Компани

Нүүрсний компаниудын хувьцааны ханш огцом өсөж байна

Хонконг, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголд үйл ажиллагаа явуулдаг нүүрсний компаниудын хувьцааны ханш өнөөдрийн арилжаагаар огцом өсөлттэй байна. Хамгийн өндөр өсөлтийг Хонконгийн хөрөнгийн бирж дээрх Mongolia Energy Corporation үзүүлж байгаа бөгөөд өнөөдрийн 11.45 цагийн байдлаар нэгж хувьцааны ханш нь 388 хувиар өсөж, 2.1 хонконг доллар боллоо.  Өнөөдрийн хувьд 3.48 хонконг доллар хүртлээ өссөн бөгөөд сүүлийн 8 жилийн дээд ханшдаа хүрээд байгаа нь энэ юм. Тус компанийн охин компани “МоЭнКо” Ховд аймгийн Хөшөөтийн ордоос нүүрс олборлон, экспортолдог юм.

Тавантолгойн Ухаа худагийн ордод үйл ажиллагаа явуулдаг Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation-ий хувьцааны ханш 45 хувиар өсөөд байна. Нэгж хувьцаа нь 0.56 хонконг доллараар арилжаалагдаж байгаа бөгөөд гуравдугаар сараас хойших дээд цэгтээ хүрээд байна.

Мөн Хонконгийн хөрөнгийн бирж дээрх Southgobi Resources компанийн хувьцааны ханш 37 хувиар өсө 0.67 хонконг доллараар арилжаалагдаж байна. Тус компани Нарийн сухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг, коксжих нүүрсний томоохон экспортлогчдын нэг юм.

Үүнээс гадна Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Aspire Mining Limited компанийн хувьцааны ханш 6 хувийн өсөлттэй арилжаалагдаж байна. Тус компанийн гол хувьцаа эзэмшигч Ц.Цэрэнпунцаг УИХ-ын сонгуульд ялсан билээ.

Монголын компаниудын хувьцааны ханш ийн огцом өсөж байгаа нь УИХ-ын сонгуультай холбоотой байх магадлал өндөр байна. Сонгуульд эрх баригч МАН дахин үнэмлэхүй олонхын суудал авсан нь Монголын улс төрд тогтвортой байдал тогтож магадгүй гэсэн эерэг хүлээлтийг хөрөнгө оруулагчдад төрүүлж байж болох юм. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine