Үйл явдал

У.Хүрэлсүх Ерөнхий сайдад дахин томилогдов

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийг томиллоо. Санал хураалтад 71 гишүүн оролцож, 70 гишүүн гар өргөн дэмжсэнээр У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдаар улиран сонгогдлоо. Ингэснээр У.Хүрэлсүх Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд болж байна. 1990 оноос хойш улиран ажиллаж буй хоёр дахь Ерөнхий сайд болж байгаа юм. Өмнө нь С.Баяр улиран Ерөнхий сайд болж байсан бол Ц.Элбэгдорж  дунд нь завсартайгаар Ерөнхий сайдын албыг хашиж байв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын эдийн засаг хүндхэн байгаа ч УИХ, Засгийн бүхий л боломж нөхлөө дайчлан ажиллаж байгаа. Би их зүйл амлаж чадахгүй. Төсвийн тодотгол хийнэ. “Саарал жагсаалт”-аас гарна. Улс орноо хүнсээр хангаж, иргэдээ орон сууцжуулах асуудал бий. Мөн дотооддоо эрчим хүчээр хангах, газрын тосоор хангах, дэд бүтцээр хангах, мэдээлэл технологи, харилцаа холбоогоор хангах, банк санхүүгийн реформ хийх, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд анхаарна” гэв. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ, ард түмэнд хандаж үг хэлэхдээ ирэх жил төвлөрч ажиллах 4 чиглэлээ танилцууллаа.

Тэрбээр “Шинэ Засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр бол “Алсын хараа-2050” Монгол Улсын ирэх 30 жилийн хөгжлийн бодлогын эхний дөрвөн жилийн зорилт, төлөвлөлт байх болно. Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх дөрвөн томоохон зорилтын талаар онцлон хэлье.

Нэгдүгээрт, Импортлогч улсаас экспортлогч улс болцгооё!. Ирэх дөрвөн жилд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж дуусган, уул уурхайн томоохон төслүүдийг дэд бүтцээр холбож, боловсруулах үйлдвэрүүд байгуулахын зэрэгцээ, Үндэсний баялгийн сангаар дамжуулан эдийн засгаа бодитой тэлэх явдал чухал байна. Үүний зэрэгцээ улс орныхоо эрчим хүчний хэрэгцээг дотооддоо хангах томоохон зорилтыг дэвшүүлж байна. Энэ ажлын хүрээнд Таван толгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг шинээр барих бөгөөд эрчим хүчний эх үүсвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Хоёрдугаарт, Нийгэмд шударга ёсыг тогтоож, Цахим Монгол болцгооё!. Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг тогтооход онцгойлон анхаарч ажиллах болно. Нэн ялангуяа ард иргэдийг ихээхэн бухимдуулж байгаа дунд, доод шатны хүнд суртал, хууль, хүчний байгууллагынхан, авилга албан тушаалын гэмт этгээдүүдтэй төрийн хуулийн хүрээнд хатуу тэмцэж ажиллана.

Гуравдугаарт, Иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, дундаж давхаргаа тэлье!. Бид орлогод нийцсэн орон сууцны хорооллууд, түрээсийн байруудыг бүсчлэн байгуулах ажлыг эхлүүлнэ. Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоонд шилжиж, орон сууцны дэмжлэг, эрүүл мэндийн даатгал, боловсролын тэтгэлэг болон тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг нэг сангаас шийдвэрлэнэ. Эрүүл мэнд, боловсролын шинэчлэл, өөрчлөлтийн үр шимийг монгол хүн бүр хүртэх ёстой. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг энэ хоёр салбарт түлхүү чиглүүлэх болно.

Дөрөвдүгээрт, Хот, хөдөөгийн хөгжлийн зохист харьцааг хангацгаая!. Төвлөрлийг сааруулах тогтолцоог бий болгож, нийслэлийн дагуул хотууд байгуулж, хөдөөгийн хөгжлийг дэмжсэн санхүү, татварын бодлого хэрэгжүүлэх ажлаа улам гүнзгийрүүлэх болно” хэмээсэн юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн намтар:  

Ухнаагийн Хүрэлсүх нь 1985 онд нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1999 онд Батлан хамгаалахын их сургуулийг улс төр судлаач, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын арга зүйч, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Тэрбээр 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч, 1991-1994 онд МАХН-ын Төв Хороонд улс төрийн ажилтан, 1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх, 1996-1997 онд МАХН-ын “Залуучууд хөгжил” төвийн ерөнхий захирал, 1997-1999, 2000-2005 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч, 1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх, 2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2007 оноос Монголын зүүний хүчний Холбооны ерөнхийлөгчөөр ажиллажээ.

Улмаар 2000-2004, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд, 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд, 2008-2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2012-2013 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2014-2015, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байв.

2017 оноос Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын даргаар ажиллаж, 2020 оны ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдоод байна.

Шинээр бүрдсэн УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан болон УИХ-ын гишүүн С.Одонтуяаг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэн гишүүд дэмжсэнээр баталсан юм. УИХ дахь МАН-ын бүлгийг 62 гишүүнтэйгээр байгуулж, бүлгийг даргаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг баталсан бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийг 11 гишүүнтэйгээр байгуулж, УИХ-ын гишүүн Д.Ганбатыг тус бүлгийн даргаар сонгоод байна.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/5-6

Алтнаас өөр хамгаалалтгүй хямралын эсрэг тулаан

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine