Зах зээл

Эрдсийн төлвийг таамаглах боломжгүй

  • Томоохон улсуудын эдийн засгаа тэтгэх мөнгөнд хязгаар үгүй
  • Дэлхийн эдийн засгийн идэвхжил 1.9% буурна гэж Fitch Ratings үзлээ
2020  |  February -March  |  027

Хүн төрөлхтөн сүүлийн 100 шахам жилийн түүхийнхээ хамгийн том цар тахалтай нүүр тулж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард Хятадын Ухань хотод шинэ төрлийн коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрснээс хойш ердөө дөрвөн сар орчмын хугацаанд дэлхийг бүхэлд нь хэрээд байна. Халдварын анхны голомт нь 57 сая оршин суугчтай Хятадын Хубэй муж байсан бол түүний дараа Өмнөд Солонгос, Испани, Итали, АНУ болж шилжив. Хүн ам төвлөрсөн хөл хөдөлгөөн ихтэй Токио, Сингапур зэрэг дараагийн том хот, улсууд хэзээ мөдгүй нөмрөн ирэх цар тахлын аюулд бие, сэтгэлээ бэлдэж эхэллээ. Ковид-19 халдварын тархалтын оргил үе дуусах болоогүй гэдэгт судлаачид итгэлтэй байна. Тэр хэрээр эдийн засгийн нөхцөл байдал улам бүр хүндэрч, хямрал хэрхэн гүнзгийрэхийг таамаглах аргагүй байгааг эдийн засагчид хүлээн зөвшөөрч байна.

Эдийн засаг дахь амь тарианууд 

Дэлхийн эдийн засаг 100 жилийн өмнөхтэй харьцуулахад илүү интеграцчлагдсаныг өнөөгийн нөхцөл байдал тодорхой харуулж байна. Улс орнууд бие биеэсээ илүү ихээр хамааралтай болж, Хятад найтаахад Америк ханиалгадаг болсон аж. Нэг талаасаа энэ нь цар тахал хурдацтай тархахад нөлөөлж, нөгөө талаасаа эдийн засаг, санхүүгийн хямралууд давалгаалж байна. Тийм ч учраас 2008 оны санхүүгийн хямралаас илүү хүнд үе ирснийг ОУВС хүлээн зөвшөөрсөн. “Хөгжиж буй эдийн засагтай орнуудаас 90 шахам тэрбум ам.долларын хөрөнгийн урсгал гарлаа. Энэ нь дэлхийн санхүүгийн хямралын үеэс хол давсан дүн” гэж ОУВС-гийн Тэргүүн Кристалина Георгиева мэдэгдсэн юм. 

Цар тахлыг зогсоох эн тэргүүний хамгийн сайн арга нь хөл хорио тогтоох гэдэгтэй улс орнууд санал нэг байна. Тийм ч учраас гуравдугаар сарын эцэс гэхэд дэлхий дээр 2.8 тэрбум хүнийг хөл хорионд оруулсан. Үүнийг дагаад бизнесүүдийн үйл ажиллагаа доголдож, ажилгүйдлийн тоо огцом өслөө. Норвегид ажилгүйдлийн түвшин дэлхийн хоёрдугаар дайнаас хойш байгаагүйгээр нэмэгдсэн бол 27 сая хүн амтай Скандиновын орнуудад дөрөвдүгээр сар гарах үед нийт 700 мянга гаруй хүн ажилгүй болжээ. АНУ-д гуравдугаар сарын хоёр дахь хагаст ажилгүйдлийн тэтгэмж хүссэн хүний тоо 9.9 сая болсон байна. Харьцуулбал, 2008 оны санхүүгийн хямрал эхэлснээс хойш хагас жил орчмын дараа л ийм тооны америкчууд тусламж хүсэж байжээ. 

 Улс орнууд эдийн засгаа дэмжих арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Дэлхийн хамгийн том эдийн засаг Америк л гэхэд 2 их наяд ам.долларын нэмэлт төсөв баталжээ. Үүнээс жижиг бизнесүүдийг дэмжихэд 350 тэрбум ам.доллар зарцуулна. Бага дунд орлоготой иргэдэд бэлэн мөнгө олгож, ажилгүйдлийн тэтгэмжийг нэмэгдүүлэх гэх мэт арга хэмжээ багтжээ. Канадын Засгийн газар 250 тэрбум канад долларын нэмэлт төсөв баталсан нь “Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн жинтэй алхам боллоо” гэж тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо тодорхойлсон юм. Япон улс 1.9 их наяд ам.доллар, БНСУ 39 тэрбум ам.доллар зарцуулахаа мэдэгдсэн. Франц, Итали, Испанийн эрх баригчид Евро бүсийн санхүүгийн нөөц сангийн хөрөнгийг ашиглах санал гаргаж, Европын Төв банк нэг их наяд гаруй еврогийн өрийн бичиг худалдаж авахаар болов. Эдгээр дүн цаашид ч нэмэгдэж магадгүй. Томоохон эдийн засгууд урьд хожид сонстож байгаагүй их хэмжээний мөнгөөр эдийн засгаа тэтгэхээ зарлаж, үүгээр зогсохгүй хэмээн мэдэгдэж байгаа нь хямрал хэр гүнзгий тусахыг илтгэнэ.

Ганц Засгийн газруудаас гадна гуравдугаар сарын сүүлийн хагаст 40 гаруй орны төв банк бодлогын хүүгээ бууруулсан нь эдийн засгаа, бизнесээ мөнгөний бодлогын хэрэгслээр дэмжих гэсэн оролдлого байлаа. 

Түүхий эдийн зах зээлийн төлвийг таамаглахад бэрх болов

Түүхий эдийн гол хэрэглэгч Хятадын эдийн засгийн өсөлт энэ онд 2.3 хувь болж саарна гэж Азийн хөгжлийн банк таамагласан. Дэлхийн эдийн засгийн идэвхжил 1.9% буурна гэж Fitch Ratings үзлээ. Үүнийг дагаад гол түүхий эдүүдийн эрэлт энэ жил буурахаар байна. 

Зэсийн эрэлт жилд 500 мянган тонноор багасна гэж “Capital Economics” тооцов. Газрын тосны эрэлт өдрийн 3.8 сая баррелиар буурч болзошгүйг IHS Markit-ийн шинжээчид анхааруулжээ. 

Хятадад цар тахлын дэгдэлт намжихтай зэрэгцээд эдийн засгаа эргэн хөдөлгөж эхэлсэн. Гуравдугаар сарын эцэс гэхэд үйлдвэрүүдийнх нь дийлэнх нь хэвийн ажиллаж эхэлжээ. Гэхдээ үүний хажуугаар түүхий эд нийлүүлэгч, бас худалдан авагч орнуудад нь саатал гарч байна. Тухайлбал, зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт ордог Перуд 15 хоног хөл хорио тогтоосон. Үүний улмаас зэсийн олборлолт тасалдаж байна. Мөн Чилийн хоёр дахь том зэсийн уурхай Коллахуаси ажиллах хүчнээ 40 хувь цөөлжээ. Цар тахлын нөлөөгөөр он гарснаас хойш зэсийн ханш 20 гаруй хувиар унасан бол эргээд цар тахлын нөлөөгөөр нийлүүлэлт нь тасалдаж, ханш нь сэргэж магадгүй дүр зураг ажиглагдаж байна. 

Цар тахлын халдварын үеэр хамгийн огцом савлаж байгаа түүхий эд бол газрын тос. Дэлхийн өнцөг булан бүрт хүмүүсийн хөл хөдөлгөөнийг хязгаарлаж, агаарын тээврийн компаниуд бүрэн зогсоод байна. Энэ байдлаар үргэлжилбэл газрын тосны эрэлт өдрийн 20 сая баррелиар буюу нийт эрэлтийн 20 хувь нь танагдана гэж Олон улсын эрчим хүчний агентлаг таамаглажээ. Ковид-19-тэй зэрэгцээд газрын тос олборлогч орнууд тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас бие биеэсээ өрсөн гарцаа нэмж, үнээ буулгаж эхэлсэн. Энэ нь гуравдугаар сарын 30-нд брент газрын тосны ханш 19 ам.доллар болж, сүүлийн 17 жилийн хамгийн бага түвшин рүү унахад хүргэжээ.

Хятадад Ковид-19 цар тахлын тархалтын оргил үетэй харьцуулахад гангийн үйлдвэрлэл сэргэж байна. Үүнийг дагаад төмрийн хүдэр, коксжих нүүрсний эрэлт нэмэгдэнэ гэж шинжээчид таамаглаж байна. Төмрийн хүдрийн тухайд Австрали, Бразил зэрэг гол нийлүүлэгч орнуудад олборлолт харьцангуй тогтвортой байгаа. Хятадын нүүрсний уурхайнууд сэргэсэн ч тээвэр логистик, ажиллах хүчний тал дээр бэрхшээл учирсаар байна гэж Fitch Ratings агентлаг таамагласан. Тиймээс коксжих нүүрсний импортын эрэлт өснө гэж үзжээ. Тэдний таамаг байгаа оносон бол Монголын нүүрс экспортлогчдод таатай мэдээ болж байна. 

Ковид-19 цар тахлын нөхцөл байдал өдөр ирэх бүр өөрчлөгдөж байна. Ердөө хоёрхон сарын дотор цар тахлын голомт нь Хятад биш, Европ, Америк болно гэж хэн ч тааж байсангүй. Доналд Трамп шинэ төрлийн коронавирусийг “Хятад вирус” гэж дахин нэрлэж чадахааргүй болжээ. Оны эхэнд нэгдүгээр сард “Газрын тосны ханш энэ жил 3 ам.доллараар буурна” гэж Goldman Sachs таамаглаж байсан нь урьдчилан таамаглахын аргагүй ямар олон зүйл өөрчлөгдсөнийг бэлхнээ илтгэж байна. Тиймээс дээр дурьдсан түүхий эдийн зах зээлийн урьдач таамгууд нэг сарын дараа гэхэд дахин өөрчлөгдөж ч мэдэхээр байгаа юм.  



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/5-6

Алтнаас өөр хамгаалалтгүй хямралын эсрэг тулаан

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine