Зах зээл

Коронавирус ба төмрийн хүдрийн парадокс

2020  |  May - June   |  029

  •  Уурхайчид ажилдаа очиж чадахгүй байгаагаас олборлолт буурч байна
  •  Латин Америкийн уул уурхайн үйл ажиллагаа 60 хувиар буурчээ

 

Дэлхийн эдийн засгийн агшилтыг төмрийн хүдэр амжилттай сөрж спот болон фьючерс ханшийн өсөлт оны хамгийн сайн үзүүлэлтээ харуулж байна. Нэг тонн төмрийн хүдэр тавдугаар сарын сүүлийн долоо хоногт 100 ам.долларт хүрэв. Энэ нь эрэлт талын эерэг болон нийлүүлэлт талын сөрөг хүлээлт давхацсаны үр дүн байлаа. Дэлхийн хэрэглээний талыг хамдаг Хятадын зах зээлийн сэргэлт нь төмрийн хүдрийн хэрэглээг дэмжинэ гэж нийлүүлэгчид хүлээж байгаа бол дэлхийн хоёр дахь том нийлүүлэгч Бразил улс “Ковид-19” цар тахлын өвчлөлөөр хоёрдугаарт орж ирсэн нь дэлхийн нийт нийлүүлэлтийн дөрөвний нэг нь доголдох эрсдэл бий болоод байна. 

Төмрийн хүдрийн ханш огцом өсөв

“ASX market index”-ийн мэдээлснээр тавдугаар сарын сүүлийн долоо хоногийн мягмар гарагт Хятад руу хүргэгдсэн төмрийн хүдрийн спот үнэ 62 хувиар өсөж 100 ам.доллар хүрэв. Энэ нь сүүлийн есөн сарын хамгийн өндөр өсөлт байлаа. Түүнчлэн Далианы таваарын биржид фьючерс ханш зургаан өдөр дараалан өсөж 107 ам.доллар хүрсэн нь дөрөвдүгээр сарын эхэнтэй харьцуулахад 20 хувиар өссөн дүн ажээ. 

Хятад улс төмрийн хүдрийн далайн худалдааны 70 хувийг хийдгийн хувьд коронавирусийн тархалт намжсанаар дэд бүтэц, бүтээн байгуулалтын зардлаа үлэмж хэмжээгээр өсгөнө гэсэн найдлага төмрийн хүдрийн ханшийн өсөлтийн гол тайлбар болж байна. “UBS”-ийн олборлох салбарын захирал Глин Лавкокын хэлснээр Хятадын далайн эргийн боомтууд дахь нөөц буурч байхад Хятадын гангийн үйлдвэрүүдийн гарц өсөж байгаа нь ханшийн өөрчлөлтийн ерөнхий чиг хандлагыг тайлбарлаж байгаа боловч сүүлийн үеийн огцом өөрчлөлт нь Бразилийн нийлүүлэлт тасалдах эрсдэлтэй холбоотой аж. “Өнгөрсөн жил Бразил 350 сая тонн төмрийн хүдэр экспортолсон. Энэ нь долоо хоногт 6.5 сая тонн гэсэн үг. Энэ жилийн экспортыг нь харахад ганц удаа л долоо хоногийн экспорт нь зургаан сая тоннд хүрсэн байна. Сүүлийн гурван долоо хоногт энэ тоо 4.5 саяд ч хүрсэнгүй” гэж тэр хэлжээ. 

Бразил улс одоо “Ковид-19” хамгийн их бүртгэгдсэн хоёр дахь улс болоод байна. Халдварын тархалт үнэхээр хурдацтай байгаа. Хар ажлыг гэрээсээ хийх боломжгүй болохоор уурхайчид ажлын байрандаа очиж чадахгүй байгаа нь олборлолтыг ихээр бууруулж байгаа аж. Тэр дундаа цар тахлын тархалт Бразилийн төмрийн хүдрийн экспортын гуравны нэг нь хийгддэг Пара мужид хурдацтай тархаж байгаа юм. 

Нийлүүлэлтийн тасалдлаас зэсийн ханш сэргэв

Нью-Йоркийн бирж дээр арилжаалсан зэсийн ханш тавдугаар сарын сүүлийн арилжаагаар хоёр хувийн өсөлт харуулж тонн нь 5,460 ам.доллар хүрсэн юм. Хэдийгээр нь энэ нь гуравдугаар сарын дунд үеийн ханшаас 25 гаруй хувиар бага ч гэлээ хүлээлт эерэг чиглэлд өөрчлөгдөж байна. Тухайлбал, “Bank of America”-ийн шинжээчид 2020 оны үнийн таамгаа 5.4 хувиар өсгөж тонн нь дунджаар 5,620 ам.доллар хүрнэ гэж таамаглах болжээ.

Дэлхийд зэс үйлдвэрлэлээр тэргүүлдэг Өмнөд Америкийн Чили, Перу улсад Ковид-19 тахал дэлгэрч байгаа нь үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж эхлээд байна. Цар тахлаас өмнө 6200 ам.доллар байсан ханш гуравдугаар сарын дунд гэхэд 4600 ам.доллар болтлоо огцом уруудсан. АНУ болон Европ цар тахлын улмаас хөл хорио тогтоосон нь зэс тэргүүтэй эрдсийн ханшнаас гадна зах зээлийг бүхэлд нь огцом хямархад хүргэсэн билээ. Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд зэсийн ханш аажмаар сэргэж байгаа нь оны сүүлийн хагаст тогтвортой өсөлттэй байх суурь болно хэмээн шинжээчид таамаглаж байна. Учир нь гол нийлүүлэгчдийн зэсийн гарц танагдаж байгаа бол гол хэрэглэгч зах зээлүүд хөл хорионоос аажмаар гарч, үйлдвэрлэл хэрэглээ нь сэргэх дүр зурагтай байгаа юм. 

Цар тахлын нөлөөгөөр Чили улсын зэсийн гарц 200 мянган тонноор бага байгааг тус улсын төрийн өмчит зэсийн агентлаг “Cochilco”-гийн Гүйцэтгэх дэд захирал Марко Риверос мэдэгджээ. Риверос хэлэхдээ, “Уул уурхайн олборлолтын ажилтнуудын цомхотгол, төслийн үйл ажиллагааг зогсоосон нь бүтээгдэхүүний гарцыг бууруулж байна” гэжээ.

Олон улсын зэсийн судалгааны групп (ICSG)-ийн мэдээлснээр Ковид-19 өвчний нөлөөгөөр энэ онд дэлхийн зэсийн олборлолт 950 мянган тонноор буюу ойролцоогоор дөрвөн сая тонн зэсийн баяжмалын гарц танагдах урьдчилсан төлөв гараад буй аж. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулбал гурван хувийн бууралт гэсэн үг. 

Зэс нь үйлдвэрлэл, барилгын салбарт өргөн ашиглагддаг тул энэ жил дэлхийн эдийн засагт хүлээгдэж буй агшилт нь зэсийн хэрэглээг хоёр оронтой хувиар бууруулах магадлалтай байгааг “Bank of America” дурджээ. 

Тийм ч гэлээ, тэд худалдан авалт ийм хэмжээгээр буурна гэдэгт тийм ч итгэлтэй биш байгаа бөгөөд Хятадад хөл хориог зөөллөснөөр ажиглагдаж буй сэргэлт барууны орнуудын эдийн засагт мөн адил тусгалаа олж, хөл хориог зөөллөснөөр түүхий эдийн худалдан авалт нэмэгдэхэд нөлөөлж магадгүй гэдгийг тэд цохон тэмдэглэжээ. 

Латин Америкийн нөхцөл байдал

Бразилийн өвчлөлийн тохиолдол нэг сарын өмнөхөөс ес дахин нэмэгдсэн байна. Тавдугаар сарын 25-нд нас баралтын тоо АНУ-ынхаас давсан тул тус улс Бразилаас ирсэн зорчигдоос зөвхөн өөрийн иргэнийг нэвтрүүлнэ хэмээн мэдэгдсэн юм. Бразилийн анхны батлагдсан тохиолдол хоёрдугаар сарын 26-нд бүртгэгдсэн нь Латин Америк дахь анхны тохиолдол байлаа. Харин тавдугаар сарын сүүл гэхэд тус тивийн 20 улсад 800 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байна. 

Энэ тивд эрдэс баялгийн томоохон нөөцүүд бий. Дэлхийд хамгийн их мөнгөний нөөцтэй улс Перу бөгөөд Мексик, Чили, Болив, Аргентиний хамтаар дэлхийн мөнгөний нийлүүлэлтийн талаас илүү хувийг хангадаг. Мөн суурь металлын арвин нөөцтэйгөөс зэс олборлолтоор Чили, Перу улс дэлхийг тэргүүлж байна. Бразилийн үндэсний компани “Vale” гэхэд л 2018 оны дэлхийн металл олборлолтын 10 хувийг дангаараа гүйцэтгэсэн байна. Энэ нь Хятадын нийт олборлосноос их байсан юм. 

Хөл хорионы улмаас Латин Америкийн уул уурхайн үйл ажиллагаа 60 хувиар буурчээ. Коронавирусийн өдөрт бүртгэгдэж байгаа тоогоор Бразил, Перу, Чили дэлхийг тэргүүлж байгаа зургаан улсад багтаж байгаа юм. Нөхцөл байдал улам хурцадмал болж байгаа нь сул зогсолттой байгаа компаниудын үйл ажиллагаагаа дахин эхлүүлэхэд давхар сорилт болж байна. Тухайлбал, Эквадор улс хоёр сарын турш сул зогссон зарим уурхайн үйл ажиллагааг ахин эхлүүлсэн боловч иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулжээ. Уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх нь халдварыг тархахад хүргэнэ гэж үзсэн эсэргүүцэгчид хүдэр ачсан тээврийн хэрэгслүүдийг зогсоох оролдлого хийсэн байна. “Манай иргэдэд өвчин халдварлах вий гэдгээс айж байна. Тосгоны 50 жилийн настай эмнэлэг халдварын тархалтад бэлэн биш” хэмээн Фрута Дел Норте уурхайн ойр орших Замора тосгоны захирагч Мигуел Гонзалез ярьжээ. 

Хөл хорио эдийн засагт үзүүлж байгаа нөлөөлөл улам бүр хүчтэй мэдрэгдэж  байна. Дөрөвдүгээр сард 860 мянган ажлын байраа алдсан гэсэн тоо баримтыг Бразилийн Ажил эрхлэлт болон ажилгүйдлийн үндэсний бүртгэлийн газар мэдээлсэн. Тухайлбал, 598.6 мянган хүн шинээр ажилд ороход 1.5 сая хүн ажлаас халагдсан байна. Энэ нь тус улсын түүхэнд 2008 оноос хойш нэг сарын хугацаанд гарсан хамгийн муу үзүүлэлт болжээ. Тавдугаар сарын эхний хоёр долоо хоногт ажилгүйдлийн даатгалын нөхөн олговор өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 76 хувиар өссөн байна.

Тэгвэл зэс үйлдвэрлэлээр тэргүүлэгч Чили болон Перу улсын нөхцөл байдал ч сайн биш байна. Чилийн эдийн засгийн идэвх энэ оны эхний улиралд 3.5 хувиар буурсан болохыг тус улсын төв банк тавдугаар сарын эхээр мэдээлсэн. Түүнчлэн энэ онд тус улсын ДНБ нь 4.5 хувиар буурна гэсэн урьдчилсан тооцооллыг ОУВС дөрөвдүгээр сард танилцуулсан юм. Энэ нь нэгдүгээр сарын тооцооллоос 0.9 хувиар бууруулж тооцсон болохыг илтгэж байгаа юм. 

Перу хэдийгээр бүс нутагтаа хамгийн хатуу хөл хорио тогтоосон нь халдварын тархалтаас сэргийлэхэд тустай боловч энэ нь эдийн засгийнх нь бараг 70 хувийг царцахад хүргэжээ. Олон улсын байгууллага, хөндлөнгийн шинжээчдийн үзэж буйгаар тус улсын эдийн засаг энэ онд 4-8 хувиар агших төлөвтэй байна. 

Өрсөлдөөн ширүүсэв

“McKinsey & Co”-ийн тооцоолсноор Бразил, Өмнөд Африк зэрэг улсын нийлүүлэлт буурснаас шалтгаалан төмрийн хүдрийн дэлхийн гарц таван хувиар буурах магадлалтай аж. Энэ цонх үеийг ашиглан Австралийн гол экспортлогчид нийлүүлэлтээ нэмэгдүүлж эхэлжээ. Тухайлбал, “Rio Tinto” гарцаа долоон хувь, “Fortescue Metals Group” 24 хувиар тус тус нэмэгдүүлсэн байна. 

“Fortescue”-ийн Хятад руу хийсэн нийлүүлэлт энэ оны эхний улиралд 42.3 сая тонн байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар өссөн үзүүлэлт. BHP мөн Баруун Австрали дахь Хедланд боомтын экспортын хүчин чадлыг 14 хувиар нэмэгдүүлж 330 сая тоннд хүргэх төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулаад байна. 

“Fitch Solutions”-ийн сүүлийн үеийн судалгаагаар 2020 онд ихэнх ашигт малтмал болон металлын гарц буурахаар байгаа тул хэрэглэгчид үүнд бэлтгэж төлөвлөгөөгөө дахин шинэчлэх шаардлагатай байгааг анхааруулж байна. Бусад металлын ханш “Ковид-19”-ийн нөлөөгөөр буурч байгаа боловч төмрийн хүдрийн ханш энэ онд дунджаар тонн тутам нь 85 ам.доллар буюу харьцангуй тогтвортой байх тооцооллыг “Fitch”-ийн шинжээчид хийжээ. Хэдийгээр энэ нь өнгөрсөн жилийн дундаж ханш болох 90.4 ам.доллараас бага боловч одоогоор төмрийн хүдрийн ханш 91.6 ам.доллар (тавдугаар сарын 25-ны байдлаар) хүрч, өсөлтийн трендээ хадгалсан хэвээр байна. 

Шинжээчид олон улс орны төмрийн хүдрийн гарцыг бууруулж тооцсон байна. Төмрийн хүдрийн гарцын өсөлт өнгөрсөн жил 4.7 хувь байсан бол энэ онд Засгийн газрууд хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 0.8 хувь болж буурна гэсэн урьдчилсан тооцооллыг хийсэн байна.  

Канад, Өмнөд Африк, Перу, Энэтхэг зэрэг улсад тогтоосон хөл хорионд уул уурхайн үйл ажиллагаа хамаарч, зогссоноос үүдэн нийлүүлэлт тасалдаад байгаа бол Бразил, Австралид цаг уурын улирлын нөхцөл байдал сөргөөр нөлөөлж байна. Австралийн тээвэрлэлт мөн урьдчилсан тооцооллоор тавдугаар сард 64.6 сая тонн байгаа нь дөрөвдүгээр сарынхаас 11 сая тонн, өнгөрсөн оны тавдугаар сараас 13.3 сая тонноор бага байгаа юм. Энэ бүгд дээр Хятадын дотоодын төмрийн хүдрийн тээврийн асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа нь Хятадын далайн худалдааны эрэлт хэрэгцээ өсөхөд нөлөөлжээ. 

“Fitch”-ийн тооцооллоор Хятадын гангийн гарцын өсөлт өнгөрсөн онтой харьцуулахад 2.4 дахин буурч 3.6 хувь болох аж.  



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine