Түүхий эд

Эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт буурснаар нефтийн үнэ өснө

“Ковид-19”-ийн хоёр дахь давалгаа нь газрын тосны хувьд гарц буурч, эрэлт өсөх байдлаар ирнэ гэж хөрөнгө оруулагчид хүлээж байна. 

Нью-Йоркт даваа гарагийн арилжаагаар 5.2 хувиар сулраад байсан газрын тосны фьючерс эргэн 1.7 хувиар өсөв. ОПЕК+ улсууд дэлхийн нийлүүлэлтийг бууруулах тохиролцоогоо чанд биелүүлж байгаа. Тухайлбал, Ирак Ази, Европын хэд хэдэн боловсруулах үйлдвэрт тос нийлүүлэхээ зогсоогоод байна. Мөн Арабын Эмирт улсын Эрчим хүчний сайд Сухайл Аль Мазроуейгийн хэлснээр Хятад, Энэтхэг, Европт эрэлт нэмэгдэж байгаа аж. “Дэлхийн зах зээл Хятад, АНУ-д гарсан цар тахлын улмаас хумигдсан хэвээр байгаа боловч газрын тосны суурь нөхцөлүүд эерэг чиглэлд өөрчлөгдөгдсөөр байна” гэж “BNP Paribas” банкны таваарын зах зээлийн газрын тэргүүн Харри Чилингуйриан ярьжээ. 

Түүхий газрын тосны зургаан долоо хоног үргэлжилсэн өсөлт өнгөрсөн баасан гарагт төгссөн нь вирусийн хөнөөл дуусах болоогүйн шинж тэмдэг гэж шинжээчид үзэж буй бөгөөд АНУ-ын Холбооны нөөцийн банк цар тахал нь тус улсын эдийн засагт удаан хугацаанд сүүдрээ тусгана гэдгийг анхааруулж байгаа юм. 

Брент газрын тосны наймдугаар сард гүйцэтгэх гэрээний ханш өнгөрсөн долоо хоногт 8.4 хувийн уналт үзсэн боловч даваа гарагт 62 центээр өсөж 39.95 ам.доллар болоод байна.

“Хятадын эдийн засаг сэргэж байна, ОПЕК долдугаар сарын нийлүүлэлтээ танаж байна. Энэ чиг хандлага нь газрын тосонд эерэгээр нөлөөлнө” хэмээн Чилингуйриан ярьсан аж. 

ОПЕК болон түүний холбоотнууд дэлхийн нийлүүлэлтийн 10 орчим хувьтай тэнцэх хэмжээний үйлдвэрлэлийн таналтыг ирэх сард үргэлжлүүлэхээр тохиролцож, үүний нөлөөллийг үнэлэх уулзалтыг энэ долоо хоногт зохион байгуулах юм. 

Саудын Араб ирэх долдугаар сард Азийн долоон боловсруулах үйлдвэрийн худалдан авах хүсэлтийг 10-40 хувиаар дутуу биелүүлнэ гэж албаны хүмүүс нь мэдэгдсэн бол Ирак хэдийгээр гарцаа танах тохиролцоогоо хангалтгүй биелүүлж байгаа ч өөрийн хамгийн том олзворлолтын талбайн гарцыг 10 хувиар бууруулах даалгаврыг “BP”-д өгсөн байна. 

Эрэлт талаас, өнгөрсөн сард Азийн хамгийн том эдийн засгийн газрын тос боловсруулалт өмнөх оны мөн үеэс өссөн байна. Хятадын үндэсний статистикийн хорооны өгөгдөлд үндэслэн Блумбергийн шинжээчдийн тооцоолсноор тавдугаар сард өдөрт 13.7 сая баррелийг боловсруулж байсан аж. Энэ нь дөрөвдүгээр сартай харьцуулахад 7.5 хувь, өмнөх оны мөн үеэс 8.2 хувиа өссөн дүн юм. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine