Бодлого - Стратегийн орд

Оюу толгой мөчлөгийн зааг дээр

2020  |  January  |  026
  • “Рио Тинто”-гийн Ажлын хэсгийг Elias Scafidas ахалж байгаа.

  • Засгийн газар ялагдвал татварын маргаанууд тасрахгүй болж мэднэ

Оюу толгой төслийг тойрсон хувь нийлүүлэгчдийн дундах асуудал эхнээсээ цэгцрэх шатанд хүрч байгааг сүүлийн үеийн мэдээллүүдээс харж болно. Хэд хэдэн тусдаа маргаан болж замбараагүй болсон байсан цахилгаан станц, татварын зөрчил, Дубайн гэрээ, санхүүжилтийн өртөг гэсэн асуудлуудаас татварын маргаан, татварын асуудал цэгцрэх шатандаа орж байна. 

“Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх тухай” УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх Засгийн газрын Ажлын хэсэг “Рио Тинто”-гийн Ажлын хэсэгтэй хэлэлцээрээ эхлүүлээд байна. Засгийн газрын гол хүнээр ЗГХЭГ-ын дарга Э.Оюун-Эрдэнэ ажиллах бол “Рио Тинто”-гийн Ажлын хэсгийг Зэс, очир эрдэнийн группийн Санхүү эрхэлсэн захирал Elias Scafidas ахалж байгаа аж. Тэрбээр “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг. Хэлэлцээр хэдийнэ эхэлсэн. Хэзээ дуусах нь тодорхойгүй ч сонгуулийн өмнө гэсэн эхний хувилбар яригдаж байгаа. Ойлголцож, тохиролцоход хамгийн төвөгтэй татварын маргаанаа хөндлөнгийн шүүхэд даатгаж байгаа болохоор үлдсэн асуудлууд дээр тохиролцох магадалал өндөр юм.

Арбитраар бие биеэ “сүрдүүлж” байсан талууд Арбитрт хөтлөлцөөд очих замыг сонгосон нь олон жилийн ужгирсан татварын асуудлаа шийдэх ганц гарц гэдгийг ойлгосны шинж. Энэ нь шийдвэр гаргагчдад хал багатай ч шийдвэр хүлээгчдэд халгаатай зам байх болно. 

Лондонгийн Арбитрт гомдол гаргасан тухай эхлээд “Рио Тинто” мэдэгдэж, “Энэ асуудлыг шийдэх хамгийн зөв арга нь Арбитр гэж талууд нэгдсэн дүгнэлтэд хүрсэн” гэж тус компанийн Зэс, очир эрдэнийн группын Гүйцэтгэх захирал Арнауд Суарат мэдэгдсэн. Үүний дараа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Татварын маргаантай холбоотой асуудлыг зөвшилцөх замаар шийдэхгүй. Хэрэв бид энэ зарчмаар явбал цаашид хууль хэрэгжихгүй нөхцөл байдал үүснэ” хэмээн байр сууриа илэрхийллээ. Арбитрын шийдвэр хэрхэн гарахаас хамаарч зөвдсөн тал нь дүрмээ тогтооно. Ер нь Засгийн газар туршлага, ур чадварын тал дээр “Рио Тинто”-той санхүү, гэрээний эрх зүйн чиглэлээр мэтгэлцээд ялах магадлал хэр байгаа бол? Хэрэв Засгийн газар ялагдвал гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудаас эхлээд татварын маргаан дэгдээх нь дамжиггүй юм. 

Магадгүй, “Дубайн гэрээ”-нд татвар ногдуулахтай холбоотой нарийн зохицуулалтууд оруулж өгсөн нь Арбитрт ялагдах үндэслэл болно гэдгийг Засгийн газар мэдэж байж ч магад. “Рио Тинто”-гийн зүгээс татварын маргаанд уг баримт бичгийг өөрсдийн зөвтгөл болгож буй гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа бөгөөд гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж буйгаа удаа дараа илэрхийлсэн. Гэсэн ч “Дубайн гэрээ”-г байгуулах эрх авах процесс нь хууль зөрчсөн хэмээн анхан шатны шүүх үзсэн, тус гэрээг хуульд нийцүүлэн өөрчил хэмээн УИХ-ын тогтоол гарсан зэрэг нь Арбитр дээр очих үед Засгийн газрын өмнөө барих үндэслэл болж магадгүй юм. 

Тавантолгойн цахилгаан станцын асуудал бүр тэг цэгтээ эргэн ирэв. Өмнө нь “Рио Тинто” өөрийн хөрөнгөөр тэрбум гаруй ам.доллараар цахилгаан станц барих саналтай байсан юм. Энэ нь хөрөнгө оруулалтын зардал өсөж, Засгийн газрын ногдол ашиг хүртэх хугацаа 10 гаруй жилээр хойшилно гэсэн үг тул монголчууд өөрөө барихаар шийдсэн байдаг. Ц.Даваасүрэн сайдын хичээнгүй “зүтгэл”-ийн үр дүнд “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г цуцалж “М Си Эс”, “Марубени” компанийн консерциумыг төслөөс гаргасан. Үүний дараа 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд Монгол Улсын Засгийн газар “Оюу толгой” ХХК-ийн хооронд “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-г байгуулсан. Энэ гэрээний дагуу “Рио Тинто” өөрийн хөрөнгөөр Тавантолгой ордыг түшиглэн цахилгаан станц барьж 2023 оны зургадугаар сарын 30-ны дотор ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн юм. Гэтэл энэ гэрээ ч бас цуцлагдах бололтой. 

Цахилгаан станцын нарийвчил­сан ТЭЗҮ-ээр өртөг зардал нь өмнө яригдаж байснаас тийм ч бага байсангүй. Тэр хэрээр Засгийн газар дэмжихгүй байх магадлал өндөр байна. “Эрчим хүчээ хэрхэн хангах талаар дөрвөн хувилбар бий. Эдгээрээс хамгийн ашигтайг нь сонгоно. “Оюу толгой” ашигтай ажиллаж л хөрөнгө оруулагчид ногдол ашиг авна. Зардал өсгөх аливаа саналд Засгийн газар болгоомжтой хандана” гэсэн байр суурийг ажлын хэсгийг удирдаж буй Л.Оюун-Эрдэнэ сайд ТЭЗҮ бэлэн болсны дараа илэрхийлсэн. Засгийн газар 34 хувиасаа татгалзлаа ч гэсэн “Рио Тинто” хөрөнгө оруулсан зоос бүрийнхээ хэрээр хөнгөлөлт, давуу эрх олж авахыг эрмэлзэх учир энэ их хөрөнгө оруулалтыг хүлээн зөвшөөрөх нь хожим сайд нарын “унах нүх” болж мэднэ. Тиймээс “Оюу толгой” компани цахилгаан станц барих хувилбар энэ хүрээд дахиад зогсоход гайхах зүйлгүй юм. Ингэснээр Тавантолгойн цахилгаан станц төсөл гурав дахь удаагаа эхлэлийн цэг дээрээ ирнэ. Харин алдсан цаг хугацааны хором, мөч бүрийд Монголын мөнгө хорогдож ирсэн. Өнөөдөр алдагдсан боломжийн өртөг нь аль хэдийнэ хийгдэх хөрөнгө оруулалтаасаа давчихсан. 

Яван явсаар, Тавантолгойн цахилгаан станц төсөл ахин мухардаж, татварын маргаан эргэн сөхөгдөж, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэхээр болж буй нь бид 2013 он руу буцсан мэт нөхцөл байдлыг санагдуулна. Хүмүүс, цаасан дээр бичигдэх огноо өөрөөс биш өнгөрсөнд болсон үйл явдлууд давтагдах гээд байна. Дежавү? 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine