Бодлого

Алтанд найдахаас өөр сонголтгүй

2020  |  May - June   |  029

  •  Алт олборлох нь ам.доллар хэвлэж буйтай адилхан юм
  •  Аж ахуйн нэгж 3 хүртэлх хувийн хүүтэй эр­гэл­тийн зээл авна

Дэлхийн нэр хүндтэй эдийн засагчид, санхүү­гийн байгууллагууд эдийн засаг богино, дунд хугацаанд хүн­­дэр­­нэ гэсэн хүлээлт­тэй байгаагаа илэрхийлж, өдөр ирэх бүр төсөөллөө сөрөг болгож байна. Энэ том хямралын давалгаанаас жижиг эдийн засгаа хамгаалах нэн тэргүүний алхам нь валютын нөө­цөө арвижуулах. Түүхий эдийн ханшийн унал­таас ул­баал­сан эдийн засгийн хямралын үед валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн оновчтой бодлого байсан. Алт бол валютын нөөцөд тооцогддог, ам.долларт шууд хөрвөх чад­вар­тай үнэт метал. Энэ шинж чанар нь мөнгөний ний­лүүлтээс үүдсэн инфляцийн өсөлтийг барьж, эдийн засгийг тогт­вор­жуу­лах нөлөө үзүүлдэг. Бараг бүх эдийн засаг уналттай нүүр тулсан энэ үед үйлд­вэр­лэгч орнууд экспортоо хам­гаа­ла­хын тулд ханшаа сулруулах бодлого баримтлах магадлал нэмэг­дэж байгаа тул Төв банкууд алтыг ихээр худалдаж авах хандлага­тай боллоо. 

Монгол Улс эдийн засгийн хям­ра­лын үед алтандаа найдаж ирсэн байдаг. Урьд нь хэрэгжүүлж байсан хөтөлбөрүүд сайн, муу үр дагавар аль алиныг нь дагуулсан. 1992-2000 онд “Алт” хөтөлбөрийг хэрэг­жүүлснээр хөрөнгө оруулалт татаж алтны жилийн олборлолт 0.7 тонноос 11 тоннд хүрч, ихээхэн хэмжээний татварын орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн байдаг. Сөрөг үр дага­вар нь байгаль орчинд дэндүү халтай болж, хэдэн мянган га газар нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас сүйдэж хоцорсон. Харин 2000-2010 оны хооронд жилийн олборлолт 24.1 тоннд хүрч өссөн юм. Тухайн үедээ алтны аж үйлдвэрийн салбар төсвийн орлого, ДНБ-ий 20 орчим хувийг бүрдүүлж, “Алт” хөтөлбөрийн хугацаанд 107.6 сая ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлж байжээ. Гэвч 2006 оноос гэнэтийн ашгийн 68 хувийн татвар хөрөнгө оруулагчдыг үргээсэн бол 2009 онд батлагдсан “Урт нэртэй” хууль 200 гаруй компанийг салбараас гарахад хүргэсэн. 

Үр дагаварт нь алт олборлолт 20 жилийн өмнөх түвшиндээ хүрч буурсан. Иймд алт худал­дан авалтын бодлого хэрэгтэй болж 2010, 2014 онд АМНАТ-ийг хоёр удаа бууруулж 2.5 хувьд хүргэсэн юм. Энэ нь ч үр дүнгээ харуулж Төв банкны алт худалдан авалт эрс өсөж, валютын нөөцөд томоохон дэмжлэг үзүүлсэн. Харин 2019 оноос эргээд таван хувийн АМНАТ ногдуулж байна. 

Жижиг эдийн засагтай, хоёрхон түүхий эдийн экспортоос шууд хамааралтай манайх шиг улсад бол алт олборлох нь ам.доллар хэвлэж буйтай адилхан юм. Гадаадын хөрөнгө оруулалт дорвитой сэргэхгүй, экспортын орлого ихээр тасалдаж буй гээд гадаад хүчин зүйлүүдээс хамаарсан хүндхэн цохилт дотоодын улс төрийн нөхцөл байдал, цар тахлын хямралын хар шуургатай сүлэлдэн эдийн засгийг элгээр нь хэвтүүлэхэд тун амархан. Ийм цаг үед аминд ордог ганц салбар нь алт юм.


 Б.Мөнхтөр: “Алт-2” хөтөлбөр хүрээнд аж ахуй нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийг нь шийдэж өгч чадаагүй
УУХҮЯ-ны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
   Алтны салбарт бидний явуулж байгаа бодлого, үйл ажил­ла­гааны дэмжлэг үр дүнгээ өгч 2018 онд 22 орчим тонн алт Монголбанкинд тушааж байсан. Хэрэв санхүү­жилтийн асуудал дээрээ дорвитой дэмжээд өгсөн бол Монголбанкинд алт тушаалт тодорхой хэмжээгээр нэмэгдэх байсан. Санхүүжилтийн асуудал удахгүй ший­дэг­дэх байх. Тодорхой мэдээлэл өгөхөд эрт байна.  “Алт-2” хөтөлбөрт аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийг нь шийдэж өгөхөөр тусгасан. Тавигдах шаардлага нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй, байгаль орчны үнэлгээ болоод уулын ажлын төлөвлөгөө нь батлагдсан байх ёстой. Мэдээж ТЭЗҮ, нөөцийн тайлангаа батлуулсан байх ёстой. 
 
 А.Билгүүн: Төв банкууд алт ихээр худалдаж авах болсон 
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн УЗ-ийн дарга 
   2000 он гарсаар Монгол Улсад алтны үндсэн орд хөгжүүлэх тѳслүүд харьцангуй идэвхижсэн. Алт бол Монголын Улсын эдийн засгийн тогтвортой байдалд чухал ач холбогдолтой ашигт малтмал. Хамгийн гол нь гадаад валютын нөөц бүрдүүлэгч гол эх үүсвэр. Сүүлийн жилүүдэд дэлхийн олон орон гадаад валютын нөөцөө алтаар бүрдүүлэх хандлага анзаарагдаж эхэллээ. Яагаад алт улс орнуудад чухал болоод байна вэ гэхээр АНУ, БНХАУ-ын хооронд үүссэн худалдааны маргаан, Ази Номхон далайн улсуудын хооронд үүсэж байгаа худалдааны маргаан гэх мэт асуудал нь цаашдаа олон улсын валютын ханшид сөргөөр нөлөөлөх хандлагатай болж ирлээ. Тиймээс манай бодлого боловсруулагчид үүсэж болзошгүй эрсдэлийг зөвөөр тодорхойлсноор дотоодынхоо алт олборлолтыг нэмэгдүүлэх, Монголбанкны гадаад валютын албан нөөцийг алтаар бүрдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь тодорхой хэмжээгээр амжилт гаргаад байна. 
   “Алт-2” хѳтѳлбѳрийн голлох хэрэгсэл нь алтны АМНАТ-ийг бууруулснаар Монголбанкинд алт тушаалт нэмэгдсэн. “COVID-19”-тэй холбоотойгоор үүсээд буй ѳнѳѳгийн нөхцөл байдал манай улсад алтны салбарын ач холбогдлыг улам ѳндѳрсгѳж байна. Хөл хорионоос үүсэх эдийн засгийн хямрал 2020 оны хоёрдугаар хагаст олон улсыг хамрах хандлагатай болж ирлээ. Энэ нь Монгол Улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүнд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Тиймээс “Алт-2” хөтөлбөр бидэнд хоёр үндсэн чухал давуу талыг бүрдүүлэх боломжтой. Нэгдүгээрт, манай дотоодын эдийн засагт буюу уул уурхайн салбараа эрчимжүүлэхэд алтны төслүүдийг эргэлтэд оруулж, олборлолтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд нэн чухал. Ингэснээр дотоодын эдийн засагт худалдан авалт, хѳрѳнгѳ оруулалт, болон татвар тѳвлѳрүүлэлтийн шинэ эх үүсвэр бий болно. Хоёрдугаарт, манай улсын гадаад валютын нөөцийг дотоодын алтаар буюу үнэт металлаар бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой болж байгаа юм. 

 

Компаниудад бага хүүтэй ₮500 тэрбум хүртэлх санхүүжилт олгоно 

Засгийн газар “Алт-2” хөтөлбөрийг 2017 оноос дөрвөн жилийн хугацаа­тай баталж хэрэгжүүлж байна. Одоо дүгнэх цаг нь ойртож байгаа учир өмнөх алдаануудаа давтсан уу, үгүй юү гэдгийг нягтлах шаардлага бий. Хөтөлбөр эхлэхийн өмнө АМНАТ-өөр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрч, алтны бэлтгэгдсэн нөөц 100-150 тонноор нэмэгдэх боломжтой хэмээн тооцож байв. 

Хөтөлбөрийн нэг онцлог нь аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн хувьд дэмжиж, тогтвортой ажиллах нөхцө­лөөр хангах байсан. Хөтөлбө­рийн хэрэгжилтийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөр “Нэг жил орчим яваад хөтөлбөрөө өндөрлөх төлөвлөгөөтэй байна. Үр дүнгийн гүйцэтгэл удахгүй гарна. Өнөөдрийн байдлаар хөтөлбөрийн биелэлт 73-74 хувьтай явж байна. Үйл ажиллагаа, санхүүжилт, байгаль орчныг хамгаалах, орон нутагт үзүүлэх нийгэм, эдийн засгийн хөшүүрэг нь үндсэн зорилгынхоо хүрээнд биелсэн. Харин аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийг нь шийдэж өгсөн үү, гэвэл чадаагүй. Уул уурхайн бизнес өндөр эрсдэлтэй учраас санхүүжилтийг нь шийдэхэд нэлээд хүндрэлтэй байлаа” хэмээж байна. Хөтөлбөрийн хугацаанд буюу 2018 онд Монголбанкны алт худалдан авалтын хэмжээ 22 тонн буюу түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Алтны компаниудад зээл өгснөөр алт олборлолтын хэмжээ өсөж, Монголбанкны худалдан авах алтны хэмжээ 2020 онд 23 тонн, 2021 онд 25 тонн болж өснө гэсэн төсөөллийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Монголбанк гаргажээ.

Тиймээс “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд алт олборлогч аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн хувьд дэмжиж, тогтвортой ажиллах нөхцө­­лөөр хангах зорилт өнөөдрийг хүртэл хүндрэлтэй байгаа тул Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч хамтран 2020 оны тавдугаар сарын 20-ны өдөр “Алт-2 үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх төлөвлөгөө”, “Алт-2 үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор олгох хөнгөлөлттэй санхүүжилтийн түр журам”, “Алт агуулсан хүдэр, элс олборлон баяжуу­лах, хамгаалах, хадгалах, тээвэрлэх болон худалдахтай холбогдсон шаардлага”-ыг тус тус батлаад байна. 

Энэ хүрээнд Монголбанкнаас алт олбор­лолтыг нэмэгдүүлэхэд зориу­лан эргэлтийн хөрөнгийн санхүү­жилтийг хөнгө­лөлттэй нөхцөлөөр олгосноор олборлолтын хүчин чадал нэмэгдэж, Монголбан­кинд тушаах алтны хэмжээ өсөж, энэ нь гадаад валютын албан нөөцийг бүрдүүлэх чухал эх үүсвэр болно гэж үзжээ. 

Энэхүү санхүүжилтэд 260-500 тэрбум зарцуулна гэх сураг сонс­тож байна. Тус санхүүжилт урьдчилгаа төлбөрийн санхүүжилт, урт хуга­цаат санхүүжилт гэсэн хоёр төрөл­тэй байх аж. Урьд­чилгаа төлбө­рийн санхүү­жил­тийн нөхцөл нь Монголбанкнаас арилжааны банкуудад олгох хүүгүй эх үүсвэр байх бөгөөд банкны маржин 3 хувиас хэтрэхгүй байхаар алт ол­бор­логч аж ахуйн нэгжид дам­жуулан зээлдүүлнэ. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж 3 хүртэл хувийн хүүтэйгээр эр­гэл­тийн зээл авна гэсэн үг. Зээлийн хугацаа зургаан сар байх бөгөөд хөтөл­бөрт хамрагдсан зээлдэгчид гэрээний дагуу Монголбанкинд олборлосон алтаа тушаах үүрэг хү­лээнэ. Санхүүжилтийн хэмжээ нь аж ахуйн нэгжийн тухайн жилийн уулын ажлын төлөвлөгөөгөөр олбор­лох алтны 30 хувиас хэтрэхгүй хэмжээтэй байхаар тогтжээ. Харин урт хугацаат санхүүжилт нь бодлогын хүүтэй тэнцүү хүүтэй бөгөөд банк 3 хүртэл хувийг нэмж, алт олборлогч аж ахуйн нэгжид дамжуулан зээлдүүлэх бөгөөд 24 сар хүртэл хугацаатай, төгрөгөөр эргэн төлөгдөх нөхцөлтэй байх юм байна. Аж ахуйн нэгжийн эзэмшиж буй ордын алтны нөөцийн 30 хувиас хэтрэхгүй хэмжээтэй байх нөхцөлтэй аж. Тус санхүүжилт энэ ондоо багтаж шийдэгдэнэ гэдгийг холбогдох газраас мэдээлж байгаа юм. 


 А.Энхжин: Манай улс гадаад валютын нөөцийг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай
Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал
   Гадаад валютын нөөц нь аливаа улсын эдийн засгийн дархлаа болж байдаг. Аливаа улс хэр хэмжээгээр гадаад валютын нөөцөө нэмэгдүүлж чадна, төдий хэмжээгээр гадны болон дотоод сөрөг нөлөөллөөс эдийн засгаа тогтвортой барих дархлааг бүрдүүлдэг. Манай улс шиг түүхий эдийн гадаад зах зээлийн мөчлөг дагасан эдийн засагтай, экспортолж байгаа түүхий эд нь цөөхөн нэр төрөлтэй оронд гадаад валютын нөөцийг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай. Нөөцийг ийнхүү нэмэгдүүлэхэд алт маш их чухал үүрэгтэй. 
   Монголбанк алт олборлогчдоос алтыг зах зээлийн үнээр худалдаж авдаг. Ингэхдээ Лондонгийн металлын биржийн тухайн өдрийн үнээс цэвэршүүлэлтийн зардлаа хасаж тооцон авдаг. Алт олборлогч нарт дэлхийн хаана ч өрсөлдөхүйц өндөр үнийг санал болгодог гэсэн үг. Манай алт олборлогчдын хувьд олборлосон алтаа гадаадад цэвэршүүлэх, гадаадад экспортлох шаардлагагүй юм. Мөн Монголбанк алт олборлогч нарт алтаа худалдахад нь янз бүрийн хүндрэл чирэгдэл гаргахгүйгээр худалдах боломжийг бүрдүүлэх тал дээр ажиллаж байна. Монголбанк 2017 онд 20 тонн алт худалдан авч, 700 сая ам.доллараар валютын нөөцөө нэмэгдүүлсэн. 2018 онд Монголбанкны алт худалдан авалтын хэмжээ 22 тонн буюу түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Алтны компаниудад зээл өгснөөр алт олборлолтын хэмжээ өсөж, Монголбанкны худалдан авах алтны хэмжээ 2020 онд 23 тонн, 2021 онд 25 тонн болж өснө гэсэн тооцоо байна. 

 С.Бадарч: Хайгуулыг зогсоосноор алт олборлогчдын ирээдүй бүрхэг боллоо
Алт үйлдвэрлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал
   Хэдийгээр алт тушаалт өсөж байгаа ч хууль эрх зүйн орчин тогтворгүй хэвээр байна. Хайгуулыг зогсоосноор алт олборлогчдын ирээдүй бүрхэг боллоо. Нэгэнт хөрөнгөө оруулчихсан аж ахуйн нэгжүүд цаашид хэрхэхээ мэдэхгүй байна. Мөн хайгуулын тусгай зөвшөөрлийг мэргэжлийн бус байгууллагад олгосноор энэ салбарын нэр хүнд унаж, тусгай зөвшөөрөл арилжааны хэрэгсэл болж хувирсан. Тусгай зөвшөөрлийг тогтвортой ажилласан туршлагатай, хариуцлагатай уул уурхай эрхэлсэн үү гэх мэтээр тухайн аж ахуйн нэгжийн өмнөх түүхийг харгалзан олгох ёстой. Түүнчлэн тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоход гаднын томоохон хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд давуу байдлаа ашиглан шалгардаг. Харин дотоодын ААН-үүд авч чадахгүй байна. Иймд дотоодын аж ахйн нэгжийг дэмжинэ гэдэг эрх баригчдын амлалт хий хоосон уриа болж үлдэж байна.

 

Лиценз цөөрч, нөөц нь шавхагдаж байна

Монгол Улсын одоогоор тогтоогд­сон, бэлтгэгдсэн алтны нөөц тийм ч их биш. Жишээ нь алтны шороон ордын бэлтгэгдсэн нөөц ердөө 4-5 жил ашиглах боломжтой хэмээн УУХҮЯ-ны мэдээллэж байна. Алтны эрэл хайгуулын дүнд сүүлийн таван жилд 175.5 тонн алтны нөөц шинээр тогтоогдож, Улсын нэгдсэн санд бүрт­гэгд­жээ. Үүний 147 тонн нь үндсэн ордын нөөц байна. Таван жилд тог­тоогд­сон нөөцийг өнөөгийн зах зээлийн ханшаар тооцвол 7.3 тэрбум ам.доллар болно. Монгол Улсын валютын нөөц ийм хэмжээгээр нэмэгдэх боломжтой гэсэн үг юм. 

Цаашид алтны нөөцийг нэмэгдүү­лэх зайлшгүй шаардлагатай ч үүнийг бодитоор дэмжиж буй бодлого байна уу гэдэг нь эргэлзээтэй. Ялан­гуяа бай­галь орчны асуудлаас хамаарч салбарын яам, орон нутгийн удирдлага алтны компаниудад хатуу ширүүн хандах нь элбэгших болсон. 

2020 оны тавдугаар сарын 27-ны байдлаар Монголд алтны 564 тусгай зөвшөөрөл байгааг АМГТГ-ын мэдээл­лээс харж болно. Үүний 464 буюу дий­лэнхийг нь 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай компани эзэмшиж байна. Тусгай зөвшөөрлийн ихэнх нь Төв, Баянхонгор, Сэлэнгэ аймагт олгогджээ. Хамгийн их лиценз­тэй нь “Гацуурт”, “Эко алтан заамар”, “Бүрдэл майнинг”, “Бороо гоулд”, “Монголросцветмент”, “Бумбат”, “Платинумланд”, “Илт гоулд”, “Олон овоот”. 

Улсын хэмжээнд ашигт малтмалын 2750 орчим хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл байгаас 1700 орчим нь ашиглалт, 1050 орчим нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэлж байгаа юм. Алтны салбарын хайгуул, олборлолтын үйл ажилла­гааны тогтолцоо алдагдсаныг тусгай зөвшөөрлийн тооноос харж болно. Зүй ёсоороо хайгуулын тусгай зөв­шөөрөл ашиглалтаасаа их байвал салбарын тогтвортой байдал хан­­гагддаг. Энэ бол гажуудлын илрэл. Хоёрдугаарт, хайгуул болон ашиг­лалтын тусгай зөвшөөрлийн дотор алтны тусгай зөвшөөрөл 50 орчим хувийг эзэлж байна. Гэхдээ тэдний дотор үйл ажиллагаа явуулж байгаа нь харьцангүй бага. Хайгуулын тус­гай зөвшөөрлийн тоо нутаг дэвс­гэрийн 5 орчим хувийг эзэлж байна. Тиймээс хайгуулын үйл ажиллагааг улсын хэмжээнд тэлж чадахгүй бол шинээр шороон ордын нөөц тогтоогдох боломж нь тэр хэмжээгээр багасна гэсэн үг. Уг нь шинээр шороон орд олдох боломж бололцоо Монгол Улсын нутаг дэвсгэр, геологийн тогтцын хувьд бүрэн бололцоотой гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллэж байна. 

2017 онд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулах журмаар олгох болсон. Үр дүн нь эерэг, сөрөг  хоёр талтай. Эерэг тал нь сонгон шалгаруулалтын журмаар олгож байгаа учраас төсөвт төвлөрөх орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Мөн илүү чадавхтай, мэр­гэж­лийн компаниуд оролцох боломжтой болсон. Сөрөг тал нь хай­гуулын эрсдэлээ дагаад гадаад, дотоодын хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр хумигдаад байгаа юм. 

Геологи, хайгуулын салбарын онцлог нь өнөөдөр шийдвэр гаргалаа гэхэд маргааш үр дүн нь шууд мэдрэгддэггүй. Сөрөг ч бай, эерэг ч бай үр дүн нь дор хаяж гурван жилийн дараа гарч ирдэг салбар. Хайгуулын салбар хумигдсанаар 3-5 жилийн дараа гэхэд шинээр орд газар илрүүлэх, улсын эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулах асуудал тэр хэмжээгээрээ саарч, зогсонги байдалд орох нь ойлгомжтой. Нөөцөө тогтоож чадахгүй, ордоо илрүүлж чадахгүй байна гэдэг нь алт олборлох боломж улам хумигдаж байна гэсэн үг. 

 

Нөхөн сэргээлтийн асуудал шийдэгджээ 

Байгаль орчны доройтол, сүйтгэлтэй холбоотой дутагдлууд үеийн үед байсаар ирсэн. Гэхдээ хамгийн олзуурхууштай нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлтийг 100 хувь шийддэг болжээ. Энэ нь нэг талаас төр захиргаа болон орон нутгийн бай­гуул­ла­гуу­дын хяналт шалгалт, нөгөө талаас аж ахуйн нэгж хариуц­лагаа сайжруулсантай холбоотой. Байгаль орчны дүрэм журам, эрх зүй, стандар­­тыг салбарын яам сүүлийн хоёр жилд нэлээд чамбайруулжээ. Байгаль орч­­ныг хамгаалах, нөхөн сэргээх, уна­ган төрхөнд нь буцааж оруулах, технологийн дагуу техникийн нөхөн сэргээлтээ явуулах, дараа нь биоло­гийн нөхөн сэргээлтийг үе шаттайгаар хийж байгаа юм байна. 

Шороон ордын ашиглалт 70-80 метр гүнд нэвтэрдэг. Үүнийхээ 99 хувийг буцаагаад газарт нь дүүргэлт хийж, биологийн сийрэгжилт үүсдэг. Дараа нь ургамал ногоо, мод ургуулдаг онцлогтой. Гэвч дөнгөж эхэлж байгаа олборлолтыг нийгэмд буруугаар тайлбарлаж, иргэдийг цочроож, өрөөсгөл ойлголт түгэх нь их. Компаниуд үйл ажиллагаа явуулахдаа заавал барьцаа хөрөнгө байршуулдаг тул нөхөн сэргээлт орхигддог байдал арилсан гэдгийг УУХҮЯ онцолж байна. 

Уул уурхайн салбараасаа мөнгө олдог, тодорхой хэмжээний хайгуул хийдэг, хөгжлийнхөө үе шатаар Оюу­толгой шиг хэмжээний төслүүдийг хэрэгжүүлдэг болох ёстой. Том хэм­жээ­ний үндэсний уул уурхайн ком­па­ниуд­тай болох ёстой гэдгийг салбарынхан нь учирлаж байна. Алтны салбарт ойрын хугацаанд уналт үзэгдэхгүй гэж олон улсын судалгааны байгууллагууд таамаг­лах боллоо. Монголбанкны алт худал­­дан авалтад өсөлт авчирсан “Алт-2” хөтөлбөрт сайн төгсгөл хэрэгтэй байна. Алтны нөөцөө улам нэмэгдүүлж, ол­бор­лол­тоо тултал явуулах нь өнөөгийн хамгийн чухал зорилт байж болох юм.  



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine