Бодлого - Үзэл бодол

Хямралын жор тодорхой ч Монголын орц хүрэлцэхгүй

  • Уул уурхайн ханган нийлүүлэгчид нь банкны салбарын гол зээлдэгчид юм
  • Зэс, нүүрсний орлого 2.65 их наяд төгрөгт хүрэхгүй нь ойлгомжтой
2020  |  February - March  |  027
 

2009 оны хямрал бол санхүүгийн хямрал гэдэг тодотголтой. Банк, санхүүгийн салбарыг хяргачих шахсан хямралыг зогсоож, эргэн сэргээхийн тулд уламжлалт бус бодлого явуулж, хэдэн их наяд доллар зарцуулсан байдаг. 2014-2015 он бол Хятадын эдийн засгийн тохиргооноос улбаатай эрэлтийн шинж чанартай хүндрэл. Ихэвчлэн түүхий эдийн экспорт дээр суурилсан улсууд хүчтэй мэдэрсэн байдаг. Газрын тосны зах зээлийг доргиосон 2016 оны хямрал бол нийлүүлэлтийн хямрал. ОХУ-д хориг тавьж, газрын тос олборлогчид нийлүүлэлтээ огцом нэмэгдүүлснээр газрын тосны ханш 25 ам.доллар болтлоо унасан. ОХУ тэргүүтэй цөөн хэдэн улс ихээхэн хохирол амсаж, геополитикийн бодлогод нь ч томоохон өөрчлөлт орсон байдаг. Харамсалтай нь дээрх гурван хямралыг бүгдийг нь манай улс эд эс бүхнээрээ мэдэрч, иргэн, компанигүй бүгд л хэтэвчээ сэгсрүүлсэн.

Харин энэ удаагийн хямрал бол эрэлт, нийлүүлэлт, хүлээлт, санхүүгийн салбар гээд дөрвөлсөн шалтгаантай хямрал хэмээн АХБ-ны эдийн засагч С.Болд дүгнэж байна. Маш энгийнээр тайлбарлаж болно. Дэлхийн хамгийн том хэрэглэгч Хятад улс хөл хорио тогтоосноор эрэлтийн шок үүсэж эхэлсэн. Даамжирсаар АНУ, Европ гээд хамгийн том эдийн засгууд ар араасаа хөл хорио тогтоосноор эрэлт үгүй болж байна. Нөгөө талд бүтээгдэхүүн, түүхий эдийн нийлүүлэгчид, үйлдвэрлэгчид мөн энэ мөчлөгт нэгдсэнээр нийлүүлэлт талд ч шок үүсэж байна. Эрдэс баялгийн гол ханган нийлүүлэгч Өмнөд Америкийн улсууд, Австралид уурхайнуудаа олон хоногоор зогсоож, өргөтгөл, бүтээн байгуулалтуудаа түр царцаагаад байна. Ковид-19 цах тахлын тархалт хэр удаан үргэлжлэх, дараагийн давалгаа гарах эсэх гээд тодорхойгүй зүйл олон байгаа нь хүлээлтэд сөргөөр нөлөөлж, эдийн засаг гүнзгий хямрах дохиог өгч, үр дүнд нь хөрөнгө оруулагчид айдаст автаж санхүүгийн хямралын эхлэлийг тавьж байна. 100 жилийн өмнөх их хямралтай зүйрлэж байгаа нь ч үүнтэй холбоотой. 

Дэлхийн улс орнууд Ковид-19 цар тахлаас улбаатай эдийн засгийн хямрал хаанаас эхэлж, хэнд нөлөөлөхийг хэдийнэ тооцоолж, тодорхойлсон. Хямралын оношийг тавьсан хойно өвчнийг даамжруулахгүй байх, эмчлэх жорыг тодорхойлж, жорын дагуу эм бичицгээж байна. АНУ 2 их наяд ам.доллараар хэмжигдэх жороо баталсан бол Европын холбооны улсууд 1 их наяд евро, Япон 1 их наяд ам.доллар бүхий жороо танилцууллаа. Гэхдээ энд нэг зүйлийг зайлшгүй тодотгох шаардлагатай байгаа нь хэн ч бай ганц далайлтаар асуудлыг шийдэх боломжгүйгээ хүлээн зөвшөөрч байгаа юм. АНУ, Япон, Солонгос, Герман гээд бүгд нэг, хоёр, гуравдугаар багцаа ээлж дараалан танилцуулж байгаа нь өдөр бүр хямралын цар хүрээ өргөжиж, түүнийг зөөлрүүлэх мөнгөний хэмжээ болоод бодлогын арга хэрэгсэл нэмэгдэж байна.

Дээрх мөнгийг үндсэндээ хоёр сувгаар эдийн засаг руугаа хийнэ. Юун түрүүнд ажилгүйдэл нэмэгдэх, өрхийн орлого буурах, ядуурал нэмэгдэхээс сэргийлж, ажилтан анги руугаа их хэмжээний тэтгэмж өгч байна. Төр, хувийн хэвшил гэж үл ялган цалинг нь төрөөс даах, нийгмийн даатгал, татварыг нь төр төлөх гэх мэт. Нөгөө талд бизнес эрхлэгч, компаниуддаа санхүүгийн том дэмжлэгүүдийг үзүүлж байна. Татварыг нь түр зогсоохоос эхлээд зээлийн хүрэлцээг нэмэх, бүр зарим тохиолдолд зээлийг нь дахин санхүүжүүлэх боломжийг ч олгож байна. 

Уул уурхайн салбарын уналт

Экспорт, төсвийн орлогоор дамжуулан эдийн засгийн хүнд ачааг үүрдэг Монголын уул уурхайн салбар коронавирусийн улмаас хамгийн их хохирол хүлээж байна. Уул уурхайн салбар нь зөвхөн төсвийн орлого, экспортоор дамжсан валютын орлогоос гадна гэрээт оператор компаниуд, ханган нийлүүлэгчид, тээвэрлэгчид гээд ажлын байр, бизнесийн том сүлжээг авч явдаг салбар. Хоёрдугаар сарын эхнээс зогссон нүүрсний экспорт гэхэд зөвхөн уул уурхайн компаниудаар зогсохгүй нүүрс тээврийн 30 мянга гаруй машин, ханган нийлүүлэгчдэд хүнд цохилт болж байна. Уул уурхайн салбарын ханган нийлүүлэгчид нь 100-150 мянга орчим ажлын байрыг хадгалахаас гадна банкны салбарын гол зээлдэгчид байдаг. Тиймээс нүүрсний экспорт зогссоноор бизнесийн томоохон гинжин хэлхээний эхлэл нь тасарч байна гэсэн үг юм. 

Зөвхөн улсын төсөв, валютын орлогод нөлөөлж буй нөлөөлөл нь их наяд төгрөгөөр хэмжигдэх боллоо. Эхний гурван сард уул уурхайн салбараас орох төсвийн орлого ердөө 483 тэрбум төгрөг байгаа нь энэ жилийн төлөвлөсөн орлогын дөнгөж 12 хувь гэсэн үг. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулвал 246.4 тэрбум төгрөг буюу 34 хувиар буурчээ. Мөн эхний улиралд зэсийн экспортоос 152.5 сая ам.доллар, нүүрснээс 391.3 сая буюу нийт 544 сая ам.доллар алдав. 

Уул уурхайн салбараас улсын төсөвт төвлөрүүлэх татварын орлого өнгөрсөн онд төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй. Нийт гурван их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлнэ гэж төлөвлөсөн ч 378 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн билээ. Гэсэн ч Сангийн яам энэ онд уул уурхайн салбараас 3.2 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлнэ хэмээн нэмж тооцсон байдаг. Гэвч энэ орлого биелэх боломжгүй гэдэг нь улсын төсөв батлах үеэр тодорхой байсан. Энэ оны эхний улирлын гүйцэтгэлээр ч улам баталгаажиж байна. 

Ялангуяа Нэгдсэн төсвийн орлогын 21 хувийг бүрдүүлэх учиртай нүүрс, зэсийн орлого огцом тасалдаж байгааг гүйцэтгэлээс төвөггүй харж болно. Эхний гурван сарын мэдээллээр  зэсийн орлого 82.8 тэрбум төгрөгөөр тасарсан байна. Энэ онд 1.16 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхтэй харьцуулбал дөнгөж 19 хувийн гүйцэтгэлтэй байна гэсэн үг. 

Зэсийн баяжмалын экспорт нэгдүгээр улиралд биет хэмжээгээр 16 хувиар, экспортын орлого бараг 30 хувиар буурчээ. Хэдий мөн хугацаанд зэсийн баяжмалын экспор­тыг зогсоогоогүй ч Хятадын хөл хорионоос шууд хамаарч биет хэмжээ буурсныг компаниуд мэдээлж байгаа. Мэдээж хамгийн гол нөлөөг 20 орчим хувиар унасан үнэ үзүүлж байна. Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд нэг тонн зэсийн баяжмалын экспортын үнэ 1394 ам.доллар байсан бол энэ онд 1145 ам.доллар болж 18 хувиар сулраад байна. 

Нүүрсний экспортыг сар гаруй хугацаанд зогсоон дахин эхлүүлсэн ч Хятадын тал татан авалтаа удааш­руулсан нь нэгдүгээр улиралд нүүрсний экспорт огцом унахад нөлөөллөө. Ердөө 3.1 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 4.7 сая тонноор бага байгаагаас гадна энэ оны төлөвлөгөөний найман хувьд ч хүрэхгүй байна. Экспортын орлого мөн 391 сая ам.доллараар буурав. Хэдий төмрийн хүдэр, алтны зах зээлийн үнэ өсөж, экспорт өсөж байгаа ч өсөлтийн жин нь зэс, нүүрсний алдагдалтай харьцуулшгүй бага гэдгийг мартаж болохгүй юм. Төмрийн хүдэр, хар тугалга, тунгаасан зэсийн экспортын орлого эхний улиралд 43 сая ам.доллараар өссөн ч энэ нь хагас сая тонн нүүрс экспортолсонтой л тэнцэх мөнгө юм. 

Коксжих нүүрс, зэсийн зах зээл цаашид тогтворжиж, Монголын экспорт өсөх үү гэдэг тодорхойгүй хэвээр байна. Он гарснаас хойш 20 орчим хувиар унаад байгаа зэсийн ханш өсөж, ядаж улсын төсөвт тооцсон 5991 ам.долларт хүрэх эсэх нь эргэлзээтэй байна. Европ гэхэд дэлхийн цэвэршүүлсэн зэсийн 16 хувийг хэрэглэдэг. Итали, Герман, Испани, Англи гээд гол эдийн засгууд хөл хорионд орж, тус тивд зэсийн хэрэглээ буурах нь ойлгомжтой болж байна. Хятадын эдийн засаг ч богино хугацаанд өмнөх байдалдаа эргэн орохгүй болохоор зэсийн эрэлтэд шууд нөлөөлнө хэмээн кабель утас үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт ордог Nexans үзэж байна. 

Коксжих нүүрсний тухайд Хятадад хамгийн том найдвар тавьж байгаа. Хятадын бизнес сэргэж, хэвийн ажиллагаандаа орж байгаа ч тус улсын экспортод том гацаа үүсэхээр байна. Хятадын гангийн үйлдвэрлэл сэргэж, төмрийн хүдрийн импорт, үнэ өсөж байгаа. Эхний хоёр сард 167 сая тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс дөнгөж 3.4 хувиар буурсан дүн. Гэхдээ энэ нь коксжих нүүрсний импорт огцом сэргэж, өнгөрсөн жилийн түвшинд хүрнэ гэсэн үг огт биш юм. Учир нь Хятад өнгөрсөн онд 860 сая тонн төмрийн хүдэр олборлосон бол 1.1 тэрбум тонн төмрийн хүдэр импортолсон. Сард дунджаар 75 сая тонныг дотооддоо олборлож, 90 сая тонныг импортолдог гэсэн үг. Харин коксжих нүүрсний тухайд өөр дүр зураг байдаг. Өнгөрсөн онд 564 сая тонн коксжих нүүрс хэрэглэснээс 74.5 сая тонныг нь импортолж, үлдсэнийг нь дотооддоо олборложээ гэсэн үг. 

Нөгөө талд гуравдугаар сарын 23-нд гарсан мэдээллээр Хятадын агуулахууд дахь ган бүтээгдэхүүний хэмжээ огцом өсөж 100 сая тоннд хүрсэн нь оны хоёрдугаар хагаст үйлдвэрлэгчдэд том сорилт болно хэмээн S&P Global Platts дүгнэж байна. 

Монголын коксжих нүүрсний эцсийн хэрэглэгчид нь Хятадын гангийн үйлдвэрүүд. Харин гангийн үйлдвэрүүдийн гол зах зээл нь барилга, дэд бүтцийн салбар болон авто машин үйлдвэрлэгчид юм. Хятадын гангийн хэрэглээний 60 гаруй хувийг дээрх хоёр салбар бүрдүүлдэг бөгөөд нэгдүгээр сард Хятадын шинэ авто машины борлуулалт 90 хувь хүртэл буурсан бол үл хөдлөхийн борлуулалт 40 хувиар буурсан. Эхний улирлын мэдээллүүд тийм ч ахицтай гарахгүй гэдэг нь тодорхой юм. 

Нөхцөл байдлыг бодитоор харвал Хятадын үйлдвэрлэл сэргэж байгаа ч коксжих нүүрсний импорт нь огцом өсөж, 2019 оны хэмжээнд хүрнэ гэж найдахад хэтэрхий хол байгаа юм.

Засгийн газрын бодлогын нөлөөг тооцох боломжгүй

Муугаар бодоход Хятадаас бусад томоохон эдийн засгууд өсөлтөө мартаж, агшилтаа бага байлгахад гол анхаарлаа хандуулах шаардлагатай болж байна. Харин Монголын Засгийн газар эдийн засаг агших талаар огт дурсахгүй, харин ч өсөлтийг дэмжинэ хэмээн мэдэгдээд байна. 

Монголын Засгийн газар 5.1 их наяд төгрөгөөр хэмжигдэх орцтой жороо зарласан. Өнгөц харвал дэлхийн бусад улсуудыг дуурайсан, иргэдээ тэтгэсэн, бизнесүүдээ дэмжсэн төсвийн орлогын талтай тэнцэхүйц дэмжлэгийн багц. Төрөөс сохор зоос ч авч үзээгүй бизнесүүдэд НДШ-ийг тэглэх, ХХОАТ-ыг авахгүй байх гэх мэт нь учиргүй таалагдаж, багагүй хөөрцөглөсөн. Гэхдээ бодит байдал дээр хямрал руу уруудаж байгаа эдийн засгийг тогтоон барихад, борлуулалт нь буурч, зээл, түрээсийн төлбөртөө шатаж эхэлсэн бизнесүүдэд энэ жор хэр эерэгээр нөлөөлөх бол гэдгийг тооцсон судалгаа байхгүй юм. Төсөв, мөнгөний бодлогоор эдийн засагт хэдий хэмжээний мөнгө нийлүүлэх, тэр нь бодит сектороо дэмжиж, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг тэтгэж чадах эсэх, нийлүүлэгдэх төгрөгийн хэмжээ тодорхойгүй тул төгрөгийн ханш хэд болтол сулрах вэ гээд тодорхойгүй зүйл дэндүү олон. Үр дүнг нь тооцоогүй учир компаниуд, ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчид маргааш ямар зовлонтой нүүр тулах гэж байгаагаа мэдэхгүй, сэргийлэх аргаа олохгүй байгаа нь хямралыг улам гүнзгийрүүлж мэдэхээр байна. 

Монголын Засгийн газрын нөөц боломж ямар хэмжээтэй вэ гэдэг хамгийн чухал. Одоогоор мэдэгдэж байгаа нь төсвийн 14 их наяд төгрөгийн зардал нөхөх 3.6 их наяд төгрөгийн зээлийн эх үүсвэр юм. 

5.1 их наяд төгрөгийн 3.6 их наяд төгрөг буюу 1.3 тэрбум ам.долларын санхүүжилтийг гадаад зээлээр санхүүжүүлэх бол үлдсэнийг нь төсвийн дотоод нөөц бололцоогоо ашиглана хэмээн мэдэгдсэн. Гэхдээ төсвийг тодотгохгүй гэдгээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар удаа дараа мэдэгдэж байгаа. Төсвийн тухай хуулийн 34.1.2-т зааснаар нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдсэн тохиолдолд Засгийн газар төсвийн тодотголын төслийг боловсруулах үүрэгтэй байдаг. Энэ дагуу бол төсвийн алдагдал 1.2 их наяд төгрөгөөр нэмэгдэж байж тодотгол ярих шаардлагатай болж байна. Эхний улиралд ийм хэмжээнд хүрэхгүй нь лавтай ч сүүлийн хагаст хүрэх магадлал өндөр юм. 

Учир нь дээр өгүүлсэнчлэн зэс, нүүрсний орлого төлөвлөсөн 2.65 их наяд төгрөгт хүрэхгүй нь ойлгомж­той. Зэсийн үнэ сэргэхгүй байвал багадаа 200 тэрбум төгрөгөөр тат­вар тасалдана. Хэрэв зэсийн үнэ 5000 ам.доллараас доош орох­гүй байвал шүү дээ. Нөгөө талд нүүрсний экспорт сэргэлээ гэхэд энэ онд 30 сая тонноос хэтрэхгүй байх магадлал өндөр. Зөвхөн биет хэмжээний бууралтаар тооцвол 420 орчим тэрбум төгрөгөөр татварын орлого тасалдана. 

Үүнээс гадна газрын тосны орлого, нефтийн бүтээгдэхүүнийн татварын орлого, гаалийн төлбөр, Засгийн газрын зургаан сараар тэглэсэн ХХОАТ, НДШ гээд нэгдсэн төсвийн орлогын тасалдалд нөлөөлөх хүчин зүйл дэндүү олон. Зөвхөн зургаан сараар тэглэхээр болсон ХХОАТ, НДШ-ийн дүн нь их наяд төгрөгт дөхнө. 

Засгийн газрын боловсруулсан эдийн засгийн багц арга хэмжээ нь Улсын төсөвт ийм өндөр ачаалал өгч байгаа хэрнээ үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын сул зогсолт, хүндэрсэн бизнесүүдэд дорвитой дэмжлэг болж очих зүйл бараг байхгүйтэй адил юм. Зөвхөн авах татварын тодорхой хэсгийг л чөлөөлснөөс биш Америк, Япон, Канад шиг ажил олгогчид, ажилтнуудад шууд очих санхүүгийн дэмжлэг багтсангүй. Төсөвт тийм чадал ч байхгүй.

Төсвийн хүрч чадахгүй орон зайг нөхөхөд мөнгөний бодлогын арга хэрэгслүүд, Төв банкны үйл ажиллагаа нэн чухал. Гэхдээ төсвийн алдагдал хоёр их наяд төгрөгөөр батлагдсан, цаашид улам нэмэгдэх магадлал өндөр, төсвийн үр ашиггүй зарцуулалтаа хумиагүй, валютын орлогын гол урсгал нь боогдсон, гадаад өр нь нэмэгдэж байгаа ийм үед Төв банкны хийж чадах зүйл тийм ч олон биш. Өрхийн хэрэглээ хэр удаан хумигдах нь тодорхойгүй нөхцөлд арилжааны банкууд зээл гаргах сонирхолгүй байх нь лавтай. Засгийн газар яаж ч хүчилсэн иргэдийн хадгаламж, харилцахын мөнгийг эрсдэлд оруулах эрх банкуудад байхгүй. 

Сангийн яам, төв банк эдийн засагт их хэмжээний бэлэн мөнгө нийлүүлэх гэж байгаа юм бол, өрхийн хэрэглээг дэмжиж эрэл­тийг тэтгэх гэж байгаа юм бол үйлдвэрлэлийн нийлүүлэлтийг өсгөх, гарцыг нэмэгдүүлэх, валют олох, экспортыг дэмжих ажлаа ярих, төлөвлөх, гүйцэтгэх шаардлагатай байна.  



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine