Ярилцлага

Хөрөнгө оруулалтаа төрийн дэмжлэггүйгээр шийдэх боломжтой

2019  |  May - June   |  029

Алтны компаниудын төлөөлөл болгож 2001 оноос тус салбарт үйл ажиллагаа явуулж буй “Жи Энд Юу Голд” компанийн захирал Г.Чинтөмөртэй ярилцлаа. 

-Танай компани хэдэн оноос алт олборлож эхэлсэн бэ. Хэчнээн лиценз эзэмшдэг вэ? 

-Манай компани 2001 онд байгуу­лагдсан. Эхний хэдэн жил үүсмэл жижиг ордууд дээр ажиллаж байгаад 2006 оноос одоогийн “МАК” ХХК-иас Өвөр хөшөөт, Ихэрийн амны ойрол­­цоогоор нэг тонн нөөцтэй ордын хоёр лиценз авсан. “МАК” ХХК нүүрс­ний салбарт үйл ажил­ла­гаа­ явуу­лах болсонтой холбог­дуулан үлдсэн лицензүүдээ манайх руу шилжүүлсэн. Баянхонгор аймгийн Заг cумын нутагт байдаг Цахирын хөндий, Баянхонгорын Жаргалант сумын нутаг Мандалын голын дагуух байдаг Тэгшийн амны лицензийг манайх руу шилжүүлсэн. “МАК” ХХК-иас авсан лицензүүдийн нөөцийн нийлбэр дүн бараг 1.5 тонн дөхдөг. Дийлэнх нөөцөө олборлож эхлээгүй байгаа. Өнөөгийн хууль эрх зүйн орчны хүрээнд олборлох боломжгүй байна. 

-Цаашид тогтвортой олборлолт явуулахад хангалттай нөөц байгаа гэсэн үг үү? 

-Одоогоор 800 кг орчим ашиглал­тын нөөц байна. Урт нэртэй хуулийн хязгаарлалтад нэлээд хэмжээ­ний нөөц орсон. Энэ хуулийн өөрчлөл­тийг хүлээгээд л байж байна. 

-Хууль эрх зүйн орчин танай үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ. “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд хууль, эрх зүй хангалттай хэмжээнд хэрэгжиж байгаа гэдгийг төрийн байгууллагуудаас мэдээлж байгаа шүү дээ? 

-Төр засгийнхан хууль, эрх зүйн орчин сайн болсон гэх боловч сайжирсан зүйл огт байхгүй. Бид хуульгүйдээ биш. 1998 оны Ашигт малтмалын тухай хууль маш сайн хууль байсан. Тухайн үед янз бүрийн амбиц бага байлаа. Энэ хуулийг боловсруулахдаа уул уурхай хөгжсөн орнуудын жишгийг дагасан. Бүх асуудалд гарц нь шийдэгдсэн сайн хууль байсан. Гэтэл энэ хуулийг өнөөдөр эрэмдэглэсээр өөх ч биш, булчирхай ч биш болгочихоод байна. 

-Тодруулбал, яг юун дээр илүү алдаа гарч байна вэ? 

-Хуулийг тогтвортой хэрэгжүүлэх нөхцөлийг төр, засаг тагласаар бай­гаад хууль эрх зүйн орчныг бүр муут­гаж байна. Тухайл­бал, үйл ажил­лагаа явуулахад орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авах ёстой гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яам тулгадаг. Хуулиа­раа бол техник, эдийн засгийн үндэс­­лэлээ боловсруулаад орон нутгийн иргэдэд танилцуулаад тэднээс саналыг нь авч байгаль орчны на­рийв­­чилсан үнэлгээнд тусгах үүрэгтэй. Үүнийг нь БОАЖЯ-ны нарийв­чилсан үнэлгээний хурал хэлэлцэж үнэлэлт, дүгнэлтээ өгч нарийвчилсан үнэлгээг батлах ёстой байдаг. Гэтэл БОАЖЯ-наас тухайн багаас санал бус зөвшөөрөл авч ир гэдэг. Харин орон нутагт очиход зөв­шөө­рөл олгодог нэг ч иргэд, нэг ч баг байдаггүй. Үүнээс хамаг зүйл эхэлдэг. Орон нутгийн иргэд, уул уурхайн компаниудын хоорондын зөрчлийн үндсэн шалтгаан эндээс үүсдэг. 

Бидэнд гурван хувийн зээл огт хэрэггүй

Ийнхүү их хэмжээний мөнгө орон нутгийн иргэдэд амлах зэрэг хууль бус үйл ажиллагаанууд эхэлдэг. Гэтэл энэ асуудал хуульд байдаг­гүй. БОАЖЯ нь хууль зөрчдөг. Ард иргэдээс зөвшөөрөл авах асуудлаас болж маш олон компанийн үйл ажиллагаа зогсож байна. Эдийн засаг хөгжихийн тулд тэртээ тэргүй байгальд их бага хэмжээгээр эрсдэл үүсдэг. Тэр тусмаа уул уурхайд тулгуурласан суурь эдийн засагтай улсын хувьд ийм зүйл зайлшгүй гардаг. Энэ эрсдэлийг багасгах, хуулийн хүрээнд зүй зохистой үйл ажиллагаа явуулах, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага нь БОАЖЯ юм. Гэтэл уул уурхайн компаниудыг хараат байл­гаж үйл ажиллагаа эрхлэх асуудлыг шууд шийдвэрлэх нь өнөөгийн биз­не­сийн орчинд тун халгаатай байна. 

Түүнчлэн салбар удирдаж байгаа сайд маань маш их хэмжээний алтыг уул ус руугаа орохгүйгээр хоёр жилийн дотор олборлоно гээд яриад явж байна. Хоёр жилийн дотор хийдэг төсөл байдаггүй юм. Их хэмжээний алт олборлоход томоохон хэмжээний технологи, хөрөнгө оруулалт хэрэгтэй шүү дээ. Гэтэл маш их хөрөнгө оруулалт хийчихээд хоёр жилийн дотор ашиглаж дуусаад эргээд яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Энэ яриа нь уул уурхайн салбарын талаар анхан шатны ойлголт байхгүйг харуулж байна. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт ордын нөөцөөс шууд хамааралтай байдаг. Тухайлбал, хөрөнгө оруулалтын өгөөж хамгийн их байхаар тооцоолж уурхайн хүчин чадлаа тооцдог. Үүнтэй холбоотой нэг жишээ дурдаж болно. Нэг уулын ар, өвөр хоёрт ижил төрлийн хоёр орд дээр  “Монгол газар” болон “Гацуурт” компани ажиллаж байсан. “Монгол газар” компани жилийн хоёр тонн алт олборлох хүчин чадалтай хөрөнгө оруулалт хийсэн. Харин “Гацуурт” нь хүчин чадлын хэмжээг жилийн 400 кг дээр барьж байсан. Үр дүнд нь их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн компани гурван жилийн дотор нөөцөө бараад их хэмжээний илүүдэл техниктэй үлдсэн. Нөгөөх нь бага хөрөнгө оруулалтаар урт хугацаанд олборлолт явуулснаар хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг өндөр төвшинд барьж чадсан байдаг. Иймэрхүү төрлийн алдааг өнөөдрийг хүртэл манай зарим нэг компани гаргасаар байна. 

Хуулийн буруу ашиглалт салбарыг гацааж байна

-Тэгэхээр яаралгүй тайвнаар нөөцөө ашиглах хэрэгтэй гэсэн үг үү?  

-Уул уурхайн хөрөнгө оруулалтын өгөөжийг их байлгахын тулд уур­хайн хүчин чадлыг тарпиц хэлбэ­рийн графикаар хэрэгжүүлдэг. Тэг цэгээс эхлээд үйлдвэрлэлийн хүчин чадалдаа хүрээд төслийн хүрээнд энэ хүчин чадлаа хадгалаад хаалтын үед буцаад 0 цэгт буулгах ёстой. Үүн дээр хөрөнгө оруулалтаа уядаг юм. Хөрөнгө оруулалтаа 100 хувь ашиглахын тулд ордын нөөц дуусахад техникийн ашиглалт зэрэг элэгдэж байх ёстой. Жишээлбэл, манай компани 1.5 тоннын нөөцтэй байлаа гэж бодоход техникийн ашиг­лалтын хуулийн элэгдэх хугацаа таван жил, үргэлжлүүлээд 3-5 жил техникээ ашиглана гэж тооцвол 7-8 жилийн дотор хөрөнгө оруулалт хамгийн өндөр үр ашигтай байна. 

Нөөцөө найман жилд хуваавал төслийн жилийн хүчин чадал 200 орчим кг алт олборлох хүчин чадалтай гэж үзнэ. Ордын хүчин чадлаас хамаараад хөрөнгө оруулал­­­тын хэмжээ харилцан адилгүй байсан ч хөрөнгө оруулалт, бэлтгэгд­сэн нөөц хоёр ижилхэн дуусаж байх ёстой. Ингэж төлөвлөхгүйгээс болоод алтны компаниуд алт олбор­лохын тулд их хэмжээний хөрөнгө оруулчихаад дараа нь баахан техниктэй үлддэг. Улсад ч татвар очихгүй, компанид ч өгөөжгүй. Манай компанийн хувьд жилд 200 кг-аас дээш алт олборлохгүй байхаар бүтэц болон хөрөнгө оруулалтаа хийсэн. Одоо ажиллах үедээ ажиллаад, зогсох үедээ зогсоод л байж байна. Манай компанийн сүүлийн том хөрөнгө оруулалт 2014 оны үед хийгдсэн. Өнөөдрийг хүртэл зургаан жил болоход гурван жилд нь ажилласан байх жишээтэй. Дахиад 3-4 жил ажиллана гэж тооцож байна. Үлдэгдэл нөөцийн хэмжээ бас тэр хэмжээнд байгаа. 

-Алтны компаниуд олон нийтэд нээлттэй биш нууцлагдмал байдаг. Нэрээ ойр ойрхон сольдог. Гол учир шалтгаан нь юу вэ? 

-Дээр дурьдсанчилан хууль, эрх зүйн асуудалтай шууд холбоотой. Нөгөө л төрийн байгууллагууд хууль бус шаардлага тавьдаг. Би хоёр жишээ хэлье. Нэгдүгээрт, Ашигт малт­­малын тухай хуульд дэд бүтэц, болов­сон хүчний асуудлаар шаард­ла­­гатай тохиолдолд орон нутагтай гэрээ хийж ажиллаж болно гэж заасан байдаг. Гэтэл орон нутгийн удирдлагууд заавал гэрээ хийнэ гэдэг шаардлага тавьдаг. Ингэснээр уул уурхайн үйлдвэрлэл явуулах эсэх асуудал дээр дурьдсанчлан орон нутгийн удирдлага болон багийн иргэдийн гарт шууд очдог. 

Хоёрдугаарт, 2015 оны Урт нэртэй хуулийн өөрчлөлтөөр уул уурхай хариуцсан төрийн захиргааны бай­гуул­лагад хандаад гэрээ байгуулж үргэлжлүүлэн ажиллаж болно гэдэг зүйл заалт шинээр орж ирсэн. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газар энэ хуулийг хэрэгжүүлдэггүй. Өөрөө­сөө түлхээд БОАЖЯ руу шил­жүүлчихдэг. БОАЖЯ нь Засгийн газрын хэрэг эрхлэх газар руу түлхээд Засгийн газрын тогтоол гаргуулна гэж үздэг. Гэтэл энэ нь 2015 оны хуулийн өөрчлөлтөд огт байхгүй зүйл шүү дээ. 

Энэ бүхнээс үүдээд нөгөө хариуц­лагагүй, хууль бус уул уурхай, нэрээ нууцалж ажилладаг, ханцуй дотроо тохиролцдог асуудал бүгд эндээс үүсдэг. Шулуухан хэлэхэд төрийн байгууллагууд хуулиа шууд утгаар нь хэрэгжүүлээд явахад дээрх асуудал үүсэх ямар ч боломжгүй. 

-2017 оноос хэрэгжиж эхэлсэн “Алт-2” хөтөлбөрийг та хэрхэн дүгнэж байгаа вэ. Үр дүнтэй хөтөлбөр байж чадсан уу? 

-Алтны олборлолт нэмэгдсэн нь хөтөлбөртэй нэг их хамаагүй байх. 

Харин Урт нэртэй хуульд жаахан завсар гаргаж өгсөн. Хууль байсаар байтал хуулийг буруугаар ашигла­даг, ойлгодог асуудал өнөөдөр уул уурхайн салбарыг гацааж байна. 

-Энэ хөтөлбөрийн хүрээнд нөхөн сэргээлтийн асуудал бүрэн шийдэгдсэн гэж холбогдох газраас мэдээллэж байгаа. Танайх олборлосон газартаа нөхөн сэргээлт хийсэн үү? 

-Говийн экосистем тун эмзэг. Нөхөн сэргээгдэх боломж муутай. Усны нөөц хязгаарлагдмал. Гүний ус руу буюу эргэлтийн бус усны нөөц рүү гараа дүрэх хэрэг гардаг. Гэтэл хангайн бүсэд уул уурхайн үйлдвэрлэл явуулахад байгаль орчны нөхөн сэргээгдэх боломж маш өндөр. Байгалийн эргэлтийн буюу гадаргын ус ашигладаг. Маш олон давуу тал байдаг. Энэ утгаараа Монгол Улсын уул уурхайн салбарын бодлого яг эсрэгээрээ явагдах ёстой.  

Манай орд газар хангайн бүс рүү бараг орохгүй. Гэхдээ говийг бодвол дуртай ургамлаа ургуулаад нөхөн сэргээлтээ хийж болж байгаа. Асуудал байхгүй. Алтны үнэ өндөр байгаа үед нөхөн сэргээлт хийх бол асуудалгүй. Өмнө нь алтны үнэ бага байхад нөхөн сэргээлт хийхэд санхүүгийн асуудал тулгар­даг байсан. Нөхөн сэргээлт хийгээгүй­гээс болоод асуудалд орж байгаа компани байхгүй. 

-Танайх хэдэн ажилтантай вэ?

-Оргил үедээ 100 орчим хүн байдаг байсан. Харин сүүлийн хоёр жил уурхай бараг ажиллаагүй учраас ажилчид цөөрсөн. Нөөц байна. Боломж гарч ирэхийг хүлээж байна. 

Алтны компаниудад эрх чөлөө хэрэгтэй

-“Алт-2” хөтөлбөрийн хүрээнд алтны компаниудад гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Үүнд 260-500 тэрбум зарцуулахаар болж байгаа юм билээ. Энэ шийдвэр алтны компаниудад томоохон дэмжлэг болж чадах уу?  

-Үнэндээ хамгийн их хуримтлуул­сан мөнгөтэй байгууллага алтны компаниуд байдаг. Тэдэнд 500 тэрбум төгрөг тийм ч сонин биш. Шороон ордын алт маш хурдан эргэлтэд ордог. Хөрс хуулаад алт угааж эхэллээ гэж бодоход нэг цагийн дотор борлогддог бүтээг­дэхүүн шүү дээ. Эргэлтийн хөрөнгө тийм ч их хэрэг болохгүй. Хөрөнгө оруулалт авах дээрээ тулбал техник, тоног төхөөрөмж нийлүүлж байгаа компаниуд хамаагүй сайн болом­ж олгож байна. Түрээсээс худалдан авах гэрээ рүү шилжүүлэх маягаар техник худалдан авч болж байна. Том банкуудын баталгаагаар авч болж байна. Бидэнд төрийн мөнгө­гүйгээр хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх асар их боломж байгаа. Хэрвээ эх оронч, зарчимтай хүн бол 3 хувийн зээл авмаар­гүй байгаа юм. Алт олборлох нь өөрөө ашигтай бизнес. Тиймээс бидэнд 3 хувийн зээл огт хэрэггүй. 

-Тэгвэл энэ бодлого ямар ч хэрэггүй бодлого гэсэн үг үү? 

-Ямар ч хэрэггүй. Зүгээр л алтны компаниудад ажиллах эрх чөлөөг нь өгөх хэрэгтэй. “Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүн гурилтай холбоотой иймэрхүү асуудлаас татгалзаж байсан тохиолдол байгаа. Бизнес  зах зээлийн зарчмаар явах ёстой гээд татгалзаж байсан. Алтны компаниуд ч бас тэгэх хэрэгтэй. Тэртээ тэргүй өндөр ашигтай, дэлхийн зах зээл дээрх үнэ хамаагүй өндөр болчихсон байхад бид гурван хувийн хүүтэй зээл төр, засгаас авчихаад ямар нүүрээрээ эргэж харах юм бэ. Утгагүй санагдаж байгаа биз дээ. Бизнес бол бизнес. Ингэж явах ёсгүй. 

-Та алтны компаниудад ажиллах эрх чөлөөг нь өгөх хэрэгтэй гэж байна. Тухайлбал, эрх чөлөө гэдэгт юу багтах вэ? 

-Яамдууд шинэ хууль үйлдвэр­лэнэ гэхээсээ илүү байгаа хуулиа хэрэгжүүлдэг байх ёстой. Урт нэртэй хуулийг Б.Бат-Эрдэнэ аварга наад­мын өмнө оруулж ирээд л батлуул­чихсан. Үр дагаварыг нь хэн ч хараагүй. Тухайн үед эдийн засагт бага нөлөөтэй алтны хэдэн компанийг хаалаа л гэж үзэж байсан. Гэтэл 200-аад компани дотор ирээ­дүйн уул уурхайн том компаниуд бойжиж байгааг хэн ч дүгнээгүй. 

Өнөөдөр Монгол Улс уул уурхайд түшиг­лэсэн эдийн засагтай, ирээ­дүйд газрын хэвлийн баялагт хэн эзэн байх вэ, хэн үүнийг илрүүлэх вэ гэдгийг хэн ч бодоогүй. Нэг жишээ авъя, Өмнөговь аймгийн Нарийн­сухайт уурхайд “МАК”, “Саусгоби Сэндс” зэрэг компани ажиллаж байсан. Тухайн үед энэ хоёр компани жилд 200 тэрбум төгрөгийн татвар төсөвт хуримтлуулж байв. “МАК”-аас цементний үйлдвэр, хөнгөн бетоны үйлдвэр, маш их хэмжээ­ний хайгуулын хөрөнгө оруулалт үлдэж байгаа юм. Зэрэгцээ байгаа “Саусгоби Сэндс” татвар төлсөн ч Монголд юу ч үлдээгээгүй. Хоосон нүх л үлдсэн. Үүнээс үндэсний хөрөнгө оруулалттай компаниуд ямар үр дүнтэй байдаг нь харагдана. Гэтэл бид Урт нэртэй хуулиар үндэсний компаниудын өсөж бойжих замыг хаачихсан. Алтны олон компанийг дампууруулсан. Тэглээ гээд байгаль эхээ хамгаалсан зүйл бараг байхгүй. 

Өнөөдөр уул уурхайн компаниу­дад маргааш гэсэн ойлголт байхгүй болчихсон. Эрдэнэт, Багануур, Шивээ-Овоо, Тавантолгой зэрэг хувь хувьсгалын төслүүд нөөцөө дууссаны дараа зүгээр татан буугдана. Маргаашдаа бэлдэж байгаа нөөц огт байхгүй. 

Тэгвэл маргааш Монголын газрын хэвлийн баялагт эзэн болох компа­ниуд бие даасан уул уурхайн компаниуд байх ёстой юм. Уул уурхайн салбараасаа мөнгө олдог, тодорхой хэмжээний хайгуул хийдэг, хөгжлийнхөө үе шатаар Оюутолгой шиг хэмжээний төслүүдийг хэрэгжүүлдэг болох ёстой. 

Бид алийн болгон Монголын эрдэс баялгийн салбарт гадныхан орж ирэхийг хүлээж, Тогтвортой байдлын гэрээг УИХ-аараа хэлэлцээд суух ёстой вэ. Том хэмжээний үндэс­ний уул уурхайн компаниудтай болох ёстой. Бид чадах, чадахгүйн тухай асуудлыг яригддаг. Болохгүй зүйл огт байхгүй. Уул уурхайн төсөл, барилгын төсөл, тоёота машин унах яг адилхан. Бид мөнгөө төлөөд технологи худалдаж аваад ашигла­даг болохоос биш энэ чадна, тэр чадахгүй гэсэн юм огт байхгүй. Дэлхийгээр дүүрэн технологио санал болгож байгаа компаниуд байна шүү дээ. Хамгийн чухал нь маш сайн таатай хуулийн орчин, хууль хэрэг­жүүлдэг тогтолцоо хэрэгтэй байна. 

-Монголбанкинд  2019 оны хоёрдугаар сард 95.9 кг алт ту­шаагдаж байсан бол 2020 оны хоёр сард 952.6кг алт тушаагд­сан нь 10 дахин өссөн дүн байсан. Үүнийг зарим хүмүүс хил хаагдсантай холбоотой гэж тайлбарлаж байсан. Алтыг хилээр нууцаар гаргах асуудал одоо болтол байдаг юм уу? 

-Хил хоёрдугаар сарын 1-нээс хаасан. 2019 оны сүүлээр алтны үнэ унасан. Компаниуд алтаа борлуу­лал­гүй нөөцөлж байсан. Он гараад алтны үнэ өсөнгүүт 2020 оны нэгдү­гээр сард Монголбанкинд тушаасан. Компаниуд зунжингаа ажиллаад ашгаа хуримтлуулдаг. Алтаа хадгалж байдаг юм. Алт олборлоод зараад мөнгөө банкинд хадгалаад яах юм. Тэгж байснаас алтаа хадгалж байсан нь дээр шүү дээ. Тэгээд үнэ өсөнгүүт гаргаад зардаг. Хоёрын хооронд таван хувийн татварын төлөө хилээр хулгайгаар гаргаж байснаас шууд Монголбанкиндаа өгсөн нь дээр шүү дээ. Тийм болохоор татвараас болж хилээр их хэмжээний алт гаргадаг гэдэг яриа бол дэгсдүүлсэн яриа. Хуучин 68 хувийн татвартай байхад үнэхээр хэцүү байсан. 

-Монголбанкинд тушаах алтны хэмжээ жилд хамгийн ихдээ хэдэн тоннд хүрэх боломжтой вэ?  

-Ойрын хоёр жилд найдвар байх­гүй. Яагаад гэхээр ажиллах орчныг нь Урт нэртэй хуулиар хаачихсан учраас өнөөдөр тэртээ тэргүй мухарт шахагдсан. Дахиад хайгуул хийгээд шинэ орд нээгээд эргэлтэнд оруулахад 2-3 жил шаард­­­лагатай. Эхлээд хайна. Нэг юмны булангаас бариад нарийвчлан судална. Тэндээс нь юм гараа ч уу, үгүй ч үү. Үүнд цаг хугацаа шаардла­гатай. Ихэнх алтны компаниуд хөрөнгө оруулалтаа хийх чадалтай. Алтны компаниуд мөнгөө эргэлтэд оруулахын тулд бусад салбарууд руу хөрөнгө оруулж байна. Ялангуяа барилгын салбарт. 

Уг нь уул уурхайн компани хөгжиж явсаар “Рио Тинто” шиг хэмжээний болох ёстой. Гэтэл төр, засаг хөгжлийн процессыг гацаадаг. Хэрэв Урт нэртэй хууль, 68 хувийн татвар байгаагүй бол ядаж 20 том компани үүсэх боломж байсан. Өнөөдөр их хэмжээгээр олборлох гэхээсээ илүү тогтвортой ажиллаж байгаа компаниуд амжилт үзүүлнэ. Гэтэл өнөөдөр тогтвортой ажиллах ямар ч боломж байхгүй. Уг нь алтны салбарт ажиллаж байгаа компаниуд өсөж, тэлэх өндөр боломжтой. Нэг, хоёр жилийн дотор дундаж компани, 5-10 жилийн дотор том компани үүсгэх боломжтой гэж хардаг. Ингэж хөгжиж байгаа компани мэр сэр байгаа.  



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine