Компани - Татвар

ТОП 20 компани 2.46 их наядын татвар төлжээ

  • Уул уурхайн орлогын 7 хувь нь орон нутагт төвлөрч байна
  • Алтны салбарт 10 тэрбум төгрөгөөс дээш татвар төлсөн компани байхгүй
2020  |  January  |  026

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын 2018 оны тайлан энэ оны нэгдүгээр сард олон нийтэд ил боллоо. Энэхүү санаачилгын тайлан нь уул уурхай, газрын тос, байгалийн хий гээд олборлох салбарын компаниуд улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, хураамж, төлбөр мөн төрийн болон төрийн бус байгууллагуудад өгсөн хандиваа ил тод мэдээлдэг бол Засгийн газар компаниудаас авсан орлогоо тайлагнаж, хөндлөнгийн аудитаар баталгаажуулдаг платформ юм. Монгол Улс 13 дахь удаагаа уг тайланг гаргаж байна.

Засгийн газар олборлох үйлдвэрлэлийн салбартай холбоотой нийт 2042 компаниас ямар нэг байдлаар татвар, хураамж авсан гэжээ. Тэдгээрийн нийт дүн нь хоёр их наяд 852.1 тэрбум төгрөг болж байна. Харин хөндлөнгийн аудит уг тайланд 200 сая төгрөгөөс дээш татвар төлсөн 202 компанийг хамруулан аудитын хараат бус нэгтгэл хийсэн байна. Засгийн газрын тайлагнаснаар тус 202 компани нь нийт хоёр их наяд 816 тэрбум 183 сая төгрөгийн татвар төлсөн нь нийт уул уурхай, газрын тосны салбарын төвлөрүүлсэн орлогын 98.4 хувийг бүрдүүлж байгаа аж. Үүний 180 тэрбум төгрөгийн орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.

Дээрх 202 компаниас 10 тэрбум төгрөгөөс дээш татвар төлсөн 20 компани нь нийт хоёр их наяд 461 тэрбум төгрөгийн татвар төлсөн нь 86.3 хувийг бүрдүүлж байна. Тухайн оны Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 26.3 хувийг дээрх 20 компани бүрдүүлсэн гэсэн үг юм.

Топ 20 компанийг зэсийн баяжмал үйлдвэрлэлийн хоёр компани тэргүүлж байгаа бол 10 нь нүүрсний компани байна. 2018 онд Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ болон  үнэ өссөн зэрэг нь салбарын компаниудад эерэгээр нөлөөлжээ. Харин алтны салбараас 10 тэрбум төгрөгөөс дээш татвар төлсөн компани байхгүй аж. Хамгийн өндөр татвар төлсөн алтны компаниудыг “Уулс Заамар” ХХК /7,767 сая төгрөг/, “Баян Айраг Эксплорейшн” ХХК “/7,650 сая төгрөг/, “Эко Алтан Заамар” ХХК /6,354 сая төгрөг/ тэргүүлж байна.

Татварын төрлөөр нь ангилж үзвэл дээрх 202 компанийн төлсөн татварын 39 хувийг буюу нэг их наяд төгрөгийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бүрдүүлж байна. Харин ААНОАТ-аар 648.7 тэрбум төгрөг, компаниас төлсөн НДШ-ээр 205.9 тэрбум төгрөгийг төлсөн бол Засгийн газарт ногдох газрын тосны орлогоос 222.5 тэрбум төгрөг төвлөрчээ.

Уул уурхайн компаниудын орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн орлогын хэмжээ 180 тэрбум төгрөг болжээ. Энэхүү дүнд орон нутгийн засаг захиргаанд төлсөн татвар, төлбөр, хураамжаас гадна ногдол ашиг, төрийн болон төрийн бус байгууллагуудад өгсөн хандивын хэмжээ 22.9 тэрбумаар хэмжигдэж байна.

Орон нутагт нэг тэрбум төгрөгөөс дээш орлого төвлөрүүлсэн 10 компани байгаа бөгөөд “Оюу толгой” ХХК 46.1 тэрбум, “Эрдэнэт үйлдвэр” 33.9 тэрбум төгрөгөөр тэргүүлж байна. Мөн орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК 64 тэрбум төгрөгийн ногдол ашгийг Өмнөговь аймагт төлсөн бол “МоЭнКо” компанийн төлсөн татвар бага ч Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд төлж буй хандив нь өндөр байна. Харин төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани ердөө 581 сая төгрөгийн татвар, хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.  



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine