Бодлого - Ковид-19

Уул уурхайн компаниудад байр сууриа бэхжүүлэх боломж гарч байна

2020  |  May - June   |  029

Уул уурхайн компаниудын худалдан авалтын бодлого “Ковид-19”-өөс үүдсэн хямралыг давахад маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Шийдэмгий, ухаалаг удирдлагууд нэн тэргүүний зорилтуудаа тодорхойлж, компаниа богино хугацаанд сэргэлтэд бэлдэж чаддаг. 

Коронавирус хил хязгаар мэдэхгүй гэлцэнэ. Тийм гэдэг нь ч дэлхий даяарх хүн амын амьдрал, аж ахуйд үзүүлсэн нөлөөллөөс нь тодорхой харагдаж байна. Вирусийн тархалтыг сааруулж, эрүүл мэндийн тогтолцоо хямралд орохоос сэргийлэх зорилгоор Засгийн газрууд хил гаалиа хааж, улсын хэмжээнд хөл хорио тогтоож, хүмүүсийг тусгаарлах алхмууд хэрэгжүүлсэн. Яахын аргагүй, ажилчдын аюулгүй байдал, эрүүл мэндийг эн тэргүүнд авч үзэх ёстой. Гэвч одоо компаниудад цар тахлын эдийн засгийн нөлөөлөл илүү хурцадмал асуудал болоод байна. 

Уул уурхайн компаниуд ажилчдынхаа болон иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс шууд үйл ажиллагаанд оролцдоггүй ажилчдаа гэрээс нь ажиллуулахаас эхлээд гарцаа бууруулах, үйл ажиллагаагаа түр зогсоох хүртэл зайлшгүй арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Метал, уул уурхайн гэлтгүй маш олон салбарын бүтээмж, ашиг орлого огцом буурсан билээ. Гэхдээ нөхцөл байдал сэргэхийн өмнө компаниуд зардлын тогтвортой байдлаа бий болгох, бизнесээ сэргэлтэд бэлдэх, бизнес загвараа эргэн харах зэрэг стратегийн сонголтууд хийх шаардлагатай байгаа юм. 

Худалдан авалт хариуцсан захирлууд (ХАХЗ) эдгээр шаардлагыг зохицуулах өвөрмөц үүрэг хүлээдэг. Энэхүү нийтлэлээр уул уурхайн компаниуд цоо шинэ бодит байдал руу шилжихэд туслах дөрвөн алхмыг танилцуулж байна.

Металл болон уул уурхайн салбар дахь “Ковид-19”-ийн нөлөөлөл

Гуравдугаар сар гарснаас хойш металл болон уул уурхайн салбарын хувьцааны дундаж үнэ 10 хувиар унасан бөгөөд компаниуд зах зээлийн үнэлгээнийхээ 30-50 хувийг алдаад байна. Түүнчлэн төслийн талбайнуудыг хааж, үйл ажиллагааг түр зогсоосноор салбарын үйлдвэрлэлийн алдагдал 20 хүртэлх хувьд хүрч болзошгүй байна. Сэргэлт хэр хүчтэй байхаас хамаарч салбар энэ онд 2019 онтой харьцуулахад 200 тэрбум ам.долларын хүү, татвар, валютын сулрал болон хүү, татвар, элэгдэл, хорогдлын өмнөх ашиг (EBITDA) алдаж болзошгүй байна. Иймд зардлын өрсөлдөх чадвар нь хамгийн тодорхой зорилт болох нь дамжиггүй юм. 

Уул уурхайн салбарыг сэргээх дөрвөн алхам

Ийм нөхцөл байдалд худалдан авалт хариуцсан удирдлагууд ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээнд гарах эрсдэлүүдийг бууруулах, мөнгөө гамнах, бүтээмжийг дээшлүүлэх, компанийг илүү тогтвортой бөгөөд зардлын хувьд өрсөлдөхүйц түвшинд эргэн очиход туслах стратегийн сонголтыг хийхэд голлох үүрэг гүйцэтгэх хэрэгтэй. ХАХЗ нь тухайн байгууллагадаа үнэ цэн бий болгох нэн чухал үүрэг бүхий албан тушаал­тан бөгөөд стратегийн жинхэнэ түншүүд гэдгээ батлах боломжийг эдгээр алхам бий болгох юм. 

Дараах дөрвөн алхам нь ХАХЗ-уудыг компанийн зардлын тогтвортой байдлыг бий болгох, сэргэлтэд бэлдэх, шинэ бодит байдалд хэрэгжүүлэх бизнес загвараа эргэн харахад туслана.

1. Нөхцөл байдлыг сайжруулах хяналтын цамхаг босго
Үйл ажиллагааны хэсэгтэй ойр ажилласнаар ХАХЗ-ууд нь юуг зогсоож болох, юуг түр хойшлуулж болох, юуг танаж болох, юуг тогтвор­той байлгах тал дээр бүхий л зарцуулалтыг түргэн ангилан ялгах боломжтой. Үүнийг амжилттай хэрэгжүүлснээр зардал нэг бүрийг эргэн хянаж, засварлах хяналтын цамхагийн аргачлал бий болгож болно.

Худалдан авалтын байгууллага дотоод хэрэгцээ шаардлагыг эргэн харах үүднээс гагцхүү үйл ажиллагааны хэсэгтэй хамтарч ажиллах бус мөн зарцуулалтыг бууруулснаас гарах нөлөөлөл нь компанийн бэлэн мөнгөний бодлогод хүрч байх үүднээс санхүүгийн хэсэгтэй мөн хамтарч ажилласнаар хяналтын цамхагууд хамгийн амжилттай хэрэгждэг. 

Хамгийн гол нь хямралын үед зардлыг маш хатуу хянах үүднээс чанга дэглэм баримтлах нь урт хугацаанд өндөр үр дүнтэй байх болно. Ерөнхийдөө ХАХЗ-ууд нь энэхүү дэглэм цаашид үргэлжилнэ гэж үзэх бөгөөд ингэхийн тулд зорилт болон гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтүүд тавьж ажиллана. Жишээ нь, Ковид-19 хямрал бий болоход нэгэн үндсэн металл олборлогч компани худалдан авалт болон үйл ажиллагааны хэсгүүдээ хооронд нь уялдуулж, нөлөөлөлд аудит хийх санхүүгийн хэсгийн дэмжлэгтэйгээр хэрэглээг хянах зорилгоор маш хурдан хугацаанд хяналтын цамхаг бий болгосон. Хоёр долоо хоногийн дараа энэхүү компани зарцуулалтаа зогсоох, хойшлуулах, танах зэргийг хослуулах замаар хэрэгцээнийхээ 15 хувийг бууруулж чадсан байна.

“Ковид-19”-с шалтгаалсан түүхий эдийн уналт нь бэлэн мөнгөний түргэн эх үүсвэр бий болгож байна. Ихэнх бөөний, түүхий эдийн болон ложистикийн гэрээнүүд нь түүхий эдээс хамаарсан үнийн тохируулга хийх боломжтой байдаг. ХАХЗ-ууд нь гэрээнүүдээ системтэйгээр хянах ажлыг ахалж, үнийн тохируулгаас давуу тал, ашиг олж авах боломжтой. Зарим уул уурхайн компанийн хувьд ихэнх гэрээнүүд нь төвлөрсөн бус бөгөөд дижиталжаагүй тохиолдолд энэхүү үйл явцыг гараар хийж болно. Хэрэв тийм бол гэрээний дүнгээс хамаарч уг ажлыг шат дараалан хийнэ. 

ХАХЗ-ууд ирээдүйд гэрээний нөхцлүүдийг хянах, лавлах, мөнгөн дүнгээр илэрхийлэх үүднээс гэрээний дижитал хувилбар бий болгох шийдлийг гаргаж болно. Жишээ нь, өмнөх газрын тосны уналтын үеэр нэгэн уул уурхайн компани тээвэрлэлтийн гэрээндээ доош чиглэлтэй түлшний тохируулга хийх замаар зардлаа 5 хувиар бууруулж чадсан. Ерөнхийдөө энэ нь тухайн гэрээний ангилал дахь хүчний тэнцвэрийг шинээр гаргаснаар гэрээ дууссаны дараа дахин хэлэлцээр явуулах таатай нөхцөл бүрдүүлсэн байдаг.  

2. Ханган нийлүүлэлтийг эргэн төлөвлөх
Аливаа хямралаар ханган нийлүүлэлтийн сүлжээн дэх сул талууд яах аргагүй ил гардаг. Уул уурхайн салбарын ХАХЗ-ууд нь дараах хоёр багц алхам дээр анхаарал хандуулах хэрэгтэй.

1. Ханган нийлүүлэгчдийн сүлжээ, ложистик, бүтээгдэхүүний нарийн тогтолцоон дахь сул талуудыг нэн даруй тодорхойлж, бууруулах. Үйл ажиллагааг дэмжиж, ханган нийлүүлэлтийн аюулгүй байдлыг хангахад гол анхаарал хандуулах хэрэгтэй. Ингэхийн тулд ХАХЗ-ууд нь шинэ ханган нийлүүлэгчдийг компанид нэвтрүүлэх ажлыг хурдасгахын сацуу аюулгүй бөгөөд үр дүнтэй үнэлгээний үйл явц бий болгоход анхаарч ажиллана.

2. Хамгийн тэргүүний эрсдэлүү­дийг бууруулсны дараа ХАХЗ-ууд нь ханган нийлүүлэлтийн сүл­жээний мөчлөгийн явцад бүхэлд нь нарийвчилсан, цогц дүн шин­жилгээ хийх замаар ханган нийлүү­лэлтийн сүлжээнд тогтвор­той байдал бий болгоно. Уг ажилд мөн ханган нийлүүлэгчдийн сүлжээн дэх санхүүгийн дарамтыг турших, дэд зэрэглэлийн ханган нийлүүлэгчдийн нээлттэй байдалд анхаарах, байгууллагын тогтол­цооны бүрэн дүүрэн байдлыг хянах зэрэг ажлууд багтана. Үр дүнг ашиг­лан эдгээр худалдан авалт­тай холбоотой эрсдэлүүдийг системтэйгээр бууруулах эсвэл арилгаж өмнөхөөсөө илүү бизне­сийн хувьд тогтвортой, бат бөх болох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, компаниуд эрсдэлд тохируулсан үр дүнтэй байдлыг ханган нийлүү­лэлтийн сүлжээг бий болгоход анхаарах хэрэгтэй гэсэн үг юм. Жишээ нь, “Ковид-19”-өөс үүдэн Азийн салбарт нь доголдол үүссэн дэлхийн хэмжээний материал үйлдвэрлэлийн компанийн ХАХЗ-ууд нь үлдсэн бүс нутгууд дахь салбаруудаа хөдөлгөөнд оруулж, ханган нийлүүлэлтийн сүлжээн дэх сул талуудаа хянаж эхэлсэн. Энэхүү цогц арга барилын үр дүнд уг компани нь Европ болон Хойд Америкт гарах доголдлын эрсдэлийг бууруулж чадсан. Мөн тээвэрлэлт болон бүтээгдэхүүний ярвигтай асуудлуудыг хурдан шийдэж чадсан байна. Ингэснээр үйлдвэрлэлээ ашигтай байл­гаж, бараа материалаа хугацаан­даа хүргэх болсон байна. 

Дүн шинжилгээний өндөр технологи ашигласнаар өнөөгийн маш ховор тохиох түүхий эдийн боломжуудаас үр шим хүртэхэд чиглэсэн даатга­лын стратегиудыг улам бэхжүүлнэ. Мөн түүхий эдийн бөөний худалдан авалтад баримтлах арга барилаа эргэн харах шаардлагатай болж байна. Ихэнх түүхий эдийн үнэ хямрал эхэлснээс хойш огцом унасан бөгөөд ингэснээр нөөц бий болгох (компанийн бэлэн мөнгөний байдал сайн бол) эсвэл нийлүүлэгчийн удирддаг нөөцөнд шинэ гэрээ хэлцэл хийх боломж үүссэн. Эдгээр ихэнх үйл ажиллагаа нь харьцангуй энгийн бөгөөд маш бага нөөц ашигладаг. Гэхдээ компаниуд түүхий эдийн хямд үнийг ашиглан нөөц бүрдүүлэх боломж бий. ХАХЗ нь компанийн эрсдэлийн удирдлагын стратегийг шинэчлэх ажлыг ахалж, ойрын болон урт хугацаанд эрэлтийн урьдчилсан тооцоонд эерэг зураглал өгнө. Аналитикийн өндөр технологи ашигласнаар өнөөгийн маш ховор тохиох түүхий эдийн боломжуудаас үр шим хүртэхэд чиглэсэн даатгалын стратегиудыг улам бэхжүүлнэ.

3. Бүтээлч сэтгэлгээ болон төлөвлөлт рүү хүчин чадлаа төвлөрүүлэх
Зарим баг магадгүй гэрээсээ ажиллахдаа илүүдэл чадавхитай байж болно. ХАХЗ-ууд энэхүү чадавхийг илүү бүтээлчээр ашиг­лаж, салбар дамнасан багууд (худалдан авалт, үйл ажиллагаа, засвар үйлчилгээ зэргээс бүрд­сэн) бий болгож, ажлын бүтээм­жийг сайжруулж болно. Жишээлбэл, худалдан авалт болон үйл ажилла­гааны багууд хаягдал болон илүүдэл хэрэглээг бууруулах, эсвэл зориулалтаар нь ашиглах техни­кийн нөхцөлүүдийг хялбарчлах, илүү хямд үнэ санал болгох нийлүү­лэгчид олох зэрэг тал дээр төрөл бүрийн санаа гаргахдаа сайн байдаг. Гэхдээ эдгээр санааг бодитой шийдвэр болгохын өмнө нарийн, мэдээ мэдээлэлд суурилсан арга барил ашиглах хэрэгтэй. Ингэснээр хөрөнгийн ашиглалтын хугацааг бууруулахгүй. 

ХАХЗ-ууд зардлын үр ашигтай байдлыг тодорхойлж, бий болгоход туслалцаа үзүүлнэ. Компанийн зардлын баазыг бүтцийн хувьд бууруулах боломж бололцоог эрэлхийлэхэд багийн илүүдэл чадавхийг ашигласнаар компани сэргэлтийн үедээ буюу ялангуяа орох зардал нэмэгдэж буй үед өрсөлдөөнд давуу тал эзлэхэд хувь нэмэр оруулна. Жишээ нь, Хойд Америкийн нэгэн уул уурхайн компани худалдан авалт болон ханган нийлүүлэлтийн сүлжээ хариуцсан удирдлагаас бүрдсэн жижиг, шаламгай багууд бүрдүүлсэн бөгөөд энэхүү багууд нь хэмнэлт гаргах боломж бололцоо эрэлхийлэх үүрэгтэй байсан. Маш хурдан хугацаанд эдгээр баг төрөл бүрийн ангиллаар дунд­жаар 7 хувийн хэмнэлт гаргах болом­жийг тодорхойлсон бөгөөд ингэхдээ үйлчилгээний түвшин болон чанарыг хэвийн хэмжээнд байлгажээ. 

2012 оноос хойш түүхийн эдийн үнэ унахад уул уурхайн компаниуд зардлаа бууруулах чадвартай боло­хоо харуулсан. Гэхдээ тэд мөн түүхий эдийн үнэ өссөн үеүдэд зард­лын дэглэмээ сулруулж байсан түүх­тэй. Энэхүү хандлага нь өнөөгийн мөчлөгт биеллээ олж байна. 2016 оны эхэн үеэс түүхий эдийн үнэ нэмэгдэхийн хэрээр зардал ч мөн өссөн. Энэхүү уул уурхайн шинэ мөчлөгөөр ХАХЗ-уудад ялгаж салгах боломж гарч ирсэн. Худалдан авалтын чанар сайн байвал 2012-2016 онуудын хоорондох хямралын үеэр хийгдсэн зардлын сайжруулалтыг тогтоон барьж, үнэ цэн бий болгох шинэ давалгааг авчирна.  

Илүү гарсан цагийг ашиглах өөр нэг сайн арга бол багийнхаа чадавхийг сайжруулахад хөрөнгө оруулах явдал юм. Худалдан авалтын хэлтсүүд ихэнхдээ чадвар дээшлүүлэх хөтөлбөрүүдэд хөрөнгө бага оруулдаг. Ингэснээр ажилчдын гүйцэтгэлд хязгаарлалт тогтоход хүрдэг. Өндөр үр дүнтэй хөтөлбөр бүхий богино хэмжээний сургалтууд – бизнесийн түншлэл бий болгох, зардлын загварчлал, ахисан түвшний хэлэлцээр явуулах, холоос хэлэлцээр хийх, өгөгдлийн аналитик гэх мэт сэдвүүдээр сургалт явуулснаар мэргэжлийн хүмүүстэй ажиллаж, багуудад урам зориг өгнө. Жишээ нь, үйл ажиллагааны бус ажилчид нь гэрээсээ ажиллаж байсан нэгэн металын компани багийнхаа топ гурван байхгүй ур чадварыг нэн даруй тодорхойлж, мэргэжилтнүүдээр удирдуулсан цахим сургалтууд явуулсан. Компа­ни өөрчлөлтөндөө бэлдэх явцад сургалтад хамрагдсан ажилчид уг өөрчлөлтийг удирдахад маш чухал үүрэг гүйцэтгэх нь тодорхой болжээ. Иймээс шинээр олж авсан мэдлэг, ур чадварыг бүхий л түвшинд, бүх хэлтэс, хэсгүүдэд нэгтгэн оруулах нь нэн чухал юм.

4. Компани орон нутаг дахь хувь нэмрээ бэхжүүлэх
Металл ба уул уурхай нь бусад салбарын адилаар их хэмжээний хувийн хамгаалах хэрэгслийн (ХХХ) нөөцтэй байдаг. ХАХЗ-ууд болон бусад худалдан авалтын удирд­ла­гууд одоо байгаа ХХХ-ийн нөөц болон ажлын талбай дээрх хэрэг­цээнд үндэслэн илүүдэл ХХХ гарвал орон нутгийн эрүүл мэндийн байгуул­лагуу­дад хандивлаж болно. Энэ нь ялангуяа жижиг бүс нут­гуу­дад хамаатай. Учир нь уурхайчид тухайн бүс нутагтаа харьцангуй их ХХХ-ийн нөөцтэй байх магадлалтай. Хэрэв илүүдэл ХХХ байхгүй бол ХАХЗ-ууд ханган нийлүүлэгчдийн бааз, хэмжээ, нөлөөллөө ашиглан орон нутгийн эмнэлгүүдэд нэн яаралтай барааг нийлүүлэх тал дээр хэлэлцээр хийж болно.

Худалдан авалтын удирдлагууд мөн тухайн орон нутагтаа гамшгаас хамгаалах байр барихад ашиглах материалуудыг тодорхойлох эсвэл өөрсдийн байр сууриа ашиглан худалдан авалт хийх боломжтой. Үүний маш сайн жишээ бол Хятадын нэгэн металын компани юм. Тэрээр “Ковид-19”-т нэрвэгдсэн бүс нутагт байнгын эмнэлэг барихад зориулж ган төмөр хандивласан. Маш богино хугацаанд баригдсан энэхүү эмнэлэг нь тус компани орон нутагтаа байр суурь, компанийн хариуц­лагаа бэх­жүүлэх боломжийг олгосон байдаг.

Металл болон уул уурхайн салба­­рын ХАХЗ-уудад маш том бо­ломж байна. Энэхүү гамшгийн нөлөөл­лийг яг одоо бууруулах, худалдан авалтын хэлтсийн үр дүнтэй байд­лыг сайжруулах, хямрал дууссаны дараа байгуулла­гаа илүү тогтвор­той байр сууринд аваачих. Яг одоо л шийдэмгий алхам хийж, компанийн бусад хэсгүүдтэй ашигтай түншлэл байгуулах хэрэгтэй. Мөн зорилго­тойгоор байгууллагаа удирдаж, ажилчдын сэтгэлзүйг дээшлүүлж, сэргэлтийн үеэр хожих замыг тавих боломж одоо л гарч байна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine