм журамд бэлтгэж эхэлснийг Худалдааны маргаанаас эхлээд олон зүйлээс харж болно. Харин бид үүнд бэлэн биш байна.

Технологийн дэвшил, хүний нөөц, аж үйлдвэрийн шинэ хувьсгал гээд дэлхий нийтээр өрнөж буй шинэчлэлтээс хоцормооргүй байна хэмээн бизнес эрхлэгчид дуу нэгтэй хэлж байна. Бусдаас түрүүлж явдаггүй юм гэхэд хол хоцрохгүй хөгжихөд ганцхан саад байгаа нь улс төржилт, популизм. Төрийн бодлого боловсруулагчид, улс төрчдөөс бизнесийнхэн ганц л зүйл хүсэж, бүр гуйж байгаа нь популизмаа больж, бизнесийг хавчиж, түрэмгийлэхгүй байх. Монголын бизнес 30-хан настай ч тэр хэрээр 300 жил хөгжсөн бизнесийн асуудал бэрхшээлтэй богино хугацаанд нүүр тулж, даван туулахыг хичээж буй. Улс орны нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдэх шийдлийг тэд эрэлхийлж, хийж хэрэгжүүлж явна. Бусдаас суралцаж, бусдын 20 жил хөгжүүлсэн туршлагыг хоёр жилд багтааж Монголдоо нутагшуулахыг, тэр хэрээр нийгмийн хөгжлөө урагш чирэхэд бидэнд битгий саад болооч хэмээн популизмаас тэд хүсэж байна.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine