Үйл явдал

УУХҮ-ийн сайдад нэр дэвшигч Г.Ёндон гэж хэн бэ?

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүдийн нэрсийг хэлэлцэж байна. УИХ дотроос 4 гишүүн давхар дээлтэй сайдаар ажиллахаар яригдаж байгаа бол үлдсэн 12 сайд нь дан дээлтэй байхаар байна.
Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад нэр нь яригдаж байгаа Г.Ёндон гэж хэн болох талаар дараах мэдээллийг хүргэе. 

Гэлэнгийн Ёндон нь уул уурхайн салбарт 30 орчим жил ажиллаж байгаа маркшейдер, инженер юм. “Монголросцветмет” ТӨҮГ-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байгаа. 1967 онд төрсөн. ЗХУ-д Иркутскийн Политехникийн дээд сургуулийг уулын инженер-маркшейдер мэргэжлээр 1991 онд төгссөн. 2002 онд ОХУ-д доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан, 2006 онд Монгол Улсын зөвлөх инженер болсон. Орос, англи хэлтэй.

1991-1998 онд ШУА-ын Уул уурхайн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1998-2002 онд ОХУ-д аспирант, 2002-2017 онд “Монголросцветмет” ХХК-ийн Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт хэсгийн маркшейдер, гүний уурхайн ерөнхий инженер, ерөнхий маркшейдер, компанийн төв захиргаанд Үйлдвэр-техникийн хэлтсийн дарга, Хөгжил, хэтийн төлөвийн хэлтсийн дарга, Заамарын алтны үйлдвэрийн захирал, Баргилт уулын үйлдвэрийн ерөнхий инженер, Баргилтын уурхай (цех)-н дарга, 2017-2018 онд Эрдэнэт үйлдвэрийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын даргаар ажиллаж байсан.

Тэрбээр 2016 онд “Монголросцветмет” ХХК-ийн Бор-Өндөр УБҮ-ийн Баргилтын уурхай (цех)-н даргаар ажиллаж байгаад ажлаасаа халагдсан ч үндэслэлгүй халагдсан хэмээн шүүхэд гомдол гаргаж, улмаар шүүх түүний талд шийдвэр гаргаж байсан байна. Түүнээс хойш Эрдэнэт үйлдвэрийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын даргаар ажиллаж байгаад 2018 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар томилогдсон байна. 
Г.Ёндон нь уул уурхайн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн юм. Түүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнтэй олон жил хамт ажилласан нь сайдад нэр дэвшихэд гол нөлөө болсон хэмээн эх сурвалжууд мэдээллэж байна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine